А.Цэдэнбал-Филатоватай хийсэн ярилцлагын хэсгээс
Энэхүү ярилцлагa нь аливаа хүн нийгэм, улс орныхоо төлөө, үр хүүхдийн төлөө бүтээхүйд хувь хүний хүчин зүйлийг ойлгоход ач холбогдолтой болов уу.
Монголчууд маань аливааг хараан загнаж, цээжээ балбан агсрах биш олон зуун дамжин ирсэн төрт ёсны түүхэн эриний туршид удирдагч, жанжин, ноёд, хаад, дарга тэргүүнүүдээ айвуу ажиглаж, тэднийгээ тойрон бат бэх бас эрхэм дээд нөхдийн хүрээ үүсгэж, улс гэр, үндэстнийхээ төлөө бүтээсэн түүхэн бүтээлийг, олон талт үйлсийг мэргэн ухаанаар дүгнэж цэгнэн, эрхэм дээд оюунлаг үйлсээ хийморилог тэнгэрлэг хэмээсэн концепций - томьёгоор нэрлэж байсан болов уу.
Аливаа ухаарал бодол гүн ухааны сэтгэлгээгээр хүлээн авах оюуны цар, тэвчээр, сэтгэлгээний хүч, аль эртний дэлхийг засаж явсан Их МОНГОЛЫН агуу түүх бус өнөөдрийн коммунист тогтолцооноос чадан ядан ардчилал, зах зээл рүү шилжилт хийж буй өнөөгийн Монголын жинхэнэ бодит улс-төр, эдийн засгийн байдлыг зөв дүгнэн, туурга тусгаар улс төрийн бодлого, нийгмийн урсгалыг зөв зална гэдэгт итгэн дэмжигч нь билээ.
Зэмлэн буруушааx, сэтгэл хөдлөл, хувийн сэдэл, эрх ашиг, өөрт л тохиолдсон гай зовлонгоор нийгмийн, улс гүрний бүх зүйлийг, цаг үе, түүхэн нөхцөл байдлыг огт огоорохгүй, зөвхөн өнөөдрийн өндөрлөгөөс бүхнийг дүгнэнэ гэвэл гоомой тоогүй зүйл болмуй хэмээн бодмой.
Түүхийг цомнон эмхэтгэж, сурвалжлан, задлан шинжилгээ хийж, Монгол орныхоо хийгээд дэлхийн хоёр агуу их гүрний дунд гал алдахгүй авч явах их ухаан, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын түүхэн үйл ажиллагаанд утга учиртай хандах нь ирээдүйд Зөөлөн айн хүч - Soft Power гэx Америкийн онол сэтгэлгээний үйл ажиллагаа, тогтолцоотой ч бас зохицон ажиллаж, Монгол үндэстнээ монголоор нь аван явах, хөгжих эх суурийг тавих буй за гэдэгт итгэдэг.
Энэхүү ярилцлагa нь аливаа хүн нийгэм, улс орныхоо төлөө, үр хүүхдийн төлөө бүтээхүйд хувь хүний хүчин зүйлийг ойлгоход ач холбогдолтой болов уу.
Аливаа зүйл савнаасаа халин урсаж, жамаараа бус, дураараа явбаас бас л алдаа эндэгдэл хийж, түүх өөрөө шийтгэдэг гэсэн сургамж буй.
А.И. Цэдэнбал-Филатовагийн үйл ажиллагаа ч мөн ялгаагүй ээ.
Бид өнөөдөр хүнийг муулах, сайшаах, магтах, буруутгах биш, хийсэн бүтээсэн, бодсон санасан зүйл нь хэрхэн нийгэмд, улс, эх орны хөгжил дэвшилд очиж вэ гэдгээр дүгнэх, урагшаа явах урт бэрх замд сургамж, сэтгэлгээний луужин, оюун бодлын газрын зураг байх ёстой болов уу.
Монгол төр, нам засгийг 44 жилийн турш тэргүүлсэн Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн жилд цагтаа Бурхан мэт тахин шүтэгдэж байсан хүмүүн тогтолцоо өөрчлөгдөн цаг хувирахад Буг мэт зэмлүүлэн, зөв буруу хэмээн хоёр тал болгон улайран маргаж байхын оронд угаасаа хэнд эрх мэдэл буй түүнд нүгэл буй хэмээх мэргэн хэлцийг санаж, түүхийн бодит байдлыг бас давхар бодолцон аливаа зүйлд зөвхөн хар цагаан өнгө биш, солонгын долоогоос ч их үй түмэн өнгө ухаант мэлмийтний өмнө буй гэдгийг санагтун.
