2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр. УИХ-д 65 суудалтай МАН-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд бус намын "Цагаан ордон"-доо чуулахаар Бага хурлын цаг товлосон байв. Хурлын уур амьсгал бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаанаар намын даргын тамгаа У.Хүрэлсүхэд шилжүүлээд жил тойрсон М.Энхболдын үлдсэн "дээл"-ийг тайлах буюу УИХ-ын даргаас нь буулгах зорилготой. Үндэслэл нь "60 тэрбум"-ын гэх хэрэгт нэр холбогдсон, МАНАН бүлэглэлийн гол төлөөлөгч учраас. Яг ийм агуулгаар Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүн Төв талбайд жагсаал зохион байгуулж асан цаг үе. Улмаар 11.40 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал үдшийн 01.00 цаг хүртэл үргэлжилсэн ч дорвитой үр дүнд хүрч чадалгүй тарцгааж байв. Хэдийгээр УИХ-ын даргын албан тушаалаас сайн дураар буух ам өчгийг М.Энхболдоос авах гол зорилго албажаагүй ч хурлын үеэр хамгийн их нэр дурдагдсан нэгэн эрхэм байсан нь Т.Бадамжунай. 

Гэдэг нь МАН-ын Бага хурлыг товлосон өдрөөс яг хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 17-нд түүнийг "УАЗ-469" автомашинаар Замын-Үүдийн боомтоор хил гарсан тухай албан бус мэдээлэл түгж эхэлсэн юм. Тэр нь ч үнэн болж таарсан. Мань Т.Бадамжунай тэр чигээрээ явсан, таван жил эх орондоо ирээгүй. Гагцхүү "Ах нам"-ын Бага хурлын үеэр түүнтэй холбоотой байр суурийг хэн, хэрхэн илэрхийлж байсныг хөөж үзвэл өөрийн эрхгүй сонирхол татна. Тэдгээрээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж нарын хэлсэн үгийг сийрүүлье.

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг хүндэлдэг ч нэг зүйлтэй нь эвлэрч чаддаггүй. Зарим зүйлийг худлаа ярьдаг. Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой нийгмийн сүлжээний штабын тухай юм ярьж байна. Энэ хүнийг үнэндээ Та л өөрөө Т.Бадамжунайг Сингапураас авчирч, ял авах гэж байхад нь өршөөж, өөрөө захиалж дэвшүүлсэн шүү дээ. Энэ үнэн, М.Энхболд дарга аа! Үүнийг чинь л МАНАН гэж яриад байгаа юм. Үнэн болсон зүйл гэвэл энэ. Одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ?

Та өөрөө захиалга өгөөд л "Голомт"-ын Д.Баясгалантай хамт нэвтрүүлэг хийлгэсэн. Дахиад л нөгөө МАНАН гэдэг чинь энэ. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон намд шургачихсан байсан зүйлийн эсрэг тэмцээд барахгүй явж байгаа нь үнэн. "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шийдье гээд явж үзсэн. Ц.Нямдорж гуай хэлэх байх. Хууль хяналтын байгууллагад очоод л таг гацдаг. Сонгууль болохоор л ийм асуудлыг шийднэ гэж яриад хэрэггүй. Энэ бүх хувьчлалууд нэг хүн дээр очиж гацаад байгаа нь үнэн.

Түүнийг ийн хэлсний дараа хэд хэдэн хүн байр сууриа илэрхийлснээр микрофон Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдоржид иржээ. Тэрбээр тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж байсан юм.

Ц.Нямдорж: Ардчилсан Намын “Үндэсний дэвшил”-ийн фракцид багтдаг цөөн тооны асар их мөнгөтэй хүмүүс манай “Хот”-ын фракцид ордог нууцлагдмал хоёр, гурван хүн нийлж Эрдэнэтийн 49 хувийг авсан. Хууль хяналтын байгууллага шалгадаггүй. “Эрдэнэт”-ын 49 хувийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу яриад ороход хоёр өдөр намайг занасан. “Чамайг шалгана аа” гэж. Б.Хурц гэдэг хүнээр тийм юмаа хийлгэсэн. Хуулийн сайд болсноос хойш надад тав, зургаан хэрэг нээлээ. Зөвхөн “Эрдэнэт”, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр. Сая гэхэд Л.Оюун-Эрдэнийн асуудлаар Авлигатай тэмцэх газраас хэвлэлийн хурал хийж байна. Ингэж айлган сүрдүүлдэг болсон. Олон удаа хэлж байна.

