Монгол улсыг хэний гараар хэн хуваах гээд байна?
Одоогоос яг арван жилийн өмнө УИХ-ын гишүүн Шаравдорж “Садар самуунтай тэмцэх хууль” гэдгийг гэнэт оруулаад ирж билээ.
Өнгөрсөн 10 жилд садар самуун улам гаарсныг цөмөөрөө мэдэж байгаа. Олон хүүхэдтэй, ганц өрөө байртай хууль ёсны эр эм хоёр зочид буудал хөлсөлж байгаад Шаравдоржийн хуулиар баригдан зурагтаар бүлтэлзэж суусныг хүмүүс харсан л байх. Нарийндаа бол хөлсийг нь төлөөд авсан зочид буудлын өрөө бол хөлслөгчийн “түр” гэр орон тул түүний нэгэн адил хуулиар хамгаалагдах учиртай. Айлд очоод хүүхэнтэй унтвал яах ч арга байхгүй_ харин буудал аваад унтвал цаазтай, нэг ийм дүр харагдаж байгаа биз?
Ерөөс энэ төрлийн ажил хуулиас гадуурт тооцогддог болсон учир ийм бизнес улам цэцэглэж байна. Хүн гаргаж худалдах хэрэг нэмэгдэж байгааг ч Шаравдоржийн энэ хуультай холбож тайлбарлаж болно. Хуулийн дорой мэдлэг, мөчөөрхөл, хорон санаа, атаархал нийлэхээрээ нийгмээ яаж хорлож болдгийн нэг жишээ энэ юм.
Саяхан гишүүн Мөнх-Оргил “онгон байгалиа хэвээр хадгах ину” гэдэг сайхан хуулийн төсөл оруулж ирлээ. Уул хуулиа Монголын газар нутгийг хөндлөн огтолсон 47 дугаар өргөрөгөөс хойшихыг хэн ч ашиглаж болохгүй, онгон зэрлэгээр нь хойч үедээ хүлээлгэж өгөх юм гэнэ. Үүнийгээ Монгол орны усны хагалбар, усны нөөц, ойн баялаг хойд талдаа байдаг учраас гар хүрч болохгүйгээр тайлбарлаж байна. Уул уурхайн салбар эрчимжиж ашигт малтмалын хайгуул олзворлолт нэмэгдэхийн хэрээр онгон байгалийг сүйтгэх явдал ихэсч байгаа шалтгааныг гол барьцаа болгожээ.
38-р өргөрөг гэж Солонгосын хойгийг хуваасан байдаг, харин 47 гэж сонсоогүй юм байна. 1928 онд одоогийн Монголын нутгийн зүүн өмнөд хэсэгт хэсэг газар нэмэгдсэнээр Гадаад Монголын хил тэлсэн. Одоо болохоор 47 дугаар өргөрөгөөр шинэ хил тогтоох гээгүй биз дээ? Янз бүрийн л хар төрөх юм. Гадаад, Дотоод Монголыг үе шаттайгаар аажмаар нэгтгэж Хятадын харъяалалд оруулах боломжийн тухай Монголын говиос сонгогдсон УИХ-ын гишүүн ярьсан тухай Тайваний хэвлэлд ойрмогхон гарсан. Ингэхээр Монгол орныг өргөрөгөөр дахин хуваах онол хаанаас үүдэлтэй тухай ч сэжиглэн бодмоор. Ер нь нутаг дэвсгэрээ аль болох бага хуваах, цөөхөн хэсэглэх нь аюулгүй байдлын нэг үндэс. “Хуваасны хэрээр хуваагдана” гэж латины мэргэн үг ч бий.
