ШАДАР

Сайн муу ямар ч хаан төр улсыг дан ганцаар захирч чадахгүй. Заавал нэг ба түүнээс дээш шадартай байдаг. Зарим хаан шадартайгаа хамтарч төр барьдаг бол зарим нь шадрынхаа гарт орчихсон байх жишээтэй. Зарим шадар албан ёсоор орлогч, сайд, зөвлөх нэртэй бол зарим хааны шадар ямар ч албан тушаалгүй. Олон хаадын шадар нь эх, эцэг, хүү, ах дүү нь байлаа. 

Юли Цэзэрийн шадар нь өргөж авсан хүү Брут нь байсан. Ромын Сэнатыг тэрээр Брүтээр дамжуулж захирч байлаа. Харин Брүт хожим нь сэнатруудтай хуйвалдаж Цэзарыг хутгалж алсан. “Брут чи юу!” гэж Цэзар гайхан дуу алдаад амьсгал хурааж байгаагаар Шекспирийн жүжигт гардаг. Харин Дюмагийн зохиолд XIII Луи хааны дэргэд байсан Ришөлё хамбыг ихэд муулсан байдаг ч тэрээр үнэндээ Франц орныг авч явсан суут хүн байсан юм. Үргэлж гадагшаа дайн хийж байсан Наполеонд гадаад харилцааны шадар маш хэрэгтэй байлаа. Харин Гадаад яамны сайд болгосон Талэран түүнээс уравсан төдийгүй XVIII зууны эхээр Францад богино хугацаанд олон солигдсон хоорондоо дайсагнагч бүх төрүүдэд Талэран ээлжилж урван бүгдэд нь гадаад бодлого хариуцсан шадар болж байлаа. Манайд ч тийм тохиолдол байсан. Манжийн, Богдын, Сюй Шүжаны, Барон Унгерний, Ардын гэх бүх засагт Гадаад харилцаа хариуцсан шадраас Ерөнхий сайд хүртэл бүх албыг “нэр төртэй” хашсан “шадар” бий. Харин хаан нь үхсний дараа ч гашуудан эмгэнэж өдий хүртэл хадгалагдсан хөшөө босгосон Күльгэн үнэхээр үнэнч шадар байж дээ.

Чингис хаан төр удирдахдаа зөв хүнээ олж зөв газар нь тавьдаг, хүн таньдаг нүдтэй удирдагч байжээ. Есөн өрлөг гэх цэрэг дайны баатрууд шадар биш байхаа. Елүй Чуцай, Татаатунгаа, Шихухутуг зэрэг “гадаадын” хүмүүст итгэн төр барих шадраар сонгосон. Гэвч түүний жинхэнэ шадар нь эх, эхнэр нь байсан. Ер нь нүүдэлчдийн уламжлалд эмэгтэйчүүдийн төрд гүйцэтгэх роль асар их байжээ. Гүег хааны эхнэр Турхан хатан бараг л нөхрийнхөө өмнөөс төр барьж байсан. Гэтэл Турханы жинхэнэ шадар нь Фатима гэх тажик янхан хүүхэн. Тулуйн эхнэр Соргогтани нь Бат хааны тусламжтайгаар Монголын их хааний ширээг Өгөөдэйн удмаас булааж өөрийн хүүхдүүддээ авч өгөх ажлыг зохион байгуулж чадсан. Хубилайн эхнэр Чаби ч хааны гол шадар зөвлөх байлаа. Мандухай сэцэн хатны домгийг цөмөөрөө мэднэ. Манжийн Эзэн хаан Энх-Амгалан тэр том орныг захиран төвхнүүлэхдээ гол нь эмэг эх, ээжийнхээ үгийг л сонсдог байсан гэх. Манж Чин гүрний оршин тогтносон сүүлийн 50 жилийг хүү, ач, өргөмөл хүүгийн нэрэн дор Цы Ши хатан дангаар барьж байсан. Дэндүү олон жишээ бий.

XVIII, XIX зуунаас засаглалын хэлбэрт эрс өөрчлөлт буй болж эхэллээ. Эзэнт гүрнүүд задарч, хаант улсууд бүгд найрамдах засаглалд шилжиж, шилжээгүй нэг нь Үндсэн хууль хаант төртэй болцгоов. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамдын сайд гэх мэт олон түмэнд ил зарлагдсан албан ёсны толгойлогч, шадрууд бий боллоо. Бас хугацаатай, зарим нь насаараа дарангуйлах боловч худлаа ч гэсэн сонгогддог зарчим баримталж буй царай гаргана. Гэхдээ энэ нь зарлагдсан Ерөнхийлөгч тэр болгон жинхэнээсээ төрийн тэргүүний үүрэг гүцэтгэж байлаа гэсэн үг биш. Дагаад албан ёсны шадрууд ч жинхэнэ зөвлөгч байгаагүй. Жишээ нь Сталины хамгийн ойр хүн нь Молотов гэж харагдаж байсан ч үнэндээ тэр дуулгавартай боол нь байлаа. Гэтэл Сталин ганцхан маршал Шапошниковт итгэдэг, зөвхөн түүний зөвлөлгөөг ч авдаг байсан гэх.

