ТӨГСГӨЛИЙГ ХУРААСАН ХЭМЭЭХ БҮЛЭГ. 

ХОРИН ЁСДҮГЭЭР БҮЛЭГ.


НЭГ:

Язгуурын охин тэнгэр Самукчаяа 

эдгээр шүлгийг айлтган Ялж төгс нөгчсөн түүнчлэн залирсан Бурхан багшийг магтав.


Машид ариун номд оюуны самбааг эрхшээсэн

Муу үйлийн мөрөөс хагацсан оюуныг эрхшээсэн

Сансар, нирвааныг болгоох гэгээрсэн оюуныг эрхшээсэн

Сайтар нэн гэгээрсэн оюуныг эрхшээсэн танд мөргөмү.


Аяа, Аяа Бурхан та хязгааргүй сүр жавхлантай билээ

Аяа, Аяа Бурхан та сүн далай, сүмбэр уул адил билээ

Аяа, Аяа Бурхан таны мэдэхүйн орон хязгааргүй билээ

Удамбар цэцэг адил нэн ховор билээ.


Амьтан бүгдийг дагуулан тэтгэхийн тулд

Алин тэр судрын аймгийн дээд энэ мэтийг номлосон билээ

Аяа, хүний эрхэт наран, Шагжаан эзэн, язгуурын манлай

Аяа, Аяа Түүнчлэн заларсан нигүүлсэнгүй эзэн билээ та.


Амирлангуй, Түүнчлэн заларсан Шагжаан чадагчийн эрхэт

Амгалангийн дээд нирвааны их хотод сайтар оршсон

Асар гүнзгий амирлангуй самади, тоосноос хагацсан

Авралт бурханы явдлын мөн чанар түүнд оршсон билээ.


Хамаг шарвага тэд бүхний бие нь хоосон

Хоёр хөлтний дээд бурхадын орших нь ч хоосон

Хамаг юмс бүгд хоосон болбоос

Хамаг амьтад хоосон чанараас үл хэтэрнэ.


Ямар ч цагт бурханыг дурьдан санах бөлгөө

Ялгуулсан бурханыг эс үзвээс үргэлжид гансрах билээ

Төгссөн бурхан та нарыг аврахын тулд

Цаг үргэлж ерөөл тавихуйд хичээн үйлд.


Байгаа газартаа өвдөг сөхрөн суугаад

Бурханы дүрийг санан машид бясалгана би

Зовлонгоос татагдахын тулд нигүүлсэнгүйгээр дуудтугай

Амгалан заларсныг үзэхээр би машид бясалгана.


Гаслангийн гал хамгийг түлэн бадраах болно

Үзэхийн сэрүүн усыг надад үргэлжид хайрла

Таны лагшингийн дүрсийг би машид үзэн бясалгана

Нигүүлсэхүйн сэрүүн усаар намайг ихэд цэнгүүлэн зохио.


Зовлонгоос татагч та намайг нигүүлсэнгүйгээр авран соёрх

Зүйтэй амирлангуй та дүрээ надад үзүүлэн соёрх

Тэнгэр сэлт амьтдын гагц аврагч нь билээ та

Энэ мэт Шарвага нарын бие нь хоосон бөгөөд


Эгэл амьтан бүгд зүүдний мөн чанартай тул

Огторгуй мэт огторгуйн мөн чанартай

Илбэ, зэрэглээ усанд туссан сар мэт

Итгэлт багш та насан төгөлдөр мөн билээ.


Тэгээд ялж төгс нөхчсөн Бурхан багш суудлаасаа босов. Эсрэнгийн дуугаар зарлиглав. Язгурурын охин тэнгэртээ “Сайн болой. Сайн болой” Та бүгд бас бүгдээрээ “Сайн болой” хэмээн зарлиглав. 

Тэгээд олон нөхөд бурхад тэнгэрүүд ертөнцийг даган баясаад ялж төгс нөхчсөн, түүнчлэн заларсан Бурхан багшийн зарлигийг ихэд магтав. Даган баясав.

Жич: Энэ бүлэгт: Язгуурын охин тэнгэр Самукчаяа, их охин тэнгэр Сарасвати тэргүүтэй тэнгэрийн охид тэд бүгдээрээ. Их охин тэнгэр Шри тэргүүтэй охин тэнгэрийн чуулган бүгд. Вайшравана тэргүүтэй тэнгэрийн хаад тэд бүгд. Бүх нөхөд тэнгэр, хүн, асур, үнэрт идэшт болон орчлон ертөнц бүгд даган баясав. Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн зарлигийг ихэд сайшаан магтав. Бурхан багш Шагжаамуни-гийн бүхий л эрдмийг машид магтах чацуу, өөрсдийн хүсэлийг айлтган соёрхол тавив. Басхүү ерөөл номыг тавьж буй бөлгөө.

Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар төгсөв.