“Цагаан алт”-ны хувьсгал
Мал нь байгальд хар зөнгөөрөө бэлчиж, идээшлэж, мал харагч малчид нь дуртай цагтаа хагалж идчихээд, хотын бидэнд махаа борлуулчихаад, тэгснээрээ Монгол Улс хүнс тэжээлтэй, яаж ч зовсон мал нь Монголоо тэжээдэг, авч явдаг гэх хуучирсан ойлголтыг энэхүү “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чанарын шинэ, шал өмнөө түвшинд гаргах учиртай юм.
-Хүнсний хувьсгал дээр нэмэх нь
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөс эшлэе:–Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг суурь баталгаа бол хүн ардын хүнсний хангамж, аюулгүй байдал!
XXI зууны энэ цаг үеийн бодит дуудлага болгож “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн санаачилсан нь чухам цаг үеийн захиалга биз ээ. Чухам энэ цаг үед л (яг одоо) монголчууд дэмжиж, өөрсдөө дэгжиж хөдлөхгүй бол түүхийн өмнөшаарлагдаж үлдэнэ гэсэн миний муу ёрын совин татаад энэхүү нийтлэлээ босгож байна. Гэхдээ муу ёр гэхээсээ миний “дотор хүн” маань сануулах бахдахыг хосуулан буй. Урамшихаар баримт. “Ургацын баяр-2023”-аас би тийм урам зориг авсансан. Үнэн л бол яамай гэхээсээ илүү бахдаж баярласнаа эргэж дурсая.
Нэг тайлбар байна. Монголд Төр толгойлсон өмнөх 5 эрхмийг би муучлах дургүй. Гэхдээ магадгүй одоогийн Ерөнхийлөгч гярхай нүдээр олоод харчихсан, бодлого болгочихсон байхыг үгүйсгэхгүй “хүнсний хувьсгал”, дээр нь “Цагаан алт”-ны хувьсгалыг хөөргөмөөр байна.
Юу хэмээвээс хүнсний төлөө хүн гэх бодгаль тэмцэж, адгаж, алалцаж, ялж өнөөг хүрч гэнээ. Хүн төрөлхтөний 5000 жилийн түүх ил байна. Бүр 10 000 хүртлэх түүхээ ч эргүүлж олж нээх цаг үе нь иржээ. Ганц л үйлс харагдана. Тэр юу вэ, 5000 жилдээ хүн төрөлхтөн ганцхан ажил үйлсийг тасралтгүй хийж иржээ. Ганцхан шүү! Тэр нь хүнс ажгуу. Хүнс хүнсдээ 5000 жилийн турш газартайгаа (ургадаг, ургуулдаг яндашгүй их баялаг) ажиллаж ирсэн түүх л голдуу бичигдсэн байдаг. Мал аж ахуйгаар тэгж цоорлоо, ингэж цоорчээ гэж бичигддэг нь XX зууны Австрали, Шинэ Зеланд (хонины аж ахуйгаар), магадгүй Аргентин (үхрийн махны үйлдвэрлэл), магадгүй Израиль (элсэн цөлийг хөдөө аж ахуйжуулсан) гэсгээд цаашаа нэр заагдсан нь нэг их биш. Лав Монголыг хаа ч нэрлээгүй. Үүнд өнөө цагийн монголчууд дүгнэлт хийх хэрэгтэй.
Хүнийг хэн бүтээсэн тухай шашны асуудал хөндөхгүйгээр хүн хорвоод ирээд хорвоогоос явахдаа өдөр бүр хоол тэжээл хэрэглэдэг (иддэг) амьдралын жам ёсны, бүр биологийн зүй тогтол байна. Гэм нь нүүдлийн мал аж ахуйн хур туршлагатай монголчууд зөвхөн малдаа найдаж ирснээс Монголын өөрийн үндэсний өвөрмөц онцлог, дархлаа, шалгуур гэдгийг тогтоочихоод хүн төрөлхтөний 5000 жилийн хүнсний төлөө тэмцлээс өөрсдийгөө чөлөөлчихөөд явж ирсэн түүх л бидний өв уламжлалд үлдсэн мэт надад санагддаг.
Миний ойлгож байгаагаар, ноён У.Хүрэлсүхийн олж харснаар ХҮНС, ХҮНС, ХҮНС л өнөөгийн Монголд үгүйлэгдэж байна, байх ч болно. Ардчиллын 30 гаруй жилд монголчуудын орхигдуулчихсан нэгэн чухал салбарыг нэрлэчихсэн юм биш үү?
Мал нь байгальд хар зөнгөөрөө бэлчиж, идээшлэж, мал харагч малчид нь дуртай цагтаа хагалж идчихээд, хотын бидэнд махаа борлуулчихаад, тэгснээрээ Монгол Улс хүнс тэжээлтэй, яаж ч зовсон мал нь Монголоо тэжээдэг, авч явдаг гэх хуучирсан ойлголтыг энэхүү “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” чанарын шинэ, шал өмнөө түвшинд гаргах учиртай юм.
