Шинжлэх ухааны ололтыг өргөн олонд тайлбарлаж ойлгуулах нь амар ажил биш. Хүмүүс бол ердөө л хэрэглэгчид. Телевиз, интернэтийг хэрэглэж сурах нь чухал болохоос биш зурагт, ухаалаг технологи яаж бүтээдгийг ойлгох нь чухал биш. Шинэ ололт нь хэрэгслэл, бодит хэрэгцээ болсон хойно нь л шагшин магтана, харин цаадах механизм, учир шалтгаан, хөдлөх зарчмыг ихэнх хүн огтоос сонирхдоггүй. Тэгээд ч байгалийн шинжлэх ухаан, техник технологийн ололтын нарийн учрыг өргөн олонд ойлгомжтойгоор тайлбарлах нь нөгөө талаасаа тун ээдрээтэй. Учир нь энэ талын анхдагч ойлголтгүй хүнд харьцангуй онол, квант механик, биотехнологи, нанотехнологийн цаад нарийн учрыг хэлж сонирхлыг нь татна гэдэг бараг бололцоогүй зүйл. Заримдаа шинжлэх ухааны нээлт хийх, түүнийгээ хүмүүст тайлбарлаж ойлгуулах хоёрын алин нь хүнд вэ гэсэн асуултад ч тодорхой хариу харагддаггүй.

Гэвч энэ саадыг давж чадсан цөөн хэдэн тохиолдол бий. Эхнийх нь Английн онолын физикч Стивэн Хоукингийн бичсэн Цаг хугацааны товч түүх ном болой. Орчлонгийн үүслийн тухай хамгийн орчин үеийн ойлголтыг багтаасан эл номд саяхан нээгдсэн Их тэсрэлт, хар нүх, харьцангуйн онол, квант механик зэргийг энгийнээр тайлбарлажээ. Хорин жилийн дотор 35 хэлээр орчуулагдаж 10 сая ширхэг борлогдсон энэ номын ид шид нь шинжлэх ухааны ийм төвөгтэй асуудлыг тун энгийн хэлээр хялбарчлан тайлбарласанд оршино. Зөвхөн математик аргачлалаар тооцоолон илрүүлж болдог онолын физикийн салбар ухааны хамгийн сүүлийн ололтыг тайлбарласан энэ бүтээлд E = mc2 гэсэн Эйнштэйний алдартай томьёог нэг удаа л бичжээ. Хэрэв энэ томьёог тавиагүй бол хоёр дахин олон хүн номыг маань унших байсан хэмээн зохиогч наргиа болгосон байдаг.
Цаг хугацааны товч түүх номоор хэд хэдэн баримтат кино хийсэн төдийгүй Нью Йоркийн Метриполитан опера театр дуурь бүтээсэн байна.

Хоукин энэ алдрын оргилд хүрсэн зохиолоо 1988 онд бичсэн бол түүнээс яг хорин жилийн өмнө өөр нэг аугаа эрдэмтэн байгалийн шинжлэх ухааны тун төвөгтэй ч гайхамшигтай нээлтийнхээ тухай энгийнээр тайлбарласан бэстсэллэр ном бүтээсэн юм. Тэр бүтээл таны нүдний өмнө дэлгээтэй байна. Жэймс Ватсон Хос эрчлээс! Энэ бүтээл хорь гаруй хэлээр орчуулагдаж хэдэн сая тоогоор борлогдсон.

