Хорин гурван жил завсарлаад багш нар их хурлаа хийж байна. Хүн ам зүйн нэгэн үе болох энэ хугацаанд боловсролын салбарын хүрээ, хууль эрх зүйн орчин, бүтэц тогтолцоо, сургалтын хөтөлбөр ихээхэн өөрчлөгдөж ирлээ. Монголын хүн ам нэг саяар нэмэгдэж 3.2 сая болов. Боловсролын тухай хуулиа бид сүүлийн 16 жилд 24 удаа өөрчилж, 300 заалтыг шинэчилсэн нь салбарын бодлого ямар савалгаатай явж ирснийг харуулж байна. Одоо нэг тогтож, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх цаг ирлээ.

Монголын боловсрол тооны хэлээр

Монгол улсад ерөнхий боловсролын 803 сургууль (ЕБС) 2018-2019 оны хичээлийн жилд ажиллаж байгаагаас 80 хувь нь төрийн, үлдсэн нь хувийн өмчийнх ажээ. Төрийн өмчийн сургуулиудын 70 хувь, хувийн өмчийн 80 хувь нь ахлах сургууль. Нийт сургуулийн 70 хувь хөдөөд, 30 хувь нь нийслэлд байна. Хүн амын 45 хувь нь нийслэлд амьдарч байгаагаас Улаанбаатарт сургууль нь, орон нутагт сурагч нь олдохгүй болов. Тийм учраас улсын хэмжээнд 28 (25 нь нийслэлд) сургуулийн 212 бүлэгт 8,451 сурагч гурван ээлжээр хичээллэж байгаагаас 85 хувь нь бага, 12 нь дунд, 3 хувь нь ахлах ангийнх байна. Яагаад ч юм хамгийн жоохон сурагч хамгийн шөнөөр харьдаг болов.

ЕБС-д 600 мянган сурагч байгаа нь өмнөх оноос 20 мянгаар өсчээ. Сурагчдын 93 хувь нь төрийн өмчийн сургуульд сурдаг. Нэг бүлэгт дунджаар 28 сурагч, харин нийслэлийн 35, аймгийн 3 сургуульд дунджаар 38-54 хүүхэд сурч байна.

ЕБС-д 50 мянган хүн ажилладгаас 90 хувь нь төрийн өмчийн сургуульд ногдож байна. Нийт ажиллагсдын 30 мянга нь багш нар. Багш нарын 82 хувь нь эмэгтэй. Мөн багш нарын 22 мянга нь бакалавр, 3 мянга нь диплом, 4347 нь магистр, 19 доктор байна. Тэдний гуравны нэг нь 2-5 жил, тавны нэг нь 5-10 жил багшилж байна.

Дээд боловсролын сургалтын 94 байгууллагын 37 хувь нь их, 52 нь дээд, 7 нь коллеж, 3 нь гадаадын салбар сургууль байна. Үүнээс 14 их, 4 дээд сургууль нь төрийн өмчийнх. Нийт байгууллагын 86 нь нийслэлд оршдог.

Нийт 158 мянган суралцагсдын 56 хувь нь төрийн, 44 нь төрийн бус өмчийн, 0.2 хувь нь гадаадын салбар сургуульд суралцдаг. Мэргэжлээрээ бол 27 хувь нь бизнес, удирдлага, эрх зүй; 15 нь боловсрол; 14 нь инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт; 14 нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалал;  9 нь урлаг, хүмүүнлэг болон бусад чиглэлээр сурч байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 6.7 мянга нь үндсэн багш, тэдний 63 хувь нь төрийн өмчийн сургуульд багшилдаг.

Боловсролын ялгаа, нийгмийн хуваагдал

Боловсролын бүх түвшинд төрийн болон хувийн өмчийн сургууль хослон ажиллах боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн 20 хувь нь хувийн өмчийнх байхад бүх сурагчдын зөвхөн 7 хувь нь сурч, багш нарын 9 хувь нь багшилж байна. Дээд боловсролын сургуулиудын 80 хувь нь, сурагчдын 44 хувь нь, багш нарын 37 хувь нь хувийн өмчид ногдож байна.

Хөгжиж буй оронд улсын төсөв нь бүх шатны боловсролын хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй учир хувийн өмчийн сургууль бий болдог. Манай улсад хувийн болон төрийн өмчийн сургалтын чанарын ялгаа ихсэхийн хэрээр нийгэм улам хуваагдан, огцом ялгарч, бас ялгаварлаж эхэллээ. Хувийн өмчийн сургууль өндөр төлбөртэй учир, багш нарт илүү цалин олгож, хүүхдийн сурах орчинг илүү тухтай болгож байна. Төлбөрийн чадвартай иргэд хүүхдээ хувийн ЕБС-д сургах боллоо. Хувийн сургуулийн төлбөр өндөр, жил бүр өссөөр байгаад эцэг эх, хүүхдүүд улам бухимдах боллоо.

