Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан цогц зургаан асуудлын нэг нь “Хөдөөгийн сэргэлт” билээ. Үүний ажлын хэсгийг ахалсан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.

 



-Тантай уулзсаных Батлан хамгаалах салбараас ярилцлагаа эхэлье. Өнөөдөр Монголын Батлан хамгаалах салбарын үүрэг хариуцлага ямар түвшинд байна вэ. Нийгэмд харьцангуй хаалттай салбар болохоор нээлттэй мэдээлэл авч төдийлөн чадахгүй юм л даа?

-Юуны өмнө танай сонины хамт олон болон уншигч­дынхаа энэ өдрийн амар мэндийг эрье. Манай салбарын хувьд хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бүхий л үйл ажиллагаагаанээлттэй байлгах боломж харьцангуй хязгаарлагдмал. 

Ер нь ардчилсан улс орнууд батлан хамгаалах салбартаа баримталж буй бодлого, үйл ажиллагаагаа нээлттэй байлгахыг зорьдог. Монгол Улсын хувьд ч хууль эрх зүйн орчин, зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалтаа өнөө цагийн жишигт нийцүүлэн сайжруулсаар өдийг хүрсэн. Ерөнхийдөө өргөн утгаараа Батлан хамгаалах тогтолцоо бүх нийтийн оролцоо, бүх нийтийн бэлэн байдал дээр суурилдаг гэдгийг бид сайн ойлгох ёстой. Иргэн, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллага гээд бүхий л субъектууд өөр өөрийн хүлээх хариуцлага, эрх үүргээ сайтар мэдэж, ойлгож, бэлэн байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлийг хохирол багатай сөрөн гарах нөхцлийг бүрдүүлдэг. Батлан хамгаалах бодлогод хамаарахгүй салбар гэж үндсэндээ байхгүй. Тухайлбал Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад байгаль орчныг нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, хүүхэд, залуучуудад экологийн боловсрол олгох гэх мэт өргөн хүрээг хамарсан асуудлуудад салбар маань манлайлан оролцож байна. Тэгэхээр Батлан хамгаалах салбарыг явцуу хүрээнд ойлгох нь өрөөсгөл. Миний хувьд ч салбартаа томилогдохоос өмнө дүүргийн засаг даргын албаас авахуулаад тодорхой улс төр, төрийн албыг хашиж ирсэн. Улс орныг батлан хамгаалах талаарх ойлголт маань томилогдсоноос хойших гурван жилийн хугацаанд илүү тэлсэн нь надад олдсон ховор завшаан хэмээн бодож, хичээн ажиллаж байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүн манай салбарт ажиллах боломж олдвол өөрийгөө их азтайд тооцох ёстой шүү. /инээв/ 

-Нийгэмд зарим нэг хүмүүс “Монголд цэрэг арми байх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлдэг. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Дэлхийн дийлэнх улс орнууд өөрийн орны онцлогт тохирсон Зэвсэгт хүчинтэй байдгийг та бид мэдэж байгаа. Тусгаар тогтносон улс орны хамгийн тод нүүр царай. Мэдээж цаг үеэ дагаад цомхон, чадварлаг, зохион байгуулалт сайтай, технологижсон зэвсэгт хүчинтэй байх ёстой. Монгол Улс энхийг эрхэмлэсэн орон. Өнөө цагт цөөнгүй улс орнууд насанд хүрсэн иргэд нь цэргийн албыг заавал хаах хууль эрх зүйн орчинтой. Энэ нь хэн нэгэнтэй байлдах тухай асуудал гэхээс илүүтэй цэргийн албаар дамжуулан тодорхой хүмүүжил төлөвшлийг олгоход чиглэж байна. Цэргийн албыг ингэж ойлгох нь чухал. Ерөнхийдөө цэргийн алба залуучуудад маань хувь хүний сахилга, зохион байгуулалт, сэтгэл зүйн болон бие бялдарын хат суулгах, хүнээс үг сонсож сурах, ах захаа хүндлэх, эрэмбэ дараагаа ойлгох гэх мэт өнөөгийн нийгэмд үгүйлэгдээд байгаа олон зуршлыг суулгахад ихээхэн дөхөм болдгийг иргэд, олон нийт сайтар ойлгодог болсон байна. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд цэрэгт явах, оюутан цэрэгт алба хаах сонирхолтой хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн. 

