Бинзээний замаар аялсан нь-1
Манай аялал Эрдэнэтээс эхэлж аймшгийн бартаат замтай Ханх сум, давхиад л байдаг Дашбалбар сум, Оростой залгаа хилийн застав, Толгойтын төмөр замын боомт зэрэг газруудаар яваад ирлээ.
Аялж явахдаа Хөвсгөл нуурын мөсний баяр, тасхийм жавар, Ханхын уугуул чаргачин эр, Буриад айл, банштай шөл, мангар олон долларын үнэтэй үнэрч нохой, заставын дарга шавхийсан хийсэн залуу, Монголын хамгийн том шатахууны агуулахууд, мөн хамгийн эрэлхэг холын тээврийн жолооч, аяллын хамтрагч Гомбоо зэрэг зүйлсийн тухай үзсэн харснаа бичихгэж байна.
Аяллын шалтгаан гэвэл бинзээний үнэ. Ер нь яагаад ингээд байнгын хэрүүл хэл ам болжээдийн гэдгийг харах гэсэн хэрэг. Бинзээн зардаг олон ч газраар орлоо. Зүгээр асуугаад хариулчдаг ч эд биш байна. Ингээд нүдээрээ харая гэж шийдлээ, гараад шидлээ.
Хэд хэдэн газраас бид аргагүй өргөн сүлжээтэй, бинзээн зардаг газруудын бүх амьдралыг нэг дор харчих боломжтой болов уу гээд Петровисыг сонгож бинзээний замаар аялахыг хүссэн юм. Тэд ч тэг тэг гэсэн.
ЭХНИЙ АЯЛАЛ: ХӨВСГӨЛ
Монголын агаараар амьсгалсан нь
Бидний аялал Эрдэнэтээс эхлэв. Хөвсгөлийн хүнд бэрх замаар бинзээн яаж явдгийг харах гэж тэр л дээ. Хөвсгөл болон Архангай, Өвөрхангайн колонкуудыг Эрдэнэтэд байдаг аварга том агуулахаасаа дүүргэдэг юм байна.
Бид бөөн л шалгалт шүүлэг болж хашаа руу нь нэвтэрлээ. Харин орсны дараа хүмүүс нь сайхан угтаж авсан. Агуулахын дарга Баттөмөр гуай “манайд 130 хүн ажилладаг, аймар орчин үеийн агуулах, зам мамын бартааг бол тоохгүй, хүн байгаа л бол тэнд бид очно” гэлээ.
Агуулах ерөнхийдөө ирсэн шатахууныг богооноос нь буулгаж өөрийн танкууддаа дүүргэж аваад дараа нь тээврийн машинуудад дүүргээд хөдөө рүү илгээдэг ажиллагаатай. Гэхдээ ингээд хэлж байгаа шиг амар юм биш л дээ.
Эхлээд Оросоос тус бүр нь 60 тонноор дүүргэсэн шатахуунтай богоон цуваа ирнэ.“За энэ нь АИ-92, энэ нь 95 байна. Тэр цаана дизел....” гэхчлэн агуулахын эрхлэгч бүсгүй тайлбарлалаа. “За эднүүсийгээ буулгаач, бид зурагаа авья” гэсэн инээж байна. Зүгээр онгойлгоод авчихдаггүй юмсанж.
Удалгүй арваад хүн бидэн дээр хүрээд ирэв. Гаалийн газрын хүн, лабораторийн эрхлэгч, харуулын албаны дарга, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөгч тэргүүтэй улсууд байна. Ер нь бол гэрч нар ажээ.
Ирсэн хүмүүс Оросоос ирсэн далбайсан бичигнүүдээ бариад богоон руугаа авирлаа. Бид ч бас авирав. Таглаад цоожлоод эрэг боолтоор бэхлээд дараа нь бүдүүн тороосоор ороож бариад лацдаад сүртэй тагласан аж. Мөнөөх улсуууд тэрийгээ баахан барилж бүрэн бүтэн эсэхийг үзсэний дараа гаалийн хүн нээхийг зөвшөөрч байна. Тэгэнгүүт нь том бахиар тороосыг тас татаж лацыг салгаад нээлхийг анх удаа онгойлгов. Тийм гачин их цэлэлзсэн бинзээн анх удаа харах бас л сонин. Петровисынхон шууд л элдэв багаж гаргаад дүрэхийг нь дүрж, живүүлэхийг нь живүүлээд элдэв хэмжилтүүд аваад унав. Тэрийгээ бичиж тэмдэглээд сүйд. Лаборант элдэв савнуудад дээжүүдээ авч дууссаны дараа хөл хөсөөн намжиж, хүмүүс богооноосоо бууцгаалаа. Роснефтиэс ачигдан гарсан бинзээнүүд анх удаа Монголын агаарыг амьсгалж байгаа нь энэ. Ингээд сантехникийн нэлээн ур ухаан гаргаж шийдсэн том сүлжээ хоолойнуудаар дамжин эхний зурагт багаа аварга том танкууд руу юүлэгдэж лацлагдана. Энэ танкуудад орсон шатахуун хөдөө гадааны захиалгуудыг хүлээхээс гадна иймэрхүү томоохон агуулах бүрт улсын нөөцийн тодорхой хэсгийг бүрдүүлэх шатахуун “үл хөдлөх” байдлаар оршино.
