Жил бүр очиж үзээгүй газраа зорих тун сайн гэж Далай лам сургамжилжээ. Тэр дагуу өнгөрөгч найман сард гурван айл хоёр машинд ачаалж аваад алс баруун хязгаарыг зоривоо. Энд ямар нэгэн үйл явдал, адал явдлын араас хөөцөлдөх, сурвалжлах, за тэгээд ан гөрөө эргүүлэх, ашигт малтмал тандах зэргээс ангид зүгээр л жирийн амрагч нарын замаар мөрөөрөө яваад ирсугай гэцгээсэн юм. Тийм болохоор  замаас  хазайлгүй “Зандан зуугийн замаар яваад л байв. Яваад л байв…”
Замд нэг зурам гозойхоос өөр амьтан ч гэж бараг байхгүй болждээ. Эхлээд Эрдэнэзуу хийдийн туурины ойролцоо хоноглов. Орхон голыг дагаад отго майхан олширчээ. Маний өрөөсөн амрагчдаас гадна тэнэмэл жуулчид  явганаар, дугуйгаар зарим нь морь сарлаг хүртэл хөлөглөн сажилцгаана. Нөгөө “Үүргэвчтэй аялал” гээч нь бололтой. Нэг үеэ бодвол манай хөдөөнийхөн англи хэлтэй шар толгойтой хүмүүсийг хараад хөл алддаг байсан нь эрс татраа юу даа. Арга ч үгүй биз. Дандаа царай алдсан мөнгөндөө татганасан, тэгсэн мөртлөө үнэгүйгээр идэж уух, хоноглох гэсэн болгонд дуртай хэн байх вэ. Манай сайн эрчүүд эзгүй газар таараад үүргэвчийг нь нэгжихээр оймс хөнжил гудасханаас өөр шальтай зүйл гарахгүй байна гэчихжээ.
Эртний Монголын нийслэл байсан Хархорумд үзээд байх, үзүүлээд байх юм юу ч байхгүй. “Энд юу үзүүлэх гэж намайг 400 гаран километр хол машинаар сэгсчүүлэвдээ” гэж гадаадын жуулчин гомдсон гэдэг. Орхон голын уужим тавиу хөндийг харж байхад хэрэв энд Улаанбаатар хот байсан бол ямартай ч газрын хэрүүл болохгүй байждээ гэж бодогдоно. Манай өвөг дээдэс хот суурин газрыг ёстой л их гүрний дайтай сэтгэж олж барьж байсан байх юм. Дөрвөн ууланд хашигдаж “утаатай гэр, унгастай хөнжил” болчихсон Улаанбаатар энд байсан өнөөгийн Монгол орны яг төв тэгээд задгай агаартай тэгш тавиу ийм нутагт бүгдээрээ ирсэн ч болохоор ажээ. Социализмийн үед барьж байгуулсан аймаг сумын төвүүдийг одоо харж байхад шорон гянданг л ийм орчинд товлодог болов уу гэмээр хамгийн муу сонголтыг хийсэн харагддаг. Шинэ сууринг зааж өгсөн тухайн үеийн газрын мэрэгжилтэн гэж  нэг нөхөр байхаар барахгүй өөрийгөө гавьяа байгуулчихлаа гэж бодож явсан байхдаа. Олон хүний мэдэх жишээ хэлэхэд Богд уулын өвөр дэхь эртний Манзушир хийд ямар гоё байгаль дунд баригдсан хийгээд одооны Зуунмод хотын хүйтэн цэвдэг хөндий хоёрт арай ч дээ гэмээр харьцуулалт харагддаг.
Бид Орхоны гүүрний дээхнэ хоноглох газар хайж  сүүлдээ орчин тойрон дахь элдэв хог новшийг зайчлан майхнаа босгосон юм. Нэг отго ирээд явахдаа элдэв лааз, гялгар уут, яс, шил хөглөрүүлж үнэр танар ханхалуулдаг аж. Олон муухай үнэр дотроос хүний араншингийн увайгүй төрх гойд мэдрэгдэнэ. Байгаль орчинд сэтгэлгүй хандаад байхаар лус савдаг нүүрээ буруулж ган зудаар хариу балбах нь аргагүй юм уудаа.
Энд нэг сонирхолтой юм бол Хархорин ба Элсэн тасархай хавийн айлуудыг аль аймгийнхыг ялгахад бэрх. Аймгийн төв одоо хэд вэ гэхэд дөрвөн гэр гуанзны эзэн дөрвөн өөр тоо хэлж билээ. Нэг нь Булганаа гэж бодсон байхад бусад нь Ар,Өвөрхангай, Төв аймаг очих замыг сурлаа хэмээн ойлгожээ. Төв халхын яг энүүхэн орчинд аж төрдөг иргэдийн нутаг дундуур дөрвөн аймгийн найман сумын хилийн дэс татаж салгаж орхисон юм билээ.
Манай аялалын баруун зүг явах маршрутын эцсийн цэг Увсын Бөхмөрөн орох зорилготой. Ерөнхий төлөвлөгөө бол аливаа хот суурин газар хонолгүй хөдөө эрүүл агаарт хонож өнжөөд тааваараа явцгаая гэж тохирцогоосон юм. Тийм болохоор Архангай аймгийг хүүхдүүддээ “За нэг иймэрхүү газар байдаг юм. Дэлгүүр хоршоо энэ тэр нь хотоос ялгаатай юм ер байхгүй. Харин тэр хойд энгэрт байгаа элгэн хадтай уулыг Булган гэдэг. Монголд Булган нэртэй газар аймаг бүрт бий. Тэрний л нэг. Харин энэ уулын хавьцаа Цогт тайж киноны зарим зургийг авсан гэцгээдэг” гэж явуут дундаа товчхон “гаидлаад” алдарт Цагаан даваа өгсөв. Бидний замд монголын алдартай гурван даваа таарах бөгөөд эхнийх нь энэ, тэгээд Солонгот, Улаан буюу Улаан зуухыг давна гэж зөндөө ярьсан юм.  Сүн гээд л даваан дээр гартал хүүхдүүд “Өө нөгөө сүртэй яриад байсан даваа чинь энэ үү” гээд огт тоох янзгүй байна.
-Одооны хүүхдүүд зурагт харсаар байгаад баргийн юм мэдрэхээ больчихсон, бодит байдал дээр айдас хажууд байгааг ялгах чадамжгүй болчихсон. Яахав дээ Цагаан давааг засах болгондоо оройг нь хусаж намсгаад улам л тохижуулж байгаа нь үнэн.Гэвч хол замд яваа туршлагатай жолооч нар одоо ч басдаггүй юм. Энэ даваанд олон хүн амь насаа алдаж, өчнөөн машин тэрэг онхолдсон  гашуун түүх их бий. Тийм болохоор зовсон тарчилсан хүмүүсийн гаслант инерги цэнэг нэвт шингээстэй байдаг. Мухар сүсгээр яривал гүйдэлтэй гэж ч болно.
 За нэг иймэрхүү юм ярьж байж хүүхдийнхээ бардам амыг хааж далимд нь өөрөө мундаг жолоо барьж том даваа давж байгаа дүрийг бүтээв. Харин хариуд нь “Аавд мэдэрээмж баинн” гэсэн хочтой хоцров. Бас нэг дэмий номлолыг замын турш хэрэгжүүлж явав. Жижиг гүвээ болгон овоотой. Овоо болгон цэнхэр хадагтай.Тэрний хажуугаар машинаар зогсохгүй өнгөрөх аваас гурвантай чигнаалддаг эртний заншил бий.[Эртний заншил одооны машин хоёр л тохирч өгөхгүй байгаа юм] Жолооч чигнаалдах бүрийд дотор нь суугаа хүн бүр баруун хөлөө зэрэг өргөх ёстой. Машин дийд дийд дийд хөл ярс ярс.
