Яг одоо МҮОНТВ гээр гарч буй Энэтхэгийн “Бурхан багш” цуврал киног үзэгчид машид шимтэн үзэж байгаа нь дээр цагт “Халтар царайт” гэж цуврал кино анх Үндэсний телевизээр гарч Монгол улс тэр аяараа үзэж байснаас дутахааргүй шахуу үзэгчтэй кино болж ирлээ. Энэ киног 2013 онд Энэтхэгийн хувийн хэвшлийн Essel group-ын Zee ТВ-ийн сүлжээ болон 1959 онд байгуулагдсан Энэтхэгийн Засгийн газрын хамаарал бүхий Доордаршан хэмээх өргөн нэвтрүүлгийн хамгийн том сүлжээ хоёр хамтран бүтээж, хамтран үзэгчдэд хүргэжээ. 

Эссэл группыг үүсгэн байгуулагч Субхаш Чандра  хэмээх эрхэм энэ группыг удирддаг. Субхаш Чандра Мумбэй хотод байх 10000 хүн зэрэг бясалгах нэг ч баганагүй гайхалтай төв барьсан нь дэлхийн найм дахь гайхамшиг хэмээгддэг. Тэрбээр Випашяна бясалгалаар олон жил хичээллэж буй буддист нэгэн бөгөөд Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв багштай хамт би нэг удаа уулзаж байсан юм. Тэр үед л уртын бясалгалд (21 -90 хоног) долоон удаа суусан хэмээн ярьж байсан.

Субхаш Чандра Энэтхэгийн тэргүүн 15 тэрбумтны нэг төдийгүй хэвлэл мэдээллийн барон хэмээн алдаршсан нэгэн билээ. Тэрээр Энэтхэгийн хэвлэл мэдээллийн конгломерат болох Essel Group-болон Zee Media-г толгойлж байгаад 2016 оны 5-р сарын 24-ний өдөр Энэтхэгийн парламентын дээд танхимд Харьяна мужид бие даан нэр дэвшиж сонгогдсон одоо парламентын гишүүн BJP намд харьяалагдаг эрхэм юм.

Description: Image may contain: 2 people, people standing

Зураг дээр: Субхаш Чандра Бурхан багш киноны найруулагч Бхупендра Кумар Модигийн хамт


Хун тайж Сидхарта Гаутам бясалгалаар гэгээрэлд хүрч хэрхэн Будда болж юун тухай сургасан хийгээд түүний нирваан дүрийг олох хүртэлх намтарчилсан түүхийг үзүүлсэн  “Хаадын хаан Будда” цуврал кино анх эфирт цацагдсан цагаас хойш Өмнөд Солонгос, Камбож, Шриланк, Тайланд зэрэг Азийн орнуудад эхэлж гараад дараа нь  Перу,  Герман, АНУ, Канад, Их Британид гарч 2017 онд Нетфликст тавигдсанаар сая сая үзэгчдийн хүртээл болсон бөгөөд энэ жил Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Монголын сүсэгтний холбоотой хамтран Энэтхэгээс албан ёсны эрхтэйгээр худалдан авч Монголын үзэгчдэд хүргэж байгаа билээ.

Бурханы заасан ариун номын тухай ойлголт тааруу мухар сүжиг их түгсэн өнөө цагт энэ киног нийтийн хүртээл болгож буй нь МҮОНРТВ ард олондоо хүргэж буй маш том буян гэдгийг дурдах нь илүүц буй за. 

Нетфликст тавигдахаас өмнө хийсэн судалгаагаар дэлхий дахинд энэ киног 25 сая хүн үзсэн гэсэн мэдээлэл байдаг бөгөөд одоо ч үзэгчдийн тоо өссөөр байгаа бөгөөд Монгол улсад одоо хэдэн хүн нэмж үзээд байгааг ч багцаалах аргагүй билээ.  

Мөн киноны зураг авалт эхлэхэд Непал буюу Балбад олон хүн уг киног эсэргүүцэж, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дургүйцлээ илэрхийлсэн байна. Шалтгаан нь уг цувралд Бурхан багшийг Энэтхэгт төрсөн гэж дүрслэгдсэн байв. Непалын Кабелын телевизийн холбоо нь Zee TV дээр нээлтийн ангийг өөрийн сүлжээгээр гаргахыг хориглож, дараа нь тэд Будда Энэтхэгт биш Балбад төрсөн гэсэн нотолгоог гаргаж, эсэргүүцсэнээр киноныхон алдаагаа зассан боловч 2500 жилийн өмнө Непал буюу Балба улс байгаагүй одоо л Лүмбиний цэцэрлэг Непалын нутагт хамаардаг тухай дурдсан байна.

