Ганзагачдын улстөр
АН өнгөрөгч 26 жилд хуучин шинэ талцлыг эв дүйгээр зөөлрүүлэх байтугай сүүлийн жилд сэдрээсэн. Үүнээс гайтаж, нийгмийн ухамсарт үрсэлсэн ардчилал зах зээлийн нялх үр хөврөл үхлээ.
АН өнгөрөгч 26 жилд хуучин шинэ талцлыг эв дүйгээр зөөлрүүлэх байтугай сүүлийн жилд сэдрээсэн. Үүнээс гайтаж, нийгмийн ухамсарт үрсэлсэн ардчилал зах зээлийн нялх үр хөврөл үхлээ. Уг нь дажгүй соёолсон юмсан. Аль ч нийгэм, ямар ч намд хамааралгүй, бие даасан тэрс сэтгэлгээгээр уншигч олондоо үйлчлэх хөтөлбөртэй зохиолч нэртэй зөнөг өвгөн би бээр ардчилалд урхагтай гамшиг нүүрлэлээ гэж харамсаж сууна. Хүн төрөлхтөний оюуны үнэт бүтээл, цаг хугацааны сорилтоор шалгарсан аж төрөх тэргүүний үзэл баримтлал, хэдхэн гайтай ганзагачнаас бузартаад ард түмний тархинаас арчигдах эрсдэл айсуй. Энэ бол эд баялгаас ноцтой хохирол. Хүн амын оюунаас ардчилсан үзэл холдсоор өдгөө ардчилал зах зээлийг бүр жигшдэг болжээ. Энэ бол АН-ын тарьсан гай.
Бөмбөрцийн тал-социалист лагерийнхан коммунизм байгуулах итгэл үнэмшлээр 70 жил зүтгэсэн. Гэтэл ардчиллын донсолгоонд соц. лагерь 1990 онд газар хөдлөх мэт нурмагц коммунизмыг бүтэшгүй утопи гэх үзлээ нууж явсангууд алга ташаад, коммунизмд итгэж явсангууд гомдолтой хоцорсон. АН-ын удирдлага нэртэй барууныг хоосон ярьсан хэдэн ганзагачид “социалист нийгэм байгуулж явсан” гэж тунигчдын гоморхлыг басамжилж доромжилсноор ардчиллын эсрэг томуу дэгдээжээ. Эрх ашиг нь хөндөгдсөндөө ардчилалд үе дамжин гонсгор яваа хэсгийн төөрөгдөл, сэтгэл зүйг судлах ухаан АН-д төрсөнгүй. АН хэдэн хөнгөмсөг хийрхүү пенүүдээ бүх ард түмэн гэж хөөрцөглөөд, хүн амын дийлэнхийг бүрдүүлэгч массыг дайсан мэт гадуурхснаас эргээд өөрсдөд нь ялагдал нүүрлэв.
АН-ын дарга асан З.Энхболдыг аваад үз. Зөрүүд юм уу, урвагч юм уу, гадны шахааг далдуур дэмжсэн түүний бодлого улсаа хоосруулж, АН-ын нэр хүндийг нийгэмд навс унагасан. Үүнээс болж АН сонгуульд ялагдсан. З.Энхболд спикерийн шууд удирдлагаар Л.Эрдэнэчимэг гишүүний толгойлсон ажлын хэсэг Таван толгойгоос орж ирэх валютын урсгалыг хаасан. АН-ын даргын сэнтийг луйвраар эзэгнэсэн З.Энхболд ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ажил хийлгээгүй. З.Энхболд Таван толгойн (сайн ч муу ч) гэрээг батлахгүй гэсэн нууц бодолтой явсан нь эцэстээ мэдрэгдсэн. Тийм хор тархиндаа тээсэн спикер Таван толгойн гэрээг сайжруулах талаар УИХ-ын 76 гишүүний санаа оноог сонсохоос зугтаж, чуулганаар хэлэлцүүлэлгүй бүдүүлгээр муйхарлан хорьсон. Энэ нь гэрээг ерөөс батлахгүй гэсэн хатуу чигтэй спикер гэрээг сайжрахаас зайлсан булталт байсан юм. М.Энхсайхан сайдын ахалсан гэрээний сул талыг дээрдүүлэх бус гагцхүү түүнийг огцруулах шахалт ерөнхий сайдад тулгаад дийлээгүй. Тэгмэгц М.Энхсайханыг эх орноосоо урвасан гэж ТЕГ-аар шалгуулахыг санаархсан авч сачий нь хүрэлгүй өөрөө нийт олноор дүнгээ тавиулж лааз өшиглөсөн. Одоо Таван толгойн төсөлд монгол компани МСS оролцоод баяжчихгүй бол миний лааз өшиглөх юу ч биш гэж яваа биз. З.Энхболд нарын хүйтэн санааны горыг өдгөө ард түмэн үүрээд сөхчиж явна. Монголд хортой хар элгийн бодлогоо эдгээр олигархиуд Ерөнхийлөгчид тулгана. Тулгалтыг сөрж, Монголд ашигтай бодлого явуулж чадах Ерөнхийлөгчөө сонгоосой.