Тээр жил Цагаан давааны араас чиргүүлтэй машинтай өгсөж яваад юмаа хулгайд алдаж билээ. Ачаатай машин даваа өгсөхдөө явган хүнээс удаан хүчилж зүтгэдэг. Тэр хэсэгт модонд бүгсэн хулгайч нар машин дээр авиран гарч дээр нь байсан  хонины нэхий, гулуузалсан мах зэргийг хонхойтол нь буулгаад авчихсан юмдаг. Даваа даваад жаахан уруудахад өмнөөс Тамирын гол цэлэлзэж, Тамир сум тааралдана. Тамир сумын доохно Тайхар чулуу харагдана.Сумын төв төлөвлөлтийн жишээ дахиад л санаанд бууна. Их Тамир сумыг хэдхэн километр шилжүүлээд л энэ содон байцны хажууд төвхнүүлсэн бол гоо зүйн талаасаа ч харж хамгаалах утгаараа ч зөв шийдэл байх байсан. Маш эртний үүх түүх домог болсон Тайхар чулуун дээр Оросын барилгын трест хүртэл давхиж очоод эзгүйчилж, кранаар дүүжлэгдэн нэр усаа бичиж галзуурсан байгаа юмдаа. Одоо энд ярайтал бичсэн бүх бичээсийг хусаж хаян эртний сүг зураг сийлбэрийг мэрэгжлийн хүнээр сэргээн засварлаж, болохгүй бол шинээр эртний юм шиг дүр төрхийг бий болгомоор юм билээ. Тайхарыг гадна дотны хүнд харуулахын эцэсгүй, дэргэд нь зургаа авхуулахад эвгүй болгочихсон. Олон жил шоронгоор явсан хүний бие л нэг тийм битүү шивээстэй байдаг. Манай аялал жуулчлалынхан сэтгэхгүй юм. Яг тайхарыг дууриалгасан жижигхэн сувенир цутгаад түлхүүрийн оосор, хонх, тавга, заан хийгээд зарахад мөнгө шүүдээ.
Энэнээс цааш Хангайн нурууны арын сайхан байгалын үзэсгэлэнт нутгаар ягуухан явж анх ийшээ яваа хүнд гайхал төрүүлмээр Чулуутын гол хүрэв. Нутгийнхан болон замын улс шүтэн мөргөдөг “Зуун салаа” модонд очиход идээ будаа ярайж, багсайтал хадаг уяжээ. Хадаг хэмээх энэ цэнхэр даавуунаас бурхан аль эрт уйдсан гэж хашир лам нар хэлдэг юм билээ. Үнэн худлыг мохоохоос өмнө юутай ч байгальд хог болж, хүний нэхэх нь ихсэж хариу тус нь алсарсан харьцаа харагдана. Хүн бүр л хямдхан олддог алд хадагныхаа хойноос сарвайсан бүхнээ нэхэх нь санаа зовмоор ч юм шиг. Хэрэв “зуун салаа” манай багийнхны хүссэн болгоныг газар дээр нь шийддэг бол хоёр умгар машины даац яавч хүрэшгүй. Хамгийн бага жуулчины маань хүсээд байгаа зайрмаг, чихэр нь гэхэд л “тогоо дүүргэчих” бололтойдог. Удган модны орчинд гөрөөлдөг шувуунууд хүний бараанаар дэрхийн нисмэгц удтал хоригдсон хэдэн зурам  хонгилоос цухуйдаг. Хүн бүр тэднийг өхөөрдөн боорцог талхны хэлтэрхий өгөхөд бондойтол идэж аваад нүх рүүгээ орцгооно. Дараагийн гийчин иртэл шувуунаас айж бүгнэ. Буянтны буянд хэрээ зурам хоёр одоохондоо арай л эвлэрээгүй байна.Магадгүй дахиад нэг ирэхэд хүүхэлдэйн кино шиг хамтдаа найз болчихсон зэрэгцээд сууж байхад гайхах юмгүй.
Тэрхийн цагаан нуурын хойдтоох унтарсан галт уул Хорго дээр ирэхэд нэгэн бүсгүй сайн дураараа гаид хийн домог үлгэр ярьж өгч “Тэр их цагаан нуур гэдэг байсан. Нууранд сүү хийсэн.Тэгээд цагаан болсон. Нэгэн шар нохойг тамлаж алсан…” гэх зэрэг үлгэр домог ярьж өгсөн нь хүүхдүүдэд тун таалагдав. Домог яриа уйдсан улсын зугааг гаргаж цааш тааралдах уул ус болгоныг “үүнийг яагаад ингэж нэрлэх болсийм” гэдэг завхарсан асуултад хариу хэлэх ажилтай боллоо. Зам зуурх уул усны нэрсийг газрын зурагнаас сэмээрхэн харж тогтоогоод “За энэ чинь ийм учиртай уул юмаа…” гээд овоо гайгүй явж байтал  баригдчихлаа. Явуулын хүнээс мэдэмхий царайлан “Одоо энэ Мэргэн хөтөл даваад л Тэлмэн нуур руу орчихдог байхаа…” гээд аваад хаятал  “ Манай энд тийм газар ерөөсөө байдаггүй шүүдээ . Энийг болохоор тийм даваа. Аа энэ нь бол ийм нуур. Та нар чинь арай төөрөөд явж байгаа улс биш бээз…” гэдэг байна шүү. Сүүлд харахнээ нөгөө муу газрын зурган дээр түмэн алдаа байдгийг явж байж мэдсэн шүү.
Солонгот даваад цаашаагаа Увс,Баян-Өлгий, Завхан гээд томоохон аймгуудыг дамнах гол зам гэхэд шөнө явбал төөрч будилахаар баримжаагүй. Мэдээж нутгийнханд бол яваад сурчихсан болохоор анзаарагддаггүй байх. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэн нэгэн явж таарна. Цаг агаар муу үе ч таардаг. Замд гадны байтугай нутгийн хүн хүртэл төөрөөд осгодог тохиолдол олон бий. Тийм үед замын хажуу дахь километрийн заалт, уул усны нэр аминд орж ,ядаж багцаа гаргадаг. Манай хөдөөгийн аль ч замд тэмдэглэгээ байхгүй. Энэ тухай хүмүүс ярилцах нь зарим газар төмөр шон босгоод дугуй хаяг хадчихаар ойр орчны айлууд нь мултлаад авчихдаг гэнэ. Дугуй нимгэн төмөр нь буузны дажгүй жигнүүр болохоос гадна төмөр шонд морио уяах, хонины хашаагаа бэхлэх зэргээр хэн нэгэнд хэрэг болдог аж. Тэдэнд тийм бэлдэж байхгүйн тулд чулуун дээр сийлээд тавивал яадаг юм. Төр засгаас бүр компанит ажил болгон дэмжих, эсвэл хэн нэгэн сайн санаат нөхөр хөдөлгөөн өрнүүлж, тендер мээндэр зарлаж байгаад нийт орон нутгаа чулуун хаягжуулалт хийвэл  их буян болно доо. Авдрант дахь хорих анги ч ажилтай болох вий. Хүмүүс нутгаа орхин наашаа маш их нүүж байна. Зарим газар эзгүйрч байх шиг. Уул усны нэр мартагдахвийдээ. Ялангуяа баруун аймагт.  Дараагийн хүмүүс ирээд “ Аксакал Султанбек”-ийн хөндий гэдгийм гэхэд бишээ гэх хүн олдохоо байвал яана. Дараагийн ирж амьдрах хүмүүст зориулж гүвээ жалга бүрийн нэрийг хөшөө хэлбэрээр сийлж  орхиорой гэмээр.
Тарвагтайн нурууны дархан газарт дөхөөд ирэхийн алдад тэндхийн хүүхдүүд сарвайсан тарвагны боодог барин тосч авчихаачдээ хэмээн явуулахгүй хоргооно. Уг нь газар нь ч дархлаастай, тарвага нь ч хориостой гэдэгсэн билүү. Хууль гууль болж бүр цагаандаа гарчихсан байгааг тоож байгаа хүн алга. Завханд бол тарвага байгаа л юм байна даа зайлуул гэж дүгнэв. Хоолны жийрэг болгож идсээн идсэн. Завханы Сонгино гэдэг суманд ирэхэд тэндхийн суурингийнхан энэ зуунд цахилгаан тогтмол хэрэглэж үзээгүй байх юм. Уг нь зам газар шүүдээ. Сумын төвийн урд талд цэргийн анги байх агаад байшингийн дээвэр дээр лакатарийн антени тасралтгүй эргэлдэж агаарын харуул хийж байгаа бололтой юм. Харуул хийх газар нь тэгж таарсан юм болов уудаа. Тэр цэргийн ангийн нүсэр технологийг ажиллуулах гэж томоохон дизель мотор тавьчихсан ажиллуулах атлаа цахилгааны хаялга сумын айлуудад падлийгүй. Цэрэг ард хоёр тохироод айлууд хөргөгчөө гадна нь залгаад орхивол элбэг хүрэлцэх тог гаргадаг гэсэн. Даанч тийм дүрэм байхгүй. Тэгсэн атлаа дархан газраас тарвага агнахыг хэн ч хорихгүй. Сонин л Сонгино  юм билээ.
