Сэтгэл сэргэм баяртай мэдээ: амиа хорлолтоор Монгол улс дэлхийд эхний гуравт оржээ. Гунигтай мэдээ: ДОХ-той хүний тоогоор Монгол улс Азидаа сүүл мушгиж байна (Мэдээллийн хэрэгслэлүүд энэ мэдээг яг ингэж гарчиглаад буй).

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргасан гэх энэ статистикт Монголын 100 мянган хүн тутмаас 28,1 нь өөрийгөө егүүтгэдэг юм байна. Эрэгтэй 48,2 гэсэн тоогоор 2-р байр, эмэгтэй 9,2 гэсэн тоогоор 29-р байр, амиа хорлолтын хүйсний харьцаа 5,24. Эндээс тоолохоор манайд жилд бараг л мянга шахам хүн буюу өдөрт бараг гурван хүн сайн дураараа амиа авч оддог гэсэн үг. 

ДЭМБ-ийн статистикийг харахаар 2015 хүртэл Монгол нь энэ талаар мэдээлэл байхгүй оронд багтсан байх юм. Мөн газрын зураг дээр ихэнх орны нэгэн адил бороор тэмдэглэсэн нь ч байна.1985-2017 гэсэн ДЭМБ-ын нэг албан статистик дээр Монголыг 2011 оны байдлаар 5,58 буюу 0,0058% амиа хорлолттойгоор дэлхийд 67 дугаар байранд ордог гэжээ. Энэ үнэн бол 200 хүрэхгүй хүн жилд амиа хоролдог болж таарлаа. Харин 2017 оны 4-р сард хийсэн нэг хүснэгтэд Шри Ланка, Гаяанагийн дараа 3-р байранд жагсаж байгаа гэж авсан байна.

Өөр олон эх сурвалж дээр дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг 10, 25, 30 орны янз бүрийн жагсаалтад Монгол гэсэн нэр ерөөсөө алга. Эх орноо дэлхийн бүх муу үзүүлэлтэд тэргүүлүүлж кайф авдаг хүмүүст хэлэхэд гомдож үхмээр нэг ийм тааруу мэдээ бас байнаа.

Сая магнай тэнийлгэсэн энэ гоё мэдээ тархсны дараа Ерөнхий прокурорын газраас Монгол дахь амиа хорлолтын талаар цагдаагаас гарсан мэдээллийн дагуу анализ судалгаа гаргажээ. Үүнд илүү үнэмшиж байна, учир ДЭМБ ч, тийш нь урамтай мэдээ тайлагнадаг манай Эрүүл мэндийн яам ч жинхэнэ бодит мэдээг цагдаагаас илүү мэдэх учир байхгүй. Мэдээлэл чөлөөтэй, дээр нь Монгол муу гэвэл магнай нь тэнийж бүр давслан баяр хөөртэйгээр мэдээлдэг 600 гаруй сонин хэвлэл бүртгэлтэйн 20 орчим нь өдөр тутмынх, зөвхөн хувийн хэвшилд хамаардаг 400 гаруй телевизийн сувагтай. Тэд ийм “гоё” мэдээг ард түмэндээ хэлж сэтгэл санааг нь унагахгүй өнгөрнө гэж баймааргүй. Тэд зөв барагцаалбал мэдээж ДЭМБ-аас хавьгүй дээр мэдэж байгаа. Ойрноос л дэлхийд гуравт орсныг хөөр бахдал болгон сэтгэлийн таашаал авч байх шиг.