Нэгэнтээ түүх болон өнгөрсөн зүйлээс бид сургамж аван, дахин алдахгүй нь төлөө явах нь мэргэдийн ухаан билээ. Араатан амьтан ч архиран дайрч чадна, хүн байхын утга учир, мөн чанар эргэцүүлэн холч уудам ухаанаар тунгаан бодохуйд шүү дээ.
Амьтан бүхэн өөрийн асуултыг
Ам амандаа ангид хэлэхэд
Аврагч Будда нэг л үгээр
Алинд нь таарах хариуг өгдөг өө гэсэн байхыг болгоогтун.
Ам амандаа ангид хэлэхэд
Аврагч Будда нэг л үгээр
Алинд нь таарах хариуг өгдөг өө гэсэн байхыг болгоогтун.
Хүний зовлон жаргал сүлэлдсэн замбуулин хорвоод өөрийн зам үйлсээ эрэн харж, санаа сэдэл авахад хэрэг болтугай хэмээн итгэж, энэ ярилцлагын багахаан хэсгээс нь бичиглэлээ.
Юмыг эргэцүүлэн бодож аливaа юмс үзэгдлийг харааж эсвэл магтаж биш, зөвхөн хар цагаанаар хардаг сэтгэлгээний моно-изм бус, олон талаас нь бодох чадвартай, ухаалаг сэхээтэн монголчуудад маань бас нэгийг сануулах боломж гэж энэхүү ярилцлагын багаахан хэсгийг дурсамжийн богцноосоо гаргалаа.
Эхлээд боловсрол мэдлэгээ ахиулахад суралц
Эрх чөлөөнд дараа нь эрмэлз
Энэ мэтийн эрэмбээр явбал
Эрхбиш Гэгээрэлд зөвөөр хүрнэ хэмээн сургасан агуу гэгээн багш нарын мэргэн цэцэн үгсийг тунгалаг оюунаараа тунгаацгаая.
1990-94 онд Москвад Урлаг судлалын хүрээлэнд аспирантурт сурч, хажуугаар нь Москвагийн радиогийн тусгай сурважлагч хийж байлаа. “Известия”, “Эхо планеты” сэтгүүл, сонинтой хамтран ажилладаг, нийтлэл, эргэцүүлэл, мэдээ маань хэвлэгддэг байв. Мөн шулуун шударга, өндөр зарчимч, хатуу шаардлага тавин ажилладаг, Монголын төлөө хатуу байр суурь барин хамгаалдаг Элчин сайд Ж.Энхсайхан, түүхийн түмэн нугачаа, амьдралын зовлон жаргал бүхнийг эгэлгүй туулсан ШУА-ийн ерөнхийлөгч асан, академич Ширэндэв нарын шүтэн бишрэгч, Монголын жинхэнэ оюун санааны элит, залуу хүний үлгэр дурайлал хэмээн итгэдэг нэгэн бээр байв даа. Өдгөө ч тийм бодолтой хэвээрээ.
Тухайн үед Москвагийн Радиогийн МОНГОЛ хэлний редакцийн эрхлэгч И.Т. Кунавин гуай, эрдэмтэн Б.Сапунов нар А.И Цэдэнбал-Филатоватай урьдчилан ярилцаж, миний тухай хэлсэн байсан учир түүнтэй цөөн бус удаа Москвад уулзаж ярилцах боломж 1993-1994 онд үед надад олонтаа тохиосон юм.
МОНГОЛЫН төр засгийн тэргүүний гэргий, одоогийнхоор бол Тэргүүн хатагтай, Хүүхдийн төлөө фондын даргаар олон жил ажилласан, МОНГОЛЫН түүхийн амьд гэрч, социализмын түүхийг бүтээгч, олон янзаар хэлэгдэж яригддаг байсан түүхэн хүнтэй уулзах маш их сонирхолтой сургамж, сургаал, амьд түүх, алдаа онооны дэнс хийх боломж шүү дээ гэж бодож байлаа.
Тэрбээр намайг уриалгахан хүлээн авсан бөгөөд бид илэн далангуй санал бодлоо солилцож, амар тайван ярилцаж байсан учир ярилцлага гэхээсээ илүү яриа хөөрөлдөөн болсон юм.
ЖЖ: Анастасия Ивановна, Ю.Цэдэнбал даргатай анх хэрхэн танилцсан юм бэ?
А.Филатова: Тийм ээ, Москвад би Хөнгөн үйлдвэрийн яаманд Комсомолын дарга байсан юм. Хамаатан Важновындаа анх залуухан Цэдэнбалтай танилцаж дотносон, гэр бүл болж, улмаар 1947 онд бүр И. Сталин бидний гэр бүлд зөвшөөрөл өгч, Монгол улсын зүг явсан билээ. (Сталин хүртэл зөвшөөрсөн гэсэн үгэнд А.И. Филатова их ач холбогдол өгч байв)
ЖЖ: Яагаад И.Сталин зөвшөөрөл өгч байгаа юм бол?