Амьд организмын эсийн дотор тодорхой мөчлөгт бүхэллэг хэсэг байгааг аль
XIX зууны сүүлчээр Швейцарын эрдэмтэн Фридрих Мишэр илрүүлэн ялгаж авсан байна. Энэ бодис хүчиллэг шинжтэй тул тэрээр бөөмийн хүчил гэсэн нэр өгсөн. Харин организмд ямар үүрэгтэй болохыг мэдэхгүй явсаар бараг л зуун жил болсон юм. Зарим эрдэмтэд үүнийг удамшил дамжуулагч гэсэн таамаг дэвшүүлж байсан ч олонх нь хүлээж авсангүй. Учир нь хэрэв энэхүү бөөмийн хүчил нь удамшлын код агуулдаг гэж үзэх юм бол харсаар атал дэндүү гэмээр нэгэн төрлийн утаслаг учир тэгэх чадамж боломж үгүй гэж байв. Дэлхийн дайны дараахнаас эрдэмтдийн хийсэн судалгаагаар Деоксирибонуклейн хүчил (ДНХ) гэж нэрлэгдэх болсон өнөөх бөөмийн хүчил нь удамшлын шинж тэмдгийн кодыг агуулж байна гэсэн нотолгоог туршилтаар батлах болов. Кодонд л амьдралын нууц агуулагдаж байгаа. Энэ кодыг хэн тайлж Бурханы сейфийг онгойлгох вэ? Код тайлж чадсан эрдэмтэн хүний түүхэн дэх хамгийн аугаа нээлтийн нэгний эзэн болно. 

Дэлхийн тэргүүлэгч эрдэмтдийн дунд амьдралын нууцыг тайлахаар том өрсөлдөөн буй боллоо. Усанд орох гэж баннд хэвтэнгүүтээ гидростатистикийн тулгуур хуулийг нээгээд гудамжинд “эврика” хэмээн орилж чармай шалдан гүйсэн Архимэдээс хойш 2500 жил өнгөрчээ. Өдгөө Нобелийн шагнал хүртэж буй шинэ нээлт хийгч нэг эрдэмтний ард 40 мянган хүн шууд ба шууд бусаар тусалж, дэмжиж, хамтардаг гэсэн тооцоо байдаг. Янз бүрийн үед их багаар хүчин зүтгэсэн 40 мянган хүний хөдөлмөр бөөгнөрч байж нэг том нээлт болдог гэсэн үг. Шинжлэх ухааны “Нээлт” ганц нүцгэн хүн хэвтдэг баннаас гарч, мянга мянган эрдэмтэн цугларсан, тэрбум тэрбумын өртөгтэй лабораторид шилжсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр нээлт болгон ертөнцийг өөрчлөхгүй. Харин амьдралын нууц кодыг түрүүлж тайлна гэдэг юун яасны чинь нообэль мообэль!? Ийм аугаа нээлт рүү өөрийгөө хүндэтгэдэг судлаач болгон өрсөлдөн зүтгэсэн нь ойлгомжтой.

Дөнгөж 23 настай, тэгээд биохимийн ойлголтгүйгээр барахгүй энэ ухаанд дургүйгээ зарлаж явдаг шувуу судлаач мэргэжилтэй америк залуу энэ том өрсөлдөөнд ороод иржээ. Ухаан нь түүнтэй өрсөлдсөн Полин бол Нобелийн хошой шагналтай, “химийн ухааны хаан” гэсэн албан бус титэмтэй эрхэм шүү дээ. Ватсон хэмээх тэр жаахан залуу Англид ирэн уйгагүй хөөцөлдсөөр Кэмбриж дэх алдарт Кавэндишийн лабораторид оржээ. Тэндээ физикч Криктэй нийлэн баг болж, өөрийгөө дайчлан хэрэгцээтэй бүхнийг богино хугацаанд судлан эцсийн барианд багаараа ялагч болон тодорсон юм. 

Ватсон бүр бага байхдаа “сод хүүхэд” гэсэн тодотголтой, Америк даяар нэвтрүүлэгддэг “Сод жаал” хэмээх радио нэвтрүүлэгт оролцон од болсон нэгэн. Жаал хүү 15 настайдаа Их сургуульд элссэн. Сургуулиа амьтан судлалын мэргэжлээр төгсжээ. Шувуу судлал, биохими хоёр хавьтах юмгүй өөр мэргэшил л дээ. Харин аугаа физикч Эрвин Шрөдингэрийн Амьдрал гэж юу вэ? гэсэн жижигхэн боршуурыг мань залуу уншаад шууд л мэргэжлээ орхин удамшил судлал сонирхох болсон байна. Ингээд амьдралын нууц тайлах өрсөлдөөнд 1953 онд ялагчаар тодорч, амьдралын нууцыг хадгалсан Бурханы сейфинд түлхүүр тааруулсан явдлыг нь баталгаажуулсан Нобелийн шагналын гэрчилгээг түүнд 1962 онд олгожээ.

