Миний зорилго
Хүү минь. Миний зорилго их энгийн. Миний зорилго бол би чамд өөрт чинь байгаа мэргэн ухаан, тэсвэр тэнхээ гэдэг хоёр их хүчирхэг зүйлийг л гарт чинь бариулах гэсэн юм.
Аав нь өнгөрсөнд суралцсан
Чи ирээдүйд суралц бас яг одоод суралц
Чи ирээдүйд суралц бас яг одоод суралц
Сайн байна уу? Миний хүү, миний охин.
Хүү минь. Миний зорилго их энгийн. Миний зорилго бол би чамд өөрт чинь байгаа мэргэн ухаан, тэсвэр тэнхээ гэдэг хоёр их хүчирхэг зүйлийг л гарт чинь бариулах гэсэн юм.
Аав нь чамд нэг дурсамж ярьж өгье.
Би арван настай байсан. Тэгэхэд аав нь ээжийнхээ таньдаг нэг айлд суудаг байлаа. Тэр айл нилээдгүй их баян айл байсан юм. Нөхөр нь жолооч хүн байсан. Эхнэр нь ямар ажил хийдэг байсныг аав нь санахгүй байна. Тэр хоёрыг би айлын ах эгч хоёр гэдэг байсан. Айлын ах их сайн хүн байсан. Томоотой ухаалаг их сайн ах байсан санагддаг.
Би тэр айлын бүхий л хар бор ажлыг хийдэг байлаа. Өдөр хичээлдээ явж ирээд. Түлээ мод бэлтгэж дэлгүүр хоршоо явна. Ус зөөж гэр хашаа хороо цэвэрлэдэг байсан. Арван настай хүү надад ахадсан хэцүү ажил байсан санагддаг. Аав нь айлын ах эгч хоёрын ая талыг харж амьдарч яваа, арван настай бяцхан хүү шүү дээ. Хий гэсэн бүгдийг нь хийж амжуулдаг байлаа. Би томоотой дуулгавартай ажилсаг сайн хүү байсан. Гэхдээ би жаахан аймхай хүүхэд байсан юм. Би оройн хоолны гурил зуурч элдэж бэлтгэдэг байв. Хоол хийх гурилыг хатуу зуурч нимгэн элдэх хэрэгтэй. Яагаад гэвэл. Хатуу зуурч элдсэн гурилтай хоол амттай сайхан хоол болдог юм. Тэгээд би хатуу гурил зуурч элдэх гэж бүтэн хоёр цаг орчим хөлс нустайгаа холилддог байсан. Тэгэж тэгэж нэг юм болгодог байлаа.
Нэг удаа хэрэг гарлаа...
Би оройн хоол хийх гурилаа шингэн зуурч элдсэн байв. Яагаадыг мэдэхгүй байна.
Гурил өөрөө л шингэн болсон байсан юм. Тэгээд айлын эгч орой ажлаасаа ирээд бөөн факт болсон. Эгч намайг хараагаад, загнаад арай л зодоогүй...
-Ийм юм хийж байхдаа яадгийн. Чи ямар нохойд хоол бэлдээв? Аан... гээд л загнаад зандчаад байлаа. Би яахав. Хэргийн эзэн хий дэмий л бүлтэлзэж бөндчөөд... Хийх юм байх газраа олж ядаад л байсан санагдана. Аав нь багадаа сонгинотой хоол идэж чаддаггүй хүүхэд байсан юм. Би нэг жижигхэн хөөрхөн бумбагар модон аягатай байсан. Оройд тэр аягаараа нэг сонгиногүй гурилтай хоол иддэг байв. Айлын эгч хоолондоо сонгино хийхээс өмнө надад нэг аяга сонгиногүй гурилтай хоол тасдаж хийж өгдөг байсан юм. Энэ удаа эгч тэгсэнгүй. Надад сонгинотой хоол аягалаад өгсөн. Би идэх гээд чадахгүй байсан. Идэхгүй байж бас болохгүй байлаа. Хоол голсон энэ тэр гээд сүйд болох гээд байдаг. Дэмий л идэж байгаа дүр эсгээд. Мах гурилыг нь түүж ялгаад идээд сууж байв.
Эгч намайг хэсэг харж сууснаа... Ухасхийн босож ирээд. Миний аягатай хоолыг шүүрч аваад угаадастай хувин руу цацаж орхив.
Тэгээд тэр эгч:
-Дургүй бол боль чи! Хоосон хоно. Энэ тэр гээд загнаж гарлаа.
Айлын ах дуугүй л суугаад байв. Тэр ах зуухны хажууд хоолоо идэх аядаад дуугүй суугаад байлаа. Аав нь яах билээ. Айл хэсэж амь зууж яваа арван настай бяцхан хүү шүү дээ. Би тэрүүхэндээ чимээгүйхэн мэгшин уйлав. Доошоо тонгойгоод сэмхэн уйлж суулаа.
