Уул уурхайн хийрхлээр хөөрөгдсөн Монголын эдийн засаг газардлаа. Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн ажил өрнүүлээд 25 хонож байна. Шаардлагатай хөрөнгө, мөнгө олохын тулд бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, түүний дотор банкны зээлийн төлөлтийг ”нааштай шийдвэрлэх”, 579 төслийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргах, зургадугаар сардаа “Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт” зохион байгуулан гадаадын том том компаниудыг урин оролцуулах, Монголын компаниуд төслүүдээ танилцуулах зэрэг арга хэмжээ авч байна.

Эдгээр арга хэмжээний зэрэгцээ эдийн засгийн доройтлын бодит шалтгааныг нь зөв тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоож, үндсээр нь засаж залруулахад анхаарахгүй бол эдийн засгийг урт хугацаанд эрчимжүүлэх боломжгүй юм.

Асуудлын гол нь Монголын эдийн засгийн өнөөгийн хямралын суурь шалтгаан нь эдийн засаг гэхээсээ илүү улс төрийн хүрээнд, төр засгийн эрх баригчдын бүрдүүлж, удирдан ажиллуулдаг улс төрийн байгууллын (институц) чадамжтай холбоотой. Яагаад гэвэл хувь хүн, эсвэл аж ахуйн нэгж өөрийн нөөц боломжоо бүрэн ашиглахын тулд хоосон орон зайд биш, төр засгийн түмэн байгуулалтай (институцтэй) харьцаж ажилладаг. Эдгээр байгууллын үндсэн үүрэг нь аль хэр тодорхой байх, түүнийгээ аль хэр чанартай, өгөөжтэй гүйцэтгэж буйгаас эдийн засгийн эцсийн үр дүн хамаардаг. Сайн институц наад зах нь ил тод (transparent), тайлан тооцоотой (accountable) байх ёстой.

Монгол Улсын хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой төрийн хамгийн дээд байгуулал, түүнийг удирддаг эрх мэдлийг сонгуульд ялж авдаг улс төрийн намуудын жишээг энэ өнцгөөс харцгаая.

УЛСЫН ИХ ХУРАЛ

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах монополь эрх мэдэлтэй улс төрийн байгуулал юм. Гэхдээ энэ бол нэг хууль батлаад, дараа нь жил бүр өөрчлөөд бай гэсэн үг уг нь биш. Харин бидний сонгосон үе үеийн гишүүд тэгж үздэг болчихдог. Жишээ нь, НӨАТ-ыг 16 жилд 30 удаа, Эрүүл мэндийн даатгалын хуулийг 20 жилд 10 удаа, гаалийн татварыг бараг улирал бүр өөрчилсөн байна. Улсын төсвийг, жишээ нь жил бүр дахин тодотгодог зуршил тогтлоо. Маш хийсвэр, мөрөөдлийн чанартай, улс төрийн популист өнгөтэй төсөв баталчихаад, дараа нь тодотгох нэрээр засдаг болж асар их цаг, хөрөнгө зарцуулдаг. Хэрэв Их Хурлын хуралдааны нэг цагийн өртөг, зардлыг тооцвол өгөөж нь унасаар л байна.

Гаргасан хууль журмын үзэл баримтлал, агуулга, зүг чиг нь огцом өөрчлөгдөх болсон нь гадаадын байтугай, дотоодын бизнес эрхлэгчдэд халтай болжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын холбоотой хуулиудын өөрчлөлт үүнийг гэрчилнэ. Энэ нь бас гишүүдийн мэдлэг боловсрол эрс ялгаатай, үзэл бодол нь үргэлж өөрчлөгдөж, хувь хүний болон намын гишүүний байр суурь нь үргэлж зөрчилдөж байдагтай холбоотой. “Давхар дээл”-ийг тайлуулах хуулийг аман дээр дэмжиж, өөрийгөө сурталчилж байсан нэр бүхий 10 гишүүн саяхан итгэл үнэмшлийнхээ эсрэг саналаа өгчээ.

НӨАТ-ын хуулийн мөн чанарыг ойлгоогүй учир түүний босгыг нэмэгд үүлэх талаар ярихаас биш, гол зорилго нь угаасаа бизнес эрхлэгчдийг бүртгэх гэдгийг санаж татварын түвшнийг нэг хувь болгож багасгаад, бүгдээс нь авах тухай хэн ч ярихгүй байна. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг энэхүү татварыг үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн зөвхөн 1.25 хувь нь төлдөг болохыг МҮХАҮТ-ын мэдэгдэлд дурджээ.

