Цэдэнбалыг төрд дахиж ойртуулаагүй
1984 онд Цэдэнбал Монголын төрийн эрхээс зайлуулагдсан цаад жинхэнэ шалтгаан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс уг сурвалжтай юм.
1980 онд үйлдвэр бүхэлдээ ашиглалтанд орлоо. Харин Эрдэнэт Монголд дарамт болж хувирав. Үйлдвэрийн алдагдлыг төлөхөөр улсын төсвөөс жилд 40 сая төгрөг гаргах боллоо. Гэрээ угаасаа “дээрмийн” шинжтэй байсан аж. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлийнхтэй ямар ч уялдаагүй, тэгээд ч Монголын талаас тавьсан өр хугацаа болон хүүнд шахагдаж ашиг хүртэх тухай ямар ч яриа байхгүй, харин ч байнгын дааж давшгүй төлбөрт оржээ. Төлөвлөгөөний комиссын дарга Содном энэ асуудлыг 1984 оны эхээр дээш танилцуулав. Түүнийг Гадаад худалдааны сайд Очирбат, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пэлжээ, Төв хорооны эдийн засаг хариуцсан дарга Мишигдорж нар дэмжсээр Ерөнхий сайд Батмөнх, улс төрийн товчооны Моломжамц гэсэн хамгийн дээд эгнээнд хүрч дэмжлэг хүлээлээ.
Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Майдар үүнийг өөртөө олдсон маш том боломж гэж харжээ. Тэрээр Ерөнхий сайд болохыг мөрөөддөг байсан юм. Ингээд тэрээр Филатова авгай дээр орон Цэдэнбалын эсрэг маш том нууц хуйвалдаан явагдаж байгаа ба энэ нь Монгол-Зөвлөлтийн найрамдлыг устгах эцсийн зорилготой болох тухай сүржин хов хүргэлээ. Авгайтай нийлэн Цэдэнбалыг ятган асуудлыг яаралтай нэг мөсөн шийдэхээр болжээ. Удахгүй энэ асуудлыг Төв хороогоор хэлэлцэнэ гэж удирдагч амлав. Мэдээж энэ олон дарга нарыг хусахад тэдэнд Москвагийн дэмжлэг хэрэгтэй. Ингээд хоёр орны шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын нарийн бичгийн дарга буюу Майдарын өөрийнх нь гарын хүн Балбарыг Москва руу яаралтай томилжээ. Балбар Москвад ирэн Монголд аймшигт хуйвалдаан болж буйг илтгэн Эрдэнэтийг ашиггүй үйлдвэрлэл гэж үзэж байгаа “хорон санаатнуудыг” илчиллээ. Асуудал тэр дороо өндөр авч Кремлийн хамгийн дээд цэгт очив.Кремльд цаг агаар өөр болчихсон байлаа. Хөдөөнөөс дуудагдаж ирсэн Горбачев үзэл суртал хариуцсан гол хүн болжээ. Брежневийн босгосон авилгын сүлжээг нураах ажиллагаа гаднаас нь харахад тун тайван юм шиг мөртөө эрчимтэй шургуу үргэлжилж байв. Улаанбаатараас ирж Москвагийн “доодчуудаас” дэмжлэг авсан матаас түүнд таалагдсангүй. Тэр өөрөө 1981 онд Монголд ирж байдал ямархуу дампуу “брежневжсэнийг” нүдээр харсан төдийгүй Монголын удирдагчийн орос эхнэр Зөвлөлтийн нэр хүндийг хэрхэн унагаж байгааг биеэр мэдэрсэн нэгэн.Нөгөөтэйгүүр Монголын удирдлагад байгаа энэ олон хүнийг зэрэг нэг амьсгаагаар түлхэн унагана гэдэг ямар аюул учруулж болохыг ч багцаалсан хэрэг. Ингээд түүний удирдлагаар сөрөг довтолгооны сценари боловсрогджээ.