Муусайн шог зохиолч яагаад хоцрогдсон нийгэмтэйгээ далд оролгүй ардчилалд дэвшээд орж ирэв гэж байна уу? Тэгвэл та нар өөрсдийгөө хар! Та нарыг танагтай байсан бол шог зохиолчийн хэрэг юун. Хар амиа хичээсэн та нарын шунал чинь эх орноо хөмөрлөө. Бантагнуулсан ардчилал, зах зээлээ Япон Сингапурын ардчилал, зах зээлтэй жишээд үз. Ардчилал, зах зээлийн үнэт зүйлсийг балиартуулсан бохир чинь ой гутааж байна. Бузар азар үйлдлээсээ бүтэн ухаантай хүн ичдэг. Ичдэгдэггүй хулгайч луйварчид шог зохиолчдыг төрүүлдэг. Та нарын дунд шургалсан ичихийг мэдэхгүй увайгүй ганзагачид, яван толгойд чинь асч хүчирхэгжээд, том зорилтыг чинь нурааж, нэр төрийг чинь баллав. Тэд асар их зээл авч дундаас нь өөрсдөө завшаад юу ч бүтээлгүй улсаа өрөнд унагаж, хүн амаа хоосрууллаа. Тэднийг АН-аасаа, эсвэл АН-аа ардчиллаас зайлуул. Дийлдэшгүй ганзагачин-олигархиудыг дархлав. Ганзагачинд ард түмэн үнэгүй. Тэд лидер биш. Лидер гэх алдар ганзагачинд хүндэднэ. Би бээр зохиолч хүний араншингаар аль тэртээ социализмын үеэс ардчилал, зах зээлийг дэмжиж явснаас бус АХ-ныхон гэгч бацаануудад анхнаасаа найдаагүй. Тэдний зохицуулагч гэх хэдхэн залуусаас бусад нь хоосон толгойтой амьтад болох нь эхний цуглаануудаас нь танигдсан. С.Зориг алагдаж, бусад нь ад болов. Тэдний оронд луйварчин, ганзагачин, хулгайч, эрүүгийн элемент, рекетчин гээд адгийн шаарнууд тодорсон. Ардчиллыг дэмжигч миний үзэл унаган бөгөөд аль ч намд хамаагүй, надтай хамт шороонд булагдана.
Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэж итгэсээр. Хувь хүн, нийгмийн сул тал гагцхүү зөв шүүмжлэлээр илааршдаг. Олонтаа шүүмжилсэн социализмын гажиг баяртай, угтан золгож буй ардчиллын гажиг сайн байна уу гэлтэй. Энэ бол шог зохиолчийн хувь тавилан. Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэр бээр нийгэмдээ ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Гомдож туних шог зохиолчийн хувьд (тийм одонд төрснөөс хойш) илүү зан. Гашуун боловч үнэн үгтэй зохиолчийг үл адлах үзэл уг нь ардчиллынх. Р.Чойном шиг шоронд орох эрсдэл алга болжээ.
Хоёр гурван ганзагачин гадныхантай сүйхээлж эх орноо зориуд хорлосны горыг АН амсав. Тэд нүглээ амсаж ялагдах зөв, харин ард түмэн тэдний гайгаар хохирч, ардчилсан үзэл тэдний шуналаар бүдгэрэв. Нүглүүд дундаас хамгийн ужиг нь, шунал гэж Будда захьсан. АН-ын өнөөгийн хэдэн удирдагч цэвэршихгүй. Шунал нь төрмөл болох нь сүүлийн жилүүдэд батлагдсан. АН-ын маанийг ганзагачид уншив. Ганзагалаанаас хэтрээгүй наймаачдын шуналыг эрдэс баялгийн аварга ордууд галзууруулж зодолдуулсан. Тэдэнд төр жолоодох философи байхгүй. Ер нь ардчилалд ам муутай иргэд нэмэгдээд байх шиг санагддаг. Анхнаасаа ардчилалд итгүүлж чадсан аваас талцал тэмцэлгүй өөдлөх байсан. Итгүүлж чадаагүй нь ч буруутай биз, шүдээ зуугаад хонзонгоо тавиагүй нь ч буруутай биз.
