УИХ-ын олон гишүүн гэнэтийн ашгийн 68 хувийн гэнэтийн ашгийн татварын хуулийг “Фортунагийн охины хууль” гэдэг. Энэ хуулийн санааг охин нь түүнд хэлж өгсөн гэнэ билээ. 2004 оны УИХ-ын сонгуульд АН-аас хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгөх уриатай орж бараг ялсан юм. Уг нь “Фортуна” тэр үед М.Энхсайханыг тэгтлээ үзэн яддаггүй байсан бол, тэр МАХН-ынхантай хуйвалдаж гүйгээгүй бол ялчих л байсан.

Хүүхдийн мөнгө өгөх болохоор МАХН-ынхан тэс хөндлөн хэвтчихээд, эх үүсвэрээ өөрсдөө ол гэдэг байлаа. Тэр үед Н.Батбаяр “Гэнэтийн ашгийн татвар” авах тухай хууль санаачилж энэ эх үүсвэрээс хүүхдийн мөнгө олгох болсон юм. Гэнэтийн ашгийн татварын хуультай зэрэгцэн “Хөгжлийн сангийн хууль” батлагдсан. Гэнэтийн ашгийн татвараас орж ирэх мөнгөнөөс хүүхдэд өгөөд үлдсэнээр нь “Хөгжлийн сан” байгуулах учиртай юм. Овоо мөнгөтэй байсан энэ сангийн сүүлчийн 200 гаруй сая төгрөгийг саяхан болсон банкны хүндрэлийн үеэр банкуудыг аврах нэрээр идээд дуусгачихсан. Одоо “Хөгжлийн сан” гэж байна уу? Харин энэ хуулийг гарсан цагаас нь хойш үйлчлэх боломжгүй болгохын тулд гишүүд бүхнийг хийсэн, тэгээд санасандаа хүрсэн. Одоо л амтай бүхэн ярьж байгаагаас энэ хууль зөвхөн “Эрдэнэт”-д зориулсан хууль болсон юм.

Нүүрснийхэн яаж бултав?

Уг нь анх алт, зэс, нүүрснээс энэ татварыг авах байв. Гэтэл хуулийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дарга Ц.Нямдорж шахаж нүүрснээс авахыг болиулчихсан. Тухайн үед хууль санаачлагчид хуулийг батлахад гарцаагүй шаардлагатай Ц.Нямдоржийн дэмжлэгийг авахын тулд нүүрсийг хасахаас өөр аргагүй боллоо гэж байв. Ц.Нямдоржийн клиент “Чинхуа-МАК”-ын Нямтайширын хүсэлт биеллээ. Уг нь “Монголын Алт Кампани” биш “Монголын Нүүрс Компани” гэж нэрлэх ёстой Зүүнхараагийн Нямтайширын хятадтай хамтарсан компани тэр үед Монголын хамгийн том нүүрс экспортлогч байсан юм. Өмнөд хязгаарын Нарийн сухайтын нүүрсний ордыг “Чинхуа МАК” эзэмшиж байлаа. Тэр үед нүүрсийг Хятадад дэлхийн зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнээр зарж байгааг шүүмжилдэг байсан юм. Дэлхийн зах зээлд тонн нүүрс 125 ам.доллар байхад МАК бас “Таван толгой” /тэр үед УИХ-ын гишүүн байсан “Ажнай” Бат-Эрдэнийх/ нүүрсийг шорооны үнээр буюу 10-25 ам.доллараар зардаг байв. Үүний учрыг “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдланд хэлж байсан юм шүү. “Танай улстөрчид Хятадуудад нүүрсээ хямд өгөх тэнэгүүд биш. Зүгээр л хэт бага үнээр өгсөн гэж тайландаа тусгаж байна. Ингэснээр нэгд орлогоо дарж, татвараас зугтдаг, хоёрт зөрүүг нь шууд бэлнээр авч байна”. Магадгүй ингэж “матаад”  улстөрчдөд нөлөөтэй монгол-хятадын хамтарсан компанийг онцгой татварын хүрээнд оруулснаар хожим цуцлуулах боломжоо олж авна гэж бодсон байж болно. Үнэхээр өнөөдөр нүүрснээс гэнэтийн ашгийн татвар авдаг байсан бол “Таван толгой” хөрөнгө оруулалтын гэрээг бас нэгэн гацаа хүлээж байх учиртай юм.