Сүүлийн 5 жилд манайд 2055 тохиолдолд амиа хоролсон байдалтайгаар шарил олджээ. Эрэгтэй 1729, эмэгтэй 326. Хүйсийн харьцаа 5,24 гэсэн нь мөнөөх дэлхийд гуравт оруулдаг хүснэгттэй таарч байна. Ер нь дэлхий даяар амиа хорлох хүйсний харьцаа ийм байдаг юм байна. Амиа хоролсон бүх тохиолдлыг цагдаа шалгаж тогтоодог хуультай манай оронд жилд 390 орчим хүн амиа хоролсон байдалтайгаар нас бардаг аж. Энэ нь 100 мянган хүн тутамд 13 тохиолдол гардаг буюу өнөөх дэлхийд гуравт ордог хүснэгтээр жишээлэх юм бол 40 дүгээр байр орчимд юмуу даа. Гуравт ордог жагсаалтаас хоёр илүү дахин бага, харин 2011 оны хүснэгтээс хоёр илүү дахин их тоо гарч байна. Үүнээс гадна манай Эрүүл мэндийн төвөөс албан ёсоор гаргасан баримтаар бол жилд 2500 хүн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан өвчгөөр нас бардгийн 13 хувь нь амиа хорлолт гэжээ. Ингэж тоолбол жилийн амиа егүүтгэл бүр бага буюу 325 гарч байна. Үүнийг үнэн тоо гэж үзвэл мөнөөх биднийг гуравт оруулдаг жагсаалтаар баримжаалахад бид амь егүүтгэлээр дэлхийд 105 дугаарт орж байна. Гомдмоор тээ, нийтээрээ амиа хорлоод дуусч байгаа гэж ярих нь уг нь олон хүнд кайф өгч сэтгэлийн тайтгарал бэлэглэдэг юмсан. 

Амиа хоролсон байдалтаагаар гэдэг нь өндрөөс ниссэн, галт тэргэнд дайруулсан, усанд үйсэн зэрэг нэлээд тохиолдолд амиа хоролсон эсэхийг нарийвчлан эцэслэж тогтоож чадаагүй байх юм. Ер нь ялангуяа статистик мэдээлэл муутай хөгжиж буй орнуудад ийм тоо бүртгэл гаргахад маш төвөгтэй, үнэмшил муутай байдаг юм байна. Манай урдуур жагссан Гаяана улсад амиа хоролсон тохиолдлын хэтэрхий дийлэнх нь ургамалын хортон шавьж устгадаг пэстицид идэж үхсэн байх юм. Газар тариалангийн бүдүүлэг энэ оронд хүмүүс пэстицидэд хортож үхэж байгаа болохоос амиа хорлосон биш гэж учир мэдэх судлаачид хэлж байна. Хажууд нь байгаа хэд дахин буурай Хаитичууд юун амиа хорлох, бүжиглэж дуулаад завгүй. Дэлхийн нийт амиа хорлолтын 30 хувь нь пэстицидэд хордож үхдэг, тэр нь дандаа ядуу орны газар тариалангийн талбайд болдог гэнээ. Амиа хорлолт гэхэд нэг л сэжигтэй байгаа биз? Тааруухан орнуудын ЭМЯ хордож үхсэн болгоноо амиа хоролсон гээд дээш нь ДЭМБ рүү мэдээлдэг байхаа даа, манайхан шиг.

Гаяанаг амиа хорлолтын өлгий болгож заралсан нь 1978 онд шашны тулгар үзэлт 909 хүн зэрэг амиа егүүтгэсэн хачирхалтай явдлаас үүдэлтэй ч гэж тайлбарладаг. Үнэндээ тэдний ихэнх нь америкчууд, энд ирж тэр ёслолоо хийсэн болохоос гаяана тариачин биш л дээ. Муу нэр нэг дуулахаар ингэж байнгын анхааралд өртдөг бололтой.

Статистик мэдээлэл сайтай хөгжингүй орнуудын ийм мэдээлэл илүү үнэнд ойр байдаг гэнэ. Ийм үзүүлэлтээр Литви, Өмнөд Солонгос хоёрыг амь үл тавчилтээр дэлхийд тэргүүлдэг гэж маш олон эх сурвалж нэгэн дуугаар батлах аж. Хойд Солонгос үүнээс их амиа егүүтгэгчтэй гэсэн таамаг тоо ч бий, гэхдээ мэдээж тэд үнэнээ хэлэхгүй шүү дээ. Хуучин ЗХУ-ын Казахстан, Орос, Украин, Беларус, Балти зэрэг цагаан арьтнууд голчлон амьдардаг орнуудад амиа егүүтгэл бас их өндөр. Дэлхий даяар жилд нийт 800 мянган хүн амиа егүүтгэдгээс 30% нь 15-29 насныхан байдаг юм байна. 

Амиа хорлох явдал нийгмийн давхрага, улс орны хөгжлийн төвшин, улс төрийн хямрал, шашин шүтлэг, ядуурал, газар зүй, цаг уураас хамаарах хамаарал бага буй нь хачирхалтай. 