-Гэвч эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахдаа эрсдэлийг нь эхэлж хараад байх шиг байна?

-Олон аав, ээжийн хүүхдүүд дунд хаа нэг болохгүй, бүтэхгүй асуудал гарч байна. Өнөөдөр нийгмийн сүлжээ аливаа асуудлыг тэр дор нь ил гаргаад нийгэмд хүргэчихдэг болж. Энэ нь сайн муу үр дагавар үзүүлдгийг олон нийт ялгаж ойлгодог болсон гэдэгт миний бие эргэлзэхгүй байгаа. Батлан хамгаалах салбарын хувьд ч засч сайжруулах, олон нийтийн дунд үүссэн зарим нэг таагүй ойлголтыг эерэгшүүлэх нь цаашдын Монгол Улсын язгуур эрх ашиг, аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Иргэдийн дунд яригддаг бие биенээ дэглэхээс авахуулаад, эрүүл мэндэд нь хохирол учруулах асуудал сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг судалгааны дүнгүүд харуулж байгаа. Цэргийн нэгтгэл, анги, салбарыг үе шаттайгаар иж бүрэн камержуулж хяналтын системийг сайжруулсан, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг өнөө цагийн шаардлагад нийцүүлэх ажлыг эхлүүлсэн, хил хамгаалахаас бусад хугацаат цэргийн албыг жилд нэг удаа татахаар зохион байгуулсан зэрэг шат дараатайгаар авч буй олон олон арга хэмжээний үр дүн гэж ойлгож болно. Салбарын маань хамт олны хичээл зүтгэл ч чухал нөлөө үзүүлж байгаад миний бие талархаж байгаа. Ерөнхийдөө Батлан хамгаалах салбар өргөн агуулгаараа монгол эр хүнийг, өрхийн тэргүүнүүдийг бэлдэх ёстой гэсэн концепцоор ажиллаж байна. Бидэнд цаашид хийх ажил их бий. 

-Манай Энхийг сахиу­лагчдын мэргэжлийн ур чадвар Олон улсад Монголын нүүр царай болж байна. Олон улсын аль ч том хурал чуулганд очихдоо манай улстөрчид эхлээд энхийн сахиулагчдаа ярьдаг, дараа нь ажил тө­рөл­дөө ордог гэх юм билээ?

-Тантай санал нэг байна. 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улс дэлхийн энх тайвны үйлсэд бодит хувь нэмрээ оруулах боломж бий болж, үе үеийн төр засгийн удирдлагууд, энхийг сахиулагчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр Монгол Улсын нэр хүнд Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж байгаа нь монгол хүн бүрийн ярих ёстой, бахархах ёстой амжилт мөн. НҮБ-ын удирдлагууд Монгол Улсын дэлхийн энх тайвны төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ байнга илэрхийлсээр ирснийг та бид мэднэ. Аль ч улс оронд Монголын Батлан хамгаалах салбарын төлөөлөл ажлын айлчлал хийхэд өндөр түвшинд хүлээж авч хамтран ажиллах санал тавьдгаас бас харагддаг. Одоогийн байдлаар Батлан хамгаалах салбар дэлхийн 30 гаруй улстай хамтын ажиллагаатай байна.

-Та Батлан хамгаалахын дэд сайдаас гадна Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийг ахалж байна. Саяхан нийслэлд том чуулган боллоо. Үргэлжлүүлээд Дорноговьд “Хөдөөгийн сэргэлт” эхлэв бололтой. Энэ сэдвээр...?

