УДААХ АЯЛАЛ: ДОРНОД

/Эхний аяллыг ЭНЭ линкээс үзнэ үү/

Хөхөө өвлөөр Хөвсгөлийн тайгаар аялснаа бодвол цаг наашилж цас ханзарсны дараа Дорнодыг зорив. Эх орны зүүн хязгаарт, цасан доор өвөлжиж газрын өнгөтэй болсон хялганат талаар туучсаар хуурай шуургатай хамт Чойбалсан хотод орж ирлээ. Хүн ам ихтэй тул бас л нүсэр газар. Чимээ шуугиан, хөл хөсөөн ихтэй. Хятадтай шууд хиллэдэгээс тэрүү бусад аймгийн төвүүдийг бодвол ганган. Гоёл чимэг ихтэй. Дагаад үйлчилгээ ч дориун газар даа. 

Дорнодын босоо улаан

Нутгийн хүнтэй уулзах бүр “манай дорнодын босоо улаан таарав уу” гэх. Яг л өдийд тавьдаг айхтар шороон шуургаа хэлж байгаа нь тэр. “Аймар шдээ, тэнгэрт тулна” гэж инээлдэнэ. Петровисын Дорнод салбарын дарга Энхцэцэг ч бас л ийм мэндчилгээтэй угтав. Хүсэх ч юм биш бололтой дог доо тэр шуурга. 

Дорнод бол манай улсын баатарлаг түүхтэй аймгийн нэг. Тэрийг гэрчлэх хөшөө, дурсгалууд бишгүй л харагдана. Бас энэ социализмын үеийг санагдуулам гоёлтой байшин ностальжи төрүүлэв.

Дорнодод Петровисын бас нэгэн төв агуулах бий. Нийт 11 мянган тоннын багтаамжтэй энэ том савнаас аймгийн бүх ШТС-аас гадна Хэнтий, Сүхбаатарын колонкууд бүх төрлийн шатахуунаа авдаг гэнэ. Харин агуулах өөрийгөө дүүргэх шатахуунаа шууд л Эрээнцав боомтоор ОХУ-аас оруулж ирнэ. 


Энэ агуулахуудыг маш нарийн тооцоотой барьж бүтээжээ. Том танкууд, шугам хоолой хаана ч гэлээ өчүүхөн төдий завсар гарч алдагдаж эхлэхэд л дор нь илрүүлэх чадалтай индикаторууд компьютэр удирдлагатай ажиллаж байна. 

Эх орны хамгийн зүүн захын, алслагдсан суурин бол аймгийн төвөөсөө 330 км зайд орших Халхгол сум юм. Петровис тэнд ч хүрч байна. “Бизнес гэхээсээ нийгмийн хариуцлага давамгайлсан маршрутууд их бий шүү дээ” Энхцэцэг дарга өгүүлэв. Ингээд орон нутгийг зорих тэрэг хүлээх боллоо. Дашбалбар суманд шатахуун хүргэхээр холын тээврийн жолооч Адьяасүрэн удахгүй ирж цистернээ дүүргэх гэнэ. 

Мэнд амор..

Шатахуун зөөвөрлөх нь тэр чигээрээ лац ломбоны ажил гэдгийг өмнө өгүүлсэн. Адьяа маань ч мөн далбайсан цаас барьж нярав нягтлан лаборант бүгдээр нь орж цохуулж зуруулж аваад замдаа гарлаа.

Адьяасүрэн удам залгасан холын тээврийн жолооч. Цэргээс ирээд л жолоочоор ажилласан. Том охин нь энэ жил хурим хийнэ. "Сайн сайхан юм бодоод л явж байхад болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй" гэж ярих энэ эр бусад холын тээврийн жолооч нарын л адил байгальдаа хайртай.

Сүнгэнэсэн тэрэгнээс шилжиж суугаад цэлийсэн тал руу орохын алдад бид хэзээ зорьсон газраа хүрнэ дээ гэж бодогдсон. Гэтэл үгүй ажээ. Харахад дэргэдүүр нь дэгдээд өнгөрсөн хөнгөн тэрэгнээс 100 км цаадах айлд 15 минут л хоцорч очив. Том дугуйны шид ийм байдаг аж, өнхрөх нь удаан ч зам сайн хороодог аж. Дашбалбар сумын төв орох замд нэгэн айлд үдэллээ. Том модон байшин, малын том хашаа, саравч... хэрэгтэй бүхнээ шомбойлгоод тухалдаг буриад айл.

Хаврын хахирган цаг гэхэд Дашбалбар сум товхийж байна Өнгө өнгийн байшингуудтай. Дүүрэн мод тарьчихаж. Зун эргэж ирэхэд мөн ч сайхан байх даа гэж бодов. С.Зоригийн төрсөн сум гэнэ. Сумын засаг дарга Баттулга, найрсаг сайхан эр, "та хэд завтайсан бол сумынхаа сайхан юмнуудыг хуу үзүүлмээр байна" гэлээ.

Баярцогт гуай сумын алдарт уяач хүн. “Хообий л гэхиймуу даа” гэж тэрээр даруухан өгүүлнэ. Аймагтаа ч уралдуулна. Улсад ч хурдан хүлгээ давхиулж байсан удаатай. Хөгшинтэйгээ нийлээд гурван зуугаад хонь ямаа хариулна. Адуу, үхэр сүргээ ч маллана. Хүүхдүүдийнх нь зарим нь мал дээр гарч эх эцэгтээ туслахаар шийджээ. 