Өнөөдөр Бүгд найрамдах болон Үндсэн хуульт хаант төрүүдийн дотрох засаглалийн зиндаа өвөр хоорондоо их ялгаатай. Британи, Япон зэрэг Үндсэн хууль хаант улс оронд хаан нь нэг талаасаа албан ёсоор төрийн тэргүүн гэгдэх авч засаглалд оролцдоггүй зөвхөн бэлэгдлийн чанартай. Австри, Герман зэрэг бүгд найрамдах улсуудад ч Ерөнхийлөгчийн албан тушаал гүйцэтгэх гэхээсээ бэлэгдлийн шинжтэй. АНУ-ын Ерөнхийлөгч төрийн тэргүүнээс гадна Засгийн газраа толгойлдог учир Ерөнхий сайдыг давхар хийдэг гэсэн үг. Францын Ерөнхийлөгч Засгийн газрыг шууд бишээр хамаандалдаг боловч парламентаас их хамааралтай. Орос, Өмнөд Солонгост тусдаа гэж зарлагдсан Засгийн газартай боловч энэ нь Ерөнхийлөгчөөс шууд хамааралтай учир Ерөнхий сайд гэгч нь үнэндээ Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга юм гээд ойлгочиж болохоор. Итали зэрэг оронд Сайд нарын зөвлөл одоо ч бий, энэ нь салбар болгонд тодорсон сайд нар ирж танхим бүрдүүлэх дэгтэй. Гэтэл Засгийн газар гэж нэрлэгдэх инстүүц нь өөрсдийн гишүүдэд тодорхой салбарыг даатган томилж буй хэрэг юм. Британи зэрэг олон оронд тухайн салбарыг хариуцсан давхар сайд байдаг, нэг нь парламентаас томилогдсон бодлого хариуцсан сайд байдаг, тэр нь яамдын дотоод хэрэгт оролцдоггүй, харин яамны номинклатур сайд нь яам хэмээх инстүүцээ авч явдаг.

Кэннэдигийн гол шадар нь дүү Робэрт нь байсан бол Никсоных профессор Киссэнжэр, Картэрийнх эхнэр нь, Трампын итгэлт шадар бүр ганц сар болоод солигддог гэх мэт ардчиллын үлгэр жишээ Америкийн царай. Горбачёвын шадар нь Канадад суух элчин сайд Яковлёв, Ельциний итгэлт шадар нь хүргэн Юмашев, Путинийх болохоор хуучин КГБ-д дарга нь байсан террорист арга барилыг шүтэгч Патрушев гэх мэт. 

Шадар байтугай албан ёсоор төр улс толгойлох үүрэгтэй ч өмнөөс нь өөр хүн энэ эрхийг эдэлж байсан тохиолдол ч олон. Хориод оны Оросын иргэний дайны үед Хувьсгалт зөвлөлийн дарга Троцкий Орос орныг захирч байв. 1921-1925 онд Монгол улсын бүхий л эрх мэдэл Ринчиногийн гарт байв. МАХН-ын орлогч дарга гэхээс өөр албан гуншингүй тэрээр Хувьсгалт зөвлөлийн дарга байсан юм. Тун арга ядахаараа өөрийгөө Коминтернээс томилогдсон гэж хэлдэг байсан ч тэр нь худлаа. Бүх цэргийн жанжин, Цэргийн яамны сайд Сүхбаатар бол Хувьсгалт зөвлөлийн тэргүүнд шууд захирагддаг байсан. Төр улсын ямар ч албан тушаалгүй, ердөө л намын дарга Мао, Сталин нар байна. Цуутай удирдагч Дэн Сяопин бол албан ёсоор Хятадын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч дарга, харин Батлан хамгаалаг зөвлөлийн дарга учраас л Хятад орныг үндсээр нь өөрчлөх ажлыг удирдсан. Одоо ч Хойд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаалыг аль дээр үед үхсэн Ким Ир Сэн “мөнхөд” булаагаад авчихсан тул ач хүү залуу жанжин Ким Чин Ун ердөө л Батлах хамгаалах зөвлөлийг тэргүүлж байгаа.