Хууль хяналтынхан 2012 онд намайг явснаас хойш хүнээ байсан байна. Хүнээ алдсан байна. Т.Бадамжунай гэдэг хүн Ө.Энхтөрийг сар дагуулж, явж байж Цагдаагийн дарга болгосон. Мөрийтэй тоглодог. Энэ их хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглодог бүлэглэл бий, Ц.Элбэгдорж тэргүүтэй. Хуйвалдаж мөрийтэй тоглодог, алддаг, хойно нь Монгол төрийг цөлмөдөг. 

Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, Дархан, Сэлэнгийн районы үйлдвэрийг хамсан. Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг. Монросцветметээр дамжуулж Алтай Таван Богдоос Бор-Өндөр хүртэл өнгөт металлийн 50 гаруй буюу бүх тусгай зөвшөөрлийг цөлмөсөн. “Улаанбаатар хот”-ын банк чинь М.Энхболдын байгуулсан банк. Ц.Дашдорж /УИХ-ын гишүүн агсан/-ийн эхнэр ажиллуулж байгаад сахал Д.Эрдэнэбилэгт үнэгүй очоод алга болсон.

Үүнийг л нураах гээд үзээд байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй, Ц.Элбэгдоржийг байхад М.Энхболдтой өрөөнд нь орж уулзаад анхааруулж байхад ч тоогоогүй. Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдгээ хэлсэн. Сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ шүү гэж хэлээд гарсан юм. Энэ үнэн шүү.

Таван сая ам.доллар бол энэ мөрийтэй тоглоомын бүлэглэлд мөнгө биш зүгээр л закуск. Урд байгаа байшингийн гуравхан мянган ам метр талбайг 27 тэрбумаар зарсан. Н.Багабандийг байхад "Эх орон” бүлэглэл гэж байгуулсан. Дараа нь "Энержи ресурс” гэж байгуулсан. Н.Энхбаяр байхдаа 62-ын бүлэг байгуулж, хоёр намыг нэгтгэх шахсан. Н.Энхбаяртай муудалцдаг нь түүнээс эхтэй. Т.Бадамжунайгаар дамжсан энэ бүлэглэл тав, арван жилээр шийддэг. М.Энхболд 2016 онд намын дарга байхдаа үгээс нь гардаггүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгон 10 жилийн ноёрхолоо тогтоохыг санаархсан. Түүнээс Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайд болох гавьяа ч байхгүй. Т.Бадамжунай, “сахал” Д.Эрдэнэбилэг нар хамтарсан компанитай. Монголын улс төр Б.Наранхүү шиг болсон. Морины уяан дээр нь эд нар бүгд л байж байдаг" хэмээн хатуухан шүүмжлэлийг дайжээ. Түүнийг байр сууриа илэрхийлэх үеэр ч Бага хурлын гишүүд дэмжиж, заал дүүрэн алга ташиж асан нь бичлэгт хадгалан үлджээ.

Ийнхүү М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах эсэргүүцэл бүхий акц сөрөг хүчнээс бус МАН, нам дотроос, өөрсдөөс нь гарч эхлэхтэй зэрэгцэн хил даван одсон Т.Бадамжунайг таван жилийн дараа эх оронд нь авчирснаар улс төрийн уур амьсгалд шуурга дэгдэх эсэх нь цаг хугацааны л асуудал болох нь. Онцлог нь тэртээх таван жилийн өмнө МАН эрх барьж байсан бол энэ удаад ч үнэмлэхүй олонхиор засаглаж сууна. Тухайн үед сул гишүүн явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, намын дарга болж дэвшсэн бол Ц.Нямдорж улс төрөөс түр завсарлага авснаар жил гаруйн хугацаа өнгөрөв.

Ялгаатай нь, таван жилийн өмнө сул гишүүний хувиар шүүмжлэл дайж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх ажлын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн "Таван Ш ажиллагаа"-ны дагуу Филиппинд бүгэж байсан Т.Бадамжунайг эх оронд авчирлаа. 1992 оноос хойшхи Монголын парламент, улс төрийн үйл явдлыг бүгдийг нь он, сар, өдөртэй нь цээжээрээ мэддэг Хуулийн сайд асан Ц.Нямдорж ч эх орондоо ирсэн, иргэн Т.Бадамжунайгийн тухай энэ удаад юу ярих нь мэдээж сонирхолтой! 2000 оноос улс төрд хөл тавьсан Т.Бадамжунай ч хөшигний ард ямар тохироо явж ирсэн, хэн нь хэнтэйгээ ямар эрх ашгаар нэгдэж, хэдий хэмжээний өртгөөр ханцуйндаа наймаалцаж байсныг сайд асан Ц.Нямдоржоос дутахааргүй "ой санамж"-тай, хамгийн сайн мэдэх, бас ярих нэгэн.

UZEG.INFO