Орос-Хятадын хооронд мөргөлдөөн дэгдэх үү гэдэгт гадаадын ихэнхи шинжээчид одоохондоо тийм магадлал байхгүй гэж хариулна. Дайн дэгдэх магадлал бараг байхгүйтэй адил. Хятадын гадаад бодлого дорнод ба зүүн өмнөд чиглэл рүүгээ илүү төвлөрнө, яагаад гэвэл шийдэгдээгүй асуудал байна, Тайванийн асуудал байна. Газар нутаг, усан хилийн асуудал тэнд хурцдах магадлалтай учраас тэнгисийн цэргий цэргээ Оросоос давуулаад бэхжүүлээд байна гэх дүгнэлт явж байх юм.

Жао Хуашэн профессорын үзэж байгаагаар Хятад нь Оростой хамсан дэлхийн шинэ дэг тогтоохыг илүүд сонирхдог, хөрш түншийн харилцаанд үндэслэсэн тэдний харилцан эрх ашиг гэдэг нь шат ахиж буй аж. Орос нь Хятадыг хэн гэж хардаг вэ? Дэлхий дахинд стратегийн тогтвортой байдал, энх тайвныг хадгалах (1); дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ дэг журам буй болгож бэхжүүлэх (2); олон улсын харилцаанд шударга ёс, тэгш эрхийг тогтоож сахиулах (3) хамгийн нөлөө бүхий ойрын түнш нь хэмээн оросууд үздэг гэсэн байх юм. ОХУ-аас Хятадад маш их, бүр хэтийдсэн ач холбогдол, үүрэг ногдуулж байдаг юм байна.

АНУ ба Өрнөдийн тулгаад буй дэлхийн дэг явцгүй болсон, бодит биш, либерал консерватив дэлхийн дэгийг сөрөх өөр дэгийг Хятад, Орос хоёр дэмжиж байна хэмээн хятад эрдэмтэн үзжээ. Хоёр орны харилцаан дахь эдийн засгийн потенциал Хятадын хувьд нэн чухал. Улс төр гэхээсээ эдийн засгийн ашиг Хятадад чухал гэсэн санаа бололтой. Тиймдээ ч Жао профессор шууд хэлж байна. Орос бол Хятадын хувьд хамгийн том нефтийн экспортлогч, байгалийн хийн хамгийн том экспортлогч байх бололцоотой, хийн гэрээ хэрэгжээд ирэхэд тэгэх ч байх гэжээ. Оросын эдийн засгийн өсөлтийн хурд бусад том гүрнүүдийнхээс хоцорч байгаа ч Хятад нь Оросыг улс төрийн тэгш эрхт түнш гэж үздэг хэвээрээ. Харин цэргийн эвсэл болж шат ахих тухайд, Хятад бол эвсэлд үл нэгдэх бодлого явуулдаг, энэ бол улс төрийн зарчим, түүнийгээ өөрчилнө гэдгийг би олж харахгүй байна хэмээн хятад эрдэмтэн нэмж хэлжээ. Орос нөхдийн сав л хийвэл хэлэх дуртай “холбоотон” гэдэг үгнээс хятадууд жийрхээд байгааг илтгэх мэт.

Хэдийгээр Хятад нь санхүү-мөнгө-бүтээн байгуулалтын асар их боломжтой, тиймдээ ч “Банк улс” хэмээн хочлогдох боловч цэрэг зэвсгээ ямагт сайжруулж буй цэргийн нэгэн гүрэн гэдгийг бид харж байна. Хятадын удирдагч Си Жиньпин эх орныхоо цэрэг-стратегийн потенциалыг бэхжүүлэх талаар тасралтгүй ажилладаг ба ХАЧА-ийг өөрчлөн орчин үеийн болгож шинэчлэх, “байлдааны бүс”-ийн командлах чадварыг дээшлүүлэх талаар намын цэргийн бодлого гэдгийг хатуу баримталдаг. South Morning Post гэх хонконг сонинд бичсэнээр Си Жиньпин нь дайнд бэлтгэхийг цэргийнхэндээ уриалж Өмнөд хятадын тэнгис, Тайвань орчимд хариуцлагын бүс зарлаж, байлдах арга техник, дадлага сургуулилтаа тасралгүй хийхийг үүрэгджээ. Болзошгүй нөхцөл байдалд байнга бэлэн байх, дайнд бэлтгэхэд төвлөрч анхаарах, онцгой нөхцлийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар бас ярьжээ. Мөргөлдөөнт нөхцөл байдалд дадлагажих хээрийн ба тэнгисийн сургуулиуд цаашид тогтмол хийгдэх ажээ.Хонконгийн тэр сонинд “Энэ бүхэн гэнэтийн, хэн ч төсөөлөөгүй мэдэгдэл үйлдэл боллоо” гэсэн байх юм.Өмнөд хятадын тэнгист хятадын ба америкийн байлдааны хөлөг онгоцууд байнга хөлхөж заримдаа ойртож бүр тулгарч байдаг ба үүнийг хонконг сонин эшлэж тайлбарласан нь энэ ажээ.