ХУВЬСГАЛ эхнээсээ үр дүнгээ өгч эхэлжээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд 175 мянган тонн төмс, 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний хэрэгцээг 100%, хүнсний ногооны 85%-ийг дотоодоос хангах болжээ. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд рекорд тогтоожээ. Нэг жилийн зун, намрын ажлаа дүгнээд дээд рекорд шүү дээ. Үсрээд 6 сарын ажил үйлс. Тэнгэр хангай, хур бороо, Төрийн дэмжлэг ба шахалт, ногоочдын хөдөлмөр бүгд хослоод шүү. Үүнийг жил болгон байнгын ажил үйлс (амьдралын салшгүй хэсэг) болгочиход юу нь болохгүй гэж?
Миний санал: 85%-ийг “100” болгоё, энэ 2024 оныг тэгж уриалаад зүтгүүлье. Талбар ба ажиллах хүчин нь нийслэл, хот, сумдад хальж хахаж байна. Хувийн хашаатай айл болгонд тодорхой хэмжээний тариалалтын захиалга өгөөд намар ургасан хүнсний ногоог нь Төр-засаг худалдан авчихдаг механизм хэвшүүлье! Хөдөлмөрлөсний эцэст орлоготой болно гэсэн итгэлийг нь монголчуудад төрүүлчихвэл бүгд эрхбиш хөдлөж магад. Нийгмийн халамжинд тараадаг асар их мөнгөө (нэг үе халамж 82 төрөл хүрч байсан гэв үү?) иргэдийн гар дээрээс ургуулсан хүнсний ногоог нь худалдан авахад зарцуулчихад л болоод явчих мэт надад санагдаад болдоггүй. Цэргийн ангиуд бүгд хашаатай, хамгаалалттай, хавар цагт заваар нь хашаанд хүнсний ногооны тариалалт хийлгэе! Намар хурааг, зэвсэгт хүчний хэрэгцээний өвлийн идшээ бэлтгээд илүү гарсныг нь Төрдөө борлуулъя. БХЯ, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой, Цагдаа, Засан хүмүүжүүлэх газарт хүнсний ногооны үйлдвэрлэлийн даалгавар өгч байнгын ажил үйлс болгоё! Нийслэлийн зарим дунд сургуулиуд хотын ойролцоо Төв аймагт туслах аж ахуйтай байсан тэр уламжлалыг сэргээе!
Малчдыг хүнсний ногоо тариалуулдаг, тийм аж ахуй эрхэлдэг болгоод бойжуулсан төлөөр нь, хураасан ургацаар нь хослуулан урамшуулдаг болгоё!
Малчдын хувьд өөр нэг том дутагдал бий. Малын толгой, арьс шир, ноос, цувдай, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн хогонд хаягддаг үзэгдэл түгээмэл. Яг үүнийг олж харж мэдэрсэн мэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбар руу явж орохыг илт уриалан дуудлаа. Түүнийг “ЦАГААН АЛТ” хөтөлбөр гэж нэрлэлээ. Малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох их аян эхэллээ. “ЦАГААН АЛТ”-ны хувьсгал гээд би гарчиглаад бүр хүч оруулчихлаа.
Гучин жил нийтээрээ халаглан ярилаа. Социализмын үед зүв зүгээр ажиллаж байсан хөнгөн үйлдвэрүүдийг хувьчлаад замруулсан гэж. Улиг болтол ярьсан сэдвийг ажил үйлс болгохоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачилжээ. Энэ нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах аугаа зорилттой.
Би “аугаа зорилт” гэсэн нь 30 гаруй жил улиг болтол халаглан ярьсныг гэтэлгэх их ажил үйлс гэдэг утгаар хүч оруулж нэрлэсэн хэрэг. Эл хөтөлбөр нь салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулна, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлнэ, техник, технологийн шинэчлэл хийнэ, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нь нэмэгдүүлнэ гээд төсөөлөөд үз л дээ. Хөтөлбөр амжилттай хэрэгжих аваас зөвхөн ноолуурын салбарын борлуулалтын орлого одоогийнхоосоо 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
Нэг үгээр дээр бичсэнүүд бол нэгдүгээрт монголчуудыг газартай ажиллаж сургая, газраа хайрлуулъя, хөрсөө хамгаалуулъя гэсэн уриа тунхаг болно. Хоёрдугаарт малын түүхий эд хаягдахгүй байх, үйлдвэр–малчдын хэлхээ холбоо бэхжих, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо цоо шинээр бүрдэх, энэ чиглэлийн хүний нөөц хөгжихийг хэлээд байгаа хэрэг.
Санаж сэдвэл бүтэхээр барахгүй Монгол Улсыг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн зах зээлд мандуулчихаар олон ажил үйлс нөөцөнд байх шиг!