Зам зуурх тосгод балгадыг хараад байхад хог новшгүй маш цэвэрхэн, хөдөлгөөн багатай аниргүй тийм газар болгон цаагуураа амьдрал доройтсон ажилгүйдэл нүүрэлсэн байх юм. Харин гахай тахиа орилсон, ногоо тарьсан, тэр нь зэрлэгэндээ баригдсан дуу хуур болсон газарт амьдрал буцалж утаа уугиж хөгжил түрхрэх чимээ сонсогдоно. Одоо манай Улаанбаатар хот бол нэг тийм нүргэлсэн өнгөндөө орчихсон газар юм байна. Орчин цагийн хүний амьдралд бас нэг талаараа ийм утаа униар, хөглөрсөн новширсон байдал өөриймсөг санагдах болж. Цэмцийсэн гаднаа түлээ ч үгүй айлд ороход цайгүй тун уйтай хүмүүс элгээ эвхэн дуугүй сууна. Увс орох замд тийм нэгэн айлд ороод олигтой мэндэлж чадалгүй бараг зугтах шахам гарсан билээ. Говьд хэсэг уран бүтээлчид нэг  эмгэнийд  ороод буцалгасан цайнаас нь уутал цэв хүйтэн байсан гэдэг домог шиг яриа байдаг. Тэр санаанд ороод айх шиг жихүүцсэн билээ
Баруун зүг явсан хүмүүсийн үдэлж саатах дуртай газрын нэг бол Хяргас нуур байдаг. Эндхийн хөдөөний гэрүүд хаяагаа шуудаггүй. Оронд нь туургаа оноотой юбка шиг болгож гэрийнхээ ард хавьцаа бяцхан ярж цаанаас тэрэм нь [хана гэхийг энд ингэж хэлдэг. Тэрмэс гэхээр хананууд  гэсэн утгатай. Хартэрмэс уулыг тун оновчтой нэрлэсэн харагдана.сурв] ярайн харагдана. Нуурын эрэг хөвөө гадаад далайгаас онцын ялгаагүй. Торгон зөөлөн элсэн дээр Хяргасын намуухан давалгаа мяралзан усанд нь умбахад  бүлээхэн. Энд Хар тэрмэсийн амралт сувилал рашаан бий. Гэхдээ энд усаар аялах моторт завь байхгүй. Усанд умбахаас өөр аялж зугаалах газаргүй. Харин нуурын усанд булхах нь хүний эрүүл мэндэд тустай бас хойт энгэрт байгаа жижигхэн горхиноос тосч уувал хүний биеийн өвчнийг анагаах хүчин чадалтай олон төрлийн рашаан бий гэлцдэг. Рашаанчид түрүүчээсээ ирсэн байсан. Хадтай энгэрээс булаг дусагнан урсаж, ундрага болгон дээр нь цорго тавьж дээр нь ярьлик хадсан байсан. Элэг бөр зүрх нүд шүд гээд бараг бүх эрхтэнг эдгээхэд зориулагдсан рашаанууд нэг дороос  оргилж байх юм. Нэгдсэн эмнэлэг эмийн сантайгаа хамт  байгаа юм шиг.
“Нүдэнд сайн” гэдэг дээр нь очиход бүр баруун нүд, зүүн нүд гээд ангилчихаж. Амталгаа нь адилхан л юм шиг. Солиод уучихвал бүр таг сохорчих болов уу гэж нутгийн хүнээс асуухад зүгээрээ л гэж байна л.
Манайхан сэжигээр өвчилж, сүжгээр эдгэдэг хойно доо. Уг рашааны ид шидийн дооз тунг арай хэтрүүлж, төрөл жанрыг олшруулсан нь үнэмшил муутай болгожээ. Хаанахын ч ялгаагүй ус болгон өөрийн гэсэн анагаах увьдистай дотоод ертөнцтэйг шинжлэх ухаан нотлоод байгаа.
Тэгэхээр Хар тэрмэсийн рашаанд сайтар шүншиглэвээс өвчин зовлонг нимгэрүүлэх хүчин чадал байлгүй яахав.
 Хүүхдүүд маань нөгөө рашаанаас эрхтэн тус бүртээ зориулж ундааны саваар дүүргэн базааж авав. За даа бараг мөнхөрхөөр шахуу болж юу л өвдөнө тэрэнд зориулсан усаа уугаад л явдаг болох нь дээ гээд шоолонгүй харж байв. Тэгээд замд нэлээн явж байгаад  “Аавын чинь бөөр өвдөөд байна. Нөгөө рашаанаасаа нэг балгуулаач “ гэж сорьж үзэв. Мань эрүүд бужигналдаад явчихав. Тэгсэн адилхан нийлэг  саванд  рашаануудаа хийгээд байсан болохоос дээр нь ярьлик тэмдэглэгээ хийхээ мартчихжээ. “Бөөрнийх энэ билүү.Бишээ биш наадах чинь зүрх байсан санагдана.Алив амталж үзье…Бүгдээрээ л адилхан давс амтагдаж байна…” гэж гэмшиж барайцгаав. Эндээс үүдэн аливаа юманд хариуцлагтай хандах хийгээд усны тухай мэдэх хэмжээгээрээ “лекцилж” өгөв. Хар тэрмэсийн рашаан тэгс гээд машины бүхээгнээс сэм алга болчихсон байсан. Уусан уу асгасан уу. Энэ талаар асууж сураглах хүн гараагүйг бодоход ямар нэг далд ажиллагаа хийгдсэн дэгээ.
Наранбулаг гээд Улаангомыг чиглэх замд хангай нутаг аль хэдийн зүүнтэй хоцорч их нууруудын хотгор гэх говь цөл үргэлжиллээ. Ихэнх хүүхдүүд говь гэхээр Өмнөговь, Дорноговь зэрэг урагшаа л байдаг гэж боддог юм байна. Увс бас л үзэсгэлэнт байгальтай нутаг. Элсэн манхан дундуур далай тэнгис зэргэлээтэй холилдон цэлэлзэж тэртэйд Хархираа Түргэний уулс цас мөстэйгээ тэнгэр өөд цоонон зурагаа зураг. Царайны сайхнаар цай сүлэх бишдээ гэдэг шиг зурган дээр амьдарахгүйгээс хойш замд зөрөөд нүүх л юм даа. Зүүн тийш уртын урт аянд шуударсан бололтой ачааны тэргэнүүд өөдөөс угтана. Тооныг нь тоолоход нэг машинд гурав дөрвөн айл ачаалдаг болтой юм. Ачаан дээрээс нь шоволзох  хүүхдүүд маш баяртай яваа харагдана. Хожим хот орон гадаад дотоодод амьдраад нас дээр гарахын цагт Увсын цэнхэр хязгаараа дурсдаг болов уу мартдаг болов уу. Үзээгүй болохоор  мэдэхгүй юм даа.
Эзгүй газар юун хөл хөдөлгөөн болчихов гэмээр тоос шороо бужигнасан , их хөлийн газар болох Улаангом ороод явчихав. Хэдүүлээ төр нийгмийн зүтгэлтнүүд сонгуульд оролцохоор ирж байгаа аятай  шууд төв талбайг нь зорьж Бал даргын хөшөөний өмнө зураг хөргөө татуулцгаав. Арай л цэцэг өргөсөнгүй. Зарим нэг маань утас шөрмөсөө нээж “Өө Увсад явж байна” гэж гайхуулах өнгөө эвтэйхэн хавчуулж яриад авч ч байх шиг. Лагаа лаг. Бас арга ч үгүй юмаа. Улаангом орох Бээжин явах хоёр чинь бараг үндсэндээ адилхан зайтай байсан шүү. Эндээс машин тэргээ сайтар шалгаж бага саг эвдрэл гэмтлээ үзэж харж  амс хийхээр болов. Аймгийн төвийн хойд захад ногоо тарьдаг айлын хаяа бараадаж таримал моддын дунд тухалж хоноод өглөө нь манай эцсийн дайралт буюу Бөхмөрөн гэдэг сумыг баримтлан ганийж өглөө.



