Хүн төрөлхтний түүхэнд XX зуун шинжлэх ухаан, урлаг соёл, сансар судлал, цөмийн зэвсэг нээсэн, биологи, физик, химид цоо шинэ нээлтүүд гарсан хувьсгалын зуун гэж тэмдэглэгдэх болов уу?

Астронавт /сансрын нисэгч/ хэмээх гайхамшиг, бахархал төрүүлэн гарч ирсэн цоо шинэ мэргэжлийн адил эртний уламжлалт театр мөн цоо шинэ синематограф буюу кино урлагт найруулагч гэх мэргэжил мөн л XX зуунд гарчээ.

Манай зарим ойворгон нь дөрвөн уулын дунд хоцрогдлын үүр болж буй оюун санааны шоронд байгаагаа мэдрэхгүй харин ч буруу хандлага, муйхар бодол, хоосон хуурмаг нэр төр хөөцөлдөж, оюун санааны дэвшил болсон дэлхийн олон алдарт театрын хүлээн зөвшөөрч, шинэ цагийн театрын урлагийн хэллэг, хэлбэр, арга барилыг дахин дахин “дугуй зохион” өөрөө бодож олох юм гэнэ ээ.

Таних мэдэхүйн ажил дахин дахин хийх шаардлага үгүй.

Магадгүй үзэгч нь хот газар дөнгөж орж ирсэн ороо бусгаа цагийн төлөөлөгчид байж болно. 

Гэтэл уран бүтээлчид нь хөөрхий тэднээс л илүү боловсрол, мэдлэгтэй байгаа бус. Монголын театрыг чиглэн ирэхгүй байгаа өндөр боловсролтой сэхээтэн залуус, үе дамжин кино, театр, музей, номын сангийн байнгын хэрэглэгч, шилмэл сэхээтэн, ажил хэргийн хүмүүс, нийгмийн амьдралын зүг чигийг залагч эрх баригчид, дипломат, инженер, хуульч, зохиолч, яруу найрагч, Монголд ажиллаж буй олон улсын Монгол судлаачид, гадаадад суралцагсад, эрдэмтэн мэргэд, урлаг, утга зохиолын мэргэжлийн урлаг судлаач, зураач, профессор, докторууд гэх оюуны хөдөлмөрийн эрхмүүд яагаад театраар орохгүй байна вэ гэдгийг сайн бод!

Мөн аль эрт зохиогоод дэлхий даяараа хэрэглээд ирсэн найруулагчийн урлагийн ололт, тавилт, хэллэгийг дахин дахин толгойдоо бодож олох гэж цаг үрж, мачийж байхаар дэлхий аль эрт хэрэглээд ирсэн театрын найруулгын метод аргачлал, стандарт түвшин байгаа. Үүнээс байнга тогтмол суралцаж, баяжууланхэрэглэж ирэхийн оронд өөрөө өөрийгөө оюун санааны шоронд бүү аваач гэж уриалмаар болох юм даа.

XX зуунд эртний уламжлал, улиг болсон класицизмын тоосонд хөгцрөн навсайж, нүүрээ будан, хиймлээр алиа салбадайн шог гараагаар зугаацуулах, хөгжөөхөөс илүүг бүтээж чадахаа байсан хуучинсаг театрын урлагт шинэчлэлийг авчирсан хоёр агуу бүтээлч байдаг.

Түүний нэг нь Москвагийн уран сайхны театрыг үндэслэгч К.С. Станиславский. Түүний талаар манай алтан үеэс эхлэн шүтэн биширч, түүний сайн бодож боловсруулсан систем, уран сайхны арга барил, тогтолцоог Монголын театрт нэлээд нэвтрүүлсэн, дэлгэрэнгүй сургаж, сурталчилсан нь одоог хүртэл байдаг билээ. 

Гэтэл театрын найруулагчийн мэргэжлийг жинхэнэ утгаар нь шинэчилж, театрт абсурд, символизм, имажинизм, реализм, уран зохиол, уран зураг, гүн ухаанд гарсан шинэ оюун санааны урсгалыг оруулж ирсэн театрын онолч, агуу уран бүтээлч Мейрхольдын талаар мэдэх нь бага. 

Тэрээр Оросын Пенза хотод амьдарч байсан герман бизнесмэний гэр бүлд 1874 оны нэгдүгээр сарын 28-нд төржээ. Түүний жинхэнэ нэр нь Каземир Мейрхольд. Аав нь архины үйлдвэр эзэмшиж, хатуу чангаараа зартай нэгэн байсан хэдий боловч хүүхдийн боловсрол, хүмүүжлийн зардлыг үл хянаж, халаасны мөнгөнд ч хэзээд өгөөмөр нэгэн байсан ажээ. Ээж нь тогтмол хөгжмийн үдэш зохион байгуулж, хүүхдүүдээ театрт дуртай болгосон гэдэг. Тэрээр бяцхан Каземир Мейрхольд болон ах, дүүсээр нь сонирхогчдын жүжиг найруулуулан, тоглолт зохион байгуулдаг байжээ. 