-“Хөдөөгийн сэргэлт” бол мөн л бүх нийтийн оролцоонд тулгуурлаж байж үр дүнд хүрэх ажил. Төрийн бүхий л салбаруудын хоорондын ажлын уялдаа их чухал. Ажлын хэсэг маань салбар яамдын дэд сайд нар, аймаг, нийслэлийн засаг даргын орлогч нар, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй. Хөдөөг сэргээх асуудал бол өргөн утгаараа тухайн орон нутгийн эдийн засгийг тэлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар хот хөдөөгийн амьдралын чанарыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилт юм. Хөгжиж буй бүхий л улс оронд их бага хэмжээгээр тулгамдаж буй энэхүү томоохон сорилт бидэнд ч бас сүүлийн жилүүдэд хурцаар мэдрэгдэж байна. 

-Энэ бүх ажлын суурь судалгаа, тооцоолол, харьцуулалт, загварууд танай Ажлын хэсэг дээр нэгтгэгдэж байна уу?

-Маш олон төрлийн судал­гаанууд өнгөрсөн жилүүдэд хийгдсээр ирсэн. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний бай­гуул­лагаас хийсэн судал­гаанаас харахад иргэдийн дийлэнх хэсэг нь эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчин нөхцөл зэрэг тодорхой асуудлуудаас шалтгаалан нутаг орноо орхин шилжиж байна. Монгол Улсын Засгийн газраас шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахад чиглэсэн арга хэмжээг энэ оноос хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Тухайлбал орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээл, бизнесийн хөнгөлөлттэй зээлүүд, тухайн орон нутагт шилжин үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын шаталсан хөнгөлөлтүүдийг үзүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлийг өөрийн төсөвтэй уялдуулан 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг олгосон. Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд нааштай үр дүнгүүд зарим аймгуудад гарч эхлээд байна.

-Хөдөө орон нутаг бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд өөрсдөд нь эрх мэдэл, хариуцлагыг өгөх үйл явцын эхлэл тавигдлаа гэж үзэж болох уу?

-Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд аймаг орон нутаг бие даан хөгжих талаар төдийлөн хангалттай ажиллаж чадаагүй. Олон учир шалтгаантай байх. Цаг үе биднээс харилцаа, хандлагаа өөрчлөхийг шаардаж байна. Улсын төсвөөс татаас авах төдийхнөөр хязгаарлагдалгүй өөрсдийн нөөц бололцоо, онцлогт тулгуурлан аялал жуулчлал, ХАА, газар тариалан, уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орон нутгийнхаа орлогыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллахыг Засгийн газрын зүгээс үүрэг болгосон. Идэвх, санаачилгатай ажиллаж буй аймгийг дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийлсэн. Аймаг, орон нутгийн удирдлагууд маань ч орон нутгаа хөгжүүлэх хөтөлбөрүүдээ иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдадаа нээлттэйгээр танилцуулах ажлууд ид өрнөж байна. Энэ бол хөдөөг сэргээх сайн алхамуудын нэг гэж үзэж байгаа.

-Өнөөдөр 21 аймгийн хэд нь бие даасан төсөвтэй байна вэ?

-Зургаан аймаг л өөрсдийн төсвийн орлогоо бие даан бүрдүүлж байна. Цаашлаад Булган аймгаас маань авахуулаад нэмэгдэхээр нөхцөл бүрдэж байна. Энэ бол сайн жишиг. Бүхий л аймаг орон нутаг тодорхой эдийн засгийн чадамжтай, санхүүгийн чадавхитай болж иргэд олон түмний амьдрал ахуйд тулгамдаж буй бэрхшээлийг бие даан шийддэг байх нь том зургаараа улс орны хөгжил хурдтай урагшлахад их дөхөм үзүүлнэ. Үүнийг хаа хаанаа сайн ойлгож ажил хариуцаж байгаа бүхий л талууд идэвхи, санаачлагатай ажиллаж бодит үр дүн гаргах нь бидний өмнө тавигдсан томоохон зорилтуудын нэг юм. 