Их Хурлын гишүүний орлогын тайланг нийтэд зарлаж байгаа нь энэ байгууллын ил тод байдлыг хангахад чухал алхам болсон юм. Харин одоо гишүүн бүр хаанаас, ямар зардлаар үүрэгт ажлаа биелүүлж байгааг сонгогчдынх нь хүсэлтээр гаргаж өгдөг болмоор байна. Учир нь гадаад, дотоодын асар олон томилолт, зардлыг ямар байгууллага, компани хариуцаж, ямар лообийг хэн хийж байгааг, тэр нь тухайн гишүүний саналд хэрхэн нөлөөлж байгааг иргэд мэдэх шаардлагатай байна.

УЛС ТӨРИЙН НАМУУД

“Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл” гэж хуульдаа тодорхойлсон байдаг. Нам бол ардчилсан, бүх нийтийн сонгуульд оролцож дийлэнх олонхийн саналыг авбал хууль тогтоох давуу эрхтэй, гүйцэтгэх засаглалыг байгуулах онцгой эрхтэй байгуулал юм.

Ийм онцгой эрхтэй учир намуудын, ялангуяа төрийн эрх барьж буй намын үйл ажиллагаа ил тод, хөрөнгө орлогоо хаанаас бүрдүүлж, юунд зарцуулж байгаа, сонгуулийн зардлаа хаанаас, ямар нөхцөлтэй авснаа олон нийтэд тайлагнадаг болсон цагт нийтийн засаглал шударга байх үндсэн нөхцөл бүрдэнэ.

Харамсалтай нь Монгол Улс намуудын болон сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох талаар дорвитой алхам хийхгүй байна. Намуудын мөнгө хөрөнгө нууц, тайлан гаргахгүй байгаа учир улс төрийн намуудын дотор олон төрлийн фракцууд үүсэж хоорондоо зөвшилцөх, наймаалцах соёл тогтлоо. Улс төрийн намуудын хооронд ч мөн адил завсарлага авах, тохиролцох заншил бий болов.

Улс төрийн намуудын тайлан анхнаасаа нууц байсан учир ашиг сонирхлын зөрчлийн үүднээс Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүдийг ажлыг нь хийлгэхг үй хэмжээнд дарамталсаар эцэстээ өөрсдөө Засгийн газрын гишүүн байж болох өөрчлөлтийг 2000 онд Үндсэн хуульд хийснээр “давхар дээл”-тэй болсон. Хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь өнөөг хүртэл нууц хэвээрээ тул нэг, хоёр сайдыг ч Их Хурлын гаднаас томилж чадахгүй хэмжээнд хүрчихээд байгаа нь мөнгөний эрх мэдэл төр засагт ямар хүчтэй байгааг харуулж байна. Намын хөрөнгө ил тод болоогүй цагт “давхар дээл”-ийн давхар хэтэвчүүд салахгүй ажээ.

Гаргасан зардлаа нөхөхийн төлөө төр засгийн нэрээр, уул уурхайн ирээдүйн орлогоор барьцаалан гадаадаас дааж давшгүй том зээл авч чадаж байвал түүнийг хэзээ, яаж эргүүлж төлөх нь давхар дээлтнүүдэд ямар ч падгүй бололтой.

Өнөөгийн эдийн засгийн хүндрэл бол 2008 оны хямрал түр завсарлаад үргэлжилж байгаа хэрэг юм. Учир нь тэр хямралын эх үүсвэр нь байсан улс төрийн байгууллын чадамжийн хомсдол хэвээр үлдэж, харин энэ удаа улам том сөрөг үр дагавар авчирч байна.

Төр засгийн байгууллуудын, юуны өмнө УИХ болон улс төрийн намуудын чадамжийг дээшлүүлж, чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэд үйл ажиллагаа, тайлан тооцоогоо олон нийтэд ил тод мэдээлдэг болох ёстой. Тэгэхг үйгээр эдийн засаг үргэлж хямралд орж, барааны үнэ өсөж, мөнгөний ханш сулрах бөгөөд бүх хохирол зардлыг нь энгийн иргэд төлсөн хэвээр байх юм.