Бидний давах учиртай гурав дахь том даваа бол Улаан даваа. Хавцал өгсөн зүтгэж зүтгэж дээр нь гараад харахад Хархираагийн нуруун дээр гарчихсан юм шиг сүрлэг. Тээр тэнд Цагаан дэглий уулын оргил үүлэн дунд мөнх цасаа гялбуулан цайвалзах нь ертөнцийн орой мэт. Улаандавааг Улаан зуухтай нь угсаруулан давж аваад хязгааргүй уруу руу яваад л байх юм. Бараг доошоо ойчиж байгаа юм шиг. Монголын баруун хязгаар биш хэтрээд ертөнцийн захад  дөхөж байгаа мэт. Буцаад Төв халх нутаг руугаа очиж чаддаг л байгаадаа гэж бодохоос айдас төрнө. Жаргаж байгаа нарны доогуур хүн мал харагдахгүй эл хуль. Дахиад л нуур, мөнх цаст уул. Үүрэг нуур гэдэг чинь маш том бөгөөд үзэсгэлэнтэй газар гээд тайлбарлах гэтэл бүгд яваан дундаа гүн нойронд автжээ. Салаа зам дээр ирээд замын хүнээс “Байрамаар давж байна уу? Огтор хамраар тойрсон нь баараггүй юу?” гэж асуусан.
Сайхан сэтгэлт нөгөө хүн маань ихэд хичээн зам зааж “ Вүйргэй төйрөөд ийгаад халиа…” гээд унав. Жинхэнэ дөрвөд ястны өлгий нутагт орсон байгаа тул нутгийн аялгыг манай хэд чадан ядан ойлгох боллоо.Хүүхдүүд  гайхан “Энэ хүмүүс яагаад сонин яриад байгаа юм бэ? Эрүү нүүр нь гажигтай болчихсон хүнтэй таараад байгаа юм уу эсвэл маяглаад байна уу?” гэж бүр үнэнээсээ асуусан юм.
Нутгийн болоод нутгийн гаралтай хүмүүсийн эзгүйд аялалын баг дотор хэл аялагны тухай яриа өрнөж билээ. Яагаад өрнөх болсон шалтгаан нь манай нэг нөхөр тун амжилттай “дөрвөдөөр ярьчихдаг” болсоноос үүдэлтэй.
-Чиний энэ яриа хөдөө орон нутгийн хүмүүсийг шоолох доромжлох өнгө ажиглагдаж байна.Хүний өссөн төрсөн газар нутагт нь ирчихээд ингэж болдоггүй юм. Гадаадынхан монголд ирээд биднийг шоолоод байвал ямар санагдах вэ. Түүнтэй адил.
-Тэгвэл энд Монгол хэл, Уранзохиолын багш байдаг уу?
-Улс даяар нэг л программтай тул байлгүй яахав.
-Хүүхдүүдэд цээж бичиг хийлгэхдээ бас л ингэж ярих уу?
-Эндхийн багш хичээлээ зааж байгааг хараагүй тул сайн мэдэхгүй байна. Харин төвийн нэгэн сургуульд бага ангийн багш нутгийн аялгаар яриад эцэг эхчүүл гомдол тавьж байсныг сонссон.
-Тэгээд яасан?
-Тэр багшийг халсан гэдэг байхаа. Дараа нь бөөн зарга үүссэн санагдах юм. За за тэр яахав.Ер нь баруун Монгол хэлэнд олон сайхан яруу илэрхийлэл нэршил байдаг. Аялгандаа гол биш. Гацаа хүнийг шоолсоор байгаад өөрөө гацаа болчихсон тохиолдол байдаг. Тийм болчиховдоо. Энэний оронд тэр олон сайхан үгнүүдийг сураад авах хэрэгтэй.
-Тэгээд тэр багш буцаад эндээ ирээ болов уу?
-Ярианы сэдэв аль эрт өөрчлөгдчихөөд байхад нэг юмыг дахин дахин ингэж битгий асууж бай…
Монголын өргөн уудам нутагт аж төрж байгаа олон түмэн тухайн нутаг  дотроо арай өөрөөр ярьдаг явдал түгээмэл юм. Олон янзын яриаг олонхи болох халх аялгуу дээр зангидаж хэвлэл мэдээлэл бичиж, телевиз радиогийн нэвтрүүлгэ явуулдаг. Сүүлийн үед Өвөр Монголчууд хүртэл халх стилээр ярихыг чармайдаг болоод байгаа.Аялгатай ярина гэдэг бодууштай л сэдэв юм. Цөмөөрөө адилхан монголчууд байж янз янзын авиа гаргахыг хүчилж хичээх нь цаанаа өөр зорилготой байдаг бололтой. Тухайлбал Увсаас сонгогддог эрхэм гишүүн үг хэлэхдээ зориуд нутгийн аялгаар ярьж түүнээ хөөр бах болгодог. Уг нь бол тэрээр насаараа хотод амьдарч байгаа төдийгүй өөрөө, үр хүүхэд гэр бүл нь хэзээ ч энэ баруун хязгаарт нүүж ирэхгүй. Увс бол түүнд дахин дахин сонгогдоход хэрэглэгддэг ажлын багаж төдий юм.Орон нутгийнханд болохоор маньтайгаа яг адилхан буруу хазгай хэлтэй юм гэж их л өөриймсөг харагдуулдаг заль байхгүй юу. Тэрнээс биш сургуульд явсан оюутан хүүхэд нэг жил болоод л хэл ус нь засраад ирдэг. Ямар хятад хэлэнд уусчихаад ирж байгаа биш. Дэлхийн хэмжээснээс байг хажуу дахь хятад хүний нүдээр харахад Монгол нь өөрөө ар өвөртэйгээ нийлээд үндэсний цөөнх төдий. Тэгсэн атлаа цөөн хүнд баймгүй хэт үндэсэрхэг үзэл дов жалга болгонд уугидаг.Өөрөө тухайн ястныхаа дээл хувцасаа өмсөж үндэсний  бүжгээ байнга биелээд явж байдаг юм шиг манай тийм ястан устах нь гэж сүржигнэх хүмүүс олон бий. Ийм хүмүүс нийт улс эх орон гэж санаа зовдоггүй зөвхөн  аминчхан араншингаа л харуулаад байдаг. Тийм хүмүүст төр олон нийтийн эрх мэдлийг өгчихөөр ёстой баллаж тавьдаг. Өө тэнд тэр оччихсон чинь  тэндхийхэн пиг дүүрсэн гэдэг яриа оргүй зүйл биш. Нутгархах үндэсэрхэх үзэлтнүүдээс болж  үл ойлголцол бий болж дараа нь арга буюу бусдын жишгийг даган аймаг орон нутгаа татах явдал ид хавтгайрч байна. Яваандаа улс орон даяар хагарцгаан тал тал тийшээ харцгаах юм уу хаашаа юм. Хорвоо дандаа нэг янзаараа байхгүй тул дараа дахиад тэр зүгийнхнийг хаалгаар бүү шагайлгаарай гэж захих хэрэг гарна. Аминчхан үзэлтэй хүмүүс аминчханаараа төгсөж хойч үедээ гай болох нь түгээмэл бөлгөө.