Хятадын хувьд зэвсэгт заналхийллээс хулчийдаг үе өнгөрөх нь өнгөрсөн. Шууд байлдаад унах нь юу л бол? Гэхдээ өөрийн стратегийн хил хязгаар ба нөлөөний хүрээг цэргийн хүчээр хангаж хамгаална гэдгээ ил хэлдэг, бүр хуульчилдаг болсон. Еврази, Африк, Өмнөд Америкт эдийн засаг, улс төрийн экспансаа цэргийн хүчээр хангаж дэмжинэ гэдгээ ч нуухгүй байна. Арми, флотоо идэвхтэй шинэчилж байна. Дэлхийн том дайн гэдэггүй юм аа гэхэд, орон нутгийн шинжтэй жижиг дайн байлдаанд хятадын зэвсэгт хүчин түүртэхээргүй болсон. Сүүлийн хоёр жилд гадаад бодлого, гадаад стратегийн асуудлаа ч үлэмж шавдууллаа гэхчлэн Business Insider-т бичсэнийг шууд хөрвүүлье. Хятад нь аливаа зэвсэгт мөргөлдөөнд цуцашгүй юм. Хүн хүчний асар их нөөц байна. Зэвсэгт хүчнээ ямагт сайжруулж байна. Дэлхийн шилдэг 5 армийнтоонд АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Франц гээд жагсаж байгааг харвал Хятад нь хүний нөөц, газар зүйн байрлал, ложистикийн боломж, баялгийн нөөц, аж үйлдвэржилтээрээ эдний хэний ч дор орохгүй, харин ч зэрэг зэрэг хөгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой аж.

Дайн байлдаанд ямагт бэлэн байж ирсэн армитай нь гэвэл Орос яах аргагүй нэрлэгдэнэ. Төрийн Думын батлан хамгаалах хорооны нэгдүгээр орлогч дарга Александр Шерин энэ талаар ам бардам ярьжээ. Оросын армийн үр өгөөж ямагт дээшилж ирсэн, шинэ шинэ зэвсэг бүтээж боловсруулж байна. Байлдааны бэлтгэл бүрэн хангагдлаа гэжээ. Харин хурандаа Виктор Литовкиний үзэж байгаагаар дайн байлдаан явуулах туршлага Хятадад байхгүй, иймээс тэр 5 армийг харьцуулах онолын үндэс муутай, америк туршлагатай, орос мэдээж туршлагатай, харин хятадууд “нет” гэсэн байх юм. Харин ч хятадын араас жагсах франц, британийн арми бол туршлагатай шүү, тэр утгаар Business Insider рейтинг тогтоох нь утгагүй, зэвсэгт хүчний байдлыг бүрэн тусгаж чадахгүй гэхчлэн ярьж, Хятадыг доош нь хийжээ. 

Энд гадаадын эх сурвалжаас хангалттай ашиглалаа. Утгыг нь гаргаж унших эсэх нь уншигчдын дурын хэрэг. Монголтойгоо холбосон ганц нэг мөрүүд би нэмчихснийг санаа сэдэл, сануулга гэж хүлээн аваасай. 

Орчин цагт дайн гэдэг чинь Сталинград, Курскийн дэргэдэх шиг өргөн фронтоор хэдэн сая цэрэг оролцуулан цус асгаруулан, хэдэн зуу мянган танк оволзуулж шатааж хийдэг цаг нь өнгөрсөн. Дэлхийн III дайн гэдгийг тэр өнцгөөс төсөөлж болохгүй. Олон улсын терроризмтой 2001 оноос хүн төрөлхтөн дайн хийж байна. Сири-Иракийг “Лалын улс” бүчин авч түйвээгээд ялагдсан боловч цаашаа олон салбарлаад өөр улс орнууд руу шилжин байрлаад, эсвэл гэмгүй царайлан гэр орон төрөлх нутагтаа ирчихээд дэлбэлэх тэслэх, алан хядах даалгавар хүлээн цагийг нь анан байгаа чинь ч шинэ маягийн дайн мөн шүү дээ!


2019.9.10