КАПИТАЛИЗМЫГ АЛГАСУУЛАХ ЛЕНИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Лениний гарт Оросын тариачнаас гадна Хаант засгийн үлдээсэн дундад эртний хөгжлийн түвшинд яваа Азийн маш олон үндэстэн ястны цуглуулга уламжлагдан үлджээ. Нэгэнт аж үйлдвэржсэн орны ухамсаржсан пролетари анги түүнд олдоогүйгээс хойш, нөгөөтэйгүүр энэ хоцорсон бүдүүлэг үндэстнийг шат алгасуулан коммунист нийгэмд авч ирэх тухай Маркс ямар нэг заавар зөвлөлгөө үлдээгүйгээс хойш, үгүйдээ л ирээдүйд дэлхийг улаан болгохын тулд түүнд эхний ээлжинд сонгодог жишээ болсон хүчирхэг цагдаагийн улс хэрэгтэй гэсэн шаардлагаар чухам энэ “капитализмыг алгасах” онолыг дэвшүүлэх хэрэгтэй болжээ.
КАПИТАЛИЗМЫГ АЛГАСУУЛАХ ЛЕНИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
1921 оны “ардын” хэмээх хувьсгалыг дараагаас Зөвлөлт Оросын хувьд Монголыг юутай ч атугай баттайяа зөвлөлт маягийн засагтай болгох асуудал юун түрүүний тулгамдсан хэрэг байжээ. Коммунист онолын аль ч “библи”-д Монгол шиг хоцрогдсон, үйлдвэржээгүй, үгээгүй ядуу оронд хэрхэн коммунист засаг тогтоох ба барьж байх заавар зөвлөлгөө байсангүй. Сонгодог марксист онолоор бол социализм нь зөвхөн аж үйлдвэржсэн оронд ялах ёстойсон.
Марксизм нь алив нийгмийн урсгалыг эхлээд хий санаанд төсөөлж, төлөвлөж, программчиллаад дараа нь энэ зорилгоо чанарын болон тоон үзүүлэлтээр ширхэгчлэн биелүүлэхээр тэмцдэг сургаал тул Монголд буй болгох гэж буй шинэ засгийн зам мөрийг гаргаж юу юутай тэмцэх, юу юуг дийлж, юу юуг босгохыг нь нэгд нэгэнгүй программчиллан хэлж өгөх учиртай байв. Үүний тулд Монгол Ардын Намын их хурлыг зарлан хуралдуулж Монголын нийгмийн урсгал хаашаа хэрхэн явахыг зааварчилсан программ батлах шаардлага тулгарчээ. Харин энэ зам мөр ямархуу байх ёстой вэ?
НИЙГМИЙН ШАТЛАЛЫН МАРКСЫН ОНОЛ
Монголын нийгмийн цаашдын дэвшлийг марксист аргаар тодорхойлоход онолын үндсэн хоёр бэрхшээл байлаа. Нэгдүгээрт нийгэм-эдийн засгийн формацийн онол. Энэ онол ёсоор хүний нийгмийн бүх хөгжлийг үйлдвэрлэх аргаас нь хамааруулаад хүй нэгдлийн, боолын, феодализмын, капитализмын, коммунизмын хэмээн яг таг тав хуваах ёстой ба хэн ч орж үзээгүй байгаа коммунизм нь социализм, коммунизм гэсэн хоёр үе шатнаас бүрдэх ёстой. Боолын нийгэм болон феодализм, капитализм нь ангит нийгэм бөгөөд нэг шатнаас нөгөө шат руу шилжих шилжилт хувьсгалаар шийдэгдэх ёстой. Нэгэнт ингэж дараалж явдаг тул капиталист орон нь хувьсгал хийсний үр дүнд ноёлогч буржуй ангиа устгаад коммунист нийгэм байгуулахаас өөр замгүй байлаа. Гэхдээ алив нийгэм хөгжихдөө ийм үе шатыг туулах ёстой гэсэн догматик санал Маркс хэзээ ч хэлж байгаагүй. Маркс шатны гишгүүр шиг өгсдөг хөгжлийн үе шат яриагүй, зөвхөн формацуудын тухайд тодорхойлолт өгсөн. Хүний нийгмийн хөгжлийн зайлшгүй өгсөх таван гишгүүртэй загварыг хожим нь Оросын большевикууд бодож олон СССР бараг л хуульчлан догма болгосон билээ.