-Орон нутаг дахь болов­сон хүчний бодлого дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Судалгаагаар хөдөөд боловсон хүчний хүрэлцээ тун дутмаг байдалтай байна. Эрүүл мэнд, боловсрол, ХАА, газар тариалан, уул уурхай, барилга, үйлчилгээний гээд дийлэнх салбарт ажиллах хүчний хомсдол бий болоод байна. Тухайлбал боловсролын салбарт гэхэд л 1500 орчим ажлын байрны сул орон тоо байна. Тэгэхээр орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах, эрчим хүч, дэд бүтцийн найдвартай эх үүсвэрүүдийг үе шаттай нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн хүлээгдэж буй томоохон бүтээн байгуулал­туудыг цаг алдалгүй эхлүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах гэх зэрэг олон асуудлыг цогц байдлаар шийдвэрлэснээр хөдөө орон нутаг дахь ажиллах хүчний хомсдол багасна гэж бид үзэж байгаа. Эдгээр ажлуудыг богино хугацаанд үр дүнд хүргэхэд мэдээллийн нээлттэй байдал, тал бүрийн оролцоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал. 

-Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарыг дагасан томоохон бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөсний дүнд Өмнөговь, Дорноговь зэрэг зарим аймгуудад хүн амын төвлөрөл бий болж эерэг сөрөг үр дагаварууд ихээр ажиглагдах боллоо?

-Төвлөрөл бий болж байгаа нь бодит зүйл, үүнээс үүссэн сөрөг үр дагавараас бид сургамж авах ёстой. “Хүн нэмбэл Хүнс нэмнэ” гэсэн үг бий, аймаг бүр өөрийн онцлогт тохирсон төлөвлөлтийг Засгийн бодлоготой уялдуулан хийж, хүн амаа, аж ахуйн нэгжээ зохистойгоор нэмэгдүүлэх нь шилжилт хөдөлгөөнийг удирдахад ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал жил бүр орон нутгаас нэгдүгээр курстээ суралцахаар 17 мянга орчим оюутан Улаанбаатар хотыг зорин ирж байна. Гэтэл найман аймагт төрийн өмчийн оролцоотой их дээд сургуулийн салбарууд үйл ажиллагаагаа явуулж байна. БШУЯ-наас эдгээр сургуулиудад нэгдүгээр курстээ суралцвал оюутнуудын сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Хоёрдугаар курсээсээ Улаанбаатар хотод суралцаад явах боломжтой. Оюутны энэхүү урсгалыг эдгээр найман аймаг руу чиглүүлэх нь тухайн аймгийн нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нэг алхам. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагуудыг ч орон нутаг руу шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн түүнчлэн нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар шилжин очиж буй иргэд, аж ахуй нэгжүүд хаана хэнд хандаж, холбогдох мэдээллээ хэрхэн авах арга замыг тодорхой болгож байна. Энэ хүрээнд аймаг бүр “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид орон нутгийн бүх мэдээллийг нэгтгэсэн “Хөдөө.мн” сайтыг ашиглалтад оруулахаар Цахим хөгжлийн яам ажиллаж байна. Аймгуудын өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөөц, ажиллах хүчний мэдээлэл, хөгжлийн концепциуд гэх мэт өргөн хүрээний мэдээллийг багтаахыг зорьж байна. 

-Үнэндээ орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд олон байдаг шүү дээ. Үр дүнгийнх нь талаар товч мэдээлэл өгч болох уу?

-Нилээд олон төсөл хөтөлбөрүүд орон нутагт өнөөг хүртэл хэрэгжиж байна. Иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар манай ажлын хэсэг судалгаа хийгээд эхэлсэн. Жишээлбэл: 2021, 2022 онуудад гадаад, дотоодын санхүүжилтээр орон нутгийн төсөл, арга хэмжээнд 1,2-1,8 их наяд төгрөгийг зарцуулсан. Малжуулах, газар тариаланг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутгийг хөгжлийг дэмжих зэрэгт чиглэсэн олон төсөл, арга хэмжээг дурдаж болно. Төдийлөн бодит үр өгөөжөө өгсөн нь одоогийн байдлаар олон биш байна. 

-Ингээд яриад байвал Хөдөөг сэргээхэд чиглэсэн нөр их ажил, цаг хугацаа ч их шаардагдах бололтой. Дээр нь танд салбарын ажил, үүрэг бий. Эдгээр үүрэг хариуцлагыг төр засгийн зүгээс туршлагатай хүмүүстээ даалгадаг гэж би ойлгодог. Ингэхэд та ажлын туршлага, замнал гээд өөрийн хувь намтраа товч танилцуулж болох уу?