Бинзээн мөн үү
Түрүүний явдал бол богоонд “бинзээн байгаа эсэх”-ээс эхлээд замд нь элдэв зүйл тохиолдож битүүмж хөдөлсөн хөндөгдсөн эсэхийг нарийн харж шалгасан хэрэг. Харин тэр нь “жинхэнэ бинзээн мөн эсэх” хийгээд чанар юм нь стандартдаа хүрч байна уу гүй гэж шалгадаг нь лаборантын ажил юм. Баахан л цүдгэр, палдгар шилнүүдэд мөнөөх богооноос авсан бинзээнүүдээ хийж элдэв юм руу оруулж, дүрж, гатгаж үзэж байна. Бүр буцалгаж ч байх шиг. Тэгж тэгж дүгнэлтээ бичнэ, “тиймээ энэ бинзээн мөн байна” .
Чанар нь зөрсөн, муу шатахуун “лав миний ажилласан 10 жилийн түүхэнд гараагүй” гэж лаборатори бүсгүй хэлнэ лээ. Хуучны орос чанар бинзээн дээрээ лав байгаа л юм байна.
Тээврийн тэрэгний жолооч аав минь
Одооных шиг хүн бүр машин унадаггүй байхад жолооч гэдэг мэргэжил тун ч тусгаар байж билээ. Холын тээврийн жолооч гэдэг үг хүн бүрийн сэтгэлд дулаахан бууна. Энэ нь социализмын үед ажил мэргэжил болгоныг сурталдан суулгасны улбаа гэж болох ч үнэндээ тээврийн тэрэг бол цусны улаан бөөм, зам нь улс орны судас болсон үнэхээр чухал алба юм. Том тэрэгний хаазлах нь амьдралыг тэтгэгч цусны лугшаа билээ. Манай аялал тийм л гоёхон хүмүүстэй ганзага нийлэв.
Орон нутгин колонкуудаас захиалга ирэнгүүт том том сэсчээрүүд агуулахын хашаа руу уухилан орж ирнэ. Тэгээд баахан бичиг сачиг тэмдэглэл болсны дараа нярав агуулахын лацыг хөндөж сэсчээрийг дүүргэнэ. Жолооч сэсчээрээ таглаж мөн л лацдаж аваад замдаа гарна даа.
Эрдэнэтээс Норд Бэнз маркийн ачааны тэрэгтэй гарсан бид Мөрөн дээр машинаа солихоос өөр аргагүй болов. Учир нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Ханх зэрэг сумд руу Бэнз гуай ч хүрч хүчирдэггүй тул Урал хэмээх замын мангас, зургаан дугуйтай хуучны “цэрэг”-ийг жагсаалд нь дууджээ. Борсогын даваа бол Ханх орох замын хамгийн том даваа. Машин эгц өөдөө гарч чадахгүй тул гурвантаа хэрж ороон байж орой дээр нь гарна. Ингэж гарахдаа Уралд байх зургаан төрлийн арааг бүгдийг нь ажиллуулна. Ёстой л шандас сорьсон даваа даа. Манай жолооч Хуягаа ч циркийн жонглёрчин шиг сурамгай ажиллах юм. Замын бид тэрийг нь кунфутэй кино үзэж байгаам шиг шимтэн харахаас өөр шидгүй.
Борсогын даваан дээр ийм нэг дурсгалтай тааралдсан. Бичээсийг нь уншвал 1974 оны 4- сарын 16-нд Зөвлөлтийн хоёр инженер Хөвсгөл далайд эрсэдсэний дурсгал ажээ.