Гэхдээ Марксын үзэж байснаар нэгэнт коммунизм нь нийгмийн хөгжлийн хэлбэрийн хувьд капитализмаас цааших нийгэм учир туйлдаа хүртэл хөгжсөн капиталист орон л социализм руу орно уу гэхээс төдийлөн хөгжөөгүй орон үүн рүү зүглэлтгүй ажээ. Гэтэл Марксыг үхсэнээс хойш 30 гаруй жилийн дараа чухам тэрхүү зөгнөн хэлсэн (үнэндээ өдөөн тухирсан) коммунист хувьсгал гаргасан боловч түүний хүлээсэнчлэн аж үйлдвэржсэн Баруун Европт биш харин өөрийнх нь үргэлж басамжлан үздэг байсан, хамжлагат ёсноос салаад удаагүй, тариачны Орос оронд түүхнээ Октябрийн хувьсгал гэж нэрлэгдсэн коммунист эргэлт болсон байна.
Харин К.Попперийн* (Кarl Popper) ажигласнаар, марксизм гэдэг нь тухайн таамаглал дэвшүүлээд тэр нь батлагдахгүй бол бүрэн больж татгалздаг учир шинжлэх ухаан ерөөс биш, харин таамаглал нь батлагдахгүй бол тухай бүрт нь өөрчлөн засч болдог шинжлэх ухааны бус онол ажгуу.
Иймээс Марксын таамаглал хэзээ ч хэлсэн ёсоор нь явагдаагүй боловч Бэрнштайн* (Eduard Bernstein), Каутскийгаас* (Каrl Kautsky) эхлүүлээд Горбачёв, Пожгаи*-г (Imre Pozsgai) хүртэл бүгдээрээ өөрийн тухайн нөхцөл ба хийх гэж байгаа зүйлдээ тохируулан засварлан өөрчилж тэр болгондоо Марксын аль нэг зохиолыг шинээр “тайлж уншиж” байлаа. Энэ утгаараа Марксын сургаал нь хүн бүр янз бүрээр тайлж болдог орчин үеийн Нострадамусын гэрээслэл гэлтэй. Ийнхүү дээрээс хатуу тогтоож өгсөн нийгмийн хөгжлийн шатны “хууль” ёсоор бол тэр үеийн Монгол нь ердөө л феодализмд байгаа тул марксист сургаал ёсоор коммунист хувьсгал хийхүйц өсч торниогүй байлаа.
Хоёр дахь асуудал нь нэгдэхээсээ урган гарч байв, юу гэвэл нэгэнтээ марксизм нь тулгамдсан асуудал тулахаар эх онолоо засчихаж болдог тул феодализмаас коммунист нийгэм рүү харайгаад орчихож болно гэсэн зааврыг Марксын зохиолоос “тайлж уншаад” цааш нь “бүтээлчээр хөгжүүлэх” хэрэгтэй байлаа. Үнэндээ Маркс, Энгельст энэ талаар санал онолоо бичиж үлдээсэн юм огт байсангүй. Харин урьдын түүхээс зарим үндэстэн боолын нийгэм дамжилгүйгээр хүй нэгдлээс шууд феодализмд орж байсан жишээ байгааг дурдсан зүйл харин мэр сэр бий.