Гэнэтийн ашгийн хууль батлагдлаа. Шороо байгаад алт болсон нүүрснээс татвар авч чадсангүй, харин хожим Н.Алтанхуяг Сангийн сайд байхдаа олон нийтийн шахалтаар “Чинхуа-МАК” ба Засгийн газрын хооронд хийсэн тогтвортой байдлын гэрээг сунгахдаа тонн тутмыг 65 ам.доллараар зарах болгожээ. Нүүрс бол олборлолтын зардал гэх юмгүй эд. Хөрс хуулаад эксковатораар хутгаад ачна. Түүнийг нь Монголын хилээс ердөө 60 километрт байгаа Өрөмч хүрдэг төмөр замын өртөө рүү машинаар зөөдөг. Нүүрсний ордууд нь бараг хил дээр шахам байдаг. Ямар ч зардалгүй. Ёстой л тонн тутамд 10-25 ам.долларын зардал гарч байсан уу, үгүй юу?  Ингээд нүүрснийхэн хуулийн гадуур үлдлээ.

Оросын гэнэтийн ашгийн татварын эсрэг

Гэнэтийн ашгийн татварын далд эсэргүүцсэн нүүрснийхнээс гадна ил эсэргүүцсэн алтныхан байлаа. Харин зэсийн баяжмал олборлогч  “Эрдэнэт” эсэргүүцэж чадаагүй юм, учир нь “Эрдэнэт” бол улсын үйлдвэр. 49 хувийг нь Оросууд эзэмшдэг тул зэсийн үнийн гэнэтийн өсөлтөөс манайх татвар авбал ашгаас оногдох хувь их өсөх учиртай юм. Нөгөө талаас яг тэр үед ОХУ-д нефть, байгалийн хийн гэнэтийн өсөлтийн татвар хэрэгжиж эхэлсэн юм. Нэгэнт нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг Оросоос авдаг тул энэ нэмэлт их хүнд тусаж байлаа, тиймээс монголчууд хамтарсан үйлдвэртээ ийм татвар оногдуулах нь шударга хэрэг байлаа.

Гэнэтийн ашгийн татвар үнэндээ Оросын татварын хуулбар юм. Гэхдээ энэ хууль татварын систем нь бүрэн боловсронгуй тогтоогүй, улстөрд бизнесийнхний нөлөө хэт ихэссэн, авилга хээл хахууль хэрээс хэтэрсэн улс оронд амжилт авчирдаггүйг манайхан тооцоогүй юм. Оросууд үүнийг мэдэж байсан учраас зөвхөн улсын мэдлийн үйлдвэрүүддээ гэнэтийн ашгийн татвар оногдуулжээ. Монголд ч энэ нь батлагдсан, учир нь өнөөдөр татварыг зөвхөн “Эрдэнэт” л шударгаар төлж байна. Дэлхийн эдийн засагт бага зэрэг сэргэлт ажиглагдахын зэрэгцээ Хятадууд зэс нөөцөлж байгаагаас зэсийн үнэ өсөж байна. Оны эхний хагаст хөгжлийн сангийн мөнгөөрөө тоглочихсон Засгийн газарт энэ өсөлт тус болж гэнэтийн ашгийн татвараар 90 орчим тэрбумын нэмэлт эх үүсвэр орж ирсэнд харин манайхан үрэлгэн цацаж дуусгасан билээ. Эцсийн дүндээ уул уурхай эрчимтэй хөгжиж буй Монгол Улсад энэ татварыг ганцхан “Эрдэнэт” л төлж байна. Татвар авч эхэлснээс 2009 оныг хүртэл “Эрдэнэт” 898 тэрбум гаруй төгрөгийн гэнэтийн ашгийн татвар төлсөн байна. Энэ жил ахиад 100 орчим тэрбум нэмэгдэж орж ирнэ. Нийтдээ нэг триллион төгрөг гэсэн үг. Өөрөөр хууль үйлчлэхээ больжээ.

Алтныхан татвараас яаж зугтав?

Алтын компаниуд тэр үед олборлож буй алтныхаа талаарх мэдээллийг өнөөгийнхөөс хамаагүй бодитой мэдээлдэг байлаа. Үүндээ гэнэдээд дараагийн хагас жил татвараа төлөхөөс өөр аргагүй болсон юм. Гэвч аажимдаа олборлож буй алтных нь хэмжээ багассаар одоо “юу ч олборлодоггүй” шахам болжээ. Харин олборлолт буурсан эсэхийг бид огт өөр тайлангаас харж болно. Алтын компаниудын банкнаас авч буй зээлийн дүн мэдээнээс. Үнэхээр алтын компаниудын алт олборлолт буурсан бол тэд зээлээ авахаа багасгах учиртай. Гэтэл үнэндээ өнгөрсөн оны эцсээр банкууд хүндрэлд орохын өмнө Монголд хамгийн их зээл авдаг компаниуд нь алтны болон барилгын компаниуд л байсан.

