Монголын Засгийн газарт “Орано майнинг”-ийн “секси” саналуудыг хэрхэвч зөвшөөрч болохгүй шалтгаан бий
“Ураны үнэ өсч байна, Орано наашир” гэхийн өмнө!
Канадын Торонто хотноо болж буй “PDAC 2024” чуулганы үеэр уран анхаарлын төвд байгаа талаархэвлэлүүд мэдээлжээ. Энэ удаагийн чуулганд уран олборлогч арав гаруй компани оролцож байгаа бөгөөд дэлхийн улс орнууд, Засгийн газрууд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглаж ураны эрэлт нэмэгдсэнээр ураны үнэ өсч эхэллээ гэх мэдээлэл гол сэдэв болоод байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг 2040 он гэхэд дэлхийд жил бүр 100 мянган метр уран хэрэгтэй гэсэн тооцоо гаргаад байгаа юм. Блүүмберг болон дэлхийн хэвлэлүүдийн таамгийг ингээд завсарлая. Монголын ураны бизнес хаачив? “Орано” яав?
Өнгөрсөн оны сүүлчээр энэ талаар “гэрэл ассан” гэж хэлж болно. Ерөнхий сайдын 2023 оны 91 дүгээр захирамжаар анхны Ажлын хэсэг 2023 оны тавдугаар сард байгуулагдсан. Дараа нь Ерөнхий сайдын 164 дүгээр захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 9-ндАжлын хэсгийг шинэчлэн байгуулаад ердөө гуравхан хоног ажиллаад 2023 оны 10 дугаар сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний Протоколыг бэлэн болгосон байдаг. Ажлын хэсэг нь зургаан үндсэн чиглэлээр Ажлын дэд хэсгүүд байгуулж Зөөвч-Овоо төслийн талбайд Ажлын хэсгийн төлөөлөл ажиллаад Ажлын хэсгүүд “Орано майнинг”-тай 12 дугаар сарын 1-нээс хэлэлцээ хийж эхэлсэн. Ингээд 12 дугаар сарын 25-нд олон улсын зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан. Үүнд хууль, татвар санхүү, байгаль орчин гээд гурван чиглэлээр гадаад дотоодын зөвлөх үйлчилгээг өмнөх ажлын хэсгийн судалж гаргасан жагсаалтаас сонгож хийсэн. Үүнийг нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Эрдэнэс Монгол компани Халхавч нэрээр гэрээ байгуулсан” гэсэн байдаг. Гэтэл эрхэм сайд, Их хурлын гишүүн Б.Энхбаярын өөрийнх нь санал болгосон компанитай хүртэл гэрээ байгуулсан байдаг юм билээ.
Сонирхуулахад олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн 13, санхүүгийн 18 компанийн жагсаалт гарснаас Тагнуулын ерөнхий газраас Францын талтай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй дөрвөн компанийг тодорхойлж хассан байдаг. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар санал хүргүүлсэн 27, хариу ирүүлсэн хуулийн 5, санхүүгийн нэг компаниуд өнгөрсөн оны 11 дүгээр сард үнийн саналаа ирүүлснээс сонгон шалгаруулжээ.
Одоогоор Татвар санхүү, Эдийн засаг хөрөнгө оруулалт, Олборлолт үйлдвэрлэл технологи, Байгаль орчин, орон нутаг гэсэн дөрвөн үндсэн Ажлын хэсэг, нийт ирүүлсэн санал 479, хэлэлцээрт орсон нийт санал 224, тохиролцоогүй санал 109, тохирсон санал 115, тохирсон хувь 49 гэсэн үзүүлэлттэйгээр хэлэлцээ үргэлжилж байгаа аж. Татвар санхүүгийн Ажлын дэд хэсэг 57 хувь, Эдийн засаг хөрөнгө оруулалтын дэд хэсэг 25 хувь, Олборлолт үйлдвэрлэл технологийн ажлын дэд хэсэг 44, Байгаль орчин, орон нутгийн Ажлын дэд хэсэг 56, нийт 49 хувиар тохирсон байдаг.
Одоо юун дээр тохироогүй вэ гэдгийг анхааралтай ажиглацгаая. Яагаад гэвэл энэ бол улс орны нийтлэг эрх ашигтай, эдийн засгийн тогтвортой байдалтай амин холбоотой зарчмын тухай сэдэв юм.
Тохироогүй зарчмын санал дээр, жишээ нь Татвар санхүүгийн Ажлын дэд хэсэг юун дээр тохироогүй вэ гэдгийг сонирхоод үзэхэд АМНАТ-ын хувь хэмжээгтооцоход инфляци тооцох асуудлыг хөрөнгө оруулагчид гаргаж тавьсан байгаа юм. Түүнчлэн татварын болон бусад хуулиудыг бүхэлд нь тогтворжуулахыг хөрөнгө оруулагч тал санал болгосон. Манай ажлын хэсгийнхэн тодорхой хувь хэмжээ тогтвортой байж болох юм, харин ирэх 30 жилийг урьдчилан тааж, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг тусгахгүйгээр одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээнд зааж өгөх боломжгүй гэж үзжээ. Хэрэв хөрөнгө оруулагчын саналаар явах юм бол Монголын Засгийн газрын Оюутолгойн гэрээнд хийсэн алдааг давтсан хэрэг болно.
Татварын хууль тогтоомжоор зохицуулсан харилцааг Хөрөнгө оруулалтын гэрээгээр давхардуулж зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл, нэг компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дээр гарах ёсгүй гэж манай тал үзээд байгаа юм. Тохирсон саналууд мэдээж бий. Үүнд Гаалийн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ. Татварын болон санхүүгийн тайлан бүртгэлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хөтөлнө. Татварын хууль тогтоомжоос давсан зохицуулалтыг гэрээнд тусгахгүй гэдэг дээр санал нийлжээ.
