Багийн хурал амь орж, ирц нэмэгдсэний учир
Багийн хурал саяхныг болтол ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа байх. Багийн хуралд ирдэг хүн амьтан гэж бараг байхгүй байлаа. Харин одоо ихээхэн өөр болсон.
-Орон нутгийн хөгжлийн сан иргэдэд эрхийг нь атгуулж чадсан-
Багийн хурал саяхныг болтол ямар байсныг мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа байх. Багийн хуралд ирдэг хүн амьтан гэж бараг байхгүй байлаа. Харин одоо ихээхэн өөр болсон. Иргэд тэр хурлаар өөрсдийнх нь амьдрал ахуйд өөрчлөлт орж, өөрсөдтэйгээ холбоотой асуудлыг шийддэг болсон учраас ихээхэн анхаарал тавьж оролцдог болсон юм. Өмнө нь багийн даргаар ахиухан хамаатан садантай нэг нөхрийг ярьж байгаад тавьчихдаг байсан бол одоо өөр болсон. Харин одоо хөдөлж чадах, сэтгэж чадах багийн ард иргэдийнхээ төлөө юм хийж, багахан болов төсвөө ухаалаг зарцуулж чадах хүнийг тавихыг хүсэх болжээ. Бас эргээд хариуцлага ярих ёстой гэдгээ ч мэддэг болсон. Хэн нэгэн ах дүүсээ тавьчихаад эргээд асуудал ярьж ч чадахгүй, найр тааралдуулж үг хэлчихээд насны дайсан болохыг ч дэмий гэдгийг ойлгодог болсон гэлцэнэ. Хөдөө орон нутагт багийн даргаа сонгох хурал арай гайгүй ирцтэй, тэгсгээд бусад хурлууд нь бараг хүн цуглахгүй шахам болдог байлаа. Багийн даргыг сонгоход багийн нийт насанд хүрсэн иргэдийн 50-60 хувь нь ирвэл их юм болдог байв. Дарга сонгох хурал дээр 40 хувийн ирц бүрдвэл, энгийн хурал дээр 30-аас доошгүй байж хурлаа эхэлдэг журамтай. Зарим нэг нь мал хуйгаа зохицуулаад арайхийн ирэхэд бусад нь байхгүйгээс буцаж яваад хөдөө нутгийн багийн хурал бүрдэхэд амаргүй л байлаа.
Харин саяхан баруун аймгуудаар яваад ирсэн танил маань багийн хурал гэж ихээхэн өөр болжээ гэж ярьсан юм. Баруун Алтайн ууланд нэг багийн хуралд суухад 190 иргэнээс 186, 187 хүн ирж, ирц 98 хувьтай хурал болж байна гэнэ. Иргэд багийн даргаа сонгохдоо хариуцлагатай хандах нь дараа дараагийн олон ажилд сайнаар нөлөөлнө гэдгийг мэддэг болжээ. Мөн хийх ажлын эрэмбэ тогтоох хуралд ч бас идэвхтэй оролцдог болжээ. Олонхиороо шийдэж, хийж бүтээхээр эрэмбэлэгдэж чадна гэдэг тун чухал. Энэ бүхэн иргэдийн оролцоо шууд ардчиллын бодит үр дүн билээ. Өмнө нь сумын эмнэлгийн машин, сумын захиргааны машин хоёрын нэгийнх нь дугуйг солих боломж байхад захиргааныхан эрх мэдлийнхээ хүрээнд өөрсдийнхөө машиныг эхлээд сольдог байсан бол иргэд оролцож эхэлснээр ийм боломжийг өгөхгүй. Сумын эмнэлгийн машин эхэлж ажилд орж таарна.