Ер нь ч тэгээд “боолын нийгэм” гэдэг нь эртний Герег, Ромоор жишээлсэн болохоос хүн төрөлхтний хөгжлийн явц дахь зайлшгүй нийтлэг формац биш гэдгийг Маркс мэдэлгүй яахав. Нийгмийн тодорхой хэсэг нь хөдөлмөрийн хэрэгслэлийг өмчилсөнөөр үүнийгээ бусад олонх хэсгээ мөлжих, дарлах арга болгодог тухай тэрээр онолдсон болохоос алив нийгмийн хөгжил ийм таван шатыг дамжин явдаг тухай тэр огт хэлээгүй, яриагүй, бичээгүй. Өөрийнх нь төрж өссөн Герман ямар ч боолын нийгэм туулаагүй шүү дээ. Маркс феодалын нийгмийн тухайд газрын эздийн хамжлагат ёсыг Европын жишээгээр судлан бичсэн болохоос Европоос гадуурх хамжлагат ёсны талаар төдийлөн анхаарч байгаагүй. Тэрээр Хятадын хамжлагат ёсыг судалсны үндсэн дээр Азийн феодализм гэсэн формацынтусгай ангилал гаргаж байсан.[1]
Хоцрогдсон ард түмэн капитализмыг алгасч болно гэсэн эх сурвалж онолыг нь Маркс тавьж өгсөн хэмээн нотлохын тулд сүүлд нь 70 гаруй жилийн турш Монгол, Зөвлөлтийн түүхч, философичид байнга дуртайяа жишээ болгон эш татдаг нэг өгүүлбэр бий. Тэр нь:
Их Британид одоо ноёрхож байгаа ангиудыг аж үйлдвэрийн пролетари нар хавчин зайлуулаагүй цагт, эсвэл нийгмийн дарлалыг үүрд авч хаях болтлоо энэтхэгчүүд өөрснөө хүчтэй болоогүй цагт тэдний дотор Британийн хөрөнгөтний тарьсан шинэ нийгмийн элементийн боловсорсон үрийг Энэтхэгийн ард түмэн хурааж авч чадахгүй[2]
Хоцрогдсон орон коммунист нийгэм байгуулах талаар Маркс, Энгельс нар тухайлан төсөөлж байсангүй. Марксын дээрх энэ урт өгүүлбэрийг New York Daily Tribunе сонины 1853 оны наймдугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн The Future Results of British Rule in India (Энэтхэг дахь Британий дарлалын хожмын уршиг) өгүүллээс тасдан авчээ. Өгүүллийн санаа нь Английн хөрөнгөтнүүд Энэтхэгт хөрөнгө оруулж үйлдвэрлэл хөгжүүлж байгаа ч гэсэн тэднийг чөлөөлж, нийгмийн амьдралыг нь дээшлүүлж, үйлдвэрлэлийн хөгжлийг нь өөрсдийнх нь гарт өгөхөөс нааш энэтхэгчүүд хүчтэй болж чадахгүй, тэр л утгаараа хөрөнгөтнүүдийн хөгжүүлж буй болгоныг тэдөөртөө тустайгаар ашиглаж чадахгүй гэсэн шүүмжлэл аж. Түүнээс биш энд энэтхэгчүүд нийгмийн хөгжлийн үе шатыг алгасч харайх боломжтой тухай юу ч алга.[3]
КАПИТАЛИЗМ АЛГАСАХ ЛЕНИНИЙ ОНОЛ
Харин коммунист хувьсгал гардаж хийсэн хүний хувьд Ленинд хоцрогдсон, ялангуяа Азийн улс орон, үндэстнийг феодализмаас байтугай хүй нэгдлээс нь ч хамаагүй харайлгуулж товчлуулсаар коммунист нийгэм байгуулуулах санаа ердөө л хар практикаас үүдэн гарчээ. Октябрийн хувьсгалын дараахан Ленин өөрийн хийсэн үйлдлийн давталтыг Баруун Европт гарна гэж баттай итгэн ширтэж суулаа. Гэтэл Бавари болон Унгарт хэт даврагсдын хийсэн коммунист эргэлт удаж төдөлгүй дарагдсан төдийгүй дахиж тэр зүгт тийм юм гарах аргагүй болтлоо хүн ардыг