Увс нутгийг хөндлөн туулахад  эхлээд зүүн сумдын халхууд нөгөө хэдээ хэл усыг нь ч ойлгодоггүй хэмээн томроно. Наранбулаг ороод ирэхээр муусайн илжгэн халхууд гээд нөгөө хэдээ ад үзэх маягтай. Тэгвэл  баруун захынхан болохоор “Бид бол жинхэнэ дөрвөдүүд, манай аймагт цөөн тооны баяд, халхууд байдаг юм” гэчихжээ. “улаан л гэх юм, цагаан л гэх юм, адилхан шар юмнууд байж…”гэдэг шиг олон ястан дотор ядаж нэрний ч ялгаа харагдахгүй. Оросын багууд дотор армян нь “ян” төгсгөлтэй бол гүржүүд “швили”-гээр  дууссан нэр овог дуудагддаг биздээ.   
Бөхмөрөн орох замын голд Үүрэг нуурын хөвөөнд тээврийн жолооч нарт зориулсан дэн буудал байсан. Хэн нэгэн түүнийг хувьчилж аваад ачаад явчихжээ. Буудлын ормон дээр үлдсэн худагны бетонон хавтан дундах трубанаас ус олгойдон байх юм. Санамсаргүй гаргасан худаг булаг болон арвижаж байхад  байгалиас ундардаг олон гол ширгэсэндээ.
Бөхмөрөн голын хөндий рүү орж ирэхэд Хар хөдөө гэдэг чилийсэн тэгш тал сунайна. Дээгүүр нь шагай цацчихсан мэт жижигхэн хар чулуунуудтай. Увс аймгаас талыг нь хөрш Баян-Өлгийдөө бэлэглэсэн Бөхмөрөн сум цуваа хадан цохионы өвөр дээр голын эрэг бараадан буйдхан төвхнөжээ. Хувьсгалаас өмнө Байшинтийн хийд нэртэй байсан багахан суурингийн туурин дээр нэгдлийн төвийг тохижуулсан гэдэг. Тэр үеийн байшингийн үлдэгдэл одоо сургуулийн агуулах болоод ихэд нурж хуучирсан харагдана. Монголд хувьсгал ялсаны дараа жил цаанаас Оросын цагаан хааны генерал Бакичийн арми Бөхмөрөнд орж ирэн төвхнөж байсан. Баруун Монголд өрнөж байсан цэрэг улс төрийн томоохон үйл явдлуудад Байшинтийн нэр голдуу гардаг түүх дурсгалтай . Энэ бол Сэлэнгийн Алтанбулагтай адил хувьсгалын өлгий нутаг гэж болно. Зуны цагт сумынхан шумуулнаас дайжиж дөч гаран километр хол зусландаа гарч хэдхэн айл бууриа сахин үлдсэн байв. Бургасны завсар чөлөөгөөр зэргэлдээх Ногооннуур гэдэг казах сум ердөө тав зургаахан км зайд харагдана. Монголын ихэнх гол гадагшаа гараад урсдаг бол Бөхмөрөний эх Тагна Тувагийн нутгаас орж ирж Ачит нуурыг сэлбэн Ховд голтой хамт Хар-Ус нуур руу цутгадаг.Бөхмөрөний баруун хойхно нөгөө хэвлэлээр яригдаад байдаг Асгатын мөнгөний уурхай бүхий уул  мөнх цас, цагаан үүлэнд хучаастай дүнхийнэ. Асгатад мөнгө булаастай биш хучаастай мэт харагдана. Тэрнээс цааш Баруун Тагна үргэлжилж ОросынТува болоод явчихдаг. Гол дагуу ярайтал ургасан чацаргана жимсэнд ойртохын аргагүй шумуул довтолно. Хүн малын бараанаар утаа тоос шиг маналзан орж ирэх энэ шавьжинд алд биенээсээ аяга дүүрнийг өгч өргөн бариа болов уу.
Сумынхан наашаа аймаг руу албан ажлаар очих болохоос эдийн засгийн хувьд Өлгий рүү явамтгай. Казахуудтайгаа муудаж нэг, сайдаж нэг үзнэ. Тэдний хэл усыг нь  андахгүй. Харин хүргэн бэр солилцоно гэж ёстой байхгүй юм билээ. Сургуулийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд ахлахдаа орохдоо  зэргэлдээх Ногооннуур руу оччихдог бол уг нь амар баймаар. Тун цөөн гэсэн шүү. Сургуулийн багшаас хөдөө дэхь зургаан настай хүүхдүүд ямар байна гэж асуусан юм. Дотуур байранд тав зургаахан хүүхэд бий. Хөдөөний ихэнх айлууд зургаан настай хүүхдээ дагаад хоёр хуваагдаж амьдардаг гэсэн юм. Хүүхдээсээ болж жилийн турш тусдаа амьдарч буй аав ээжүүд гэж бас нэг будилааны хөрөнгөнүүд байдаг аж. Хүүхэд нь сургууль гоё гээд ирэх дуртай байхад ээжүүд нь “унгалдаад” аваад явчих юм даа хэмээн багш толгой сэгсэрч суусан. Хичээлийн завсарлагаанаар зарим хүүхдүүд ээжийнхээ мөөмийг хөхчихсөн сууж байгаа нь анхандаа сонин санагддаг байсан гэдэг.
Бөхмөрөн нь дээхнэдээ хүн ам ихтэй том сум байсан. Ихэнх нутгаа Ногоон нууурт өгсөнөөс болж тэндхийн монгол айлууд хавчигдан бүгд нүүсэн гэж нутгийнхан ярьж байх юм.Эндээс улс даяар алдар гавьяатай олон хүн төрснөөс нутагтаа байгаа ганц гавьяат нь их хэмээх Пунцаг өвгөн байлаа. Тэр хүн хөдөө аж ахуйн салбарт олон төрлийн шинийг санаачилсан гарын дүйтэй мужаан дархан барилгачин хүн юм. Бөхмөрөнгийн нэгдэлийг хөл дээр нь босгож улсад мандуулж өгсөн хүн бол нэгдлийн дарга Дамба гуай байсан юм. Дамба дарга дээшээ дэвшээд явснаас хойш манай амьдрал тийм сайн байгаагүй байсаар зах зээлтэй золгосон гэж их Пунцаг гуай хуучиллаа. Дамба дарга хөөцөлдөж байж бараг гуч дөхсөн Пунцагийг цэргийн албанаас мулталж өгч тэрний хариуд нэгдэлдээ олон зүйл санаачилж мандсаар энэ хүн “Гавьяат нэгдэлчин” гэсэн алдарт хүрсэн аж. Пунцаг гуай “ Миний хэл яриа ойлгомжгүй хэцүү байна уу? Тээр жил би туршлагаа дэлгэрүүлэх ажлаар Төв аймагт хэдэн сар амьдарч үзсэн юм. Халхууд “юу гэнээ, юу гэнээ” гээд л байдаг. Сүүлдээ санаа зовоод ярих л амаргүй  байсансан” хэмээн инээж суув.
Баруун хязгаар энэ нутагт яагаад ч юм амьдрал маш хатуу хэцүү мэт санагдсан. Сумын төв дээр ямаа гаргах чимээнээр ойр хавийн бүх элээнүүд цугларч орлилдон хүүхдийн барьж явсан боорцгийг хүртэл агаараас довтлон шүүрч байв.
Энд ирээд бараг хоол шиг хийдэг сайхан цайнд бүгд орцгоогоод явах цаг болсон тул аяны жолоог нутгийн зүг заллаа.  “Ихран” намын гишүүн гэж өөрийгөө хэлэх дуртай Идэрээ, дуу цөөтэй Хашнаа  нарын танилцсан сайхан сэтгэлтэй нөхдүүд маань гар даллан үдэж дараа ирэхэд чинь манай сум тогтой болчихсон байна шүү хэмээн хоцорлоо.
Ирсэн замаараа буцаж довтолгосоор Улаангомоос Улаанбаатар чиглэлийн гол замтайгаа хоёр хоногийн дараа нийлсэн юм. Дунджаар дөчинтаван километр бүрт замын дэн буудал тааралддаг гэдгийг мэдээд авсан. Тэнд түр буудаллахад унтаж хэвтэх гудастай наартай, аль ч гуанз ялгаагүй хоёр төрлийн хоол хийнэ. Ямар хоол хийлгэх вэ гэж асуухад нь цуйван төдийг, гурилтай шөл тэд гэж л хариулна. Жолооч үнэгүй хоол идэх тусгай визтэй.