Мейрхольд 1895 онд гимнази төгсөж, Москвагийн Улсын их сургуулийн хуулийн ангид оржээ. Мөн тэр жилдээ тэрээр гэр бүлээ цочирдуулсан хоёр зүл хийсэн нь, тэр Оросын үнэн алдартны сүмд орж, Каземир нэрээ Всеволод нэрээ сольсон байлаа. Хоёрт, мэргэжлээ сольж жүжигчин, найруулагч болохоор шийдсэн явдал байв. Дашрамд дурдахад, Всеволод Мейрхольдын багш болох хувь тавилантай байсан Константин Станиславский ч мөн ялгаагүй зохиомол овог, нэр бөгөөд түүний жинхэнэ нэр нь Алексеев билээ.

Мейрхольд одоогийн ГИТИС буюу Москвагийн Театр урлагийн их сургуульд жүжигчний ангид шилжин, Немирович Данченко багшийн ангид оржээ. Удалгүй шинээр байгуулагдсан Москвагийн Уран сайхны театрт түүний хоёр багш Немирович Данченко болон Константин Станиславский тэргүүтэй Оросын сэтгэл зүйн театрын алтан үеийн жүжигчдийн дунд орон ажиллаж эхэлсэн байна. Станиславскийн зохион бүтээсэн систем – жүжигчний ур чадварыг сэтгэл зүйн талаас нь зөв хөгжүүлэх аргачлал дэлхийн алдартай бөгөөд өдгөө алдарт Холливудын жүжигчдийн ур чадвар, тоглолтын үндэс болсон метод – буюу сэтгэлийн гүн судалгаа, бодит жүжиглэх арга барил дээр тулгуурласан өөрийн жүжиглэх систем дээр ажиллаж байсан юм. Москвагийн Уран сайхны театрын тайзан дээр 20 гаруй жүжигт тоглож, түүний сацуу суут Станиславскийн дагалдан найруулагч байсан Мейрхольд уран бүтээлийн олон зүйл дээр сэтгэл дундуур явж, сайн бодсоны эцэст Станиславскийн арга барилаас нь татгалзсанаа зарлан, өөрийн групп театр байгуулж, түүнийгээ удирдан чиглүүлэхээр ажиллаж эхэлсэн байдаг. 

Түүний үүсгэн байгуулсан групп театрын анхны тоглолт хүмүүст цоо шинэ театрын хэв маяг, шинэ илэрхийлэх арга зам хайж, туршиж эхэлжээ. Станиславский ихэвчлэн сэтгэл зүйн талд хандаж, түүнийг гүнзгий судалж байсан бол Мейрхольд жүжигчин дүрийн үг, сэтгэл биш, харин илэрхийлэх биеийн хөдөлгөөн дээр ажиллаж, буффонад болон ‘биомеханик’ хэмээсэн арга барилыг жүжигчдэд суулгаж, тэр нь юуны түрүүнд хамгийн энгийн хялбар бие хөдөлгөөний элементүүдээс эхлээд бүх л сэтгэл хөдлөлийн илэрхийллийг багтаасан байх ёстой гэж чиглүүлж байсан юм. Мөн хөгжмийн ритмийг мэдрэх, сэтгэл санааны гэнэтийн хувирлууд, үзэгчдийг цочоон, сэтгэл зүйн шоконд оруулах жүжигчний тоглолт, мөн жүжгийн зохиолын сюжет, утга санаа таагдашгүй оньсого мэт байхаар найруулан тавьж, хамгийн хурц хэлбэрийн театрын марионет, Японы Kabuki театр, шоу, кабаре-театрын хэлбэрийг өргөнөөр оруулсан цоо шинэ театрын хэллэг, хэлбэр, урсгал гарган ирсэн юм.

Москвагийн Уран сайхны театрын анхны улиралд алдарт ‘Цахлай’ жүжгийн шинийг эрэлхийлэгч оюутан Треплевын дүрд Мейрхольд тоглосон. Тэрээр ‘Борис Годунов’ жүжгийн боярин Шуйскийн дүрд амжилттай тоглож байлаа. Тэгсэн хэдий ч тэрээр өөрийн театраа байгуулж, уудам их Оросын Одесса, Киев, Херсон хотуудаар аялан тоглолт хийж, жинхэнэ сенсаци тарьж байв.

