“Анхаараарай. Сан-Францискогоос ярьж байна”
“Агсамнал”-ыг амтархан сонссон ч “хүндлэл урагдлаа”, экс Ерөнхийлөгч өө!
“Анхаараарай, Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж АНУ-ын Сан-Францискогоос Монгол Улсын Ерөнхий сайд гялгар хамартай гачигаарын тухай ярьж байна”. Ямар сонсогдож байна? Нэг иймэрхүү юм боллоо. Төрийн тэргүүн асан, Ерөнхий сайд асан хүн төрт ёсны уламжлалаа дээдэлдэг бол ийм өнгө аясаар ярих уу, түүнд Монголын төр өргүй, өсгүй л баймаар юм. Л.Оюун-Эрдэнэ супер Ерөнхий сайд биш ээ, сөхөрч цөхөрсөн нь ч бас биш. Гэхдээ хуулийн дагуу өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхий сайд. Уламжлалаа дагаад ч тэр үү, хэтрүүлэхээр өмөөрдөг араншиных ч юм уу, “За энэ ч арай дэндэнэ ээ” гэж Ц.Элбэгдоржийн “агсамнал”-ыг сонссон хүмүүс хэлж байна.
“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг уурыг нь хүргэж тэвчээрийг нь барсан бололтой. Тэр баримт нотолгоогоор бус “явган хэрүүл”-ээр л зэвсэглэжээ. Төрийн өндөр албан тушаал дахин давтан хашсан энэ эрхэм муу ч сайн ч өнөөдрийн хууль ёсны Монгол Улсын Ерөнхий сайдыг “чи, чи” гэж чичилсээр, сүүлдээ “гялгар хамартай кочигар” гэхчлэн гурвантаа доромжилж яриагаа дуусгасан нь ийм л сэтгэгдлээр эхлэв.
Түүний өнөөх л олон нийтийг орой дээрээс нь харж дарамтлангуй өнгөөр загнаж ярьдаг, ардчиллаар овоглож, ардчиллыг өмчлөгч эргэн ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэв.
Монголчууд уг нь “Элбэгээдээ” хайртай, эрхлүүлсээр, дээрээ залсаар, хүндэлсээр өдийг хүрсэн. Харин Монголын төрд 35 настайдаа Ерөнхий сайдаар томилогдож, хоёр удаа сонгогдсон, Төрийн тэргүүнээр мөн л хоёр удаа сонгогдон ажилласан тэрбээр Төрт ёсны уламжлалаас ихэд алсарч өс хадгалж цухалдсан эрхэм улстөрч сүүлийн үед “Оюун-Эрдэнэ судлаач” болоод байсныг мэдсэнгүй. Гэтэл 1998 оны тэр өндөрлөгөөс 2021 он руу өнгийхдөө “Өнөөдрийн Төртэй сөргөлдье” л гэсэндээ сөргөлдсөн болохоос өнөөдрийн Засгийн газрын тэргүүний ярианд дурдагдсан, “буруутай үйл ажиллагаатай байж болзошгүй” асуудлуудад огт хариулт өгсөнгүй. Түүнийг сүүлийн өдрүүдэд хийсэн сүржин мэдэгдлээс нь хараад няцаалт өгөх нь гэж бодсон боловч “Эрдэнэтийн 49 хувь”-ийг ч, С.Зоригийг хөнөөсөн хэргийг ч, АНУ дахь хаус гэгчид хамааралгүй гэдгээ нотолж үзүүлсэнгүй. Зүгээр л өнөөдрийн Ерөнхий сайдыг өндрөөс өлийж харж, кочигар гэдэг үгээр гурвантаа цоллож, өнөөдрийн төрийг гүтгэж, муу муухай үгсээр булж, муухай амьдарч байгааг нь сануулж, яг л “Элийрэгч”, “Э.Одбаяр” тэргүүтэн шиг төр рүү нулимах гэж төр, нийгмийн зүтгэлтний дүрээр ирж “агсам тавьчихаад” явчихлаа. Харин ч энэ байдал нь түүнийг ямар хэрэг явдал өдүүлсний улмаас, хаанаа шарх авсандаа үсэрч гарч ирэв гэх хардлагыг төрүүлэв.