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажлын дэд хэсэг дээр “Төслийн ашигт ажиллагаа нь хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдийн ашигт ажиллагаанаас хамаарахгүй” зэрэг дээр манай Ажлын хэсэг болон Орано группийн санал нэгдсэн бол тохироогүй зарчмын саналууд нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй байжээ. Тухайлбал, “Орано” групп “Зөвхөн 10 хувьд ногдох” ногдол ашгийг оруулна гээд байгаа ч манай тал үүнийг бол “давуу эрхийн хувьцаа” хэлбэрээр байж “Монгол Улсад ногдох өгөөжийг 51 хувиас дээш байхаар урьдчилан тохирсон ногдол ашгийг хуваарилна” гэдэг заалтыг шаардлага тавьж байгаа юм. Мөн Монголын талын үр өгөөжид олон улсын жишгээр тодорхой нэр төрлийн татварыг оруулна гэсэн шаардлагыг тавьсан бол “Орано” группийн талаас “Монголын талын үр өгөөжид бүх төрлийн татвар, төлбөр, хураамжийг оруулна” гэж зүтгэдэг. Түүнчлэн Монголын хүртэх өгөөжийн хэмжээг анхны хөрөнгө оруулалтаас хамаарч бууруулахгүй, төсөл хэрэгжүүлэгчид олгосон 66 сая ам.долларын зээлийг Ораногийн талын хөрөнгө оруулалт болгож хувиргахгүй гэдэг зарчмын саналууд дээр тохиролцоогүй байна.
Орана группийн саналын дагуу зөвхөн 10 хувийн ногдол ашгийг хүртэх нөхцөлд Монголын Засгийн газарт ногдох мөнгөн урсгал ба өгөөжийн хуваарилалт Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасантай нийцэх эсэхийг нягталж тохируулга хийх шаардлагыг ажлын хэсгээс тавьж байгаа аж. Үндсэн хуульд “…байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ногдож байх үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Мөн УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд “Үр өгөөж /татвар, ашиг гэх мэт/-ийн дийлэнх буюу 50-аас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан УИХ хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” хэмээн заажээ.
Тиймээс эдгээр хуулийн заалт, зарчмуудыг давж Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх хэнд ч байхгүй. Нөгөөтэйгүүр зөвхөн энэ гэрээг хийхийн тулд Ораногийн талд найр тавибал одоо хэрэгжиж буй Оюутолгойн гэрээ болон цаашид бусад хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярихад үүнийг жишиг болгож харьцуулахад нь ямар хариулт хэлэх вэ? Тиймээс эхнээсээ Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашгаас өчүүхэн ч хазайхгүй байх зарчмыг тууштай баримтаж буй нь Ажлын хэсгийн зөв болов уу.
Олборлолт, үйлдвэрлэл, технологийн чиглэлийн дэд ажлын хэсэг дээр “Уул уурхайн бүтээгдэхүүнд ураны ислээс гадна бусад дагалдах байгалийн баялаг, ашигт малтмалыг оруулна. Үйлдвэрлэлийн жилийнтөлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэсэн саналууд дээр санал нэгдсэн байна. Харин “Төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван Тусгай зөвшөөрлөөс гадна ирээдүйд шинээр авах тусгай зөвшөөрлүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахгүй. Монгол Улсад ногдох давуу эрхийн хувьцаа /10%/-ийг биржээр арилжих боломжгүй зэрэг дээр тохироогүй аж.
Байгаль орчин, орон нутгийн чиглэлийн дэд ажлын хэсэг дээр хоёр тал тохиролцсон саналууд нь “Байгаль орчны асуудлыг тогтворжуулахгүй”, “Цацраг идэвхт, аюултай хог хаягдлын менежментийг төслийн талбай дээр хэрэгжүүлж, холбогдох зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна”. “Байгаль орчны олон улсын хөндлөнгийн хяналтыг тогтмол хугацаанд хийлгэнэ” гэсэн асуудлууд байна.
Тохироогүй зарчмын саналууд нь “Байгаль орчны аливаа эрсдэлтэй холбоотой хариуцлагын асуудлыг зөвхөн Төсөл хэрэгжүүлэгч бус Хөрөнгө оруулагч давхар хариуцна”. “Үйлдвэрлэлд хэрэглэсэн усыг ашигласан ус гэж үзэх ба ус бохирдуулалтыг газар доорх усны нөөцийн тодорхойхэмжээгээр тооцон холбогдох төлбөрийг авна” гэсэн саналууд дээр тохиролцоогүй байна. Жишээ нь энэ асуудал дээр л гэхэд хөрөнгө оруулагч талаас “Газар доорх битүү хэлхээнд дахин эргэлтэд орж, газарт буцаж гаргасан газрын доорх усыг “ашигласан ус” гэж үзэхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байж жишээтэй. Энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд маш ноцтой, нөгөөтэйгүүр нэг компанид, хөрөнгө оруулагчид тусгайлан, бусдаас өөр зөөлөн шаардлага тавьж олон нийтийн эрх ашгийг хохироож болохгүй билээ.
Тэгэхээр “Ураны үнэ өсч байна, Орано наашир” гэхийн өмнө Монголын Засгийн газрын яасан ч зарчмын хувьд санал нийлэхгүй гэсэн хатуу байр сууринд анхаарлаа нэгэнтээ хандуулна уу.