А.Ф: Би чинь Зөвлөлт Холбоот улсын иргэн хүн шүү дээ!
Москвад амьдарч байсан залуухан бүсгүйд шууд Төв Азийн нүүдэлчин уламжлалтай улсад очих ямар байх вэ, бодоод үз л дээ...
ЖЖ: За, та манай МОНГОЛ-д анх ирээд ямар сэтгэгдэл төрөв. Таны анхаарлыг юу татав?
А.Ф: Дэлхийн II дайны дараа хэцүү үе шүү дээ. Улаанбаатар дундуур тэмээн жин явж байдаг байсан нь надад сонин санагдаж байлаа. Бид одоогийн Төв банкны байранд орж амьдарсан. Яг хоёр давхарт нь, одоо хүртэл би санaдаг юм /санаа алдав/. Цэдэнбал маань Монгол Банкинд ажилласан шүү дээ.
Аа тийм, гэхдээ юу юунаас илүү МОНГОЛ хүүхдүүд хамгаас өхөөрдөм хөөрхөн байсан. Хүүхэд том болоод социально монголчууд өндөр болон өсдөггүй, цөөнгүй намхан, майга байдагт их л гайхаж байсан бөгөөд энэ нь витамины дутагдал, сүүн, загасан тэжээл бага хэрэглэж ирснийх хэмээн мэдсэн юм.
Мөн урлаг соёлын сонгодог хүмүүжил, энэ шинэ МОНГОЛ-ын ирж яваа залуу үеийнхэнд юу юунаас чухал хэмээн бодож байлаа. Энэ сэдэл намайг Хүүхдийн төлөө фондыг санаачлан байгуулахад хүргэсэн.
Улаанбаатар 1960, 70, 80-аад онд л түргэн хөгжиж, өнөөгийн зөв зохион байгуулалтад орсон шүү дээ. Мөн би хотын төвд заавал цэцэрлэг байх ёстой гэж зүтгэсээр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг зохион байгуулах талаар шаргуу хөөцөлдөж байгуулалцсан юм даа.
ЖЖ: Манайд одоо зарим нь Цэдэнбал даргын үед, мөн таны санаачилга оролцоотойгоор Монголын багачууд бид цэцэрлэг, яслиар дуталгүй эрүүл саруул өсөж, зунд нь хүүхдийн зуслангуудад дутагдах гачигдах юмгүйгээр хамгийн сайн хоол ундаар хооллож жаргадаг байлаа гэх олон л хүн байх.
Тэр үед одоогийнх шиг хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж азаа үзэх нь бүү хэл, үр хүүхдээ цэцэрлэг яслид өгөөгүй эцэг эхчүүдэд бараг л хариуцлага тооцох шахуу болдог байсан.
Цэцэрлэг ясли бол үнэгүй хоол нь маш сайн, дээд зэргийн эрүүл, цэцэрлэгтээ ирснийхээ төлөө өдөр бүр баавгайтай чихрээр шагнуулдаг. Хүүхэд бүр улсын анхаарал халамжинд аз жаргалтай байдаг байсан. Монголын хүүхдүүдийн төлөө биечлэн анхаарал тавьж хөөцөлддөг байсан.
Хүүхдийн зуслангуудад өдрийн нэгхэн төгрөгөөр амардаг байсан бөгөөд хүүхдийн төлөөх бүхий л зардал төсвийг өөрт байгаа эрх мэдэл боломжийг бүрэн дүүрэн ашиглахдаа зөвхөн Монголын төлөө л байсан гэх хүн байхад Орос гэдгээр нь ад үзэх, хийсэн бүтээснийг үгүйсгэж, Англи, Франц, Америкийг дагасан бол Монгол маань илүү их хөгжих байлаа ч гэх олон хүн ч байгаа.
Энэ бүх асуулт, сэтгэл хөдлөлийн хариуг та юу гэж бодож байна вэ?
А.Ф: За тэр орос гэж дайрдаг ч бүр эртний хэрэг л дээ. Чиний хайрт багш Б.Ширэндэв хүртэл тэгж боддог байсан шүү дээ.
ЖЖ: Та яагаад тэгэж бодов?
А.Ф: Үгүй би чинь өөрөө хажууд байсан юм чинь. Цэдэнбалын залуу насны найзууд гэх Б.Ширэндэв, НАXЯамны сайд байсан Цэдэв, бас өөр хэн хэн ч байлаа, манайд баяраар Их Тэнгэрт зочлон ирж, дайлуулан, нэлээд халамцаж ирэхэд нь одоо болно тарцгаа гэсэн юм. Гэтэл тэд уурлацгааж “Чи юу мэддэг юм? Чи энд Москвагаас Цэдэнбалыг, биднийг тагнах гэж суугаа” гэж хашгиралдаж байсан. Сандарсандаа би уйлан гүйн гарч байсан юм даа.