жигшээжээ. Мөн өөрийнх нь буй болгосон эдийн засгийн сүйрэл, өлсгөлөн, дайн, өргөн олныг хамарсан цуст аллага зэрэг нь Европын ажилчин ангид хамгийн нөлөөтэй хүчин болж байсан социал-демократуудад болгоомжлол төрүүлсэн төдийгүй эгнэгт хөндийрүүлжээ. Үнэндээ Лениний хувьсгал Марксын хэлсэнчлэн гинжнээсээ өөр алдах юмгүй гар нүцгэн пролетари ангид түшиглэсэнгүй, түшиглэе гээд ч тэр нь Орост бараг байсангүй. Тариачны асар том, бүдүүлэг, чиглэгдээгүй, прагматик хөдөлгөөн түүний хувьсгалыг амжилтад хүргэсэн атал Ленин харин энэ гол “моторынхоо” учрыг ч олоогүй, хэзээ ч судалж шинжилж үзээгүй юм[4]. Түүний гарт Оросын тариачнаас гадна Хаант засгийн үлдээсэн дундад эртний хөгжлийн түвшинд яваа Азийн маш олон үндэстэн ястны цуглуулга уламжлагдан үлджээ.
Нэгэнт аж үйлдвэржсэн орны ухамсаржсан пролетари анги түүнд олдоогүйгээс хойш, нөгөөтэйгүүр энэ хоцорсон бүдүүлэг үндэстнийг шат алгасуулан коммунист нийгэмд авч ирэх тухай Маркс ямар нэг заавар зөвлөлгөө үлдээгүйгээс хойш, үгүйдээ л ирээдүйд дэлхийг улаан болгохын тулд түүнд эхний ээлжинд сонгодог жишээ болсон хүчирхэг цагдаагийн улс хэрэгтэй гэсэн шаардлагаар чухам энэ “капитализмыг алгасах” онолыг дэвшүүлэх хэрэгтэй болжээ. Коминтерний III их хуралд хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн ази үндэстнүүд, сонгодог марксист онолоор бол социалист хувьсгал хийх “эрхээ хасуулсан” Азийн бас бус төлөөлөгчдөд ямар нэг гарц зааж өгөх үүднээс:
Одоо чөлөөлөгдөж байгаа ба түүний дотор дайны дараа эдүгээ давшилтын замаар хөдөлж байгаа нь мэдэгдэж байгаа хоцрогдсон ард түмэнд ардын аж ахуйн хөгжлийн капиталист шат зайлшгүй гэдэг баталгааг бид зөв гэж үзэж болох уу? …Бид энэ асуултад “заавал тийм биш” гэж хариу өгнө …Хэрэв ялгуулсан хувьсгалч пролетари нар тэдний дунд тогтмол суртал нэвтрүүлэг хийж, Зөвлөлт Засгийн газар өөрийн мэдэлд байгаа бүх арга хэрэгслээр тэдэнд тусалбал хоцрогдсон ард түмэнд хөгжлийн капиталист шат зайлшгүй гэж бодох нь буруу[5].
Мөн түүний “хоцрогдсон орон дахь коммунист нам, коммунист байгууллагын эн тэргүүний зорилт бол феодализмыг түлхэн унагаах явдал мөн” гэсэн афоризм, 1919 онд Дорно дахины ард түмний коммунист байгууллагын төлөөлөгчдийн Бүх Оросын II их хуралд хэлсэн “коммунист ерөнхий онолыг түшиглэн өвөрмөц нөхцөлд зохицуулах” тухай ба “дорно дахины дарлагдсан ард дэлхийн пролетари хоёрын хооронд өвөрмөц холбооны хэлбэрийг зөв олж тогтоох”[6] тухай даалгавар бий. Лениний гаргаж өгсөн зам мөр ердөө л энэ байна. Үлдсэнийг нь мөнөөх хоцрогдсон үндэстний дунд томилолтоор очсон большевик комиссарууд прагматик байдлаар газар дээр нь шийдсэн ба харин хожим нь марксист түүхчид дээрх өвөрмөц холбооны хэлбэрийн талаар “тохирсон аятайхан” тайлбар олж өгсөн юм.
