ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛЫГ НУРААХ Ч ЭРСДЭЛТЭЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ
Нүүрсний хулгай тойрсон дээрх асуудлууд бол өнөөгийн эрх баригчидтай хамгийн их холбогдох асуудал юм. Нүүрсний худалдаа, экспорттой холбоотой эдгээр шийдвэрүүдийн заримыг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын шийдвэрээр хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг хуулийн дагуу шалгаж тогтооё гэвэл эдгээр шийдвэр гаргаж байсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эхлээд огцруулах хэрэгтэй. Гэхдээ төрийн эрхийг өөрийн хяналтанд бүрэн авахыг санаархсан хэнд ч нүүрсний хулгайг улс төрийн өрсөлдөгчөөө намнах зэвсэг болгон ашиглах боломж олгож болохгүй.
Монгол улсад өнөөдөр авилга, албан тушаалын хэргүүд олон арван их наядаар тоологдох боллоо. Монгол тооны нэр талаас нь хэлбэл зэрэг нэмж маш дэлгэмэл буюу аравын арван гурван зэрэгт гэх их тоонд хүрчээ. Өнөөдөр нийгэмд шуугиан тариад байгаа нүүрсний хулгай бол Монгол улсад машид дэлгэрсэн авилга, шамшигдуулалт, хулгайн нэг л хэсэг нь. Хоорондоо орооцолдсон энэ их хулгай, улс орноо дээрэмдэн тоносон үйл явдал бол бүхэлдээ Монголын төрийн задралыг илтгэж буй. Энд зөвхөн сүүлийн өдрүүдэд нийгмийг донсолгоод буй нүүрсний хулгайн талаар өгүүлье.
Нүүрсний хулгай гэж хэт ерөнхийлсөн нэрийн ард авилга, хулгайн олон хэрэг багтаж буй. Үүнийг хэт ерөнхийлөн нэг хулгай мэтээр авч үзэх нь бодит байдалд нийцэхгүй хийгээд үр дүнгүй. Харин хулгай бүрээр нь тусад нь авч үзэж холбогдох мэдээллүүдийг нь олон нийтэд ил болгож, хариуцлага шаардаж гэмээ нь үр дүнд хүрнэ.
Нүүрсний хулгай гэх нэрийн ардах асуудлуудыг нэг бүрчлэн дурдвал наанадаж:
- ЭТТ ХК-ийн нүүрсний гэрээ
- Мөргөцөг алга болсон тухай маргаан
- Нүүрсний борлуулалтын зуучлагч компани
- Бүртгэлгүйгээр экспортлогдсон нүүүрс
- Нүүрсний тээвэр тойрсон авилга
- Off take гэрээ ба Төмөр зам гэсэн тус тусдаа зургаан асуудал байна.
Нүүрсний гэрээ
ЭТТ ХК-ийн нүүрсний борлуулалтын гэрээ өнөөг хүртэл олон нийтэд хаалттай байж ирсэн. Хуулиараа ил байх ёстой ямар компаниудыг ямар шалгуураар сонгож нүүрс худалдах гэрээ байгуулдгийг хэн ч мэддэггүй. Нүүрс худалдах гэрээг 2016 оны сонгуулийн дараагаас эрх баригч МАН-ын удирдах дээд түвшинд ХЭГ-ын зөвшөөрлөөр байгуулдаг болсон гэлцдэг. Эдгээр гэрээ ил болбол ямар ямар компани хэдий хэмжээний нүүрсийг хэзээ ямар үнээр худалдан авсан нь тодорхой болно. Тиймээс эхлээд 2016-2022 онд ЭТТ ХК-ийн байгуулсан бүх нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй. Ингэж гэмээнэ бид нүүрс худалдан авах гэрээ байгуулсан компаниудын хувьцаа эзэмшигчид хэн болох, ямар улстөрчидтэй холбоотойг мэдэхээс гадна тухайн үеийн зах зээлийн үнээс хэр зөрүүтэй байсныг ч олж мэднэ. Түүнээс гадна эдгээр гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтнууд ямар шийдвэрийг үндэслэж, ямар шалгуураар эдгээр гэрээг байгуулснаа тайлбарлах ёстой. Эндээс улс төрчид, төрийн албан тушаалтнуудын нэрс цуварч томоохон нүүрсний хулгайч нар тодорхой болно.