Мөн Москвад биднийг амралтаар ирэхэд Цэдэнбалд минь миний тухай хов живийн чанартай зурвас хүртэл бичиж, хаалганы завсар үлдээсэн байдаг байлаа. Хүний амьдралын олон зүйлийг үзсэн. Энэ амьдрал.
Гэхдээ Монголын хүүхдүүдийн төлөө, тэдний эрүүл саруул, өсгөлүүн, ээж нарын хууль ёсоор цалинтай амралт авч байхын төлөө, Монголын ирээдүйн төлөө байдагаараа зүтгэсэн нь үнэн. Хуримын ордон, Залуу техникчдийн ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан, Хүүхдийн парк, 18 аймаг болгонд хүүхдийн ясли, цэцэрлэг, Хөгжим бүжгийн дунд сургууль, Сонгодог урлагийн театрын гээд олон зүйлийг бүтээх, сайжруулаxын төлөө ажилласан даа.
Уучлаарай, нээрээ чи чинь бас урлагийн хүн билүү?
ЖЖ: Тийм ээ, би бас урлагийн хүн. Аав маань ч урлагийн хүн, найруулагч багш. Өвөө маань киномеханикч. Гурван үеэрээ кино, театр, урлаг судлал, соёл урлагийн салбарт. Москвагийн сэтгуулчдийн холбооны дэргэдэх радиогийн сурвалжлагчийн их сургуульд сурсан.
А.Ф: Сонгодог урлагийн театрынхан бидэнтэй их ойр байсан даа /санаа алдав/.
Манай Хүүхдийн төлөө фондын албан өрөөнд балетмейстер Жамьяндагва шинээр бүтээх гэж байгаа балетаа бүр бүжиглэж үзүүлж байлаа шүү дээ.
ЖЖ: Монгол ухаан гаргаж дээ.
А.Ф: Тэр үед бүх юманд хатуу хяналт тавьдаг байсан шүү дээ. Миний дэмжлэг хэрэгтэй байсан болоод тэр байх. Аа тийм, мөн чамд сонирхуулж хэлэхэд одоо энэ шинэ хүчнүүд гэх залуусын нэг Даваадоржийн Ганболд чинь манай хүү Владиславтай хамт өссөн гэж хэлж болохоор юм шүү дээ. Аав Даваадорж доктор ч мөн манай дотны хүн, эдийн засгийн зөвлөх нь гэж хэлэхээр байсан. Эдийн засгийн ухааны эрдэмтэн. Цэдэнбал маань их үнэлдэг байсан шүү.
Он у нас ходил ходил ниже травы тише воды (Уснаас аядуу, өвснөөс намуухан) по ковру...
ЖЖ: Их Дорнын ухаан гаргаж дээ /Восток дело тонкое/...
А.Ф: Асуултанд чинь хариулхад хэцүү л юм. Монгол, Англи, Америк, Францыг дагасан бол гэхийн хувьд бол мэдэхгүй ээ... Африкийг л сана л даа.
Энэ үеэр Владислав Цэдэнбал хүү нь намайг дуудаж, би түүнийг дагаж нэг том сэлүүхэн өрөөнд орoход тэрбээр кино проектор асааж, 1944 онд БНМАУ-д анх АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри Уоллес айлчилсан баримтат кино гаргасан юм. Хүлээн авалтын дараа бололтой, том эрээн асар майхнаас маршал Чойбалсан, Хэнри Уоллес нар гарч ирэхэд араас нь цагаан хослолтой залуухан Ю.Цэдэнбал даргыг гарч ирэхэд Владислaв “Папа выходит, папа...” гэж миний мөрийг сэгсрэн сэтгэл хөдлөн хэлэхийг нь хараад тэрээр аавдаа хэчнээн хайртай байсныг нь мэдэрч билээ.
Мөн тэрээр надад аавынхаа Маршалын кортик чинжаалыг үзүүлсэн юм.
Биднийг буцан орж ирэхэд А.И. Филатова “Слава бол миний хүү, Зориг бол аавын хүү байгаа юм” гэж хэлээд инээмсэглэв.
Надад энэ гэр бүл хорвоо дэлхийн олон зуун мянган жирийн сайхан гэр бүлээс юугаараа ч ялгагдахгүй энгийн сайхан хайрын дулаан харилцаатай гэр бүл юм даа гэж тэр агшинд бодогдож байлаа...
МОСКВА
1993 оны 5-р сарын 24
1993 оны 5-р сарын 24
Үргэлжлэл бий