НИЙГЭМ АЛГАСАХ СИНДРОМ
Чухамдаа энэхүү Ринчино тэргүүтэй Зөвлөлтийн комиссар нарт Монголын нийгмийн хөгжлийн ирээдүйн дүр зургийг гаргах үүрэг ноогджээ. Рыскуловын өөрийнх нь нотлож буйгаар мөнөөх капитализмыг алгасах мөрийн хөтөлбөрийг “…эдгээрийг Рыскулов би төлөвлөсөн…”[7] гэж буй боловч Ринчино мөн голлох үүрэг гүйцэтгэсэн баримт бий. Капитализмыг алгасах намын мөрийн хөтөлбөрийг бүр хойтон жил нь 1925 онд МАХН-ын IV их хурлаар батлаж, харин тус орныг капитализмыг алгасуулахаар нэгэнт шийдсэнийгээ 1924 оны наймдугаар сарын 4-31-нд хуралдсан МАН-ын III их хурлаар зарлан тунхаглажээ:
…МАН-ын эцсийн зорилт нь эв хамтын ёс мөн бөгөөд нам капиталын хөрөнгөтний хөгжлийн шатыг алгасан энэ зорилгод хүрэхээр урагшаа давшин явж байна… Монгол улс бүх дэлхийн олон улстай адил харгис капиталтан хөрөнгөтний дарлал зовлонг үл амсан... жинхэнэ ардын ёсыг баримтлан зоривол зүйтэй[8].
Ийнхүү Монгол орон тэр үед дөнгөж буй болоод байсан коммунист ертөнцийн салшгүй нэг хэсэг боллоо. Урьд нь хэн ч замнаж байгаагүй гэгдэх энэхүү “капиталист бус хөгжлийн зам” хэмээн нэрлэсэн нийгмийн тогтолцоо нь Зөвлөлт төрийн машинаас өөрийн Азийн үндэстэнд явуулж байсан цагдаагийн системийн нэгэн өвөрмөц хэлбэр байсан юм. МАХН-ын III их хурал нь Гадаад Монгол дахь Зөвлөлтийн эзэмшил эрхийг Монголоор өөрөөр нь de facto хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр байлаа. Одоо үүнийг олон улсын хэмжээнд бус гагцхүү Монголд л de jure болгохын тулд Үндсэн хууль зохиох хэрэгтэй.
III их хурлын үед маш тод илрэлээ олсон бас нэг зүйл бол төрийн эрх мэдлийн төлөөх хурц ширүүн тэмцэл байлаа. Энэ нь жанжин Данзан ба Засгийн газрын сургагч комиссар Ринчино нарын хооронд өрнөсөн зөрчилдөөн ажээ. Чухам 1923 оны үеэс Данзан капитализмыг алгасах үзэлд өөрийн бодолтой болжээ. Өдөр ирэх тутам төрийн хэрэгт нь улам илэрхий оролцох болсон зөвлөлтийн зөвлөхүүд, түүний биет төлөөлөгч Ринчино, тэдний тулгаж буй үзэл суртал зэрэг нь Данзанд улам бүр таалагдахыг больжээ. Нийгмийн тодорхой үе шатыг дамжиж хүн төрөлхтөн хөгждөг гэсэн марксист ойлголтыг авсан Данзан Ринчиногийн яриад байгаа алгасч хөгжих онолыг огтоос ойлгосонгүй, хүлээж авсангүй. Монгол орон нэгэнтээ л феодализмд яваа юм бол заавал капитализмаар нь дайрч хожим хэзээ нэгэн цагт социалист хувьсгалд хүрэх ёстой гэсэн үзэл аяндаа түүнд төлөвшсөн юм.
