СИСТЕМЭЭР СЭТГЭХҮЙ: (СЭТГЭЛГЭЭ), БҮХ ЦАГ ҮЕИЙН БИЗНЕСИЙН ХАМГИЙН АУГАА ТАВАН НОМЫН НЭГ
Бүтээмж, амжилтад саад болж буй суралцахуйн “хөгжлийн бэрхшээлийг” компаниуд суралцагч байгууллагын зарчим баримтлан даван гарч, шинэ сэтгэлгээ хөгжүүлж, хамтын хүсэл тэмүүллийг бадрааж, цаг ямагт суралцах замаар чин сэтгэлээс хүсэж буй үр дүндээ хүрч чадна гэдгийг Сэнгэ харуулжээ.
Таван эрдмээ цогцлоон чуулбар болгож түүнийхээ ид шидийг үздэг байх маш чухал. Олон шинэ зүйл сурч тэднээ уялдуулахаас илүүтэй тус тусад нь ашиглах амар байдаг, нийтгэж хэрэглэх амаргүй ээ. Үүнийг давж нийтгэж чадвал ач тус нь их.
Тийм ч учраас системээр сэтгэх нь тавдугаар элемент болдог юм. Энэ элемент бусад арга зүйгээ нэгтгэн, тус тусад нь тараачхалгүй, нэгэн цогц онол, практик болгон хувиргадаг. Системийн сэтэлгээ, арга зүй нь бусад дөрвийг байгууллагын хөгжлийн ээлжит загвар болон хоцрогдож орхигдохоос аварч амьд байлгана. Энэ (системийн) үүднээс хандахгүй л бол нөгөө элементүүд хоорондоо яаж уялдаж байгааг харж анхаарах сэдэл ер төрөхгүй. Элемент-эрдмээ ил төгөлдөршүүлэхийн зэрэгцээ эднийгээ нийтгэн эрчилбэл тус тусдаа байхаас хавьгүй илүү үр дүнд үзүүлэхийг системээр сэтгэх сэтгэлгээ бидэнд үргэлж харуулна.
Жишээ нь системчлэх сэтгэлгээгүй “алсын хараа” бол зүгээр л ирээдүйг уран гоёор дүрслэн зурсан хэдий ч тэнд хэрхэн хүрч очих тухай ойлголтгүй зүйл байх юм. Тиймээс ч сүүлийн жилүүдэд, алсын харааны “шилийг нүдэндээ зүүсэн” олон олон компани, эрхэмсэг дээд, сүртэй алсын хараа ганцаараа бол компанийг аз хийморьтой, ашиг орлоготой болгож чадахгүй юм байна гэдгийг ойлгоод аваад байна. Системчлэх сэтгэлгээ байхгүйгээр, алсын харааны үр нь хад чулуутай хавцалд унаж соёолохгүй болно. Системээр сэтгэхгүй байх явдал давамгайллаа л бол алсын харааны анхны “гүвээгээ ч тольдохгүй” бүдгэрнэ. Алсад хараалсан цэгтээ хүрч чадна гэсэн итгэл ч үгүй болно. “Бид алсын хараандаа хүрч чадна” (ихэнх Америк менежерүүд үүнд итгэдэг) гэж амандаа бувтнаж болох ч бид үүнийг бүтээж чадахгүй байх гэсэн эргэлзээ дотор чинь байгаа л бол алсын хараалсан тэр цэгтээ очихгүй.
Системчлэх сэтгэлгээ амжилтад хүрэхийн тулд - хамтын зорилго, сэтгэлгээний загвар, суралцагч хамт олон (баг), өөрийгөө хөгжүүлэх чадвар – гэсэн бусад элементүүд шаардлагатай. Хамтын алсын хараатай байх нь алслах замд цугтаа гарахад тусална. Сэтгэлгээний загвар нь харин өнөөдрийн дутагдал, доголдлыг илрүүлэхэд тусална. Хамтдаа суралцах чадвар бол хүмүүс дан ганц өөрөө өөрийгөө бодох биш хамт олноороо илүү далайцтай сэтгэж үйлдэхэд тусална. Өөрийн ажил, мэргэжилд эзэн байснаар өөрийн нь үйлдэл дэлхий ертөнцийг хэрхэн өөрчилж байгааг андахгүй мэдэхэд тусална. Өөрийгөө хөгжүүлж чадаагүй хүмүүс л реактив сэтгэлгээтэй байдаг, тийм улс системээр сэтгэж харахаас хулчийдаг (“Энэ зовлон бэрхшээл надаас лав болоогүй” гэж бодно).
Эцэст нь системчлэх сэтгэлгээ суралцдаг байгууллага дахь хамгийн өчүүхэн цэгийг хүртэл – хувь хүн өөрийгөө болон гадаад ертөнцийг хэрхэн ойлгож байгааг илрүүлнэ. Суралцдаг байгууллагын амин сүнс нь сэтгэлгээний өөрчлөлт юм. Өөрийн тусгаар бие даасан байдлыг мэдрэх ч ертөнцийн салшгүй хэсэг гэдгээ мэдвэл тухайн үүссэн асуудлыг “морь унаж мод тохсон” хэн нэгэн биш харин би өөрөө л нөлөөлж үүсгэж байгааг ойлгодог. Суралцаж чаддаг байгууллагын хүмүүс өөрсдөө бодит байдлаа бүтээдэг, өөрчилж ч чаддаг. Архимэдийн нэгэнтээ хэлсэнчлэн “Надад таарсан хөшүүрэг өгөөдөх... Тэгвэл би дэлхийг хөдөлгөе” гэж тэд хэлдэг.