Бүтэнсайн болохоор сайн дураараа жингүйдэлд автаж урьд хождын элдэв явдлыг бодлын ээрүүлд хөвөрдөн суухуй...

Дурлалт мянган эрсийн тухай түмэн дурсамж минь үл тасрах. Энэ өдрийн дурдатгалд Илюмжинов ака тодрон гийхүйд тэртээх өдрүүдийн кадрыг тэрхэн даруй replay хийв. "Миний зам" хэмээх бэсрэг дурсамжыг нь олж аваад чичирсэн гараар хуудас бүрийг нандигнан эргүүлэхэд зүрхний хэмнэл алдаж цээжнээ баяр бялхсаар төгсгөлийн хуудсыг хаах тэр агшинд бундан минь бусдынх болсон байвай, бас л дахиад дурласан байвай. Орон дээрээ үсрэн унаж дэрэн дээр толгой тавиут түмэн мөрөөдөлд умбан жаргавай тэгээд дуусахгүй ургуулан хөөрвэй. Нэг сэрэхэд өглөө болжээ, нандин дурлал минь түүх болжээ, нахин хайрлууштай дурсамж үлдээжээ.

Сайхан хүний сайхан явахыг харна гэдэг сав ертөнцөд хүн болсны бас нэгэн хэрэг гэж Чойном сартваахи айлдсан гэдэг.

Дурлал үгүйгээр яахин амьдрах, "өдөр бүр дурла өөр өөр хүнд дурла". Насны ганцхан хайраа олсон бол "өдөр бүр дурла түүндээ, өөр өөрөөр хайрла тэрнийгээ". Би өчив.

Амьдрал бол тайз гэнэлэй, өдөр бүр шинэчлэн найруулж байх ёстой жүжиг юм гэнэлэй. Би хэлээгүй.

"Өр шир" нэхэлгүй өдөр бүр дурлаж чадвал гавж хүртсэн ламаас дутуугүй гэгээрлийн шатны гишгүүр дээгүүр гүйж яваагийн шинж тэмдэг, сав ертөнцөд хүн болсны бас нэгэн хэрэг гэж Чойном яг айлдаагүй гэвчиг ийн бодсон нь лавтай.
2007.12.02