Чойбалсанд шадар байсан гэвэл тэр нь Зөвлөлтийн Улаанбаатарт суух Бүрэн эрхт төлөөлөгч нар. МАХН-ын удирдагч 11 хүнээс ганц тэр амьд үлдэж 10 нь буудуулж үхсэн болохоор арга ч үгүй биз. Хойноос томилолтоор ирсэн Цэдэнбал шадар нь гэхээсээ үхэхийг нь хүлээсэн “залгамжлэгч - мэдээлэгч” байлаа. Цэдэнбал түүнтэй адилхан хувь заяатай байсан ч эрхбиш төрийн эрхэнд удсан болохоор дотооддоо өөрийн хүрээллийг бий болгож чадсан. Түүний төрийн удирдлагыг зохион байгуулж байсан нь ерөөсөө тэнэг биш. Улс орныг албан ёсоор МАХН-ын Улс төрийн товчоо гэх баг шууд удирдаж байлаа. Гэтэл гишүүд нь Цэдэнбалын нэр төрийг хамгаалж байх ганц үүрэгтэй Лувсанравдан, Лувсан, Дүгэрсүрэн, Дэжид, Майдар, Алтангэрэл, Рагчаа мэтийн ширүүн гарууд, үгнээс нь гардаггүй Жагварал, Самбуу, Моломжамц нар. Жинхэнэ итгэж болох шадрууд Лувсангомбо, Батаа, Ёндон, Бадарч, Ламжав нараа албан ёсоор төрийн зиндааны тэргүүн эгнээнд тавихгүй. Энэ хоёр бүрэлдэхүүний дундуур ажил хийх чадвар бүхий технократууд байрлаж яам тамга удирдана. Бас л боловсон хүчний ухаалаг бодлого байгаа биз? Гэхдээ дарга маань тун ч удалгүй Монголын төрийн эрхийг орос авгайдаа алдчихсан. Айдас ч нөлөөлөө биз, тэгээд ч ухаан санаа нь биш болчихсон байлаа.

1990 оноос Сайд нарын зөвлөл үгүйдээ л нэрнээсээ Засгийн газар болон өөрчлөгдлөө. Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, УИХ-ын дэргэд Хэрэг эрхлэх газар гэж байгуулагдсанаар дарга нь үнэн хэрэгтээ албан ёсоор зөвлөх шадар нь болсон юм. Эндээс Энхсайхан, Баяр, Сайханбилэг, Оюун-Эрдэнэ нар хожим нь Ерөнхий сайд болцгоосон. Эд ч үнэхээр тухай бүрдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын шадар мөн байсан байх. Гэхдээ хэрэг эрхлэхийн дарга бүр шадрын хэмжээнд тоогдож байгаагүй. Саарал, Лхагваа, Батхишиг, Портуун гээд нэлээд албан тушаалтныг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтааж байсангүй. Харин шадар сайд гэх нэртэй албан тушаалыг 1990 оноос буй болгосон. Ганболд санхүү хариуцсан, Дорлигжав соёл гэгээрэл хариуцсан, хуучнаар бол Сайд нарын зөвлөлийн салбар хариуцсан орлогч дарга юм биз дээ. Тэрнээс хойш шадар сайд гэдэг нь Онцгой байдал зэрэг агентлаг хариуцсан хэрүүл уруулд сүрхий гарын идэвхи зүтгэлийн хэмжүүр гуншин болсон доо. 

Гэхдээ л өнөөгийн Монголын удирдлага бүр өөрийн бүтэн ба хагас нууц жинхэнэ шадруудтай явсаар ирсэн. Энхсайханы жинхэнэ шадар нь Батболд гээд эдийн засагч байсныг хүмүүс бараг мэддэггүй. Энхбаярын шадар эхнэр нь байсныг харин бүгдээрээ мэднэ. Энхболдын шадарБадамжунайг ч бүгд андахгүй. Женко Баттулгын итгэлт шадар Зи Энхболд, найруулагч герой Баатар нарыг танихгүй хүнгүй. Шадар гэдэг нь үгийг нь сонсдог сайн найз нөхрийг хэлээгүй, эзнээрээ дамжуулж төрийн бодлого эрхлэн явуулалцдаг хүнийг хэлээд байгаа юм. Кинонд гардаг шадар сайд Исмэлийн хувьд үнэхээр тийм хүн түүхэнд байсан. Муу шадар. Түүнтэй эсрэгцүүлж үзүүлсэн сайн шадар бол харин уран сайхны олдмол дүр байх. Түүхийг эргэж шинжихүйд цөөнгүй тохиолдолд “жинхэнэ үнэнч шадрууд” урвагч, хорлогч, нэр төрийг нь унагагч байжээ. Энхболд буухдаа эзнээ дахин сонгогдохгүй мэхийг хийгээд зулбалсан гэх мэт. Манай Нямка хичнээн ч олон естэй шадарлан үнэнчээ илэрхийлэв, тэр тоолондоо но-г нь бүртгэн дело хавтас нээж тэрүүгээрээ шантаажлан дараагийн өндөрлөгтөө хүрч байв? Ерөнхий сайдыгаа “Багийн төвийн галчаас Ерөнхий сайд болсон сайн хүү” гэж магтаад л... Хэрэг эрхлэхийн дарга болсон тэрээр одоо хурган сайд нарыг бараг л жагсааж байгаад алж өгч байна гэсэн. Ямаанаас эхлээгүй хэн байхав гэгчээр цаадуул нь ч зүгээргүй учир аль хэдийнээ өөр дээрээ дело хавтас нээлгүүлчихсэн нааж яваа л даа. Хуулийн зарчмын хувьд буруу биш л дээ, Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга бол сайд нарын дарга гэсэн үг шүү дээ.

2021.12.06