Энэ гэнэтийн ашгийн татвараар шалтаглан алтныхан олборлосон алтаа нууцаар, хууль бусаар хил давуулдаг сүлжээ үүсгэсэн байна. Гааль, хилийнхний өмнө ёстой гэнэтийн орлогын үүд нээгдлээ. Энэ татварыг хамгийн хүчтэй эсэргүүцсэн компаниуд бол алтныхан байсан юм. Анх унц алтны үнийг 500 ам.доллараас дээш гарвал татвар авахаар хуульчилсан юм. Тэр үед алт 350 ам.доллар байлаа. Зардал 250 орчим ам.доллар байсан, Тиймээс 500 ам.долларын болго бол ашгаа нугалах үнэ юм. Гэвч  алтныхан тэгж үзээгүй билээ.

Гэнэтийн ашгийн татвар үйлчилж эхэлмэгц алтныхан самгардаж татвараас зугтахын тулд олборлосон алтаа борлуулалгүй банкинд хадгалуулж эхэлсэн юм. Татварыг борлуулалтын дараах ашгаас авах ёстой тул түр ингэж аргацаажээ. Гэтэл дэлхийн зах зээлд алтны үнэ суга өссөнд компаниуд борлуулахаа бодохоос өөр яах билээ? Хэрэв борлуулалт хийхгүй бол эргэлтийн хөрөнгөгүй болно, борлуулчихвал татвар төлнө. Ийм нөхцөлд алтаа хадгалуулчихаад барьцаалж зээл авах боломж бас байсан юм. Тэр үеэр “Монгол банк” алт хадгалдаг болсон. Компаниудын хадгалуулсан алтыг “Монгол банк” далдуур зарж, алтны үнийн зөрүүгээр тоглож эхэлсэнд алтныхны айсан гэж. Хууль гарсаны дараахан Монгол банкинд 20 гаруй тонн алт гэнэт цуглаж байв шүү дээ. Гэвч алт зарах буруу байжээ, хямрал  дамжрах тусам алтны эрэлт ихсэж, үнэ нэмэгдсээр байсан билээ. Хамгийн их алт хадгалуулсан нь “Алтан дорнод Монгол”. Тус компанийн татварын өр өнөөдөр 52 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. Борлуулалт хийлгүй алтаа хадгалуулсан Паушокийн алтны хэмжээг манайхан сайн мэдэж байгаа тул татварыг нь “шударгаар” тооцсоор л байгаа юм.  

Паушок яаж ийгээд алтаа татваргүй мултлахыг оролдсоор байна. Гэтэл тэр алт нь Монгол банкинд бий. Өөрөөр хэлбэл хамаг алтаа Монголчуудад тушаачихсан гэсэн үг. Тэр болоод бусад алтныхан олборлосон алтаа хадгалуулахдаа тун удахгүй гэнэтийн ашгийн татвар цуцлагдана гэж их найдаж байсан юм. Гэвч татвар цуцлагдсангүй, яагаад гэвэл хүүхдийн мөнгөний эх үүсвэр байлаа. Хүүхдийн мөнгийг өгөөгүй нам, Засгийн газрыг ялагдал, уналт л хүлээж байв. Тиймээс татварыг цуцлах санаархал үлгэр болжээ. Тиймээс хамгаа алдаж галзуурч ганирсан Паушок Монгол Улсыг шүүхэд өгч, тэрбум ам.доллар нэхэмжлэн үзэж тарж байна.
Санхүүгийн хямрал эхэлж, хямралын жам ёсоор алтны үнэ өслөө. Алтны үнэ хоёрхон жилд бараг гурав дахин өсч 950 гарлаа. Асар их мөнгөө түгжүүлсэн Паушок хөөрхий. Харин монголын алтны компаниуд бүхий л хүчээ гаргаж, зуу зуун саяар УИХ-ын гишүүдийг лоббидож гарлаа. Ялангуяа банкныхан энэ мөнгөөр УИХ-д олноор орж иржээ. Тэд далдхан, чимээ шуугиангүйхэн татвар авах босгыг 850 ам.долларт хүргэчиxжээ. Хэрэв алтны үнэ буувал УИХ татварын босгоо буулгах болов уу? Ийнхүү “гэнэтийн ашгийг” бас УИХ-ынхан хүртэж байна. Ялангуяа сонгуулийн үеэр алтныхны өгсөн өгөөмөр хандив хэргээ гүйцээж татварын үнийн босгыг хямралын үнийн өсөлттэй сайхан уялдуулж байна.