Сүүлийн үед генетикчид амиа егүүтгэх нь тухайн хүний генээс хамаардаг болохыг нээжээ. Канадын сэтгэл судлалын төвд анх ийм нээлт гарсны дараа АНУ, Англи, Япон зэрэг газар дорвитой судалгаа хийн баталсан. Амиа авч одогсодын тархины нейтрофик факторыг судлаад эндээ митионы хувилбар гентэй хүмүүс сэтгэл хөдлөлийн үедээ амиа хорлох хандлагатайг тогтоожээ. Орчны байдал, хүүхэд үеийн согог, амьдралд саяхан тохиолдсон цочирдол, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэснээс гээд амиа егүүтгэх түмэн шалтгаан байдаг ч энэ нь генийн угшилтай хүмүүст илүү тохиолддог аж. 

ДНХ-ийн тодорхой байрлалд байдаг SKA2 нэртэй ген нь хүний организмын стресс даах чадварыг хариуцдаг юм байна. Ген гэхээрээ л нэг чадварыг нэг ген хариуцаад байдаггүй, олон гений хамтын үйлчлэл нийлж байж тодорхой өвчин болон үйлдэл буй болгоно. Ийм шинж чанар удамшина, популяци дахь тархалт нь янз янз. Хэминвэй өөрийгөө буудчихсан, өмнөх хэдэн үе нь бас ингэж үхсэн гэх. Зарим үндэстэнд амиа хорлолт маш бага байхад зэргэлдээ газар нь учиргүй өндөр. Прокурорын дээрх судалгаагаар баруун зүүн аймгуудад амиа хорлолт бага байхад яагаад ч юм Хөвсгөл, Өмнөговьд өндөр гарч байна гэж байна.

Генийн учир шалтгаан байна гэхээрээ ийм багцтай хүн болгон өөрийгөө боймолчихдог гэсэн үг биш. Ийм гентэй бол согтуурах, мансуурах, гэнэтийн цочролд орох, сэтгэл санаагаар унах, өвдөх, хоосрох зэрэг гадны янз бүр нөлөөнд ген сэргэнэ гэсэн утгатай юм гэнээ. Сэтгэл судлаачдын тогтоосноор амиа хорлолт нь өмнө нь төлөвлөгдсөн, удаан бодсон, бэлтгэгдсэн процесс биш аж. Тухайн генийн багцтай хүн гэнэтийн цочирол, мансуурал, сэтгэлийн гутарлынхаа үед ийм шийдвэр огцом гаргадаг ба тэр нь удаан үргэлжилдэггүй, тэр үед нь саад тохиолдоод өнгөрвөл шийдвэрээсээ дороо татгалздаг гэнэ. Иймээс ихэнх орнуудад амиа егүүтгэх шийдвэр гаргасан хүнд зориулсан утасны дугаарыг тараасан байдаг, утасны цаана санваартан, мэргэжлийн сэтгэл судлаачид, аврагчид бэлэн сууж байдаг. Иймэрхүүг өгүүлж харуулсан кино зөндөө байдаг шүү дээ. Хэдэн минут саатуулахад л шийдвэрээ өөрчилдөг гэсэн. Хүүхэд залуучуудын дунд амиа хорлолт өндөр гардаг нь гол төлөв шилжилтийн настай холбоотой гэх. Гадны цочирлыг илүү хүндээр тусгаж авдаг, гомдомхой, уурламхай, дурламхай үе шүү дээ. 

ДЭМБ-аас тусгай төлөөлөгч ирээд л хэдэн хүн үхснийг тоолоод явахгүй нь мэдээж. Мөнөөх анхдагч худал мэдээ эндээс гарч байгаа. Зориуд муулах гэж зохиогоогүй юм гэхэд тоондоо муу болохоор буруу нэмж хассан байх гэж ойлгоё. 2011 дэлхийн дундач байснаа 2017 оны 4 дүгээр сард гэнэт гозойсон энэ сонирхолтой мэдээг ДЭМБ-аас авсан дүн гэж тодотгоод хэл болгон дээр орчуулж тавьснаас гадна Википэдиа зэрэг нэр хүндтэй эх сурвалжууд ч хуулжээ. Хаашаа ч юм бэ дээ, гадны хүмүүс бидний тухайд, монголчууд гэхээрээ нийтээрээ хутга шөвөг барьчихсан өөрийгөө бүлээд, гэдсээ хүүлээд явдаг хачин амьтад гэсэн төсөөлөлтэй үлдэхнээ дээ. Ерээд оны эхээр их нүүдэл шилжилт болж байх үеэр 600 орчим хүүхэд траншейнд орчихсон байсан нь үнэн. Үүнийг тун идэвхитэй сурталчилсан тул бидний монголчуудыг нийтээрээ газар дор амьдардаг гэсэн ойлголт их түгсэн байж билээ. 