1906 онд Санкт-Петербург хотод алдарт жүжигчин Вера Комиссаржевскагийн театр байгуулагдсан бөгөөд ерөнхий найруулагчаар шууд Мейрхольдыг урьсан юм. Эзэн хааны театруудад тэрээр алдарт яруу найрагч Александр Блокийн жүжгийг найруулан тавив. 1908 онд Мейрхольд Санкт-Петербург хотод Эзэн хааны бүх театруудын захирлаар томилогджээ. Түүний найруулсан жүжгийг А. Блок, Хауптман, М. Метерлинк, Германы алдарт найруулагч Макс Рейнхард, К. Станиславский нар шагшин магтаж, хүлээн зөвшөөрч байсан юм. 

1917 оны Октябрийн эргэлт – хувьсгал болсны дараа Оросын томоохон сэхээтэн нийтлэлч А. Луначарскийн ятгалгаар тэрбээр Ленин-Троцкигийн большевик намд элсэж, 1920 онд Боловсролын Ардын комиссариатын театрын хэлтсийн даргаар томилогджээ. Коммунист он жилүүдэд Мейрхольд уран бүтээлээ улам шаргуу, улам эрч хүчтэй бүтээсээр л байв. 

Тэрээр футурист яруу найрагч, алдарт Маяковский, Оросын сонгодог зохиолч Н. Гоголь, орчин үеийн авьяаслаг жүжгийн зохиолч Сухово-Кобылин, Николай Эрдман нарын жүжиг, Улаан талбай дээр болж байсан бүх цэргийн баярын парад ёслол болгоныг цоо шинээр найруулан, хуучинсаг хэв маяг, гоо зүй, жүжиглэлт, найруулгатай тэмцэж, Театрын ‘Октябрийн хувьсгал’ гэсэн өөрийн мөрийн хөтөлбөр хүртэл боловсруулан ажиллаж байлаа. 

Оросын Холбооны улсын Мейрхольдын нэрэмжит театрыг Оросын Засгийн газар байгуулав. Тэрээр өөрийн нэрэмжит театрын хамт Берлин, Парист тоглолтоо хийж, хөгшин Европын үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Тэр жилүүд дэлхийн театрын урлаг, онол, гоо зүй, урлаг боловсролын тогтолцоонд түүний нэрийг алтан үсгээр сийлсэн он жилүүд байсан юм.

Гэвч 1939 онд тэрээр хилс хэргээр Дотоод явдлын яаманд баригдаж, 1940 онд цаазаар авхуулжээ. Түүний гэргий, алдарт жүжигчин Зинайдаа Райх түүнийг баривчлагдсаны дараа гэртээ зэрлэгээр алагдаж, тэдний урлагийн музей гэмээр цуглуулгатай, урлагийн баян тансаг гэрт Сталины шадар, Дотоод явдлын сайд Лаврентий Бериагийн нарийн бичгийн дарга, түүний жолооч нар амьдрах болсон юм. 


Мейрхольдын дэлхийн хэмжээний агуу найруулагч, Октябрийн хувьсгалыг халуунаар дэмжигч большевик намын гишүүн байсан нь ч түүнийг харгис хатуу хуарангийн захиргаа, хэвэнд цутгасан мэт үзэл сэтгэлгээг номлогч Сталинизмын яргалал, хэлмэгдүүлэлтийн шуургаас аварсангүй. Хувьсгал үр хүүхдүүдээ залгидаг хэмээсэн үг яг тааллаараа болсон юм.

Гэвч түүний үлдээсэн урлагийн их өв, ном, бичсэн өгүүлэл, жүжгийн постер, буклет, конструкцууд, зохиолын задалгаа, найруулан тавилт дэлхийн театрын өнөөдөрт улам хүчтэй, улам нөлөөтэйгээр олон олон алдарт найруулагчдад нөлөөлсөөр байна. Алдарт найруулагч Петер Брук, Мигель Антониони, Гротовский, Гедрюс Мацкявичюс, А. Васильев, Валентин Плучек, Михаил Царев, Н. Охлопков, Валерий Фокин, Холливудын алдарт найруулагч Ричард Гир гол дүрд нь тоглосон ‘Чикаго’ киноны найруулагч алдарт Роб Маршал (Дашрамд дурдахад, та нар тэр киноны Р. Гир сэтгүүлчдийг утсан хүүхэлдэй болгон хэвлэлийн бага хурал хийж байгаа хэсгийг дахин олж үзээрэй. Тэр бол тэр чигээрээ Мейрхольдын биомеханик тавилт) зэрэг дэлхийн алдарт найруулагчид агуу Всеволод Эмильевич Мейрхольдыг театрын найруулгын хэллэгийн, яруу тод хурц оюун санааны их багш хэмээн хүлээн зөвшөөрч, түүний уран бүтээлийн өвөөс суралцсаар байгаа.

Агуу уран бүтээлчдийн мөнхрөх гэдэг энэ буюу.