Монгол нь өнөөдөр газар нутагтаа харьцуулсан дархан газраараа дэлхийд хамгийн том нь. 4-5 улс дамнасан Серэнгэтигийн дархан газраас Монголын Их говийн дархан газар том. Хүйтэн дайны үеийн хоёр ертөнцийн өрсөлдөөний золиос болж Монгол нь гар хүрэх эрхгүй асар уудам нутагтай болжээ. Тэнд нь дөрөв таван мазаалай амьдардаг учир газрын хөрсөн доорхи баялагийг нь ашиглах эрхгүй. Дархлагдаж онгологдов уу гэвэл үгүй. Эзэнгүй болчихлоо л гэсэн үг. Харж хандах эзэнгүй болохоор хэн дуртай нь яаж ч эдэлж болно. Эзэнгүй юм болгон ийм л хувь зохиолтой байдаг. Эзэнгүй болгох хамгийн сайн арга бол эсвэл улсынх гэж зарлах, эсвэл онголж дархлах. Улсынх, тэгээд дархлагдсан бол за даа, ганц болж байгаа нь тэр! Үүнийг сая хүнтэй том хот болох Улаанбаатарыг тойрсон мянган мянган цагдаатай олон амуудаар баримжаалан юу болдгийг нь харж болно. Хот орчмын уулын амуудад хамаагүй газар өгсөн тухай хэрүүл их болж байгаа. Авилга хахуулиар үүнийг шийдсэн нь буруу л байх л даа. Гэхдээ эзэнтэй болсон энэ амууд юутай ч хожгорохгүй, хожгорлоо ч хариуцлага хүлээх эзэнтэй болж байгаагаараа байгаль хамгаалалд сайнаар тусаж буй хэрэг.
Хот суурин гэдэг зах зээлээ дагаж буй болдог, ийм л хуулиар хоосорч сөнөдөг. Байгалийн баялагийг нь ашиглаад эхлэх өмнөд хэсгээрээ Монголын хүн овоорч, дархан цаазлагдсан умарт хэсэг нь хоосорч эзгүйрнэ гэдгийг хуулийн төсөл санаачлагчид тооцоолсон болов уу? Эсрэгээр, бүр яг тооцоолчихсон ч юм бил үү? Асгатын мөнгөний орд, Төмөртийн орд, Хөвсгөлийн фосфоритийн орд технологийн сайн нөхцөл бололцоо үүссэн ч үүрд ашиглахгүй гэж байгаа хэрэг үү? Монгол орны баялаг үүцэндээ байгаа, маргааш юу ч нээгдэх юм билээ? Энэ болгоныг хэнд нөөцлөөд байгаа хэрэг вэ? Байгалийн баялаг ашиглах явцдаа байгалийг сүйтгэх эсэх нь шал тусдаа асуудал биш үү? Ашигласны дараа нөхөөн сэргэлт явуулснаар уг байгаагаас нь ч хавьгүй дээрдүүлдэг жишээ өчнөөн л байна. Ийм механизм руу нь явахын оронд хойч үе рүүгээ зааж тэдэнд хоол түлдээх гэж байгаагаар тайлбарлаж буй нь нэг л үнэмшил муутай. Нэртэйгээр нь ирээдүй үеийнхний хэрэглэх хүчилтөрөгчийг гамнахын тулд өнөөдөрхөн үхээд өг гэхнээ дээ.
1990 онд профессор Хантинтон “Иргэншил хоорондын мөргөлдөөн” ном бичиж шуугиулсан. Тэнд ирээдүйд юу болж болох тухай уран сайхны маягтай нэгэн зураглал бий. 2015 онд ийм юм болно гэж үзье л дээ гэж байгаад бичиж л дээ. Хятадууд Монгол руу довтолж байна гэнэ. Монголын хагасыг эзлээд хойш давших үед нь оросууд хатуу анхааруулга өгснөөр хоёр тал 47 дугаар өргөрөгөөр таслагдан шинэ хил үүснэ. 47 дугаар өргөрөгөөс өмнөх нь Хятадын харъяа болно. Иймэрхүү зураглал гаргаад, ингэвэл асуудал яаж шийдэгдэх талаар таамаглал дэвшүүлсэн байна. Энэ бол асуудал ингэж өрнөвөл ингэж шийдэгдэх байх гэсэн шинжлэх ухааны магадлал ярьж байгаа болохоос яг ийм юм болно гэсэн үг ерөөсөө биш. Үзмэрдэх, мэргэлэх төлөглөх нь шинжлэх ухаанд харш зүйл. Ер нь ч ийм юм болохгүй биз. Горьдсоны гарз.
shaabar
баавар сда чинь
mongol
Буяа
Буяа
zaya
ганболд
ганболд
chuk
uugan
chuk
chuk
uugan
uugan
uuganaag shuumljleed bga nuhur estoi mal um daaa
jagaa
sharavdorj hahaha....
uugan gej neg mangar bnaa
Orgil
uugan
uugan
uugan
Зочин
Бз