Харин эх орноо энэ дэлхийн адаг болгож харуулах гэдэг өвчин бол генийн гэхээсээ соёл, хүмүүжил, боловсролоос хамаардаг байхаа. Социализмын үед сайн болгож харуулах гэж баахан худлаа тоо зохиодог байснаа одоо нөгөө туйлд нь авирчээ. Тэр үед ой хүртэл хүүхдийн эндэгдэл 128 промилд хүрч арвын нэг нь энддэг байсныг ДЭМБ руу 64 гэж буруулж мэдээлдэг байв. Одоо 16 промил буюу үнэнгээсээ найм дахин буурчихсан шүү. Нэг төрлийн цайг нас уртасгадаг гэж наагаад үүндээ Япон, Европод дундач наслалт 80 байхад Монголд 40 байна хэмээн зурагтаар өдөр болгон суртчилж байсныг зарим нь санаж байгаа л байх. Хэрэг дээрээ энэ худлаа, манайд эмэгтэйчүүдийн дундаж нас бүр 76 болчихоод байна. Монголд жилд нас баралтын рейтинг 5,6 байгаа нь дэлхийн дундачаас хамаагүй бага, маш эрүүл үзүүлэлт юм. 16 мянган хүн нас барж 60 гаруй мянган хүүхэд мэндэлж байна. “Монгол-адаг” сурталчилгааныхан хөөр баяр болон нас баралтын тоог олон дахин өсгөн хөөрч, эсвэл 16 мянгаа булаацалдан аваар осол, янз бүрийн өвчин, архи тамхи, утаа руу чирнэ. Ямар сайндаа зурагтаар дөчийн битон барьчихсан, монгол хүн болгон хүүхэд хөгшидөө оруулаад ийм их архи уудаг гэж ЭМЯ-ы сайд руу дайраад байхав. Худлаа шүү дээ, статистикаар архины хэрэглээ жил тутам буурч байгаа. Бид хүн тус бүр жилд 5,3 литр спирт уудаг нь солонгос, япончуудаас бага, 17 литрийг хүртдэг орос, украин скандинавыхантай харьцуулах ч юм биш. Уучихаараа агсам гэдэг нь өөр асуудал. 

Монголчуудыг 95% нь Д витамины гүн дутагдалтай гэсэн судалгаа баахан шуугиан үүсгэв. Хэрэв тийм бол хөл дээрээ зогсож чаддаг хүн үлдмээргүй юм, энэ витамин гүн дутагдвал хүний яс баримлын шавар шиг болчихдог. 16 мянгуулаа л хорт хавдраар үхээд байгаа юм ярих, насжилт уртассанаас нэмэгдэх нь нэмэгдсэн л байх. Элгээр гэвэл урьдын эмнэлэгийн ариун цэврийн асуудал бий, гэхдээ гайгүй засарсаар л байгаа. Утаанаас болоод нийтээрээ үхээд байна л гэнэ, бүртгэл дээр болохоор уушигний хорт хавдар маш бага. Үйлдвэржээгүй Монголд онц хортой дэгдэмхий бодис үгүй. Гэхдээ утаа сайн гэж хэлээгүй шүү, ямар ч баримтгүйгээр муулахын тулд л битгий даваадуул. Сэтгэцийн гажигтай хүн 50 хувьд хүрсэн тухай “баримт” байна. 2% хүрэхэд л тийм популяцийг тэр чигээрээ эрүүл биш гэж үздэг. 1979 оны судалгаагаар Улаанбаатарт энэ тоо 0,6 орчим гарч байсан санагдана. Саунд ороод тахианы мах идэхээр шууд л үржлийн эрхтэн нь нят болдог ч гэх шиг. Дандаа саунд орж бараг гагцхүү тахиагаар хооллодог өчнөөн орны бүх эрчүүд унжлагагүй болчихсон юм байналдаа. Эхнэрүүд нь хэний хүүхэд гаргадаг бол? Худалдааны болоод атаархлын, хорлон сүйтгэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг янз бүрээр худал муучлан хүн ардыг айлгаж цочоох явдал хэрээс хэтэрсэн шүү. 