Хотын хүмүүст сонин болгох бэлэг сэлт идэх уух юм хөдөөд тун ховор доо. Манайхан дэлгүүр хоршоогоор явж байгаад  Увсаас төрөл бүрийн давснууд  авсан байсан. Бас Оросоос орж ирсэн сайн чанарын барааны саван оллоо гэж олзуурхана л ээ. Завханаас бол Тосонцэнгэлийн зах дээрх нэрс жимсний наймаа хотоос хамаагүй хямдхан гэж үзэцгээв. Завханд нэг дэлгүүрт зөвхөн манай брэндийн бараа гээд хэд хэдэн төрлийн хүнс тавьсан нь содон харагдаж байв. Архангай руу ороод ирэхлээр цагаан идээ гол худалдаа болоод явчихна. Гэхдээ зарим айлын хийсэн ааруул цагаан байдаг нь гурил ихэдсэнийх аж. Цагаан идээгээ улам гоё болгох гээд элдэв өнгөт чихэр, өөр бодис оруулаад байдаг болсон гэнэ. Хотонт өнгөрөөд л айрагны амт исэлт сайжраад ирдэг нь адууны хоолноос болдог бололтой.
Ингээд баруун зүгт аялсан сэтгэгдлийг хамт явсан нөхдөөсөө дараа нь байсгээд л асуудаг юм.Дөнгөж ирсэнийхээ дараа ядарлаа барилаа болоод байсан. Хоног хугацаа өнгөрөх тутам гоё байсан гэдэг болоод байгаа. Одоо бүр “гиоё гиоё баас дахкин гиоё” хэмээн телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн Америк анд Лейтингийн үгийг хэлдэг болцгоожээ. Харин дахиж тийшээ явах уу гэхэд нэгэн зэрэг үгүй гэцгээх нь жаахан гомдолтой.
Улаанбаатарт орж ирээд замын түжрэлд ормогц цусны даралт шууд өгсөөд л явчихав. Арай гэж хоёр хоноод л зүүн зүг явах дараагийн аялалдаа мордсон юм. Энд мөд дуусахгүй зам засвар түгжрэл дунд тарчилж байснаас Мэнэнгийн талд алхаж явах нь юутай жаргалтай.Зүүнтэй явах баг түрүүчийг бодвол эрс цомхон болж сургуулийн хүүхдүүд хичээл номондоо орох цаг болсон учраас үлдээлээ. Хэнтийн нуруу, Хэрлэн гол, хээр тал энэ бүгд даруухан уртын дуу лугаа намуухан орчин ургах нарны тэртээ сүүмийнэ. Чандганий талд тавьсан шугам шиг шулуун засмал зам дээр хааяа нэг машин зөрнө. Талдаа 330 км зайтай Өндөрхаан ороход сайн унаа хоёр цаг гаран давхиад хүрдэг болсон цаг. Хэнтий аймгаасаймгаас цааш Дорнод руу явахад өдрийн цагаар төөрч будилах явдалгүй. Нүднийхээ булангаар Хэрлэн голыг баримжаалан уруудаад байхад л болоо. Эхний өдрөө Чойбалсан хотоос 123 км-ийн наахна хүрээд хоноглов. Энд Дорнод аймгийн Хөлөнбуйр гэдэг сум бий. Дорнодын Хөлөнбуйр,Булган гэсэн их зам дагуух сумдыг Хэрлэнгийн урд хөвөөнд байгуулж наана нь гүүр барьж өгөлгүй чангалж тэнд нь үүрд хадахыг санаархсан байдаг. Ийм шийдвэр гаргасан, тэр газрыг заасан өөдгүй новшнууд одоо даанч байхгүй болоо бизээ. Зам дагаж байж л хөдөөгийн иргэд амьдралтай залгаж байгаа болохоос сумын төвдөө хийх юм байхгүй. Булганы Рашаантаас эхлээд Эрдэнэсант, Атар, Нөхөрлөл,Баянцогт, Баяндэлгэр, Цэнхэрмандал, Хөлөнбуйр, Булган сумдыг замаас хөөж байгуулсан байдаг.Баянцогт сумыг бүр хар зам тавьж эхлэнгүүт улам хойшлуулж уул давуулан дахиж зөөсөн нь үнэн эсэргүү шүү.  Одгоор эдгээр сумдын иргэд засмал дээр нүүж ирэн үйлчилгээ эрхэлдэг болсноор сумын төвүүд нь балгас болж байгаа.
Хөлөнбуйр сумыг анх байгуулахдаа Өвөрмонголоос орж ирсэн барга айлуудыг дайны дараа нутаг зааж өгсөн гэдэг. Хоёр ч удаа нааш нь нутгийн гүн рүү татан одоогийн энд суурьшуулжээ. Нутгаа гэж орж ирсэн баргуудыг дээрээс хардаж сэрдээд байхаар нь ихэнх нь буцаад гараад явчихсан. Тэгээд 200-аад айл үлдсэн гэдэг. Энэ явдал ердөө 1950-иад оны эхэн үед болсон хэрэг. Одоо тэр баргууд нь нутгийнхантай холилдон уусч ялгаа арилсан юм билээ. Нутгийн иргэн Далхаа заан гэдэг яралзсан цагаан шүдтэй ануухан өвгөнтэй бид таарч ойр зуур ярилцсан юм. Цэрэн аваргатай оны цэрэг байж барилдаж байсан тухайгаа ярих дуртай нэгэн. Сумандаа олон түрүүлсэн боловч аймгийн цол авч чадаагүй хэмээн даруухан өгүүлж суув. Далхаа гуай хэлэхдээ “ Манай эндхийн баргын хүүхдүүд  дээхнэ хамаатан садангаа сураглаад Өвөрмонгол орсон. Хятад болоод дуусчихсан юм билээ гэж их урамгүй ирсэн. Дахиж ерөөсөө тийш зүглээгүй” гэв.
Хэрлэнгийн мэлтгэр талд хялганы толгой бөхөлзөхөөс өөр бараа байхгүй нь жаахан уйтгартай. Эндхийн бүх цагаан зээр янзагаа хөл нь чангармагц хаашаа ч юм нэг тийшээгээ оджээ. Хэдхэн хоногийн өмнө тал талаасаа цугларсаар хэдэн арван мянга болон царцаа шиг нөмрөөд байсан. Одоо бүр ор сураггүй болсон гэнэ. Зээрийн сүргийг сансараас хайж байршилыг нь тогтооно гэж байгаль орчны ажилтан ярьж байсан. Зам дээр машинд дайруулсан гөрөөсний сэг олон тааралдаж байгаа нь их олуулаа нэг тийшээ явсныг илтгэнэ.
Талын ганц гэрүүд явж явж нэгэнтээ таарах агаад гэрийнхээ гадуур мухлаг тэрэг эгнүүлэн тавьж хонио хашаандаа хашчихсан голдуу байна. Зүүн тийшлэх тутам хүн ам улам цөөрч хүнээ дагаад мал хуй ч багатай. Бэлчээр бол янзтай сайхан. Дөрөө шүргэм өвсөнд хэдэн мал нь дорхоноо цаддаг тул өдөржин хоньчилж хариулаад байх шаардлаггүй. Энэ хол газрыг зорьж сүү сааль авдаг хүн байхгүй учраас үнээ тугал нь эхлээрээ явж, малчин айлууд бага үд хүртэл унтаж хонь малаа гаргадаг юм билээ.
Оросын арми удаан байсны ул мөр юм болгонд мэдрэгдэнэ. Хөдөө айлуудад монгол банхар нэг ч байхгүй. Янз үрийн үүлдрийн хав, сэгсэр үст, бүр шалдан цагаан шар нохойнуудтай. Тэд нь барагтай бол танихгүй хүний өөдөөс дайрахгүй. Цаашлах тутам үе үе шороо овоолсон, нүх ухсан газрын шарх сорви хөглөрнө. 1939 оны Халхголын байлдаанаас хойш 1990-ээд он хүртэлх хүйтэн дайны байдалтай байсан олон арван жилд Зөвлөлт Монголын цэргүүд энэ эзгүй хээр байнга л дасгал сургууль хийж байсан бололтой юм. Одоо л нэг талын нуруу амарлаа гэсэн чинь үйлийн үр дууссангүй. Хөрсөн дороос газрын тос илэрч Хятадууд сорох гээд ороод ирчихсэн.