Гэрийн эзэгтэй охидтойгоо нийлж том тогоо дүүрэн шөл үйжээ. Буцлахаар нь хийхээр баахан банш дэргэд нь зэхчихэж. Аяншиж яваа бидэнд сайхан харагдсан гэж юүхэв. Харин нэг охин харсаар байтал шилтэй алаг салат задлаад шөл рүү гээ юүлчихэв. Хэлж амжаагүй дээ бяцхан халагласан ч гараад ирсэн шөл зүйргүй сайхан амттай байлаа. Хотынхон ирлээ гээд хоолоо амт оруулах гэж хичээдэг нь манай хөдөөгийнхний гэм биш зан даа.

“Дөнгөж таван сар гарах гэж байхад мал өвсөндөө бараг л цадаад байна, сайхан жил гарах нээ” гэж Баярцогт гуай инээмсэглээд “буриадууд бид ер нь хүний гар харах дургүй. Улсын тусламж авч байсан удаагүй ээ, өөрснөө л хадлангаа хангалттай авчихдаг. Өнгөрсөн жилийн авсан өвс одоо ч дуусаагүй байна шүү дээ” гэж хуучлав. Нээрээ ч хаврын хахирган цаг гэхэд мал нь тэнхлүүн, морьд нь ч цовоо цолгин юм. Наадмаар уях хүлгүүдээ саравчиндаа уячихаж. Гадаанаа хоёр мотоцикл, нэг портер, нэг суудлын тэрэг сойжээ. “Петровис манайхыг галаар таслахгүй ээ” гэж гэрийн эзэн өгүүлсэн. Эднийд хэдэн цаг саатаж, хол ойр элдвийн сонин хуучилж байгаад нарны эрт дээр сумын төв рүү гарлаа.

Сумаас Чойбалсан хотыг зорихдоо бид Мардай гэдэг газраар өнгөрсөн. Энд ураны уурхай түшиглэсэн сайхан хот байжээ. Амьдарч байсан оросууд нь 1998 онд гарахдаа урантай хөрс баахныг эргүүлж хаяад гэнэтийн тушаалаар орхиод гарчээ. Тэрнээс нь хордлоо барилаа гэсэн ч юм дуулдахгүй юм. Энд барууны нэг компани ороод ирвэл маргаашнаас "хордож" эхлэх нь дамжиггүй юм.Оросуудыг буцаж байхад Баярцогт гуайд нэгэн орос анд нь "Мардай та нарыг 20 жил элбэгхэн тэжээнэ" гэж хэлж байжээ. Тэр ч ёсоор болж одоо аймшгийн кинон дээр гардаг шиг л асар том балгас үлдсэнийг хараад сэтгэлээр унам. Бид цуглуулж, цогцлоодог биш тарааж, нураадаг л ард түмэн юм даа гэж бодогдсон. Өнөөдөр ч бид бүтээснээ зулгааж, бүтээж байгаагаа зовоож, аль чадахаараа харлуулж амьдарч байгаа бишүү.

Талаар давхиж явахад зам хорж өгөхгүй санагдсан ч бидний яриа сонирхолтой тул нэг л мэдэхэд зорьсон газраа ирсэн. “Одоо сумын төв ойртож байна уу, тэр давааны цаана сумын төв үү?” гэсэн явуургүй адгуу асуултууд л баахан ядаргаатай байсан болов уу даа.

ДАРААХ АЯЛАЛ: ХИЛ ДЭЭР

Орж ирсэн бинзээнийг ч чамгүй л дагаж явлаа. Харин яаж орж ирээд байна гэдэг нь бас л сонирхолтой санагдах тул Сэлэнгэ аймагт тавтын заставыг зорисон юм. Хугацаа хэмнэх үүднээс галт тэрэг орж ирэх цагийг тодруулж байж очих санаатай баахан түнтгэнэсэн нь шал дэмий ажил болсон юм. Учир нь шатахуун ачсан цистерн өдөрт хэдэнтээ орж ирдэг байна.

Юуны түрүүнд энэ гутлууд энд байгаа бүх цэргийн гутал биш гэдгийг хэлэхгүй бол цэргийн нууц задалчиж магадгүй. Оростой залгасан хилийг манадаг тул манайхан ойр зуурын орос үгүүдийг цээжилдэг байна. Гэхдээ оросоор ус цас ярьдаг хэд гурван залуу байсан. Зориуд ийш нь хуваарилдаг байх л даа.

Застав руу очих замд нэвтэрсэн бүх л хаалган дээр бидний тухай мэдэж байна. Хэн бүхэн хилээр туучих ёсгүй тул аялагчдыг нарийн нягт бүртгэдэг аж. Цэргийн анги дээр ирж цай уугаад сууж байтал Сүхбаатар аймгийн төв орсон Заставын дарга ирлээ. Боловсролтой, тун ч чамбай яриа хөөрөөтэй залуухан офицер. Тэр Оросын хил, постууд нь тэр харагдаж байна, манай хил амгалан тайван байдаг, бид ч зүгээр суухгүй энүүхэндээ тохижилтоо сайн хийж байгаа гэхчлэн хуучиллаа. Цэрэг, зэвсгийн тоогоо харин хэлсэнгүй