Юм л бол ийм муухай жишээ Монголоос өөр хаана ч байхгүй, Гиннесин номонд ормоор гэж ирээд л хараана. Дэлхийд хамгийн өндөр татвартай л гэнэ, дэлхийд ийм бага цалинтай багш байхгүй л гэнэ. Хаанаасаа ямар баримт олоод хэн хэнтэй жишээд байгаа юм бол? Монгол нь дэлхийд хамгийн бага татвартай орны нэг. Камбож, Лаост багшийн дундаж 40 доллар юм билээ. Сомали, Хойд Солонгос, Өмнөд Суданд энэнээс бага. Гэх мэт гэх мэт.

Олон улсын мэргэжлийн байгууллагаас зохиож байгаа хуралд улс орноо хөө шиг хараар будан муучлах, бодит тоо баримтыг мушгин дордуулах, олон улсын тусламжийн байгууллагад Монголыг сүйрч хог дээр гарч байгаагаар “матах” үзэгдэл сүүлийн хорь гаруй жилд улам нэмэгдэж улам хүч оруулах болсон нь ажиглагддаг. Энэ нь тэндээс санхүүжилт олох гэсэн өөдгүй арга болох нь ч харагддаг. Манайд буй олон олон төрийн бус байгууллагууд, тэр байтугай төрийн байгууллагууд хүртэл ийм аргаар санхүүждэг нь нууц байж чадахаа больчоод байгаа шүү. Тэднээс эрхэлж судалгаа нэртэй худал хуурмаг тоо гарган түүнээ барьж мөнгө завшихаар гадагш ханддаг. Энэ чиглэлд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, ядуурал, хадламж гэсэн хаяг түлхүү идэвхитэй. Үүгээр мэргэшсэн том гарууд ч бий. Сайд байхдаа баахан донгосчихоод, дараа нь мөнөөх судалгааны ажлаа үргэлжлүүлнэ хэмээн олон улсын байгууллагаас байнга санхүүжилт авсаар сүрхий баяжсан нэгнийг ч сайн мэдэх юм байна.

Манай улс дэлхийн 200 орчим бие даасан орон дотроо янз бүрийн үзүүлэлтээр байдаг л нэг дундаж орон. Биднээс ядуу дорой нь олон, биднээс баян тарган нь ч олон. Бидэнд олон сайн үзүүлэлт бий, түүгээрээ бахархаж болно, бидэнд мөн олон тааруу үзүүлэлт бий, тэрийгээ засч янзлана биз. Сүүлийн зуун жилд монгол үндэстэн шиг цагийг товчилж, ийм богино хугацаанд иргэншиж соёлжиж хүний дайтай болсон газар энэ дэлхийд тийм ч элбэг биш шүү. Бүх юм сайн сайхан болчоогүй ч бүх юм тас хар болчихоогүй. “Дэлхийн бүх улс хөгжөөд байхад Монгол яагаад ганцаараа хөгжихгүй байгаа юм?” Манайхны сүүлийн үед хүн толгойтой болгоны тун бахдалтайгаар тавьдаг болсон брэнд асуулт. Хөгжил гэдгээрээ юуг ойлгодог, ямар шалгуураар хэмждэг, хэнтэй харьцуулсан гэдгээсээ л хамаардаг байх даа. Дундач таргалалт, жингийн хэтрэлт хэд дахин нэмэгдсэн, сүүлийн 20 жилд олсон мөнгөний хэмжээ12 дахин өссөн, хүмүүс 7 тэрбум доллароор үнэтэй үнэтэй автомашин авч баярхсанаар гудамжинд машин багтахаа больсон, ухаалаг утас хүний тооноосоо хамаагүй олон ажиллаж байна гэх мэт хэмжүүрээр бол хөгжөөд ч байгаа юм шиг. Улам их хулхиддаг болсон, улам их ажил хийх дургүй болсон, улам их хулгайлдаг болсон, улам их хийрхдэг болсон, улам их бөөлдөг болсон, авилга замаа алдсан, ёс суртахуун шалан дээр унасан гэсэн хэмжүүрээр бол арагшаа ухраад байгаа нь ч үнэн л дээ.

2018.2.3