Ертөнцийн хүн төрөлхтөнд илэрхий тэнэмэл ба нүүдэлчин, суурьшсан ба боловсон мэтийн олон зэрэг дэс дараалал байх бөгөөд үлгэрлэвээс авирах гишгүүрт нэгээс үүсгэн давших ба усанд гүехнээс гүнд орохоор одохын адил буй. Үүний зэрэг дэс солигдвоос үл болох буюу…
гэж тэрээр бичиж байснаас үзэхэд капиталист бус хөгжлийн зам гэдэг түүний хувьд үнэхээр хүлээн авшгүй[9].
НАМЫН ИХ ХУРАЛ
Намын их хурал бараг л тэр хоёрын хоорондын хэрүүлийн тоглолт болжээ. Хурлын даргаар сонгогдсон Данзан энэ үүргээ арай чүү гэж 22 хоног гүйцэтгэжээ. Ринчиногийн дэвшүүлсэн “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв” гэсэн нэртэй капитализмыг алгасуулах 6 зүйлт сэдвийг өшт Данзан нь шууд эсэргүүцэж “Өнөөдөр манайд өөрийн хөрөнгөтөн (тэмцээд байх?) байхгүй учир энэ нь одоо хэлэлцэх зүйл биш”. Ринчиногийн хамсаатан яг энэ агшинг тааруулан “Жанжин Данзанг барихыг Элбэгдоржид даалгах хэрэгтэй” гэснээр Данзан хууль эрхийн хувьд Ринчиногийн гарт бүрэн оржээ. Ердөө 24 цагийн дотор Данзанг баривчлан буудаж хороолоо.[10] Харин их хурлын гишүүдэд хэрхэн гүйцэтгэсэн ба ямар учраас чингэсэн болохыг Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгч Васильеваас их хуралд төлөөлөгчдөд тайлбарласан нь:
Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засч залруулж дэг журмыг сахиуллаа. Учирч тохиолдсон явдлаас бүү айгтун. Та нар их зөв юм хийлээ… Олон хүнийг бүрэлгэхгүйн тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэгтэй болдог удаа хааяа тохиолддог юм. Та нарын хийсэн энэ үйл хэрэг Монгол-СССР хоёрын холбоо хэлхээг бэхжүүлэхэд дөхөм болж ач тусаа үзүүлэх болно хэмээн би бодном[11].
Ийнхүү цаашид коммунист түүхч болон үзэл сурталч нарын дотроос нь хачин хачин дүгнэлт, таамаглал, мэргэн үг байнга “олж тогтоосоор” ирсэн түүхэн их хурал амжилттай өндөрлөжээ. Намын III их хурлаар Монгол орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг сонгосон мэтээр дүгнэгдэх нь нэн түгээмэл явж ирсэн ойлголт. Данзанг дагасан бол хөрөнгөтний замаар орох байсан боловч Ринчиног дагаснаар капиталист бус хөгжлийн замаар орсон гэдэг дүгнэлт ч дэндүү гоомой үзэл бодол. Үнэндээ өөр ямар ч сонголт хийх боломж монголчуудад байсангүй. Яагаад гэвэл сонголтыг монголчууд хийгээгүй.
НИЙГЭМ АЛГАСАХЫН ХУУЛЬЧЛАВ
Үндсэн хууль шинээр зохиох асуудалд Монголын зарим сэхээтэн ихэд буурьтай хандан ялангуяа өрнийнхний олон Үндсэн хуулийг харж, харьцуулж, монгол хувилбараа гаргах гэж нэлээдгүй мэрийжээ. Шүүх яамны сайдаар толгойлуулсан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1922 оны дундуур байгуулжээ. Гэвч үүнээ мөн оныхоо эцсээр татан буулгасан ба гол шалтгаан нь дээрх комисс өөрийн ажиллагаанд “Европын олон улсын хууль дүрмийг харгалзана” гэсэн “буруу” чиглэл баримталсанд оршино[12]. 1924 оны аравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын 39 дүгээр тогтоол гарч Ерөнхий сайдаар толгойлуусан Үндсэн хуулийн төсөл зохиох комисс байгуулсан ба бараг л маргааш нь бэлэн төсөлтэй болчихсон байваа. Учир нь, Москвагаас Петр Всесвятский* гэгч ирж Үндсэн хууль зохиосон[13] ба харин орчуулгыг нь мөнөөх Ринчино нар хийсэн бололтой.
Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский* Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ. Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсанҮндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль,Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.[14]
Улсын анхдугаар хурлыг 1924 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хурлын үндсэн зорилго нь шинэ Үндсэн хуулийг “ард түмний төлөөлөгчөөр” батлуулах ба энэ хуулийнхаа дагуу төрийн шинэ хэлбэрийн аппаратыг бүрдүүлэх явдал байлаа. Урьд нь аймгуудын анхдугаар хурлыг зарлаж дундаас нь сонгуулсан нэртэй нийт 77 хүн олж ирэн хуралд суулгасны 71 нь чухам тэр үеэс эхлэн моодонд орсон “язгуур угсаагүй харц ядуу ардууд” байлаа. Төлөөлөгчдөд шинэ Үндсэн хуулийг нь арваннэгдүгээр сарын 24, 25-нд уншиж сонсголоо. Хүмүүс янз янзын юм сонирхон асууж байв. Уншихыг нь Цэрэндорж гүйцэтгэж, гол төлөв Ринчино тайлбарлав. Богдын хойд дүрийг тодруулах эсэх, Нийслэл хүрээний нэрийг солих эсэх, далбаан дээр буй соёмбо үсэг ямар учиртай тухай зэрэг зүйлийг төлөөлөгчид сонирхон асууж дарга нарын тайлбарласан дагуу тус тусдаа дажгүй ойлголттой болоод авсны дараа Үндсэн хуулийг гар өргөн батлажээ. Ийнхүү Монгол улс бүгд найрамдах засагтай болсон ба энэ өдрөөс эхлэн албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээжээ. Улсын нийслэлийг Рыскуловын саналаар Улаанбаатар гэж нэрлэв.
ЯДУУ БАЙХ САЙХАН
Чухамдаа ард түмний улс биш, гагцхүү ард гаралтай хэсэгт нь зориулсан улс юм шүү гэдгийг улсын нэрээр бэлгэдсэн төдийгүй Үндсэн хуулийн үг үсэг мөр нэг бүрээр шууд хэлж хуульчилжээ. Нэгдүгээр зүйлдээ “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ”, хоёрдугаар зүйлдээ “Улс төр захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлнэ” гэсэн бол чухам энэхүү жинхэнэ ардад хэн хамаарахгүйг 35 дугаар зүйлд тодотгож “урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан нарт” сонгуулийн эрх олгохгүйгээ ёслол төгөлдөр мэдэгдэн тунхаглажээ[15]. Энэ бол иргэдийн зарим нь улс төрийн эрх огтоос эдлэхгүй гэсэн үг. Ийнхүү шинэ Монголын газар нутагт алив язгууртан болон лам нарт багтах зай байхгүй гэдгийг хуульчлан тунхагласан нь хожим тэднийг аймаглан устгах үйлдэлд зам нээж өгсөн юм.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн нэг ба хоёрт “Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжигчид”, “Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчдэд” сонгуулийн эрхийг эдлүүлэхгүй хэмээн хуульчлан зааснаар капиталист үйлдвэрлэлийн харилцаа дөнгөж буй болж байсан Монголд төрж эхэлсэн төлөөлөгчдийг нь шахан зайлуулах төдийгүй, эдийн засгийн ийм харилцаа цаашид хөгжих эрхийг хууль зүйн хувьд хориглон зааснаар үл барам олон хүнийг хоморголон хэрэгт оруулж болох үүд хаалгыг нээжээ. Уг хуулийн 3 дугаар зүйлд “Газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд” ардын мэдэлд байх ба энэ тухай хувийн өмч байгуулж үл болно хэмээн зааснаар ерөөс хувийн өмчийг үл зөвшөөрөх тогтоцын эхийг тавьсан төдийгүй хойшид улсын, төрийн, ард түмний хэмээн нэрлэгдэх боловч чухам хэн өмчийн эзэн болох нь тодорхойгүй социалист эдийн засгийн харилцаа гэгч тогтох ёстойг хуульчилжээ.
