ДӨРӨВ:

Тэгэхэд Махапранада ханхүү, ханхүү Махадева-д өгүүлэв. 

Ямар учраас. Далайн чанадыг хүртэл газар хөдлөнө вэ?

Ямар учрын улмаас нарны гэрэл үүл мэт үгүй болов?

Яагаад энэ бие минь хямарч, хатган тав үгүй болно вэ?

Яг одоо дүү минь өөрийн биеийг тэнгэрт өргөсөн бус уу? хэмээн өгүүлэв.

Махадева өгүүлэв. Хайртай дүү Махасаттва минь ямар мэт нигүүсэх үгийг өгүүлсэн билээ? гээд. Өлсөж зовсон, машид их доройтсан эм барыг тэр харсан даруйд би ихэд сэжиг төрсөн билээ хэмээв. Тэгээд хоёр хөвүүн хамдаа явж эм барын байсан тэр газарт буцаж ирлээ. Тэр газарт тэр хоёрын хайрт дүү Махасаттва-гийн хамаг яс нь тарж бутраад, халуун цус нь газар шороотой холилдож, сэвлэг үс нь зүг бүрт салхинд хийсэн байхыг тэр хоёр үзлээ. Тэр бүгдийг хараад хан хөвгүүд бутарсан ясны дээр тэрийн унав. Хоёр гараа тэнгэр өөд өргөөд харуусал гаслангийн дуугаар тэд хоёул ийн өгүүллээ. 

Эвий хөөрхий дүү минь ээ

Энхрий хүү минь гээд чамайг хайрладаг.

Хаан эцэг, хатан ээждээ бид юуг хэлэх вэ?

Цэцэг адил үр минь хаана байна? гээд асуухад нь бид хоёр юуг хэлэх билээ. 

Аяа бид яаж амьд явах билээ. Юуны учир утга байх билээ. Чи үгүй энэ цагт эцэг эх хоёр минь яахан тэсэх билээ. Яаж биднийг хайрлах билээ хэмээн хан хөвгүүд нигүүсэх их сэтгэлийг барин олон олон уйлан дуулав. Тэр цагт хан хөвгүүдэд бараа бологч нар тэнд ирэв.

Тэр цагт хатан ээж нь зүүдлэв. Хайртай хүүгээсээ хагацахыг харж тэр зүүдлэв. Хоёр хөх нь тасарч, хамаг шүд нь унав гэж тэр зүүдлэв. Тэр хатан хөхөө шувууны гурван хөөрхөн өндөг оллоо гэж бас зүүдлэв. Гэсэн хэдий ч нэг хөөрхөн өндөгийг нь харцага шувуу шүүрч аваад одлоо гэж зүүдлэв. Тэгээд тэр хатан газар ихээр хөдлөх, тэнгэр ихээр дуугарах тэр мөчид нойрноос сэрлээ. Тэрбээр гүн их бодолд дарагдан суулаа.

Газар дэлхий юуны учир ийн их хөдлөв?

Нарны гэрэл үгүй болж, яагаад миний сэтгэл ийн гасланам вэ?

Миний нүдний зовхи татав. Миний хөх тасарлаа гэж би зүүдлэв. Хамаг бүхнээс хайртай миний гурван хөвгүүд минь. Ойн их цэцэрлэгт зугаацахаар явсан юмсан. Сайн байгаа. Яагаа бол? хэмээн бодол болон суув.


ТАВ:

Тэр цагт хатанд түүний шивэгчин нар ирлээ. Тэд хатанд айлтгалаа. 

Их хатан минь болгоон соёрх. Дээдэс хөвгүүд алга болсон байна. Тэдний бараа бологч нар одоо хөвгүүд тэднийг хайж байна хэмээн айлтгалаа. Хатаны зүрх нь чичрэн, нүүр нүд нь нулимсаар дүүрэв. Тэрбээр тэр даруйд хаанд очоод өгүүлэв.

Тэнгэр дээдэс минь. Миний хайрт хөвгүүд минь осолдов хэмээн би зүүдэллээ хэмээн өгүүлэв. Хаан машид ихээр сандрав. Тэр хаан. Юу гэвээ. Аяа би хайрт хөвгүүдээсээ хагацав гэв үү? хэмээн асуугаад. Одоо би үтэр түргэн явсугай. Хайрт хөвгүүдээ эрж хайгаад олох болно. Хатан чи бүү гасланг үйлдэгтүн хэмээн зарлиглав. Хөвгүүдийг эрж олохоор олон хүмүүс бүлэг бүлэг болон одлоо. Төдий их удсангүй хаан хоёр хүүгээ харав. Хаан тэднийг угтан очоод. Хөвгүүд минь ирэвч тэд бүрэн бус байна. Аяа миний энхрийхэн бага хүү минь чи хаана байна? Ямар их гаслан билээ гээд газар сөгдөн унав. 