Нөгөө талаасаа 2017 оны Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан “Хүмүүн капитал” тайланд Монгол улс оюуны чадавхаараа 11-т, чадавхаа ашиглахаараа 49, хөгжүүлэхээрээ 59-т оржээ. Монголын багш нар ялангуяа бага ангийн багш нарын хүчээр бид хүүхдүүдийнхээ оюуны чадавхыг нээж байгаа. Монголын нийгэм эрт дээр үеэсээ багшийг хүндэлж ирсэн. Багш нарын ачаар бид иргэдээ боловсруулан төлөвшүүлж, мэдлэг чадвартай болгон улс орноо хөгжүүлж, ажиллаж амьдрах нөхцөл байдлаа сайжруулсаар ирлээ. Гэсэн хэдий ч улам хурдан өрнөж буй шинжлэх ухаан технологийн хувьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үр хүүхдүүдээ хүмүүнлэг, мэдлэг чадвартай болгохын тулд Монгол улс боловсролын системээ боловсронгуй болгох, багш нараа хөгжүүлэх шаардлагатай байна.

Боловсролын шинэчлэл

Юуны өмнө Монгол улс боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, зардлаа яаралтай нэмэх, төсвийн сургуулиудынхаа материаллаг баазыг сайжруулж багш нарынхаа суурь цалинг өсгөх, түүний дотор бага ангийн, сургуулийн өмнөх насны багш нарын цалинг түлхүү нэмэх цаг болжээ.

Зарим улс орнуудын боловсролын зардал, эзлэх хувиар, 2015 оны байдлаар

Эх сурвалж: Дэлхийн Банк

Улс
ДНБ-д
Төсвийн зарлагад
Эстони
5.2
13.0
Финланд
7.1
12.5
Израйль
5.9
15.0
Монгол
4.2
12.4

Улс орны бүсчилсэн хөгжлийн бодлогыг сэргээж, бүсийн төвүүдэд санхүүгийн эрх мэдлийг шилжүүлж, багш нарыг бэлтгэх төв, их дээд сургууль, салбарыг байгуулах шаардлагатай байна. Зөвхөн тэгж л хүн амын төвлөрлийг сааруулна.

Боловсрол бол нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, тэнцвэржүүлдэг хэрэгсэл. Тийм учраас улс орон даяар ижил хөтөлбөрөөр сургах, төсвийн хөрөнгийг хувийн сургуульд зарцуулахыг царцааж, төрийн өмчийн сургуульд шилжүүлэх, гуравдугаар ээлжийг яаралтай халах, яваандаа 2 ээлжээ ч болих бодлого барих хэрэгтэй байна. Энэ чиглэлийн ажилд туслаж, ЕБС-д хөрөнгө оруулсан компаниудын зарцуулсан хөрөнгийг зардалд нь тооцох, татвараас чөлөөлж болох юм.

Шинэчлэн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тохируулан боловсролын бодлогыг баяжуулах, багш нарыг бэлтгэх, дахин бэлдэх, тасралтгүй суралцахыг шинжлэх ухаанд тулгуурлан эрс сайжруулах ажлыг яамны дэргэдэх Боловсролын хүрээлэн хариуцан хэрэгжүүлэх учиртай.

Багш хүүхэд бүрт хүрч ажиллах, таних, эрмэлзлийг нь чиглүүлэх боломжоор хангах, хүүхэд бүр өдрийн хоол идэх, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, ганцаарчилсан чиглэл авах боломжийг хангах, сургуулийн байрыг тав тухтай, цэвэрхэн байлгах, багшийг амрах тухлах, хичээлдээ бэлдэх өрөөтэй болгох шаардлагатай.

Хүүхдийг хүүхэд байх боломж түлхүү олгох, хар багаас нь хүчлэн суулгаад хичээлээр дараад байхгүй, цөөхөн хичээл орох, өглөө 9 цагаас өмнө, өдөр 3 цагаас хойш хичээлгүй байлгах, нэг багш нь олон жил хариуцаж, менторын үүрэг гүйцэтгэх, хүүхдийг дүн, стандарт шалгалтаар дарамтлахгүй байх, гэрийн даалгаварт 30 минутаас илүү цаг зарцуулахгүй байлгахаар зохион байгуулах нь өгөөжтэй.

Багшийн хөдөлмөрт онцгойлон, хүндэлж хандах, нэр хүндийг нь өргөх, хүмүүжлийг боловсролын эхлэл болгон төлөвшүүлэх цаг болжээ. Багш нарыг сурагчдын дүнгээр нь уралдуулахгүй, тэднийг өрсөлдүүлэхэд биш, хамтран ажиллахад чиглүүлэх, сургалтыг цахимжуулах хэрэгтэй. Тэгсэн цагт багшийг өрсөлдөөнөөр сонгож авдаг тогтолцоо бүрдэх болно.

Балтын тэнгисийн хойд эрэгт орших Финланд улс дээрх ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд арван өрсөлдөгчийн нэгийг л багшаар авдаг ажээ. Энэ улсын сурагчид олон улсын бараг бүх шалгуураар хамгийн өндөр оноо авч дэлхийд тэргүүлдэг, дэлхийн хамгийн сайн боловсролтой, хамгийн аз жаргалтай, хамгийн цэвэр агаартай, хамгийн бага авлигатай улс болоод байна.

Финланд Монголоос 2 саяар олон хүн амтай, газар нутаг нь тав дахин бага боловч, нэг хүнд ногдох ДНБ нь 50 мянган ам.доллар буюу манайхаас 12 дахин том юм аа. 50 жилийн өмнө хөдөө аж ахуйн буурай хөгжилтэй байсан энэ орон эдүгээ орчин үеийн хамгийн өндөр хөгжилтэй улс болсны суурь шалтгааныг тэдний боловсролын системтэй холбож үздэг.

2019.04.10