Чойбалсан хотын зах дээр очиж Халхгол явах унаа сураглалаа. Эндээс Халх гол буюу Сүмбэр ороход талдаа 400орчим километр бөгөөд газрын зураг дээр Сэлэнгэ аймгаас том уудам зайд суурин газрын тэмдэглэгээ байхгүй. Тэгэхээр газарчин авч явахгүй бол ээрэм талд нэг төөрвөл  эргээд замаа олдоггүй. Ядаж баримжаалах уул толгод байхгүй гэж олон хүн хэлсэн. Бид эхнээсээ аялалыг адал явдалд хувиргахгүй, айж эмээхгүйгээр явж газар орон үзэж болохыг зорьсон. Хэрэв ингэж явж чадвал  бусад жирийн хүмүүст хол явж амрахад нь нэмэр болохоор байгаа юм. Түүнээс Мэнэнгийн талд мэнэртлээ төөрөхөд  орос цэргийн сүнстэй таарахаас бусдыг үзээд ирэх байх л даа.
Аймгийн хүн амын ихэнх нь Чойбалсандаа ороод ирсэн энэ сунагар хотын зүүн хэсэгт байдаг бараан зах дээр сумд руу явах пургонууд эгнээтэй байв.” Сүмбэр” гэсэн хоёр ч пурган байна. Нэг хүнээ өгчихгүй юу Халх гол орох зам заалгаад кабиндаа үнэгүй аваад явья  гэсэн ёстой буруудлаа. Нээрэн хэн тэгж арай гэж олсон орлогоо алдахыг хүсэх вэ?
-Жолооч л замаа мэдэх болохоос бусад хүмүүс мэддэггүй юм. Тэр дэмий та нар төөрнө гээд хөдөлдөггүй.
Тэгээд пургон хөдлөхөөр араас нь дагаж явахаар тохироод салав. Хотод ирсэн хөдөөний хүмүүс гарахаа үзэхгүй бараг зах тараагаад тэгээд аймаг дээрх айл хунараараа орно гэсээр байгаад орой болсон хойно эхний пургон Халхгол руу хөдөллөө. Араас нь дагаад жаал яваад байсан тийм ч хүн төөрчихмөөр хэцүү юм алга.Ерөөсөө л зүүн тийшээ гарсан бүх зам явж явж ганцхан Халх гол дээр очно. Өөр очих газар байхгүй юм чинь тэрэн шиг ойлгомжтой юм алга. Ингээд пургоноо орхин илүү тод гэсэн зам болгоныг бариад биеэ даав. Бас чиг хэдэн зуун километрт амьд амьтны бараа харахгүй гээд байсан. Арай ч үгүй юм билээ. Замд мэр сэр малтай байхаас гадна Мэнэнгийн талд Мэнэнгийн цэргийн отряд гээд томоохон суурин мөн хилийн цэргийн хэд хэдэн застав таарна. Газрын зураг дээр байдаг зүүн тийшэх хоёр талдаа хятадтай нарийн “коридор” зурвас нутгийн дагуу яваа болохоор үндсэндээ хилийн шугам дагаад  байгаа хэрэг юм. Үе үе хойшоогоо салсан бүдэг зам байх боловч салдаг дээр “Анхаар хилийн зурвас” биччихсэн. Хэрэв тэр рүү яваад орчихвол тав аравхан км –т тортой хашаанд тулна. Бас ихээхэн өргөн зам хөндлөн орж ирнэ. Тэр нь нөгөө Хятад руу гарч байгаа газрын тосны замууд. Сүмбэр орох замын голд Мэнэнгийн застав дээр саатаж бичиг баримтаа бүртгүүлэн гардаг. Гарангүүт тэрүүхэндээ хоёр гурван хоолон гэр дэлгүүр зэрэг бий. Эдгээрийг тэтгэвэртээ гарсан цэргийнхэн ажиллуулдаг байх. Ÿг Мэнэнгийн талд явж байхад машин үл мэдэг дээшээ өгсөөд ч байгаа юм шиг, эсвэл уруудаад байгаа ч юм шиг хачин сэтгэгдэл төрж  талаасаа гадна тэнгэр ямар агуу том юм бэ гэж харагдана. Тээр тэнд Улаанбаатарын үүл эндээс харагдаад  байх шиг. Зарим газар бороо орж өөр нутагт цэлмэг байгаа энэ тэр нь задгай талд ил тод мэдэгдэнэ. Зам харин шугамдсан юм шиг тэгш биш. Бас тийм ч хурдан жирийлгээд байх боломжгүй. Ерөнхий чиг нь шулуун боловч эхний замыг согтуу жолооч гаргасан аятай  байнга мурилзуулан явуулна. Машины дороос цохичох хад чулуу харин байхгүйдээ. Талд бороо ороод томоохон шалбааг бас тогтддог бололтой. Түүнийг сүлжих буюу цэргийн бололтой даацын машинууд дайрч ороод айхтар суусан ором ихтэй. Цаашлах тусам янз бүрийн нэртэй нэргүй хөшөө самбарууд олширно. Энийг “Булан дэрс” гэдэг. 1936 онд Гонгор баатар байлдаж байгаад баатар цол авав гэх мэт. Дасаагүй хүнд бол одоо эндээс тэрлүү ороод ирлээ гэж баримжаалах юм бараг үгүйдээ. Тийм болохоор замаасаа гараад чоно зээр хөөвөл тэгээд өнгөрөө гэсэн үг. Өдөр замаас гараад зуун метр явахад өндөр ургасан өвсний улаар байгаа зам ойд төөрсөн юм шиг нуугдчихна. Харин замын нэг үзүүрт Чойбалсан нөгөө үзүүрт Сүмбэр байгаа.
Уг нь Сүмбэр сум орох болчихсон байдаг. Яагаад бараа нь харагдахгүй байна гэж санаа зовохтой зэрэгцээд унаа маань  айхтар гүнзгий дэнж рүү ойчих шиг ороод явчихав. Тээр тэндэх тэнгэрийн хаяанаас айлын бараа нэгжиж байсан хүн чинь сандрахдаа тоормосоо огцом гишгээд сэхээ аваад цааш залгуулан харвал мод бургас шаагисан Халхын гол тохойрон урсаж хажууд нь сумын төв ярайн байв. Энэ хавь бол тэр чигээрээ домог болсон Баянцагааны нуруу Хамар даваа, Манхант ухаа гээд  хөвөрч өгнө. Суманд буугаад эргээд харсан чинь баруун тал маань томоохон уул нуруу шиг харагддаг юм билээ.  Буйр нуурын зүүн хойно байсан хуучин Халхгол сумыг татан буулгаж дайн болсон нутагт аваачин Атрын сангийн аж ахуйг шинээр байгуулж Сүмбэр гэж хэсэг явснаа саяхнаас хуучин Халхгол нэрээ араас нь шилжүүлж өгчээ. Хүмүүс болохоор Халх гол гэдэг сумнаас гадна Сүмбэр гэх хоёрдахь сум байх нь гэж андуурдаг. Сумын төв дээр хилийн цэргийн томоохон анги нэгтгэлүүд байхаас гадна цаанаасаа орж ирсэн өндөр хүчдэлтэй, эмнэлэг сургууль сайтай, олон дэлгүүр хоршоо, хөшөө ,музей болсон Бөхмөрөнгийн дэргэд аймгийн төв шиг лүнжгэр газар. Халхын голыг урагшаа өгсөөд явахад тал маань уул ус болж ой хөвч алаглан Хэнтийн нуруунд яваа мэт болно. Энэ бол Монгол орны ба Халхчуудын зүүн хязгаар Их Хянганы нуруунд тулж очиж байгаа хэрэг.Голын цаахна талд Мана уул дүнхийн газрын гарц улам гоё болдогийн даваан дээр уучлаарай одоо энэ Их Хянган Их Хятадынх шүү гээд торлоод авчихаж. Хэрээ уулын тулалдаан гэж их сонсогддог. Голын баруун эрэг болох энэ уул наанаасаа налуу атлаа цаад тал бараг жар далан градус эгц их эвгүй уул юм билээ. Тэр эгц өөд л япончууд мацаж байж хиар цохиулаа вий. Халх голын дайны үлдэгдэл сэг одоо болтол бий гэж цэргийнхэн зурагтаар яриад байсан. Нутгийн хүмүүсийн ярих нь төмөр үнэд орох үеэр юутай хээтэй нь зөөгөөд ургаш нь гаргачихсан гэх юм билээ. Дээхнэ дээ бол муусайн танк зөндөө байсан. Дараа нь тракторын сэгээр дүүрч байв. Одоо бууны хонгио ч байхгүй. Бид ирэвгэр жирэвгэр түүх гээд байнга хөдөөгүүр явдаг.[Ийм нэртэй эмийн ургамлын үндсийг түүж хил гаргаж зарах нь эндхийхний бас нэг ажил] Харин мини булаастай байдаг шүү. Энд тэнд дэлбэрлээ гэж одоо ч ярьдаг гэж байв.
