Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, УИХ-д өргөн барих гэж байгаа зарим хуулийн талаар мэдээлэл хийснийг хэд хэдэн телевиз орон даяар шууд дамжуулсан. Ялангуяа энд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн төсөл нь үнэхээр олон нийтийн загатнасан газар нь маажих мэт болсныг редакцид ирж буй уншигчдын олон арван захидал, санал, дэмжлэгээс харж болохоор байлаа. Ерөнхийлөгчийн хэлснээр Төрийн алба үнэхээр садан төрөл, найз нөхөд, ашиг сонирхлын бүлэглэлийнхний тодорхой зорилготойгоор шигдэн шимэгчилдэг алба болж хувирсныг хэн хүнгүй мэддэг ч, үүнийг засаж залруулах талаар бодитой зүйлийг бас хэн ч хийсэнгүй. Улстөрчид, эрх мэдэлтнүүд Төрийн албаны энэ завхарлын талаар хачин гоё ярьж, ёстой “будаа” болтол шүүмжилдэг хэдий ч, амьдрал дээр харин ч нэг төрийн албаар тоглох шиг болж байгаа хүмүүс бол тэд өөрсдөө. Аль арваад жилийн өмнөөс л төрийн албанд Меритийн зарчим нэвтрүүлнэ, хэрэгжүүлнэ гэж хий хоосон ярьсаар ирсэн. Төрийн албаны үйлчилгээ, төрийн албан хаагч нь хариуцлагатай, мэрэгшсэн, шударга, ил тод, шуурхай байх зарчим л даа. Хамгийн гол нь ийм байлгах сонирхол эрх мэдэлтнүүд, улстөрчдөд байхгүй байсаар ирсэн.



Одоо ч тэр хэвээрээ. Төрийн алба сул дорой байх нь тэдэнд уух ус, амьсгалах агаараас илүү амин чухал агаад, авилгад идэгдсэн эдийн засаг цэцэглэх тусам халаас, хэтэвч нь түнтийдэг болохоор төрийн албыг чадавхжуулах нь бараг үхэл, цаазийн тогтоол өөрсдөдөө уншихтай адил болно. Тийм ч болоод төрийн албаны томилгоонууд дүрэм, журмынхаа дагуу төрийн албанд шалгаруулах шалгалтын дүнгээр бус, улс төрийн нам, эрх мэдэлтнүүдийн эрх ашиг, хүсэл тачаалын дагуу хийгддэг жишиг тогтоод удлаа. Энд хууль зөрчих энэ тэр бол сонин биш. Бүр эрээ цээргүй, хамгийн ичгүүртэй үйлдлүүд эндээс гардаг болсон. Аль нэг яам, агентлаг, албан газрын дарга алдаа гаргасан хэдий ч хариуцлага хүлээхгүй, асуудал босмогц тамга тэмдгээ авч зугатах, албан бичиг, энэ тэрээ устгах гээд бүр нэг элий балай үйлдэл тариад явна. Хамгийн сүүлийн үеийн сонгодог жишээ гэхэд л Ц.Нанзаддорж хэмээх албан тушаалын жинхэнэ хэнээтэн болсон “хүнд гар” байна. Төрийн өмчийн хороонд З.Энхболдын үеэс ажиллаж ирсэн энэ эрлийз нөхөртэй холбоотой албан тушаалаа ашиглан төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан, хууль бусаар олон арван байгууллага, компанийн хувьцааг луйвардсан гэх дуулиан огтхон ч тасардаггүй юм. 2012 онд мань нөхрийг эдүгээ УИХ-ын дарга болсон З.Энхболдын шууд захиалгаар ТӨХ-ны даргаар томилсон хэмээн улс төрийнхний хүрээнд ярьцгаадаг нь оргүй биш байх гэж бодогддог. 2013 онд түүнийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТӨХ-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ингэж чөлөөлөх хэд хэдэн тодорхой шалтгаан байсны нэг нь Ц.Нанзаддорж төрийн албанд ажиллах хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлгээ нэг ч удаа өгч байгаагүйд байлаа. Түүнчлэн Тээвэр, хөгжлийн банк, Хүмүүнлэгийн их сургууль, Гурван гал, Сарны титэм худалдаа, үйлчилгээний төвүүд, Геологийн төв лабораторийн хувьчлал,хувьцаатай холбоотой хууль бус үйлдлүүд, Дорнод аймаг дахь Улаанбаатар ТЗ нийгэмлэгийн өмч болох 90 гаруй км төмөр замын ган рейсийг луйвардан зарсан гэх мэт ноцтой мэдээллүүд олон ч удаа хэвлэлүүдээр гарч байсан нь ч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн нь тодорхой.