Болливүүдийн найруулагч  Бхупендра Кумар Моди киног найруулж,  хун тайж Сиддхартагийн дүрд Химаншу Сони тоглож,  2010 оны Энэтхэгийн миссын  шилдэг аравт шалгарч байсан  Кажал Жайн Сиддхарта Гаутамагийн эхнэр Яшодхарагийн дүрийг бүтээжээ.

Кино нэгэнт олны хүртээл болж өргөн олон шимтэн үзэж буй тул киноны үйл явдлын тухай  бичих шаардлагагүй бөгөөд МЭӨ 6-р зуунд буюу одоогоос 2500 жилийн өмнө Шагжа омгийн хаан Шуддходанын хатан  Махамаяагаас  хун тайж Сиддхартад төрсөн бөгөөд тийм ч учраас бид Шагжамуни хэмээн нэрийдсээр ирснийг мэргэн уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэх бөлгөө.

Гэвч дийлэнх олон бурхан багшийн тухай уншиж мэдсэн нь тийм ч арвин биш  гэдэг нь “Бурхан багш кино сонирхогчид” хэмээх нүүр номын группд бичиж буй хүмүүсийн бичвэрээс харагдах бөгөөд Бурхан хэмээх ойлголтыг тэнгэр хэмээх ойлголттой андуурах, мөн загалмайн шашны ертөнцийн эзэн гэх ойлголт шиг ташаа ойлгох  зэрэг нь түгээмэл боловч мэдэхийн их хүслэн мухар сүжгээс салж ариун номтой учрах хүслэн оргилж буй нь илтэд агаад сүүлийн зуу шахуу жил бурханы шашныг зохион байгуулалттайгаар хорьж байсны хор уршиг бөлгөө. Түмэн олны мэдэх хүслэнг оргилуулсан кино гарч буй энэ цагт түүний өөрөө нээж олоод гэгээрэлд хүрсэн випасяна бясалгалын талаар олон нийт бүр ч бүрхэг учир энэ талаар тодотгон бичих хэрэгтэй санагдлаа. 

Бясалгалын тухай ярихын өмнө нийтэд буй нэгэн ойлголтыг тайлбарлах хэрэг гардаг. Ихэнх хүн тэр дундаа зарим лам нар ч бясалгал гэдэг Энэтхэгийн хинду шашнаас угшилтай ёога, параяама хэмээх амьсгалын дасгал гэж ойлгох нь түгээмэл байдаг. Мөн бясалгал дотроо зен бясалгал, мантра (дандрын) бясалгал, трансдентал бясалгал, ёога бясалгал, чакра бясалгал… гэх мэт хорь гаруй янзын бясалгалын арга байх агаад энэ бүхнээс бурхан багшийн бясалгал болох випасяна бясалгал юугаараа өөр яагаад тэр бясалгалыг арав хоног вакуумжуулсан орчинд хоорондоо ч ярихгүй хатуу сахил сахиж хийдэг гэдгийг гайхах хүн олон байдаг.

Энэ олон төрөл бясалгалын хамгийн хэцүү яг бурхан багшийн үеэс сахисан дүрмийн дагуу хийдэг ориг бясалгал нь бурхан багшийн випасяана бясалгал бөгөөд анх үүсэхдээ 49 хоног даян хийж бясалгадаг байснаа хожим10 хоног болсон ч яг тэр үеийн дэг ёсоор өнөөг хүрсэн учраас тэр юм. Тэр цагтаа ч хар хүн хийх боломжгүй учир хуварга болж байж хийдэг, бясалгалын дараа орой бүр яг бурхан багшийн номын айлдвараар өдөр бясалахад биеэр мэдэрсэн зүйлсийг онолын дагуу ойлгуулдаг  байсан боловч 500 орчим жилийн дараа үгүй болж эсвэл хялбаршуулсан байдлаар таржээ.

Бясалгал дотроо ертөнцийн самади бясалгал, ертөнцийн самадиг гэтлэх бясалгал гэж хоёр ангилдаг. Випасяана бясалгал бол гэгээрэлд хөтлөх бясалгал буюу ертөнцийн самадиг гэтлэх бясалгал болой.

Бурхан багш кинонд Бурхан ямар бясалгал хийж, зовлонгоос төгс гэтэлж буйг маш сайхан дүрсэлжээ. 