Аяа үрээсээ хагацах нь ямар их зовлон билээ

Хүүгээ төрхөд хүн ямар их баярлах 

билээ

Хүүгээ алдаж үхүүлсэн би яадаг гэдэг билээ

Амар мэндийг нь харж чадаагүй би яах билээ

Хэмээн хашхиран өгүүллээ. Хатан машид ихээр гашуудавч барагдашгүй ихээр энэлэн шаналан ийн их дууг сонсгов. 

Гурван сайхан үрс минь тэд нар

Цэцгээр дүүрсэн их ойд зугаацсан

Хайрт бага хүү минь чи эргэж ирсэнгүй

Зүрхнээс үнэт үр минь чи хаана байна?

гээд хашгирч дуулан асуулаа. Хоёр ханхүүгийн нүд нулимсаар дүүрэв. Тэд юу ч хэлж чадсангүй. Хатан дахин давтан хашгирлаа. Хайрт үр минь. Чи хаана байна вэ? Би тэсэшгүй. Миний зүрх хагарах нь. Миний ухаан санаа балартав. Өгүүлээч!!!хэмээн хашгиран унав.


ЗУРГАА:

Хан хөвгүүд өвдөг сөгдөв. Тэд ямар учир, юу болсон явдлыг бүгдийг өгүүлэв. Хаан хатан хоёр муужиран унав.

Тэд бүгдээрээ эм бар байсан тэр зүгт энэрэл хайр, харамсал гашуудлын их дуугаар уйлан хайлан гашуудан явцгаалаа. Мах шөрмөс аль ч үгүй хан хүүгийн яс зүг зүгт салхинд хийснэ. Түүний сэвлэг зөөлхөн үс, цус юуг үзсэн хаан хатан хоёулаа салхинд цохиулан унах мод адил хөсөр унав. Түшмэд ноёд бараа бологч илтэд ихэд сандралдан Малаяа уулын зандан модны түрхлэгийг түрхэн хаан хатан хоёрыг сэрүүцүүлэн үйлдэв. Хаан бослоо. Хаан энэрэл хайр нигүүсэх их сэтгэлээр, харуусал гомдлын их дуугаар цурхиран уйлан ийн өгүүлэв.

Аяа. Сэтгэлд энхрийхэн, харахад баясгах хайртай хүү минь ээ

Үхлийн эзний эрхэнд ийм түргэн юуны учир чи очдог билээ

Тэр үхлийн эзэн яагаад надад эхлээд ирсэнгүй билээ

Энэ мэт үүнээс илүү их харгис зовлон гэж хаана байх билээ хэмээн үглэн дуулан өгүүллээ.

Хатан бослоо. Хоёр гараараа үсээ зулгаан, өвчүүгээ дэлдэн хуурай газарт байгаа загас адил газраар үсчин өнхөрч, тугалаа алдсан үхэр мэт, ботгоо үхүүлсэн ингэ адил харамсал, нигүүсэх их сэтгэлээр үглэн уйлан ийн шүлэглэв.

Аяа. Энхрий цэцэг адил үрийг минь

Хэн энэ мэт газраар нэг сэгчин тараав

Нүдэнд дулаахан, сэтгэлд зохистой сар мэт адил миний хүүг

Миний дайсан хэн энэ өдөр, энэ газарт ийн үгүй хийв

Аяа үрээ алдсан миний бие минь юуны тулд эвдэрч салж үл үгүй болном

Зовох зовлон үүнийг үзсэн миний зүрх яагаад цохилож дийлнэм билээ

Тэр зүрх төмөр адил гэж үү

Энэ өдөр миний хөхийг тасдаж, миний шүд миний зүүд нойронд унаж үзэгдэв

Би хөхөөний гурван хөөрхөн өндөг олсон хэдий ч нэгийг нь харцага шүүрсэн гэж зүүдлэв.

Энэ адил. Миний гурван хүүгийн минь нэгийг энэ өдөр үхлийн эзэн авав.

Аяа. Нүгэлт хар зүүд. Түүний үр нь ийн бүтсэн ажээ. ... Тэгээд энэ мэт. Хаан хатан хоёр нигүүсэх их гашуудлаар олон олон үглэн дуулав. Тэгээд хүүгийн үс ясанд тахилын үйлийг үйлдэв. Хан хүүгийн ясыг энэ газарт тавьсан билээ. 

Товчлон хүргэв