Харин алтныхан зөвхөн гэнэтийн ашгийн татвараас зугтахдаа дээрээс нь нэмээд бусад олон татвараас зугтдаг болжээ. Жил бүр олборлосон алтны хэмжээ буурч байна. Гэхдээ энэ бол цаасан дээр л буусан хэрэг. Ийнхүү алтныхнаас гэнэтийн ашгийг татвар авна гэдэг үлгэр боллоо.

Үйлчилдэггүй татвар үйлчилж эхлэв

Хэдийгээр онцгой нэгтэй хууль онцгүй үйлчилж байгаа ч энэ хуулиас Монголын төрийнхөн салах дургүй байна. Энэ бол улсад биш юм гэхэд парламентын гишүүдэд “гэнэтийн ашиг” авчирдаг буянтай татвар юм. Хямрал зогсож алтны үнэ буувал алтныхан бас мөнгөө барьж ирээд татварын босгыг буулгахгүй байх, буулгадаг юм гэхэд зүй зохистой хэмжээнд байлгахыг гуйж л таарна. Энэ татвар бол улстөрчдийн “саалийн үнээ” юм.

Яг энэ үеэр “Оюу толгойн гэрээ” парламентад орж ирэв. Жинхэнэ гацаа нь 68 хувийн татвар болов. “Рио Тинто” урьд өмнөх тогтвортой байдлын гэрээнүүд шиг илүү хөнгөлөлт нэхсэнгүй. Өнөөгийн татварын нөхцлөөр гэрээ байгуулъя гэжээ. Харин 68 хувийн татварыг болиулахыг хүслээ. Энэ бол “онцгой” татвар, онцгой нөхцөлд хэрэглэдэг, гэхдээ 4.0 тэрбум ам.доллар оруулах гээд гуйгаад байгаа хөрөнгө оруулагчийг хөөх “онцгой” нөхцөл манайд байхгүй.

УИХ-ынхан энэ бол ирээдүйд олох 18-28 тэрбум ам.доллар гэж ярьж байна. Үнэхээр гэнэтийн ашгийн татварыг шударгаар авдаг байсан бол алтныхнаас бас л чамгүй татвар авах байсан биз дээ? Зөвхөн Паушокоос 52 тэрбумыг авах тооцоотойг бодоход татвар авах алтны үнийн босгыг 500-850 хүртэл өсгөхдөө овоохон мөнгө чөлөөлжээ, манай гишүүд. Гэхдээ алтнаас хэд олохыг тооцох ямар ч боломж алга, алтныхан олборлосон алтныхаа хэмжээг нуудаг болсон учраас тэр.

Манай төрд энэ татварын асуудлаар бууж өгөхгүй байх бас нэг шалтгаан бий. Тэр нь Паушокийн зарга. Хэрэв “Рио Тинто”-той гэрээ байгуулахдаа 68 хувийн татварыг тэглэчихвэл Паушокт тэрбум ам.доллар төлөх болчихоод байна. Учир нь “Алтан дорнод Монгол”-той тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа “Гуравдагч этгээдэд олгосон хөнгөлөлтийг адилхан эдэлнэ” гэсэн заалт оруулсан байжээ. Үүнийхээ дагуу “Алтан дорнод Монгол” гэрээнд зааснаар “Бороо гоулд”-тай адил хөнгөлөлт үзүүлсэнгүй барьцсанаар шүүхэд хандсан. 68 хувийн татвараас чөлөөлөгдсөн “Рио”-той барьцвал бүр баларна л даа. Ингээд мухар гацаанд орчихоод байна.

Нөгөө талд “Рио тинто” энэ татварыг зөвшөөрвөл ганцхан монголыг тонож байсан Паушок биш тул олборлолт эрхэлж байгаа 38 орон яг Монгол шиг татвар бодож олоод мөнгө нэхэхээс болгоомжилж байгаа билээ. Ийнхүү огт үйлчилдэггүй татвар гэв гэнэт үйлчилж эхэлсэн юм. Үйлчлэхдээ хөрөнгө оруулалтын гэрээг гацааж үйлчилсэн юм. Харин энэ гацаа нь алтныхнаас өгдөг шиг ашиг гишүүдэд өгөхгүй байх аа.