Дараа нь манай аялалын баг Халхголын олон хөшөөнүүдээр сүлжиж явсаар голоо уруудаж  хилийн заставуудаар дайран бурхантай энгэрт очин То вангийн хэвтээ бурханд мөргөн буцах замдаа Буйр орж амрахаар хөдлөв. Халх голын ой саяхан болсон тул дайн байлдааны тухай нэмж бичээд илүү бизээ. Хэмжээгээрээ Туул голын дайтай Халхыг уруудаад дугуйраад явахаар голын цаад эргээр хятад тосгод харагдах ба наад талаар Монгол айлууд ухэр малтайгаа зусацгаана. Хил дээр голын бургасны нөмөрт Хуучин Халх гол сум байсан суурин одоо багийн төв болоод ихэд багассан байна. Гэхдээ л дал наян айл байгаа бололтой. Өвөл энд их зузаан цас ордог гээд түүсэн түлээ бургасаа тавиур дээр хураажээ. Гадаа хүмүүс ширээ тойроод нэгэн зүйлийг ихэд хичээнгүйлэн хийгээд байх шиг байсан. Тэд юу хийгээд байгаа юм гэтэл “Аа биллярд л тоглож байна” гэсэн. Хөдөөний залуус мэс засал хийж байгаа юм шиг энэ тоглоомоор өдрийг бардаг болсон гэнэ.Халх багийн цаахна талд Хятадын Амгалан гэдэг Эрээн шиг хот байдаг аж. Тэндээс авахгүй юм байхгүй. Тэр хавийн айлууд хятадын арван хэдэн тоо бүхий гар утсыг авч хоорондоо ярих ба энэ утас хөдөө гадаа хаана л бол барьдаг сүлжээ сайтай эд юм.Нэгжээ хүнээр захиулаад зөөлгөчихөнө. Нутгийн хүмүүс айхтар үндэсэрхэг бөгөөд хятадуудыг яс махнаасаа үзэн яддаг хэдий ч арга буюу тэдний аяыг харцгаана. Цаадуул нь баяр болох гэж байхад тогийг нь таслах зэргээр хөөрхөн шогтоод байх юм. Тамсаг булагаас газрын тос ачсан хужаагийн машинууд урагшаа манай баялгийг зөөгөөд дууслаа гэж ярьдаг. Яваад очсон чинь ихэнх машинууд нь тээврээ хойш нь зөөдөг юм билээ. Тэр Амгалан гэдгээрээ арагшаа гаргаж Манжуур луу татдаг юмуудаа. Тамсагбулагийн хойно нь ч урд нь ч Хятад улсын нутаг бий л дээ.
Тал дунд хэсэг элсэн манхан байхаар дээр нь авираад гартал пээ бурхан минь зах хязгаар нь харагдахгүй мэлтийсэн том далай болоод явчихав.
Буйр нуурын эргэн тойрон бүгд тал болохоор шууд тэнгэртэй залган дээшээ гозойгоод босчихсон юм шиг маш гайхамшигтай харагдана. Нүд сайтай хүн сайн ажиглавал тэртэйд утас шиг нарийхан зураас ажиглагдана. Тэр нь хятадын тосгодууд гэнэ. Шөнө болохоор олон гэрэл гялалзаад хажууханд юм шиг болдог. Нуурын ус бүлээхэн, дороо торгон элстэй. Бас нэг сонирхолтой нь ус шагайгаар татсан хэвээрээ хэдэн зуун метр цааш алхуулах бөгөөд их хол явж байж хүзүү хоолойд тулах нь талын нуурын нэг онцлого ажээ. Энд хүүхдүүдийг усанд оруулбал живж хөвөх вий гэж айх аюулгүй амар юм билээ. Ус нимгэн болохоор дулаахан, бас тэгээд тунгалаг.
Тэгээд ирсэн замаараа ямар нэгэн саадгүй газарчин хэрэглэлгүйгээр буцсан . Дахиад хөдөө баймаар санагдаад байхаар нь Улаанбаатар орохоос  дургүй хүрээд Хэнтийн Дадал руу мурийгаад тэнд хоёр хоночихож байгаа юм. Манай орны хамгийн үзэсгэлэнтэй бараг ганц сум бол эзэн Чингэсийн маань уугуул билээ. Сумын газрыг  сонгохдоо Чингэс хааныг зориуд гутаах гэж хэргээр буриад тосгон барьсан гэдэг. Одоо оршин суугч нь  “Эртний Египэт одоогийн Египэт биш” гэдэг шиг хувьсгалын үед  оросын буриадаас дүрвэж ирэгсэд  дүүрчихсэн. Энд Монгол айл бараг байхгүй бөгөөд гэр ч үзэгдэхгүй.Гадаадын жуулчид ирээд их гайхдаг гэсэн. Гайхахаар барахгүй Чингэс чинь Монгол хүн биш юм байна гэсэн дүгнэлттэй буцдаг.Их хааны ундаалж байсан Гурван нуурын хоёр нь ширгэсэн байхад  хажуугаар нь урсаж байгаа Балжийн гол саваа багтахгүй халина. Сөгөөтэйхэн нэгэн бол насосоор  Балжаас ус соруулаад л ганцхан өдрийн дотор бүх нууруудыг дүүргэчихэд яаядаа гэсэн хөрөнгө гарахгүй. Дадал дахь Дэлүүн болдог руу хүн болгон зорихыг хүсдэг. Энэ сайхан нутгийг олигтойхон тохижуулж эзэнтэй болгохгүй бол эх орны маань гал голомтны заяа нь хаяж мэдэхээр байна.
Дадал сумын төвийн айлууд бараг цөмөөрөө дэлгүүр хоршоо нээж худалдаа хийдэг юм билээ. Сум гэхэд баар, зоогийн газар,зочид буудал олонтой. Хүн болгон наймаа эрхлэхээр ашиг орлого байх юм уу гэхээр “Яахав. Зүгээр сууснаас дээр” гэж байна л ээ. Эндээс тэвэр дүүрэн том буриад талх, машиндсан цөцгийн тос, масло, нэрмэлийн архийг амрагчид худалдан авч амтанд нь ороод хожим араасаа захиулан авчруулдаг болжээ. Дотроо байгаа олон дэлгүүрүүд тус бүрдээ “Даашинхүүгийн пүүс” гэгчээр өрийн данс бичсэн далбагар дэвтэрүүдтэй. Хүүхдүүд орж ирээд наймаа хийгээд гармагц “Доржийнх 100 грамм есийн тос, тал барааны саван авав” гэх зэргээр тэмдэглэнэ. Нийгмийн халамж, тэтгэврийн дэвтэрүүдийг нь ярайтал хураачихсан, “Хаан” банкаар орж ирдэг бэлэн мөнгийг эзэнд нь хүргэлгүй тосож аваад Улаанбаатар луу наймаандаа гардаг гэж дэлгүүрийн эзэн ярьсан юм.
Ийнхүү өргөн уудам Монгол орныхоо уулын хөх, талын цагаан салхийг сөрж уруудан эрх дураараа жарганхан Алтайгаас Хянганы хооронд аялж амарлаа. Ирээд машины спидометрээ хасаад тоолтол 9400километр замыг туулжээ.