* Поппер, Карл (1902-1994) Австри, Британий философич, социологич.
* Бэрнштайн, Эдуард (1850-1932) Германы социал-демократ зүтгэлтэн, онолч
* Каутский, Карл (1854-1938) Германы марксист онолч
* Пожгай, Имрэ (1933-2016) Унгарын коммунист, улс төрч, онолч
* Всесвятский, Петр Васильевич (1884-1938) Казахстаны Хууль зүйн Ардын комиссариатын дарга
* Дурденевский, Вселовод (1889-1963) Орос, Зөвлөлтийн эрх зүйч.
[1] Krader, Lawrence. The Asiatic Mode of Production: Sources, Development and Critique in the Writings of Karl Marx (Niederland 1975)
[2] Маркс, К., Энгельс, Ф. Соченение т.9 (Москва 1975) стр 228-229. [Marx, K., Engels, F. Collection vol.9 (Moscow 1975)] pp. 228-229
[3] Marx, Karl The Future Results of British Rule in India(New York Daily Tribune, 8 august 1853)
[4] Johnson, Paul. Modern times: A History of the World from the 1920s to the 1990s (A Phoenix Paperback, London 1992) pp-93
[5] Ленин, В. И. Зохиолуудын эмхтгэл XXXI боть (УБ 1967) х-230 [Lenin, V.I Collection of works, vol XXXI]
[6] Ленин, В. И. Зохиолуудын эмхтгэл XXXI боть (УБ 1967) х-145. [Lenin, V.I Collection of works, vol XXXI]
[7] Рыскулов, Т. Ардын хувьсгалт нам өөрөө гуйсан болой (Үнэн сонин 1994) МАХН-ын архив [Ryskulov, T, Revolutionary party invited me first]
[8] МАХН-ын III их хурал (Улаанбаатар 1966) [Third congress of the MPRP]
[9] Бадрах, О. Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай тэмцлийн туршлага (Улаанбаатар 1932) х 48-51 [Badrakh, U. An experience of the party`s fight against Rightiist opportunism]
[10] Даш, Д. Солийн Данзан (Улаанбаатар 1990) х-40-43 [Dash, D. Soliin Danzan]
[11] МАХН-ын III их хурал (Улаанбаатар 1966)[Third congress of the MPRP [Third congress of the MPRP]
[12] Жалан-Аажив, С. Ардын хувьсгалт төрийн хууль тогтоох үйл ажилгааны үндсэн чиглэл, 1921-1940 (Улаанбаатар 1967) х-72 [Jalan-Aajav, S. Basic direction of legislature of the People`s Revolutionary Government, 1921-1940]
[13] Өлзийбаатар, Д. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлийн шалтгаан, сургамж (Диссертацийн ажил 1996) [Ulziibaatar, D. Why the Political Repression Happened in Mongolia and What We Can Learn From It]
[14] Дурденевский, В. Народные республики Централной Азии, Монголская и Тувинская “Всходные Свить” Харьков, Номер 3 (9) 1929. [Durdenevsky, V. People's republics of Central Asia, Mongolian and Tuvinian "Vskhodnye Svit" Kharkov, No. 3 (9) 1929]
[15] Монголд ардын бүгд найрамдах засаг тогтоон явуулсан нь, 1921-1926 (Улаанбаатар 1970) [Fomation of People`s Republic in Mongolia, 1921-1926]