1968 онд хэвлүүлсэн Хос эрчлээс ном бол Жэймс Ватсоны бас нэг тусдаа түүх. Энэ ном маш их шуугиан тарьсан. Шинжлэх ухааны тавцанд олон эрдэмтэд хэрхэн хайр найргүй өрсөлдөж байсан тухай бичсэн учраас. Яг л тамирчдын хоорондох өрсөлдөөн шиг. Шинжлэх ухаан гэсэн ариун нэр төрийн цаана ямархуу хамтын ажиллагаа болон ширүүн зодоон болдгийг дэлгэн үзүүлсэн учраас. Үүнээс гадна Ватсон бичих туурвих асар их авьяастай нэгэн аж. Тэрээр шинжлэх ухааны гарамгай эрэн хайгч төдийгүй хийснээ тайлбарлах гайхам авьяастай. Зүйрэлбэл Жүзэппэ Вэрди зохиосон дуурийнхаа гол дүрд өөрөө дуулдаг байсантай төстэй юм уу даа. Энэ бүтээлийг уншихад дедектив роман уншиж байгаа юм шиг хөвөрсөн адал явдалтай юм гэж олон уншигч сэтгэгдлээ илэрхийлсэн нь бий. Нөгөөтэйгүүр үйл явдлыг хэт ил задгай өгүүлсэн учир өрсөлдөөнд оролцсон олон эрдэмтний зүгээс гомдол гаргасан. Гэвч урьд нь огт ойлголтгүй бүдэг байсан шинжлэх ухааны төлөөх тулалдааныг сонирхолтойгоор ил болгосон түүнд олон уншигч талархсан билээ.

Энэ зохиолыг миний бие дөч гаруй жилийн өмнө анхлан уншсанаас хойш монгол хэлээр орчуулах юмсан хүсэл өдий хүртэл дотроо тээсээр ирсэн юм. Гэтэл жижигхээн боршуурын хэмжээтэй бэсрэг зохиолыг саяхан Simon & Schuster хэвлэлийн газар дахин хэвлэхдээ асар их тайлбар, ном хэвлэгдсэний дараа үүссэн олон маргаан зэргийг хавсаргаад дээр нь фото зургийн баялаг цуглуулга, баримт бичгээр чимэглэснийг олж үзээд ихэд догдлон олон жилийн мөрөөдлөө биелүүлж орчуулахаар шийдлээ. Номд буй бүх бүх тайлбар, дагалт, баримт зэргийн орчуулгыг миний хань Л.Амарсанаа гүйцэтгэсэн болно. Тэр маань генийн инженер мэргэшилтэй хүн шүү.

Хэдийгээр ДНХ (Хараад байхад ДНК гэж бичих ярих нь түгээмэл байх юм, уг нь “К” гээд байгаа нь “кислота” гэсэн орос үгийн товчлол юм шүү дээ), Ген, хромосом, эс, бөөм, энерги гэх мэт ойлголтын утга, үүрэг ролийг манайд дунд сургуулийн албан сургалтад зааж ойлгуулдаг боловч бүр хачин этгээд байдлаар, заримдаа ид шидийн утгатайгаар тайлбарлах явдал элбэг үзэгдэх юм. Энэ номыг ямар ч мэргэжлийн хүн уншихад уйдахгүйгээс гадна амьдралын нууцын тухай хөөрхөн ойлголттой болоод авна. Ялангуяа хими, биологи, физик, анагаах ухаан, хөдөө аж ахуйн ухаанаар суралцаж буй оюутан залуус уншиж олсон мэдлэгээ бататгахын сацуу шинжлэх ухааны адал явдлыг сонирхоосой гэж хүсэмжилнэ.


БААБАР ёслов

2018.11.01