Эгчийн уур улам бүүр ихсээд. Босч ирээд.
-Үхсэндээ чи уйлаав? Муу ёрын хог. Новш! Гар зайл чи! гээд. Намайг хоёр гурав нудраад авлаа.
Энэ удаад айлын ах тэссэнгүй. Аягатай хоолоо үүдэнд байдаг түлээний савруу явуулж орхив. Паад! Хийгээд л...
Үүдээр нэг хоол. Аяганы хагархай. Бөөн факт!!! Гайтай тэр нэг шингэн зуурсан гурилнаас болсон явдал. Энэ явдлаас болоод эгч гэртээ буцаж. Ах бид хоёр гэртээ үлдлээ.
Тэр хоёр залуу хүмүүс байсан юм. Хүүхэдгүй айл байлаа. Тэгээд дараа нь би хичээлээ тараад. Ахын ажил дээр очдог болов. Ах яваад ирж бай гэсэн юм. Айлын ах бид хоёр гуанзанд хоололдог болсон. Ах миний идэх дуртай хуушуур авч өгнө. Дажгүй сайхан байлаа.
Айлын ахынхаа машинд суугаад л... Бас болоогүй ээ, гуанзанд орж хоёулаа хуушуур иднэ.
Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Долоо хоногийн дараа. Айлын ах эгч хоёр сайндаад. Айлын эгч гэртээ эргээд ирсэн. Тэгээд аав нь ээж дүү нар дээрээ гэртээ буцаж ирсэн юм. Гэртээ сайхан байсан. Хоосон ч гэлээ сайхан ээжтэйгээ дүү нартайгаа хамт айх ичих юмгүй дураараа аз жаргалтай сайхан байлаа.
Тэгэхэд аавынх нь ээж цэцэрлэгт угаагч хийдэг байсан юм. Ээжийн нэг сарын цалин нь 240 төгрөг байсан. Зургаан хүүхэдтэй долоон ам бүлд яагаад ч хүрэлцэхгүй. Нэг хүн нэг хоногт 1 төгрөгөөр амьдрана гэсэн үг. Одооны ханшаар бол 1000 төгрөг. Яаж ч чармайгаад нэг хүн 1000 төгрөгөөр нэг хонохгүй шүү дээ. Тэгээд ээж минь арга ядахдаа биднийг айл айлд суулгадаг байсан юм билээ.
Ээж минь бидэнд: Ажил хийж айлд байна гэдэг нэг их хэцүү юм биш шүү дээ. Үүнээс ч илүү их хэцүү юм энэ орчлонд олон бий шүү! гэж аргадаж хэлж сургадаг байсан юм. Тиймээ. Миний хүү миний охин. Орчлон ертөнцөд түүнээс их хэцүү юм олон бий шүү!
Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?
Чи юу гэж бодож байна?
Миний хүү, миний охин. Тэгэхээр аав нь чамд юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр: Чи ертөнцийн элдэв олон явдлыг буруутгаж битгий хар ухаарч ойлгож хар гэх гэсэн юм.
Хэрэгтэй хэрэггүй юмаар хүнийг битгий их гомдоо. Хүний амьдрал богинохон шүү гэж хэлэх гэсэн юм.
Зовлон гэж байдаггүй юм. Тэр энд байхгүй. Тэр бол хоосон юм. Тийм учраас. Түүнд бүү итгэ. Түүнийг битгий дэмж, битгий эсэргүүц. Тэгвэл тэр өөрөө алга болноо. Тэр цагийг хүлээ гэх гэсэн юм.
Өнгөсөн юмыг битгий их бодож бай. Өнгөрснөөр бүү амьдар.
Тийм хүн амьдралаас үл зууралдана. Тийм хүн юунаас ч үл айна. Тэр төөрөгдөлд үл автана. Түүний үйлдэл нь оршихуй байлаа ч мөн чанар нь хоосон байдаг юм гэх гэсэн юм.
Миний хүү, миний охин. Чи ээжийнхээ зөөлхөн дулаан инээмсэглэлийг санаж бай. Ухаарч ойлго. Эцгийнхээ хатуухан шулуун бодлыг бас эргэж хар. Бодож тань. Ургах нарны шинэхэн туяаг, солонгын долоон өнгийг харж бай. Ажиглаж хар. Байнга харахыг хичээ. Унтаж буйгаа үрийнхээ зулайг үнс. Үнэрлэж үнс зүрхээрээ таал. Халамжит сайхан ханийнхаа үгийг сонс. Бүтэн сонс анхаарч сонс. Ийм байж чад. Ингэж амьдар гэж хэлэх гэсэн юм.
Энэ бол эр хүний эрхэм дээд нандин чанар мөн. Энэ бол тэнгэр мэт оршихуй зүй тогтол МӨН гэж хэлэх гэсэн юм.
Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?
Чи юу гэж бодож байна?
“Хүүдээ бичсэн захидал”
Батжаргалын Батбаяр
Батжаргалын Батбаяр