Гучин гишүүний гурван аюул
Засгийн газар ажлаа аваад 13 сар болсон байна. Сангийн сайдыг ажлаа авах үед инфляци нь дифляци руу орж, эдийн засгийн өсөлт -1.3 хувьд хүрч агшиж, өр төлөлтүүд тулгамдсан асуудал болоод байв.
Засгийн газар ажлаа аваад 13 сар болсон байна. Сангийн сайдыг ажлаа авах үед инфляци нь дифляци руу орж, эдийн засгийн өсөлт -1.3 хувьд хүрч агшиж, өр төлөлтүүд тулгамдсан асуудал болоод байв. Өнгөрсөн хугацаанд 3 сарын 21- нд Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг төлөх байсныг шинэ бондоор сольж хойшлууллаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд ард түмэнд таалагдахааргүй хэд хэдэн арга хэмжээг авсан. Долоон төрлийн татвар нэмсэн. Төсвийн зарлага нэмэгдсэн. Төсвийн тодотголыг Оюутолгой төсөлд орж, гарч байгаа мөнгө Монголын банкаар дамждаг байх тухай заалт орсноос болон бусад шалтгаанаар хоёр ч удаа хойшилж байгаад арайхийн батлагдсан. хойшилсон. Дараа Prius машины татвар, хүүхдийн мөнгөө олгох гэхчлэн байнга “галтай ноцолдож” явсаар саяхан ОУВС-гийн төлөөлөл эхний үнэлгээгээ өгч, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж дүгнээд буцлаа.
FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас Монгол Улсын 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд ялангуяа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулиар хар жагсаалтад оруулах гарцаагүй байдлалд оруулсан. Тиймээс ч Сангийн яам, Монголбанк наадмын үеэр амралтын өдөр гэлтгүй цаг наргүй ажилласаар Шри-Ланкад болсон хуралд нь бэлтгэн оролцож ямартай ч 15 сарын хугацаанд сэжигтэн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг шалгах, тодорхой хууль эрх зүйн өөрчлөлт оруулах зэрэг 10-аад төрлийн арга хэмжээг авахаар болжээ.
Хэрэв энэхүү “хар жагсаалтад” орсон бол ОУВС-гийн ямар ч хөтөлбөрт хамрагдсан байх нь хамаагүй тун хүнд байдалд орох байв. Энэ бол АН-ын Засгийн газрын үед гарсан байх, түүний дараа сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдсан зэрэгтэй ямар ч хамааралгүй зөвхөн Монголд халтай асуудал юм. Улстөржихтэй манатай энэ том асуудалд орчихсон байхад Сангийн яам, Монголбанк 15 сарын “тэнсэн” авч, тэр хооронд алдаагаа засч чадах эсэх нь чухал юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-д Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд албан ёсны айлчлал хийх үеэрээ холбогдох төрийн болон төр, захиргааны байгууллагуудаас нэг гол хүсэлт тавьсан. Энэ нь Монгол Улсаас худалдан авч буй бараа, бүтээгдэхүүнүүд, тэр тусмаа коксжих нүүрсний хэмжээнийхээ квотыг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт байлаа. Тэд дээрх айлчлалын үеэр шууд нааштай шийдээгүй ч Сангийн яам, Гадаад харилцааны яамны тасралтгүй хөөцөлдсөний үр дүнд энэ оны хоёрдугаар сарын 23-нд Гадаад харилцааны сайдыг БНХАУ-д айлчлах үеэр албан ёсоор зарласан. Эхний хагас жилд 19.8 сая тонн нүүрс экспортлохоор боллоо. Монгол Улс хэзээ ч хагас жилийн дотор ийм хэмжээний нүүрс БНХАУ-д экспортолж байгаагүй. Төмрийн хүдрийг 15 сая тонныг авъя гэж байхад бид олборлолтоо нэмэгдүүлж, дэд бүтцээ шийдэж чадаагүй гэх зэрэг хийх ажил их байна.
Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Үүний дараа Засгийн газар 7 сарын 4-ний шийдвэрээр бүх хүүхдэд ялгаваргүй олгохоор болсон. Одоо 8 сарын 4-өөс хүүхдийн мөнгийг олгоход хүнд болсон тул төсвийн тодотголыг дахин хийж оны өмнө бүх хүүхдэд ялгаваргүй олгох зорилттой байгаа юм. Төсвийн орлого нь 500 тэрбум төгрөгөөс дээш байгаа тул төсвийн хуулиар зохицуулах ёстой. Ялгавартай ба ялгаваргүй олгохын зөрүү нь110 орчим тэрбум төгрөг. Бага мөнгө биш боловч Засгийн газрыг огцруулахуйц хэмжээний үнийн дүн арай биш баймаар.
Өнөөдөр бидний аврал нь хөрөнгө оруулалт. Засгийн газар өнгөрсөн 13 сарын хугацаанд хоёр удаа бонд босгох хөрөнгө оруулалтын хэлэлцээрт оролцсон. Жижүүрийн асуулт нь: “Улс төрийн тогтвортой байдалд та баталгаа өгч чадах уу?”. Манай Сангийн сайдын хариулт: “200 хувийн баталгаатай. УИХ-д манай нам 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ бол манай Засгийн газар УИХ-д том дэмжлэгтэй байгаа биз. Дээр нь бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж төсөв, санхүүгийн чанд сахилга баттай болсон” гэсэн дархан хариулттай байв. Хэн үүнд итгэхгүй гэж.
Одоо 2018 оны нэгдүгээр сарын 5-нд дахиад 500 сая ам.доллар төлөх ёстой. Мөн 2018 оны тавдугаар сарын сүүлчээр дахиад “Чингис бонд”-ын 160 сая ам.доллар буюу тэрбум юань төлнө.
Угтаж байгаа өр, улс төрийн тогтворгүй байдал хоёрын үр дүн өнгөрсөн 13 сард хийсэн бүх нааштай үр дүн, Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны хийсэн ажлын үр дүнд аюул дуудаж байна.
Одоо огцруулахаар гарын үсгээ зураад байгаа гишүүдийн дийлэнх нь ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах арга замыг сонгоно гэсэн байр сууриа илэрхийлчихээд байна. Энэ бүхэн их өрөнд умбаж улсаа дампууруулъя, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож бид тусалъя гэсэнтэй ижил уриа дуудлагыг хэлж буй.
Тэдний “тархи угааж” байгаагаар бол Засгийн газар төрийн эрх мэдлээ ОУВС-д аваачаад тушаачихсан бололтой. Угтаа тийм биш гэдгийг сайн мэдэх хүмүүс. Тэгээд ч Засгийн газар аргагүй нөхцөл байдлын улмаас, хүсээгүй сонголтоо хийж хөрөнгө оруулагчдын итгэлийг татах, алдаа завхарлаа засахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. ОУВС ч тэр улс орон бүхний эрх мэдлийг атгаад, иргэдийнх нь амьдралыг Засгийн газар шиг нь атгаад явдаггүй, төсөв санхүүгийн хямралаас нь гаргачихаад орхидог. Түүнээс биш ОУВС Монголыг хөгжүүлэх үүрэггүй.
Засгийн газар байгуулагдахад Засгийн газрын үнэт цаас 17.5 хувийн өгөөжтэй байсан. Одоо 12 хувийн хүүтэй болжээ. Энэ бол Засгийн газарт итгэх итгэл тэр өгөөжөөр хэмжигдэж байна гэсэн үг. Дотоодын хөрөнгө оруулагчид л энэ бондыг аваад байвал бизнес эрхлэх гэж байсан мөнгийг нь Засгийн газар нь сороод төсвөө санхүүжүүлээд, мөнгөний бодлого чангараад байх учраас хортой. Тиймээс хоёр хүртэл хувийн хүүтэйгээр ОУВС-аас төсвөө санхүүжүүлж урсгал зардлаа санхүүжүүлэх нь үүнээс арай дээр зам байсан. Гэхдээ ОУВС-тай хийсэн тохироонд бид дахиад огт өр тавихгүй гэж ам тангараг тавиагүй. Өмнөх өрөө шат дараалалтай төлж барагдуулна л гэсэн. Нөгөөтэйгүүр ОУВС-гийн эсрэг аль нэг банкийг “дайсан” болгож харагдуулах нь тийм ч оновчтой тоглоом биш. Учир нь эхэндээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонд арилжааны банкууд маш дургүй байсан нь үнэн. Дандаа л тэгдэг. Харин энэ удаад Сангийн сайд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээ хийх үеэр арилжааны бүх банкны төлөөлөлтэй нүүр нүүрээ хараад үнэн нөхцөл байдлаа хэлээд энэ өвчнөө хамтдаа анагаах уу, хамт үхэх үү” гэсэн маш хүнд сэдвээр “эмч нарын зөвлөгөөний хурлаа” хийгээд тохиролцоонд хүрсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн. Одоогоор арилжааны банкууд дээр активын чанарын үнэлгээ хийгээд эхэлчихсэн. Энэ онд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Засгийн газрыг огцруулах асуудалд бичиж өгөөгүй ч шунаад байгаа алим нь “Эрдэнэт үйлдвэр” гэдгийг нуух аргагүй болсон. Харин тэр нь хэр амттай алим бэ. Засгийн газар байгуулагдах үед Монгол Улсын экспортын хэмжээ 4.9 тэрбум ам.доллар байсан. Хэрэв улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүйгээр, хөрөнгө оруулалт, экспортоо нэмэгдүүлээд явбал экспортын хэмжээ дор хаяж 8 тэрбум, чадвал 10 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэсэн зорилт тавиад байгаа юм билээ. Энэ дотор тэр алимны амт явж л байгаа. Нүүрсний экспортод ч гэсэн улс төрийн аргаар ч атугай нэмэгдүүлэх алхам хийгээд эхэлсэн, гарц нээснийг нуугаад яахав.
Улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал байхад ийм нөхцөлд ямар ч хөрөнгө оруулагчид ороод ирэх боломж бүрэн байна. Уг нь манай төр 65 гишүүнтэй “бүдүүн бүлэг”-ээ гол нөхцөл болгочихоод, өмнөх алдаагаа засах төлөвлөгөө, төсөв, санхүүгийн сахилга батыг сахих болсноо тунхагласан ОУВС-гийн хөтөлбөрөө харуулахад л хөрөнгө оруулалт, технологи, эдийн засгийн иж бүрэн түншлэл хийх томоохон хөрөнгө оруулагчид орж ирээд байх эхлэлийн гарааг тавиад байна. Гэтэл гараан дээр нь морио туших, хөлөг онгоцныхоо хүрдэн дээр зодолдох энэ дүр зураг тэр гарааг бариа болгоод тушчихаж мэдэхээр байна. Энэ үед л “эх оронч” 30 гишүүн дайсан мэт хараад байгаа нам нэгт Засгийн газрынхаа гар хөлийг хүлж багласны гор гарч мэдэхээр байна. Цаг үе нөхцөл байдлыг харахад тэдгээр 30 гишүүнийг Засгийн эрх мэдэл хуваарилж, сандал ширээний хэрүүл хийж байх мөчид улс орны амин чухал асуудлууд ид шийдэгдэж байхаар таараад байдаг.
Тиймээс “яруу алдарт” 30 гишүүн нам дотроо сөрөг хүчин болохоос өмнө улс орныхоо эрх ашгийг хараасай гэж захих нь зүйтэй болов уу. Гучин гишүүний гурван аюул бүхэлдээ улс орны нийтлэг эрх ашигт сөрөг нөлөөтэй. МАН-ын нэр хүндийг хойш тавья. Ж.Эрдэнэбат болон түүний танхимынхан ч суудлаа тавьж өгөхөөс айсан, хамгаалсан үйлдэл гаргасангүй. Концесс бүхэлдээ гүтгэлэг байлаа. Нэг ч эргэн төлөлт алга, хассан уу гэхээс нэмээгүй, намынхан өөрийн найз нөхдөдөө, тэдний эзэмшил компаниудтай байгуулсан гэрээ алга. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгож байна. Цаашид үргэлжлүүлэхэд нь өөрсдөө туслах биш саад хийж байна. 60 тэрбумын гэх баримт нотолгоогүй жүжгийг тэд дэмжиж байгаа ч баталж нотолсон ганц ч цаас харуулсангүй. Иймд энэ бол зөвхөн “бүдүүн бүлэг” дотор зүсээ хувилгасан дайсан олон бий гэдгийг дотооддоо, 65 гишүүнтэй УИХ нь Засгийн газрын бодлогыг дэмжинэ гэдгийг гадаад хөрөнгө оруулагчдад тунхагласан хорлон сүйтгэх үйл ажиллагаа байлаа. Харамсалтай нь хариуцлага хүлээхгүй биз ээ.