Мөргөцөгийн маргаан
Мөргөцөг алга болсон маргаан бол ЭТТ ХК болон Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит ТТ ХК-ийн хоорондын нэг компани нь нөгөө компанийнхаа талбайгаас олборлолт хийсэн маргаан өрнөж буй. Мэдээж хоёр компанийн хоорондох уурхайн ашиглалттай холбоотой энэ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн шүүхээр эцэслэн шийдэгдэнэ. Иймэрхүү маргаан иргэний хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Хэрэв нэг тал нь нөгөө талаас илүү нүүрс олборлосон бол түүнийг борлуулсан эсвэл тухайн үед борлуулж болох байсан үнээс хөрс хуулалт гэх мэт ашиглалтын зардлаа хасаад нөгөөдөө төлөх ёстой. Харин санаатайгаар нөгөө компанид нүүрс олборлох боломж олгосон, түүнээс өөртөө болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан ашиг хүртсэн албан тушаалтан байгаа бол түүнд эрүүгийн хариуцлага ногдуулах нь шударга ёсонд нийцнэ.
Нүүрсний борлуулалтын зуучлагчид
Нүүрсний борлуулалтын зуучлагч компани буюу төрийн эрх мэдэл, улс төрийн нөлөөг ашиглан нүүрсийг зах зээлийн үнээс хэт бага үнээр авч хилийн цаана дахин өөр үнээр зардаг цаасан дээр оршдог компаниуд байдаг гэж үздэг. Энэ асуудал нь өнөөх л нүүрсний гэрээний ил тод байдалтай холбоотой. ЭТТ болон орон нутгийн өмчтэй ТТ ХК-иуд бол олон нийтийн компаниуд бүх үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх ёстой. Тэгэхээр эдгээр компаниудын 2005 оноос хойш байгуулсан бүх гэрээг ил болгох ёстой. Нүүрс худалдах гэрээ ил болсон тохиолдолд худалдан авагчид, үнэ ил болно. Үүнийг шалгавал өнөөгийн төрийн эрх мэдэлд байгаа олон хүний нэрс ил гарна.
Бүртгэгдээгүй экспортлогдсон нүүрс
Бүртгэлгүйгээр экспортлогдсон нүүрс бол хамгийн том асуудал нь. Бүртгэлгүй нүүрс гэдэг нь чухамдаа Монголын талаас экспортлосон гэж бүртгэсэн болон Хятадын талд хүлээн авсан нүүрсний тоо хэмжээний зөрүү юм. Тодруулбал 2013-2021 оны хооронд Монголын талд бүртгэгдээгүй боловч Хятадын талд импортоор орж ирсэн гэж бүртгэгдсэн 6,4 сая тонн байна гэж УИХ-ын гишүүн Доржханд мэдэгдсэн. Найман жилийн хугацаанд энэ хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан гэхэд байж болох л тоо.
40 их наядын нүүрсний хулгай гэх яриа зөвхөн энэ бүртгэлгүй экспортлогдсон нүүрсний ярианаас гарсан тооцоолол юм. Хэрэв энэ үнэн бол ийм хэмжээний, урт хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг өндөр зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн байж таарна. Тодруулбал, Хил хамгаалах, Тагнуул, Цагдаа, Гааль, Татвар гэсэн төрийн байгууллагуудын оролцоогүйгээр ийм хулгай хийх боломжгүй. Хамгийн түрүүнд шалгах ёстой, шалгахад хамгийн хэцүү асуудал бол энэ юм.
Нүүрсний тээвэр тойрсон авилга
Нүүрсний тээвэр тойрсон авилга 2021 оноос гамшиг болсон. Хятадын талын хилийн хяналт чангарсан, нүүрсний үнэ 400$ давснаар хэн нүүрсээ хилээр гаргах вэ гэдэг авилгын уралдаан өрнөсөн. 70$ -р авсан нүүрсээ 400$ -р зарах уралдаан гэсэн үг. Гашуун сухайтын хилийн боомтын наахна байрладаг Цагаан хад хэмээх гаалийн ачиж буулгах талбайд энэ оны эхэнд 11 сая тонн нүүрс хуримтлагдаад байв. 2022 оны 3-5 сарын хооронд тус талбайгаас 1тн нүүрсийг 20 км тээвэрлэж хилийн цаад талд буулгах үнэ 135$ болсон. 100 тн-ын даацтай машинаар нэг удаа тээвэр хийхэд 13500$ буюу 50 сая төгрөг гэсэн үг. Шинэ машин худалдаж аваад гуравхан удаа хил гарахад машиныхаа үнийг олдог гэсэн үг. Энд хэн нүүрсээ гаргах вэ гэдэг нь үнэн хэрэгтээ хэн төрд, улс төрд нөлөөтэй вэ, хэн хэдий хэмжээний авилга өгөх вэ гэдэг уралдаан л үлдсэн. Үр дүнд нь ковидоос тусгаарлах бөмбөлөг гэх тусгаарлалтын тогтолцоо үүсч, тэнд нь 4500 орчим хүн тээвэр хийх ээлжээ хүлээн тусгаарлалтын байруудад хоригддог болсон. Тэнд зөвхөн ковидын тест эерэг гаргасныхаа төлөө 30 сая төгрөгийн авилга өгдөг гэсэн яриа байдаг. Энэ бүхнийг шалгах ёстой. Үүнээс гадна зөвхөн чингэлэг тээвэр л тээвэр хийх болно гэдэг журам гаргаж илүү мөнгөтэй хэдхэн компани машин худалдан авч хилээр гаргадаг болсон.