Мань эр ч тухайн үед тамгаа өвөртлөн зугатаж бөөн дуулиан дэгдээсэн. Хожим шүүхээр заргалдсаар заргаа авч, Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Ч.Сайханбилэг дээр орж ТӨХ-ны даргаар буцаж томилогдсон хэдий ч, хоёрхон сарын дараа өөрөө өргөдлөө өгөөд ажлаа орхисон нь тун сонирхолтой байдаг. Тэр яагаад ийм шийдвэр гарахад хүрэв?

Авилгатай тэмцэх газраас хэд хэдэн удаа мань эрийг дуудаж шалгасан байдаг. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт өгч үзээгүй энэ эр тэр болгонд хэрхэн хуурай мултарч чадаад байсан нь ч сонирхолтой.

Тухайн үед ТӨХ-ны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байснаа гэнэт цуцалж, Засгийн газар нэг л шөнө гэнэт хуралдаад Ц.Нанзаддоржийг дахиад даргаар томилох шийдвэр гаргасан юм.

Хачирхалтай хэрэг шүү. Монголын төр, засаг ямар нэгэн байдлаар энэ хүнд өртэй юм шиг загнасан байгаа биз. Тэгж санагдахгүй байна гэж үү?

Ч.Сайханбилэгийг юу ингэтэл нь айлгасан байж таарах вэ? Түүнд ингэж хууль бус шийдвэр гаргаж, шөнөөр хуралдах болтол нь хэн нөлөөлж чадсан байх вэ?

Одоо ч энэ хачирхалтай томилолтын талаар хэвлэлүүд гайхаж бичсээр байна. Ордон дотор ч итгэхэд бэрх яриа дуулдаж эхэллээ. Ц.Нанзаддорж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шууд л “Надад ердөө хоёрхон сарын хугацаа л өгчих. Дуусгаагүй үлдээсэн жаахан ажил байгаа. Тэрнийгээ дуусгаад л өөрөө явна ” хэмээн ихэд шалсан гэх. Хэрвээ энэ үнэн бол гуйж байгаа нь ч, гуйсныг нь хууль зөрчин зөвшөөрсөн нь ч улаан цагаандаа гарсныг харуулж байна бус уу. Дуусгаагүй үлдээсэн тэр жаахан ажил нь юу байж таарах вэ?

Ц.Нанзаддорж эрхэм Төрийн бүхий л өмчийг хянаж, мэдэж байдаг энэ их эрх мэдэлтэй байгууллагын даргаар гурав томилогдон, хоёр чөлөөлөгдөхдөө яагаад нэг ч удаа хөрөнгө, орлогоо мэдүүлдэггүй байсан нь сонин.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “ ... Төрийн албанд, ямар нэг албан тушаалд очих гэж үхэн хатан дурлаж, зүтгээд байгаа хүнийг тэр албанд нь хэзээ ч бүү томил ” гэж хэлсэн нь санагдаж байна. Энэ үнэхээр үнэн. Ичих нүүрэндээ элэг нааж “Хоёрхон сарын хугацаа өгөөч...” хэмээн албан тушаал гуйж байгаа хүнийг хэрхэн ойлговол зохилтой? Энэ хүнээс өөр ТӨХ-г аваад явчих боловсон хүчин Монгол Улсад байдаггүй хэрэг үү? Аливаад албан тушаалтны нэр сэвтсэн л бол албан тушаал анх авч байсан шигээ өгч сурах жудагтай баймаар.

Ц.Нанзаддорж хэмээх этгээд эргэн хургаж, үхэн хатан яагаад ийн салж хагацаж үл чадан ТӨХ-руу зүтгээд байна вэ? Магадгүй энэ бүхний цаана тодорхой бүлэглэл, хувь нэгний ашиг сонирхол нуугдаж байна уу? Тэр бүхний төлөөнөө гар хөл нь болж, золиослогдон Ц.Нанзаддорж гэгч нэр нүүрээ барахаар шийдэв үү?

Ч.Сайханбилэг ч гэж арчаагүй эр. Хамгийн гол нь ийм жишиг төрийн албанд цаашид ужиг өвчин болон үсэрхийлэхвий дээ. Төрийн алба ийм л хөгийн болчихоод байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч улстөрчдийн барьж хийхээсээ дургүйцээд байгаа Төрийн албаны тухай хуулийг өөртөө татан шинэчлэсэн төслөө УИХ-д өргөн барихаар болоод байна.

Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьж буй энэ төсөл УИХ-аар батлагдан хуульчлагдах аваас мянга, мянган Нанзаддоржтонгууд төрд шургалах зам эгнэгт хаагдах билээ.

Ш.АЛТАЙ