Энэ бүхэн орон нутагт эрх мэдлийг өгч, иргэдийн хяналт дор асуудлаа шийддэг болсон тэр үйл явцтайг холбоотойг хүн бүхэн хэлж байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хүрээнд хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт 2013 онд олгогджээ. Нэг аймагт 10 тэрбум төгрөг өгөхөөр болсон байлаа гэхэд хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, алслагдсан байдал зэргээс шалтгаалаад сум бүртээ харилцан адилгүй хуваагдсан байх жишээтэй. Тухайн үедээ 10 тэрбум байлаа гэхэд санхүү боломжийн байдлаас шалтгаалж 8 тэрбумыг нь өгч, 2014 онд 11 тэрбум батлагдаад 7 тэрбум нь очиж, 2015 онд 6 тэрбум батлагдснаас 4-ийг нь өгч байсан жишээтэй. Жил ирэх тутам улс орны санхүүгийн байдлаас шалтгаалж энэ санд ирэх мөнгө багассаар ирсэн ч эдийн засгийн байдал өндийгөөд ирэхэд дагаад өсөх учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буухад багассан энэ хөрөнгө зах зээлд өсөөд ирэхэд дагаад нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн дарга, улс төрийн хүчнээс үл хамааран орж ирэх орлогын хувийг нь нэгэнт хуульчлаад өгчихсөн учраас орон нутаг дахь санхүүгийн эрх мэдэл албан ёсоор баталгаажсан энэ юм.
Иргэд өөрсдийнхөө дэргэд тулж ирсэн олон асуудлуудаа энэ хөрөнгөөр шийдэж чадсан нь анзаарагддаг билээ. ХУД-ийн хоёрдугаар хороо буюу хуучнаар Нэхмэлийн шаруудын байрууд дунд байх хогийн цэг мөн ч олон жил болсон доо. Хаврын хавсаргаар хийсч, зуны халуунд үмхий самхай үнэртээд үгүй мөн хэцүү шүү. Харин тэр хавийн иргэд тулсан энэ асуудлаа хороондоо хуваарилагдаж ирсэн төсвөөрөө шийднэ гээд санал нэгдсэн байдаг. Мөн Нисэхийн нэг хороонд Цагаан эргийн гүүр гээд өмхөрч унаж асуудал дагуулах гээд байсан модон гүүрээ мөн хорооныхон шаардлагатай асуудлуудаа эрэмбэлснээр хийх ёстой амин чухал асуудал гэж үзээд зассан байдаг. Ингэхдээ иргэдийн бүлэг болж нэгдсэн таван иргэнээр засуулжээ. Ер нь 5 сая хүртэлх хөрөнгийн үйл ажиллагааг болж өгвөл санал санаачилгаараа нэгдсэн иргэдийн бүлэгээр гүйцэлдүүлэх бодлогыг баримталж байсан бөгөөд тэндээ амьдарч суудаг иргэд нь өөрсдөө хийхдээ илүү хариуцлагатай илүү сэтгэл гаргаж хийдэг талаар албаны хүмүүс онцолж байсан учиртай. Үнэхээр буух эзэнтэй буцах хаягтай, нэр төрөө бодно. Дээрээс нь өдөр бүр өөрсдөө тэр гүүрээр гарч, үр хүүхдүүд нь сургуульдаа явдаг учраас хичээж хийхээс аргагүй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хөдөө орон нутгийн иргэд бас өөрсдөө асар их идэвхтэй санаачилгатай ажиллаж ирснийг онцлохоос аргагүй. Тухайлбал Архангай аймгийн Цахир сумынхан өөрийн гэсэн дүрэмтэй болжээ. Энэ нь хуучин уламжлалаар явж ирсэн иргэдийн хурлын үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгоход үр дүнтэй алхам болсон байна. Урьд нь хэн аль өвөлжөөнд буух суухыг хэлэлцдэг байсан улсууд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сантай болсноор хөрөнгө мөнгөө хэрхэн шийдэх вэ, тулгамдаж буй асуудлаа яаж шийдэх вэ гээд өмнө нь хэзээ ч ярьж бодож ч үзээгүй асуудлуудаа барьж авдаг болжээ. Энэ мэдээж хөрөнгө санхүүгийн эрхтэй болсонтой шууд холбоотой гэж Цахир сумын иргэн Л.Ганхуяг онцолж байна. Тэрбээр “Иргэд амьдралд нь юу хэрэгтэй байна, юу саад болж байгааг хамгийн мундаг, хамгийн сайн хэлж чаддаг. Тэдний гаргаж ирсэн эрэмбээр асуудлыг шийдэхэд алдаагүй байдаг” гэж байлаа. Төсвөө мэдэх боломжгүй, өөрсдөө санхүүгийн эрх мэдэл үгүй байсан тэр үед иргэд малын үүлдэр угсааг сайжруулах талаар ярьдаг ч хэрэгжих нөхцөл нь үгүй байжээ. Харин Цахир сумынхан өөрсдөө санхүүгийн эрх мэдэлтэй болмогцоо хэрэгжүүлж чадсан ажил бол баяд үүлдрийн хониор сүргийн бүтцээ сайжруулах бодлого барьж эхэлсэн байгаа юм. Увс аймгийн Хяргас сум, Төв аймагт байх баяд үүлдрийн хонь үржүүлдэг компаниас хуц, ухна худалдан авчээ. Бас сайн үүлдрийн хуц ухнаа тусад нь хариулж байх малчнаа цалинжуулна гэж байгаа.