Харин одоо гол “аргумент”-аа ярья. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярихдаа “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи С.Зоригийн хэргийн алуурчдыг ивээлдээ авсан” гэв. Энэ гүтгэлэг мөн биз? Яаж ивээлдээ авсныг нь нотлоогүй, ивээл гэж юуг ойлгох нь хэрхэн тайлбарлагдах вэ гэдэг бас сонин. Харин өөрийнх нь тухайд бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлдэг байсан, Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнг “Алтан гадас” одонгоор нууцаар шагнасан нь ивээлдээ авсан, төрийн хайр хишгийг хүртээсэн баримт биш гэж үү? Одоо Ж.Сандагсүрэн прокурор Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байна. Тэр ч байтугай Ж.Сандагсүрэн прокурор нь “60 тэрбумын хэрэг” гэгчийг авлигын хэргийг хэрэгсэхгүй болгоход гар бие оролцож 2017 оны есдүгээр сарын 4-нд 25 дугаар тогтоол гаргасан. Тогтоолд гэрч Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Бас л сонин “тохиолдол” эсвэл ивээл, хишиг биш гэж үү?
АНУ дахь хаус гэгчийн тухайд энэ бол хэн ч, хаанаас ч юм бэ гадны сайтаас хуулбарласан мэдээлэл. Гэтэл төдөлгүй яах ийхийн зуурдгүй нисэж очоод сурвалжлаад эхэлсэн. Итгэсэн хүн ч цөөн. Гэхдээ эргэлзэх хүн байж магад. Няцаалт хийхээр шийдсэн л бол иргэдээ хүндлээд юуны өмнө тийм байшингийн талаар дуугарсангүй. Байлаа гэхэд хууль ёсных юмаа гээд татвараа төлсөн баримт үзүүлчихвэл асуудалгүй шүү дээ. Гэтэл тэгж няцаасангүй. Нөгөөтэйгүүр төрийн өндөр албан тушаал хашиж байх үед тэр хаусыг худалдаж авсан уу, албан тушаал хашаагүй үедээ юу гэдэг нь тэнгэр газар шиг ялгаатай ойлголт юм.
“Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь”-тай холбоотой асуудлаар тэрбээр Ерөнхий сайдын өгүүлсэн ямар фактыг няцаав? Энд би нэг л зүйлийг дурдахыг хүсэж байна. Яагаад 49 хувийг нь төрд шилжүүлж 100 хувь мэдэлдээ авсны дараа “Эрдэнэт үйлдвэрийн насжилт жилээр нэмэгдэж 60 жил ажиллах баялаг нөөцтэй нь тогтоогдоод, Оросын “Росгео” геологи хайгуулыг нь хийе гэж яриа хэлэлцээ хийх бүрт гуйх болов? Энд 2013 онд ҮАБЗ-ийн санаачилгаар нэгэн сайд асан нарын гурван хүнд холбогдох “нууцын зэрэгтэй” гэх 201301000484 эрүүгийн хавтаст хэргийг нээсэн түүх, мөн сонгуулийн өмнө уг хэргийг ойлгомжгүй үндэслэлээр хаасан түүх гээд олон зүйлийг хожим дэлгэрэнгүй дэлгэе.
Гэвч Ц.Элбэгдорж яг энэ асуудлын тухайд зөвхөн “2 цаг 25 минутын нэвтрүүлэг хийснээ хүчээр үзүүлж чадсангүй ээ” гэснээс үзэхэд энэ хэсэг дээр “яс нь хавталзана” гэгч болсон юм болов уу даа, сэдвийг шууд эргүүлж ковидын үхлээр дэлхийд тэргүүлсэн гэж баталгаа ч үзүүлэлгүй айлгаж цочоох гэж оролдов. Араас нь Ерөнхий сайдыг доромжлох үгс хөврүүлсэн, сэдэв нь төөрөлдсөн, “Сайд нарынхаа УИХ-д нэр дэвших Үндсэн эрхийг нь хаа” гэхчлэн хадуурч өгөв. Ялангуяа “Хариас захиалга авч Монголын төлөө, эрх чөлөөний төлөө сэтгэлтэй бүхнийг егүүтгэх гэж чи чичирч байгаа” гэдэг үг бол аймаар байлаа. Хэчнээн дур зоргоороо бичдэг ч бид ингэж бичвэл нотолж чадахгүй л бол шууд шоронд орно. Энэ бол улс төрийн аймаар гүтгэлэг.
“Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм” гэж цэцэрхчихээд өөрийнхөө эрх мэдлийн үед хийж чадаагүй ураны гэрээ, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замыг нэхнэ гэдэг бол тоглоомоо булаацалдсан бацаанаас дор байлаа, эрхэм экс Ерөнхийлөгч өө! “Хан ресурс”-ын асуудлаар манай Засгийн газар яагаад ялагдсан, түүний төлөлт ямар гээч маапаантай болсон, шагналд нь хэн юу завшсан, хаашаа томилогдсон нь саяхны л явдал шүү дээ.