Монголын олон удирдагчдыг биш оройд нь байгаа Цэдэнбалыг өөрийг нь зайлуулахаар тэд шийджээ. Үүнд шалтгаан хэрэгтэй байв. Тэр нь Цэдэнбалын мэдрэлтэй холбоотой өвчин. Тэрээр өнө эртний юм
ыг маш тод санах мөртөө дөнгөж сая болсон явдлыг санахаа больчихжээ. Нэг ярьснаа олон дахин давтдагаар барахгүй нэг хүнтэй хэдхэн минутанд хэд дахин мэндлэнэ. Мэдээж түүний өвчин оросуудад саад болоогүй, улс орноо бүрэн захирч Москвад үнэнч байж чадаж байвал бусад нь бага ач холбогдолтой юм. Гэтэл дээд дарга нарыг олноор нь зэрэг унагах болсон нь хяналтаа алдаж буйн дохио, нөгөө талаас орос эхнэрийн авир талцлыг улам хурцатгаж байлаа. Эхнэрийн талаархи шүүмж улам олон болж Цэдэнбалын хамгийн ойрын үнэнч хүрээллээс бараг өдөр тутам гомдол гарах болов. Иймээс л Цэдэнбал Москвад хэрэггүй болжээ.
Халх голын 45 жилийн ойд эргэж ирж оролцоно гэсэн тооцоотойгоор Цэдэнбал 1984 оны наадмын дараа Москвад амрахаар одов. Харин тэнд очингуут нь үнэн хэрэгтээ баривчилсан юм. Амь насанд онц аюултай өвчин туссан байна гэсэн онош дор нь гаргаж урт удаан эмчилгээ хэрэгтэй гэлээ. Зөвлөлтүүд энэ мэдээг Хар далайд амарч байсан Батмөнх, Моломжамц нарт мэдэгдэв. Тэд айчихлаа. Даргаасаа сална гэж тэд зүүдлээ ч үгүй байсан. Үнэндээ Филатовагийн хардаж яриад байсан шиг Монголд Цэдэнбалын эсрэг ямар ч хуйвалдаан байгаагүй. Түүнд, ялангуяа орос эхнэрт нь дургүйцэх үзэн ядал маш их байсан боловч үүнийг илээр эсэргүүцэх хоншоортой хэн ч байгаагүй. Батмөнх, Моломжамц нар энэ мэдээг эргэж очоод нөхөддөө хэлэхээс айжээ. Иймээс тэднийг өөрснөө очиж Улс төрийн товчоонд наадахаа хэл гэж гэдийв. Зөвлөлтүүд онош тавьсан Чазов эмчийг Улаанбаатар явуулан Улс төрийн товчоог айлгуулжээ. Зөвлөлтүүдийн заавраар Батмөнхөөр толгойлуулсан товчооны төлөөлөгчид эргэж Москва орон Цэдэнбалыг “хаан ширээнээсээ татгалзах” санал тавив. Филатова боож үхэх шахан төлөөлөгчдийг элдэв хангайгаар доромжлон цамнав. Цэдэнбал Моломжамцыг энэ хуйвалдааныг зохион байгуулсан хэмээн заамдан авч зодох гэж оролджээ. Тэр хоёр өөрсдийг нь ингэж “татан буулгаж” байгаатай яагаад ч эвлэрэхгүй байлаа.
Цэдэнбалын оронд хүн олж тавь гэж зөвлөлтүүд шургуу шаардах авч Монголын удирдагчидын айдас салж өгдөггүй. Тэдэнд Цэдэнбалыг ялангуяа Филатоваг Монгол руу буцаахгүй гэсэн баталгаа хэрэгтэй байлаа. Хосууд буцаж ирвэл мань хэд хосоо шахуулна, Лоохуузын туулсан амьдралыг давтана гэдгээ сайн мэдэж байсан хэрэг. Эцэст нь КГБ-ийн дарга Чебриков тийм баталгаа өгчээ. Ингээд намын бүгд хурал хуралдуулан Цэдэнбалыг өвчний учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гаргаж оронд нь Батмөнхийг тавьснаа зараллаа. Тэдний хувьд энэ нь өөрсдийнх нь чадамжаас хэтэрсэн зориг зүрх байсан юм.