Хорвоод Бурхан залрахаас өмнө eртөнцийн Самади бясалгалын арга өргөн дэлгэр байсныг хинду шашны хоёр их аршийн ханхүүд зааж байгаа бясалгал гэрчилнэ.

Eртөнцийн Самади=гүн төвлөрөл гэдэг нь тухайн гүн төвлөрөл нь зовлонгоос төгс гэтэлж, гэгээрэлд хүрэхэд хөтөлдөггүй, харин дээд eртөнцөд төрөл авахуулдаг самади юм.

Ийн ханхүү Сидхард эдгээр Хинду шашны хоёр аршаар тэдгээр eртөнцийн самадигийн 7 болон 8 дахь самадиг заалгаад зовлонгоос огоот гэтэлгэхгүй байгааг мэдээд тэднийг орхин одож, тэр үeийн Жэйн шашны биeэ зовоох хатуужил үйлдэж байж, зовлонгоос гэтэлдэг хэмээн үзэх аргыг хэрэглэн 6 жил хатуужил хийсэн боловч энэ нь огт гэгээрэлд хүргэхгүй байгааг мэдээд, яаж хэрхэн төгс гэгээрэлд хүрэх тухай эрэлхийлэн байх үeдээ бага балчир байхдаа урьд төрлийн дадлын дагуу АНАПАНА бясалгал хийж байснаа санаад тэр л төвлөрлийн аргыг туршиж үзэхээр шийдсэн нь eртөнцөөс гэтлэх Самади бясалгалын арга байлаа.

АНАПАНА бясалгал хийснээр хөгжих сэтгэлийн гүн төвлөрөл самади нь сэтгэлийн өнгөн хэсгийг цэвэрлэхээс гадна сэтгэлийн гүнийг цэвэрлэх Випашяна бясалгалыг үүсэхэд хөтөлснөөр, сэтгэлийг бүрэн гүнээс нь цэвэрлэснээр зовлонгоос төгс гэтлэхэд хүргэдэг самади учраас eртөнцөөс гэтэлгэгч Самади гэгддэг билээ.


Description: Buddha | Netflix


Ийнхүү ханхүү Сидхарт бээр хүн төрөлхтөнд eртөнцөөс гэтэлгэгч самадиг хөгжүүлэгч АНАПАНА бясалгалыг нээн олж, тэр л eртөнцөөс гэтэлгэгч самади дээр тулгуурлан сэтгэлийн гүнд нэвтэрч, олон төрөлд хуримтлагдсан үйлийн үрийг төгс устгагч Випашяна бясалгалын арга ухааныг нээн илрүүлж, випашяна бясалгалын хүчээр билгүүнийг үүсгэн бүх үйлийн үрийг устгаж, зовлонгоос гэтэлж, төгс гэгээрэлд хүрсэн билээ. 

Ийнхүү зөв самадиг хөгжүүлж, түүн дээр тулгуурлан випашяна бясалгалаар билгүүн хөгжүүлж, сэтгэлийн гүн дэх үйлийн үрийг устгах энэ чухал ажлыг хийхэд биe хийгээд хэлний үйл ариун байх нь зайлшгүй тул Бурхан ёс суртахуун чухал болохыг нээн олсон билээ.

Ийнхүү хүн төрөлхтөнд ёс суртахуун, зөв самади, билгүүнийг хөгжүүлэх гэх эдгээр номын цогц сургаалыг Бурхан хүн төрөлхтнөө нээн олж, хүссэн хэн боловч эдгээр гурван суртахууныг замнаснаар төрөх, өвдөх, өтлөх, үхэхүй зовлонгоос гэтлэх зам мөрийг нээн хүн төрөлхтөнд зааж үлдээсэн нь Бурханы хүн төрөлхтөнд оруулсан гайхамшигт ач гавьяа юм.

Сидхарт Гаутам буюу бурхан багш гэгээрээд байх үед Бирмийн хоёр худалдаачин Тапусса, Балика хоёр Бурхан багштай таарч гэгээрсний дараах анхны хоолыг тэр хоёр худалдаачны гараас хүртдэг. (Харин энэ тухай кинонд гардаггүй)

Үүнд талархсан Бурхан багш тэргүүн дэх үснээсээ найман ширхгийг тасалж өгсөн бөгөөд энэ үсийг хадгалан Швейдагон хэмээх 66 фийт өндөртэй суварга босч түүнийг нь олон удаа засварлаж, нэмж барьсаар Ашок хааны үед дахин өндөрлөж, дараа нь 15 дугаар зууны үед Шин Са Пу хэмээх хатан хаан 302 фийт буюу 92 метр болгон засварлаж, түүний дараа 1768 онд газар хөдлөлтийн дараа бүр шинэчилж, 3538 алт, мөнгөн хавтан оруулан засаж сайжруулсаар өнөөг хүрч, Бирм улсын бэлгэ тэмдэг сүр хүч, амар амгалангийн бэлгэдэл болон сүндэрлэж байна.