Хилээр нүүрсний тээвэр хийх эрхийг мөн л ХЭГ-аас байгуулсан “боомтын зөвлөл” гэх албан бус бүтэц гаргаж өгдөг болсон. Тэгэхээр нүүрс хил давуулах компаниудад зөвшөөрөл өгдөг боомтын зөвлөл гэгчид хэн хэн багтдаг, хэний эзэмшлийн компаниудын нүүрс илүү экспортлогдож байгаагаас хөөвөл тээврийн авилгын эзэд бараг тодорхой болно.
Нүүрсээр бартердсан төмөр зам
Дараагийн ноцтой асуудал бол Offtake гэгдээд буй нүүрсээр төлбөрөө авах нөхцөлтэй төмөр зам барих гэрээ. Уг нь ч Offtake гэрээ биш бартерийн гэрээлдээ. Эдгээр гэрээнүүдийг бүхэлд нь улсын нууцад хамааруулсан. Нүүрс худалдах, төмөр зам барихын аль нь ч улсын нууцад хамаарах асуудал биш. Түмний нүдэн дээр өрнөж буй худалдаа, бүтээн байгуулалтын ажлууд.
Нууцад хамааруулсан гэрээнүүдээс шалгах ёстой гол асуудлууд нь нүүрсийг ямар үнээр тооцож хэдэн тонн нүүрс ямар компанид өгсөн. Нөгөө талд нь төмөр замыг ямар өртгөөр барьж байгаа, барилгын ажилд ямар компаниуд оролцож, ямар бараа, ажил, үйлчилгээг ямар үнээр нийлүүлснийг ил болгох хэрэгтэй. Уг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж байгаа компанийн хувьд бараа материалаа ямар үнээр авах, ямар гэрээгээр туслан гүйцэтгэгч авсан нь бол тэр компанийн л асуудал. Харин улсын нууцад хамааруулж байгаад хийсэн ажил учраас улс төрчид, төрийн эрх мэдэлтнүүд өөрсдийн компаниараа мөнгө гаргуулж авсан байх магадлал өндөр тул шалгах л ёстой асуудал юм.
Энд яригдах ёстой өөр нэг ноцтой асуудал нь Offtake нүүрсний гэрээ болон төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн анги нэгтгэлүүдийг оролцуулсан явдал. Үүнийг ч бас шалгах хэрэгтэй. Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулсан нэрийн ард ямар зардал гаргасан, түүний ашгийг хэн хүртсэн бэ гэдгийг заавал тодруулах ёстой. Цаашид зэвсэгт хүчин, ялангуяа цэргийн анги нэгтгэлийн удирдлагуудыг мөнгө санхүүгийн харилцаанд татан оролцуулах нь өөрөө үндэсний аюулгүй байдлын ноцтой хор уршиг дагуулж болзошгүй асуудал юм. Мянмар улс цэргийн хунтын дэглэмээс салж чадахгүй байгаа шалтгаан энэ шүүдээ!
Нүүрсний хулгай тойрсон дээрх асуудлууд бол өнөөгийн эрх баригчидтай хамгийн их холбогдох асуудал юм. Нүүрсний худалдаа, экспорттой холбоотой эдгээр шийдвэрүүдийн заримыг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын шийдвэрээр хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг хуулийн дагуу шалгаж тогтооё гэвэл эдгээр шийдвэр гаргаж байсан төрийн өндөр албан тушаалтнуудыг эхлээд огцруулах хэрэгтэй.
Жагсаал цуглааны сүүлийн үеийн өрнөлийг харвал УИХ-ыг тараах санаачлага цухалзаад байх. Хэрэв УИХ тарвал ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцлах эрхзүйн чадамжтай субьект үгүй болж улс орон эмх замбараагүй байдалд шилжинэ. Тиймээс нэн яаралтай Засгийн газрыг огцруулж, дараагийн засгийн газрыг томилж нүүрсний хулгай тойрсон бүх мэдээллийг ил болгох хэрэгтэй. Хамгийн гол нь төрийн эрхийг өөрийн хяналтанд бүрэн авахыг санаархсан хэнд ч нүүрсний хулгайг улс төрийн өрсөлдөгчөөө намнах зэвсэг болгон ашиглах боломж олгож болохгүй.