Даваанаас буугаад Хөвсгөл далайгаа тойрон аанай л хөвч тайга дундуур уухилан урагшилсаар Ханх сум орно. Замдаа бид малчин айл Мажигийнд зочлов. Эхнэр, бага насны хүүгийн амьдран суух Мажигийн гадаа нэг мотоцикл, нэг аавын цээж зогсоотой харагдана. Том сайхан саравчтай, тэнд төлийн дуу цангинасан товхийсэн айл байна. Мотоциклээ унаад малаа эргүүлчихдэг гэнэ. Эднийх Мөрөнгөөс Ханх ортол бартаат замд тааралдах цорын ганц айл гэнэ. Мажиг ч “манай энүүгээр Хуягаа л явдаг юм” гэж мушийлаа.
“Хуягаа явахгүй бол үнэтэй бинзээн л авна даа” гэж Мажиг хэллээ. Саяхан нэг бинзээн тасалдаж ховордоход Ханхынхан хувь хүмүүсээс бинзээн авчээ. Үнэ нь гурва мянга гарсан гэнэ.
Хөдөөх айлаар ойрд очоогүй, юм бүхэн сонин сайхан. Айлуудын эдлэлүүд хэдэн жилийн настай нь үл мэдэгдэх, ховор цуглуулгын үнэт зүйл болсон байх нь бий.
Мөсний баяр
Гомбоо бид хоёр чарган дээр гурав орчим километр давхисан. Нуурын жавар нүүрийг илж эхэлснээ, ороолгож гарсан. Чиний нүүр даардаггүй юмуу гэхэд мань хөтөч өнөөдөр чинь харин дулаахан өдөр байна гэх нь бахдалтай J.
Тэрэгнээс зүүсэн хонх тасралтгүй жингэнэж, морин туухай мөс тогшсон тэр хэдэн минутад дархад эрийн ярианаас болж Хөвсгөл далайгаас учиргүй сүрдэв. Тэд далайдаа үнэхээр сүсэглэдэг, бишрэн хүндэлдэг ажээ. Олон хүний хөл бужигнаж наадах нь нэг талаар сайхан ч “Далай ээж”-ид нь хог тарихаас эхлээд хайхрамжгүй хахирган хандаж байгаа хүмүүс нүдэнд нь өргөс шиг байгаа нь илт.
“Дээшээ тэнгэр хязгааргүй биз? Далайг тэгж л бод” гэж морин чарганы хөтөч, дархад эр хэлээд нүүр ороолгох жаврыг ер бусын омог бардамаар ажрахгүй давхина. Бид яахав бээвийчихээд л, “хурдхан бууж нүүрээ гэсгээх юм сан” гэхээс өөрийг бодож ч эс чадлаа.
Нуурын эргээр хөвөөлөн явах нь нүд алдам сайхныг харах завшаан гэсэн үг. Нүсэр их тайга, том том үхэр чулууд, алсад дүнхийх Хорьдол сарьдагийг бишрэн харж, үе үе “зогсоорой, тэр зургийг аваадахая” гэсэн замын хоёр садаа л явлаа даа манай аяллын баг.
Урал үнэхээр урдаг аж. Юуг ч үл тойрно.... За тэр нь ч юу юм, гэхдээ олон жил холын тээвэрт явж буй Хуягаа маань хэдэн ч удаа цасанд зоогдож, шаварт бараг далд ортлоо шигдэж, машинд нь эвдрэл ч гарч хэдэн хоногоор хээр саатаж байснаа кино шиг хуучилсан юм.
Ер нь энд цас орсны дараа Хуягаа л яваагүй бол хэн ч явахгүй. Хамар давсан цас унаж замын сураг алдарсан тайга руу хэн зориглож орох билээ дээ. Дүүрэн шатахуун ачсан найман дугуйт аварга тэрэгний мөр итгэлтэй агаад түшигтэй зурайхад л олон хүний зам нээгдэнэ. Тиймээ, Хуягаа шатахуун хүргэхээр гарсан шүү.
Хөвсгөлийн аяллын тэмдэглэл ингээд өндөрлөж байна. Видео нэвтрүүлгийг нь энд дарж ороод үзээрэй. Дараагийн цувралд хаашаа ч харсан юу ч харагдахгүй талаар бинзээн мөшгисөн тухай гарна.
Зочин
Зөв бич
Зочин
Зочин
zochin
Зочин
Зураач Лондон
Зочин
munguu
Mgl
зочин