 Бирм улсын шинэ нийслэл Янгон хотод энэ суварга оршдог. Алтан суваргад 13153 ширхэг цэвэр алтан ялтас орсон нь 60 тонн болох бөгөөд одоогийн ханшид шилжүүлбэл 3 триллион 194 тэрбум долларын үнэтэй ажээ. Ийм их эрдэнэс агуулсан суварга дэлхийн аль ч оронд байхгүй билээ.

Энэ бясалгалыг дэлхий дахид тарааж түгээсэн буянтан бол Бирмд төрсөн Энэтхэг гаралтай  С.Н.Гоенка багш бөлгөө.  Тэрээр тухайн үед Бирмд   бизнес эрхэлж, тэр улсдаа тэргүүн баячуудын нэгэн байсан ч харамсалтай нь мэгрэн гэх толгойн өвчин тусжээ. Япон, Америк хаа сайгүй явж өвчнөө эмчлүүлсэн боловч тусыг эс олжээ. Гэтэл нэг найз нь энд бурхны випасяна гэж бясалгал их цөөхөн хүний хүрээнд уламжлагдан ирсэн байдаг юм байна. Чи нэг суугаад үзээч гэсэн гэдэг. Тэгээд л Саяажи У Бакин хэмээх бясалгалын багш дээр хүрч очжээ. Гэтэл багш нь энэ эмнэлэг биш бид Бурхны бясалгал заадаг гээд хавьтуулаагүй байна. Гоёнка “би суугаад үзье ээ” гэж гуйсаар суусан тэр цагаас хойш бүх бизнесээ орхиж, Саяажи У Бакинд шавь орж, 14 жил дагалдан багш хийсэн түүхтэй.

Түүний өвчин эхний суултаар л зүгээр болж, бүх амьдралаа бясалгалтай холбосон ажээ. Саяжи У Бакин тэр үедээ Бирмийн Засгийн газрын Сангийн сайд болж, Гоёнка багш бясалгалын багш болоод байх үед түүний ээж Энэтхэгт өвдсөн гэдэг. Гоёнка Энэтхэг очиж, ээжийгээ бясалгалд суулгахад анхны тэр бясалгалд хамаатан садан 7 хүн сууж эхлээд хүн бүр өөр хүмүүст хэлж, олуулаа болсоор 1970-­аад оноос 7 хүнээр эхэлж байсан бясалгал нь өнөөдөр дэлхийн 120 гаруй оронд төвтэй болтлоо түгэн дэлгэрсэн түүхтэй.

Манай улсад анх элэгний эмч Хатанбаатар одоогийн багш Д.Ширэндэвийг Энэтхэгт сурч байхад түүний тусламжтайгаар анх випасяна бясалгалтай учирч зааж эхлүүлсэн бөгөөд одоо Найрамдал зуслангийн ойролцоо нэг төв, мөн удахгүй хотын төвд өөр нэгэн бясалгалын төв ашиглалтад орох гэж байгаа бөгөөд энэхүү бурхан багшийн бясалгал үнэгүй заагддаг юм.  

Бурхны ном онолын тал биеэр үзэж ойлгох практик тал гэх арга, билгээс бүрддэг байсан бөгөөд   харамсалтай нь практик тал болох бясалгал олон зуун жил тасарч үгүй болсон учир биеэр үзэх мэдрэмжийг үгээр өгүүлэх аргагүй бөлгөө.

Хэрвээ танд Бурхан багш киног үзээд  бясалгалд суугаад үзье гэх бодол ургасан ахул  www.byasalgal.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээл авахыг зөвлөе.

Эцэст өгүүлэхэд бурхан багш киноны 40 р ангид бурхан айлдахаа “Ариун ном бясалгалтай учирна гэдэг урд насны буянаас ихэд хамаатай учир цаг нь болсон хүн ариун номтой учирдаг …” хэмээн хэлснийг олон хүн үзсэн  учир бясалгалтай учрах эсэх бол хувь хүний хүслээс гадна урд насны буяны хэмжээнээс хамаарах ажгуу.

Бурхан багшийн заасан ариун ном Монгол оронд маань түрэн дэлгэрэх болтугай!