Мөн мал цөөтэй иргэдээ малжуулах ажлыг эхэлжээ. Иргэд өөрсдөө үүнийг санаачилсан байна. Нийтдээ 47-48 сая төгрөгөөр 30 мал авч, мал цөөтэй айлд өгч, ирэх жил 30 хонио нэг хургатай буцааж өгөх ёстой. Ингэснээр чамгүй айлууд малтай болж, малжих эх суурьтай болж байгаа юм байна. Мэдээж, анхны гаргасан хөрөнгө алга болохгүй, хадгалагдаад байх ухаалаг төсөл л дөө. Цахир сумынхан Иргэдийн оролцооны жишиг сум болохоор зорилго тавин ажиллаж, энэ хүрээндээ багагүй ажил хийж байгаа юм байна. Энэ чиглэлийн олон ч сургалтад суучихаад нэг ийм шийдэлд хүрчээ. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн хүмүүс хэт улстөржиж, сонгуулийн нэг үечлэлд ажилтай байх гэж оролдох нь сумын хөгжил, хүмүүсийнхээ амьдралд үр өгөөж нь бага юм байна сонгуулийн үр дүнгээс шалтгаалахгүй албан тушаалууд дээрээ чадалтай, сэтгэлтэй хүмүүсээ ажиллуулж байя. Хамаатан ах дүүсээрээ түрээд нэгнийгээ дарга болгочихдог эргээд хариуцлага нэхэхэд хэцүү юм гээд олонхиороо ярьж шийдээд, сумын дүрэм гэдгийг боловсруулжээ. Сумын даргаа санал өгөх насны бүх хүмүүсийн саналаар сонгож, харин ард түмнийхээ саналаар сонгогдсон дарга маань багийн дарга, сумын албан тушаалтнуудыг сонгоно гэж тэд тохирчээ. Хэдийгээр хууль тогтоомжид зааснаас өөр бүтцээр сумын даргаа тодруулахаар дүрэмдээ заасан ч энэ бол иргэдийн оролцоогоор, иргэдийн хүсэл зоригоор гарсан зүйл ажээ. Магадгүй дараа дараагийн олон хууль тогтоомжинд Цахир сумын иргэдийн эхлүүлсэн энэ аргыг анхаарч үзэхэд болохгүй зүйл үгүй. Ялсан намын бус ялагдсан намын дарга сонгогдчихвол хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу энэ хэрэгжих боломжгүй байх талтай ч хамгийн гол нь хөдөө орон нутагт байгаа иргэд улстөрждөг, талцдаг хуваагддаг асуудал цөөхөн хэдэн боловсон хүчинтэй хөдөө орон нутагт хөгжил дэвшил авчрахгүй, уях боох дөнгө тушаа болоод байгаа гэдгийг гаргаж чадсанаараа ач холбогдолтой юм. Тийм ээ, одоо хөдөө орон нутагт хөгжлийг танил тал, нам хүчнээрээ дарга болсон хүмүүс биш сэтгэлтэй, төлөвлөгөөтэй, олны эрх ашгийг тавьж чадах хүн татаж авчирна гэдгийг мэддэг болжээ. Багийн хурлууд үүнийг бага ч болов батлан үзүүлж байна.