Тухайн үед буюу 2016 оны гуравдугаар сард Сангийн яамнаас “АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор ажлын айлчлалынхаа үеэр Канадын “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэлээ” гэсэн мэдээ тараагаад өнгөрсөн. Ямар тохиролцоонд хүрсэн гээч. 106 сая ам.доллараас 46 саяыг төлөөд үлдсэн 70 сая ам.долларыг 70 хоногийн турш өдөрт 1 сая ам.доллараар төлөх болсон. Хувиасаа биш учраас төсвийн мөнгөөр төлж байгаа нь тэр учраас тухайн үеийн болон түүний өмнөх Засгийн газар огтхон ч хариуцлага хүлээсэнгүй. Араас нь нэг хүн Канадад очоод 70-аад сая ам.долларыг нь завшчихсаныг мэдсэн ч мэдээгүй юм шиг явдгийг энд хэлээд яахав.
Төрийн тэргүүн асан тэрбээр Ерөнхий сайдын ярианд дурдагдахдаа цочиж “Сан Францискогоос ярьж байна” live мэдэгдэл хийхдээ төрт ёсны уламжлал, төрийн өндөр алба хашиж байсны жудаг, зангарагийг огт харуулсангүй. Л.Оюун-Эрдэнэ 41 настайдаа Ерөнхий сайд болж гурав дахь жилдээ ажиллаж байгаа бол Ц.Элбэгдорж 35 настайдаа найман сар, дараа нь 41 настайдаа дахин томилогдож хоёр жил ажилласан хосгүй тавилантай нэгэн. Гэхдээ 41 настай Ерөнхий сайдын зовлон жаргалыг, “Авлигыг бульдозердоно” гэх популист лозунг зэргээрээ ижил төстэй. Харин тээр хойно “Авлигачдын нурууг бөхийлгөж Ард түмний нурууг тэнийлгэнэ” гэдэг алдарт үгээ 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо хэлж байсан.
Гэвч үр дүнгийн хувьд өнөөдрийнх шиг “Хөгжлийн банкны”, “Нүүрсний хулгайн”, “60 тэрбумын” гэх хэргүүд шиг дуулиант хэргүүдийг илрүүлж төрийн өндөр албан тушаалаар ашиг хонжоо олсон УИХ-ын гишүүдийг ийм олноор нь “яллагдагчаар” тогтоолгоод байсан уу гэвэл үгүй. Харин ч тэднийг шүүх шийдвэрлэхгүй гацаагаад байгааг мэдсээр байж шүүгчдэд хайртай улстөрч болж өрөвдөн энхрийлж зөвтгөж Ерөнхий сайдыг “муухай хүн” болгож ярихдаа эрхэм “Эв нэгдлийн билэгдэл” асан маань “Манай шүүхийн ажилтнууд чиний бодсон шиг хямд биш” гэж талцуулахыг үздэг юм байна. “Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх амаргүй” гэгчээр АНУ-ын Сан-Францискогоос ингэж хэлэх амархан л даа.
Л.Оюун-Эрдэнэ тааруухан ажиллаж байгаа байж болно. Заримдаа “зайл” гээд загначихдаг минь ч үнэн. Тэр тусмаа энэ өдрүүдэд тал талаас нь “хиам” шиг шахсан хэдэн сайд нь сонгууль дөхөөд хагас галзуурчих гээд нэг танхимд байтугай нэг улсад багтахад хэцүү талцаж толцхилцож байгааг харж л байна. Гэхдээ Монголын төрд эрхэлж, ардчиллыг өмчилж гучин жил цэцэн цэлмэг уянгалсан Ц.Элбэгдоржийн зөвхөн амаараа хийснээс арилгаж чадаагүй авлигачдыг цэвэрлэх ажлыг бодит ажил болгож үзүүлж байгаа нь муу нэрт Л.Оюун-Эрдэнэ, яллаж шийтгэхгүй байгаа нь мафижсан шүүх.
Тэр зүгээр л “Ингээд ярьчихвал таалагдана” гэдгийг мэддэг болохоос асуудлын голыг олж хариулсангүй. “Үзэгдэхэд нь баярлаж, дуугарахад нь алга ташдаг” монголчуудаа дахин хошгируулахыг л хүсчээ. Төрийн өндөр алба хашиж явсан түүхэн зүтгэлээ хүндэтгэж намба, ямбаа тааруулж намжир, ухаарлаа хослуулж хэлсэн бол хувь хүний минь хувьд “хүндлэл урагдахгүй” байх байлаа, Элбэгээ дарга аа!