-Оюутан цагаасаа улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, Монгол Ардын намд улс төрийн ажилтнаар, мөн намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд цөөнгүй жилийг ажиллаж өнгөрүүлсэн. Төрийн ажлын гараа маань дүүргээс эхлэлтэй. Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн засаг дарга, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016 хүртэл ажилласан.

-Та чинь нийслэлийн хамгийн хөлтэй, хөдөл­гөөнтэй, асуудал ихтэй Сүхбаатар дүүргийг ха­риуцаж байсан даа?

-Дүүргийн ажил иргэдийн маань өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэж байдаг онцлогтой. Тиймээс тухайн ажлыг хариуцаж буй аливаа хүн сайшаал магтаал, хурц шүүмжлэл, хатуу үгэн дунд төрийн хүн болж өсч торниход их чухал, хариуцлагатай ажил гэж би боддог.Бүхий л салбарын зовлон жаргалыг иргэд, хамт олонтойгоо цэгцлэхийн төлөө зүтгэсэн он жилүүд маань надад үнэлж баршгүй туршлага, сургамжийг өгсөн. 

-Та сүүлд 21 аймгийг тойрч лекц уншсан санагдана?

-Улс оронд, иргэдийн дунд итгэл, хүндлэл алсрахад тухайн нийгэм эмх замбараагүй байдал руу шилжин орох магадлал өндөрсөж, үндэстний дархлаа сулрах аюултай гэж миний бие үздэг. Өнөөгийн бидний хөгжиж дэвших, гундаж уруудахын аль нь ч итгэл, хүндлэлийн үнэ цэнэ дээр оршдог. Иргэд нь төр засагтаа итгэл алдрах, бие биедээ үл итгэх байдал улам бүр газар авбал, ижий ааваасаа авахуулаад хэнийг ч хүндлэхээ болих тэр мөчид хөгжил дэвшлийн тухай ярих боломж огт байхгүй болно. Би танд ганцхан жишээ дурдъя. Бид эрүүл мэндийн байгууллагадаа итгэл алдарснаар гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад жил бүр хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтыг хийдэг. Үүний цаана манай эрүүл мэндийн байгууллагын өсч дэвжих, эмч нарын маань чадвар чансаа сайжрах талаар ярихад хүндрэлтэй болно. Ингээд яриад байвал олон салбарт жишээ дурдаж болно. Үүнийг л олон түмэнд ойлгуулахын төлөө хэсэг нөхдийн хамт 21 аймгаа тойрохоор сэтгэл шулуудаж ард нь гарсан. Миний хувьд ч хувь хүний амьдралд тод дурсамжийг үлдээсэн. Ойрын үед энэ лекцээ улам баяжуулаад олон түмэндээ хүргэх бодол бий. Бид маргаашаа мартталаа амьдарч болохгүй.

-Энэ бол Таны төрийн хүний, улстөрч хүний тань хувьд баримталдаг итгэл үнэмшил, үзэл санаа гэж ойлгож болох уу?

-Өнөө үед улам бүр үгүйлэгдэж байгаа зүйл гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй. Хүн хоорондын харилцаанд ч тэр, бизнесийн харилцаанд ч тэр, улс хоорондын харилцаанд ч тэр Үг, үйлдэл, үр дүн гурав яв цав нийцэж байж итгэл, хүндлэл сэргэнэ. Энэхүү зарчмууд маань “Хөдөөгийн сэргэлт”-д ч маш чухал байна (инээв). 

-Тийм байна. Ингэхэд таны уугуул гарвал, удам судар тань хаанах билээ?

-Аав маань Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул. Ээж маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Хүйсийн говийн хүн. Манай Дашинчилэн чинь шүдлэн говь гэгддэг нутаг. Тэгэхээрээ аав ээж хоёр минь говь талдаа л хүмүүс юм даа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Энэхүү ярилцлагаар дамжуулан уншигч олон түмэнтэй маань уулзуулах боломжийг олгосон та бүхэн­дээ баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.