Цэдэнбал, Филатова нар Москвагийн түлхүүрийг ашиглахаар хөөцөлдөж гарлаа. Тэд Монгол руу буцаахыг гуйж, Цэдэнбалыг ердөө л намын хүндэт дарга болгоё хэмээн Кремлийг царайчилж эхлэв. Зөвлөлтүүд гаргасан шийдвэр дээрээ бат зогсоно. Мань хоёр зүгээр л буцаад очиход Монголын бүх удирдагчдын шээсийг гоожуулж орвонгоор нь эргүүлж чадна гэдгийг зөвлөлтүүд дэндүү сайн мэдэж байлаа. Иймээс өвчнийхөө оношийг улам чангаруулан тайлбарлана. Хожим Цэдэнбалын хүү Зоригийн хэлснээр эмнэлэгт буй өвгөн дарангуйлагчийг Чазов биеийг нь улам муутган тамирдуулах тариагаар байнга тарьж байжээ.
Цэдэнбал, Филатова нар бодит байдалтай эвлэрч өгөхгүй удтад биеэ зовоосон юм. Цэдэнбалын толгойд нь 44 жил суусан МАХН-ын бүнд хурал хуралдаж эзнээ зайлуулдаг тэр өдөр буюу 1984 оны 8-р сарын 20-ий өдөр Филатова КГБ-ийн дарга Чебриковтой уулзан өөрийг нь Монгол руу буцаахыг шаардаж, харин өвгөн нь гэртээ Зөвлөлтийн Коммунист намын Төв хороонд өргөдөл бичээд сууж байлаа. “Харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй ядуу монгол малчны хүү Юмжаагийн Цэдэнбал би... суут Лениний эх орон ЗХУ болон түүний ленинч коммунист намд үргэлж үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалаа хүртэл үнэнч байх болно” гэж тэрээр бичжээ. Гэсэн ч цаадуул нь энэ тангаргыг ч тоосонгүй, өргөдөлийг архивт хадгалжээ. Юутай ч Цэдэнбалыг Монгол руу яасан ч буцаасангүй.
Дөрвөн жил өнгөрч, эмгэн өвгөн хоёр бодит амьдралтай нэгэнт эвлэрчээ. Монголын нам төрийн улирлагчид ч шинэ нөхцал байдалд дасан өөрснөө улс орноо удирдаад явах болсон байна. Хутган үймүүлэгч Майдрыг тэтгэвэрт нь хөөж гаргажээ. Чухам ийм үед Цэлэнбал, Филатова нар 1988 оны намар Улаанбаатарт эргэж ирлээ. Тэр хоёртой уулзсан хүмүүс гэвэл хуучин өөрсөдөд нь үйлчилж байсан үйлчлэгч, зарц, шивэгчин нар. Монголын удирдагчдаас хэн нь ч тэднийг хүлээн авч уулзсангүй. Авгайг дагаж хуйлардаг байсан урлаг спортынхонтой Филатова уулзах гэж оролдсон авч цаадуул нь зугтаагаад олдсонгүй.
1991 оноос монголчууд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмших болж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боллоо. 2007 оны зэсийн үнээр бодвол энэ үйлдвэр ашиглалтанд орсноосоо хойш нийтдээ 30 шахам тэрбум долларын эргэлт хийжээ. Үүний тун бага хувь нь Монголд ноогдсон юм. Гэвч гэрээ хичнээн дээрмийн шинжтэй байсан гээд Эрдэнэт нь Монгол орны хөгжилд хамгийн том бодитой түлхэц үзүүлжээ. Энэ гэрээ хийгдээгүй, Эрдэнэт босоогүй байсан бол Монгол орон өнөөдөр тун ч “нарийхан” байх байлаа. Шулуулдаг ч бай, мөлжүүлдэг ч бай Эрдэнэтийг хөөцөлдсөөр байж босгож ирсэн нь өвгөн дарангуйлагчийн хойч үедээ үлдээсэн их өв юм.
2009 оны 5 дугаар сар 30
Амараа
Зочин
xxccc
A
Зочин
erdenebulgana gegch sarmagchind
erdenebulgan