Зэс хайлах үйлдвэрийн сураг

Оюу толгойгоос эцсийн бүтээгдэхүүн /зэс/ гаргахад энэ хууль тустай гэж мэтгэгсэд байна. Бас энэ хуулиар асар их мөнгө төлүүлж аваад 34 хувиа худалдаад авчихъя гэж бодож гишүүд ч байна. Гэвч 68 хувийн татварыг “Рио” хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс болоод гэрээ таг гацсан.

Харин “Рио Тинто”-той хэлэлцээр хийсэн Засгийн газрын гишүүд хуулийг 2011 он хүртэл мөрдөх, бас зэс хайлах үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрч чаджээ. Хэрэв 68-ын гацаа ингээд тайлагдчихдаг бол бас яая гэхэв. Үндсэндээ татварын орчны цорын ганц гацаа боломжийн хувилбараар тайлагдлаа.

66 хувийн гацаа

Одоо цаана нь 66 хувийн гацаа бий. МАХН-ын бүлэг ээлжит бус чуулганаас зугтсаар гарцаагүй гэрээ хэлэлцэх болмогц хуйвалдаанаа эхэлжээ. Өмнө нь УИХ-ын 66 хувийн саналаар Засгийн газар огцрох, гэрээ унах нөхцөл тулгасан ч энэ урхинаас нь Засгийн газар мултарчээ. Одоо УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Гэхдээ гэрээ байгуулахад шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдтэй зэрэгцэн Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн илтгэлийг сонсох тав дахь заалт орж ирсэн байна. Яагаад заавал үүнийг гэрээтэй зэрэгцүүлэн сонсох ёстой гэж? Намрын чуулганаар болохгүй юу? Засгийн газар 8 дугаар сарын 10-нд ээлжит бус хурал зарлуулах санал тавьмагц зөрүүлээд хямралын эсрэг төлөвлөгөөг хэлэлцэх шахаа хийж байв. Бүр МҮХАҮТ хүртэл мэдэгдэл гаргаж шахсны эцэст тавдугаар асуудал орж иржээ. Үүнд урхи байж болзошгүй байна.

Гэрээ орж ирмэгц асуудлыг бүлэгтээ татаж хэлэлцэх шийдийг МАХН-ынхан гаргалаа. Эдийн засгийн байнгын байнгын хороо илтгэл сонссоны дараа Засгийн газар хангалтгүй ажилласан буюу огт ажиллагаагүй гэж үзэх магадлал бий. Энэ бол бодат дүгнэлт биш, тэгэх ёстой учраас ингэж байгаа юм. Үүний учир нь хямралын эсрэг ажиллаж чадаагүй Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг бүлэг дээрээ хэлэлцэж эхлэх санаархал бас бий юм.

Мөн яаж ийгээд гэрээг зургаан сар орчим хугацаагаар хойшлуулахыг оролдож болзошгүй байна. Аль хавар Засгийн газрын оруулсан “хямралын эсрэг” төлөвлөгөөний заалтуудыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Төлөвлөгөөг нь батлаад өгчихье, гэхдээ зургаан сарын дараа /намрын чуулган нээгдэх үед/ ажиллаж чадаагүй бол хатуухан хариуцлага тооцно шүү” гэж анхааруулж байсан. Энэ номоор болбол хатуухан юм сонсож магадгүй байна, Засгийн газар.  

Монгол банк, сангийн яамны илтгэлийг сонсоод муу ажилласан гэж дүгнэх юм бол нэг бол Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар наад зах нь бүлэг дээр санал хурааж болзошгүй, эсвэл Засгийн газрыг огцруулах гэж шахна, бүр наанадахад Сангийн сайдыг солих хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгаж магадгүй гэх таамаг байна. Үүний дээрээс гэв гэнэт гаднаас  УИХ-ын гишүүдэд хаягласан захидал ирж болзошгүй юм. Риог хөө, Айвенхоуг зайлуул, бид өөрсдөө ашиглана, шулуулахгүй… гэх мэт. Бүр аргаа барвал “ард түмний санал болгосон” энэ захидлын утгыг харгалзан үзээд гэрээг хойшлуулж болохгүй гэж үү? Харж л байя.