Ард түмэнд ямар гарц үлдэв? АН найман жилдээ босохгүй. 8 жил хөгжлийн урт хугацаа. Би л лав үзэхгүй. Миний үеийнхний хувьд АН өнгөрсөн. МАН эх орноо наад зах нь 8 жил жолоодох боллоо. МАН-д дутагдал бий. Гэхдээ засаж чадах дөрөө олжээ. АН дашин шог. Гэвч ардчилсан үзэл Монголд сох унтраагүй. Одоо ганц найдвар МАН болсон. Бодоо Данзан нарын нам эх орныг минь жолоодох мөч ингээд эхэлдэг байж. Монголын түүхэнд анх үүссэн МАН нялх балчиртаа болъщевикуудад аймшигтай ниргүүлснийг санаж, МАН хуучин руугаа хургах бус ардчилал зах зээлийн замаар хурдтай давшихыг монгол хүн бүр тууштай дэмжинэ гэдэгт итгэнэм. Лидерүүд нь МАХН-ын залгамж халаа, үргэлжлэл бус, харин 1920-иод оны МАН-ын залгамж халаа, үргэлжлэл байгаасай.
Хуулиа биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс иргэд залхаад шинэлэг, шударга, ухаантай Төрөөр жолоодуулахыг хүсээд буй энэ цаг үеийг МАН-ынхан нэрээ сольсон шинэчлэлдээ ашиглах алтан боломж тохиолоо. Хувьсгалаар үйлдэгдсэн сайн муу түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт МАХН-д авна уу хаяна уу орхиод, МАН-ыг үндэслэгч Бодоо Данзан нарын коммунист бус цэвэр эх оронч ард үзлийг цаашид баяжуулан хөгжүүлэх зам чинь ямар ч саадгүй цэлийв. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунист онолд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан түүхэн эмгэнэл та нарыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист, хэлмэгдүүлэгч хочноос чинь эгүрт салгаж, сонгогчдыг татах болно. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Хувьсгалт намын аллага нугалаанд оролцоогүй, Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын учир битүүлэг хорлогдсон жанжин.
Бодоо Данзан нарын нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал коммунистуудад буудуулсан Бодоо Данзан Шагдаржав нарынхаа нэрийн өмнөөс няцаа. МАН-ын лидерүүд коммунист байгаагүй. Гадны түрэмгийллийн эсрэг, тусгаар тогтнол, бие даасан бүрэн бүтэн байдлынхаа төлөө тэмцсэн эх оронч-ардчилагчид явсан юм. ХХ зууны монгол эх орончдын түүх намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж, дээдлэх ёстой улс төрийн гол хүчин бол МАН. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид бол коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Хувьсгалт намын цус нулимстай түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш гэдгийг илэн далангүй зарлаж хатуу мөрд. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандан бадрахад Монголдоо хайртай иргэн бүхэн уухайлан дэмжих нь гарцаагүй. Та нарыг бурхан өршөөж, Монголоос коммунист-болъщевик архаг хууч эгүрт тонилго.
Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал, зах зээлийг аль нам хөгжил болгоно би тэдэнтэй цуг. Насны эцэст шүүмжлэхээ больё гэхээр сонгуулийн луйвар, авилга, нутгархаг хуйвалдаанаар хүчирхэгжсэн бүлэглэл татвар төлөгчдийн мөнгийг улайм цайм завшиж, улсын төсвийг алдагдалд унагаад, хариуцлага хүлээх байтугай улам мандаж, төр засгийн оргилд асахад зөнөсөн өвгөний ч гэсэн зэвүү хүрдэг юм байна. Зад баяжсан олигархи хулгайгаа шалгагдвал Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, хуулиар даажигнахад зөнөгөө мартаад үзэлцмээр мэнгэрлэнэ гээч. Төсвийн мөнгө хулгайлахдаа ядаж зөнөсөн хөгшдөд ажиг авахуулахгүй цэвэрхэн хулгайлж сурмаар юм. Дуугай дугаргийлаад, цаашаа цагираглаад мөрөөрөө үхэхгүй миний бухимддаг илүү зан л даа. Тэд ямар миний тэтгэврийн хэдийг хусчихсан биш.
Эрхи эргүүлж маани мэгзэм уншаад, юу ч хийхгүй суусан ч тэтгэврээ хүртээд л байна. Тэтгэвэр бол өнөөн цагт зохиолч хүн мөнгөнд үл худалдагдах ганц алтан боломж. Тэтгэвэр бол өнөөн цагт хэнээс ч үл эмээж, дураараа шүүмжлэх ганц эр зориг. Миний тэтгэврийг хэнбугай ч хасаж үл чадна. Ямар ч хүчирхэг дураараа Олигархи тэтгэврийн өвгөнийг ажлаас чинь хална гэж дарамталж чадахгүй. Тэтгэвэрт гарснаар миний зүрх чулуу болсон аж. Зоригтой бичдэг зохиолч нийгэмд хэрэгтэй биз дээ. Төр засаг минь тэтгэвэр гэгч сайхан буянаа хайрлаж намайг эр зоригтой хүн шиг хүн чигээрээ төгсөхөд тусалж байна. Учир иймээс тэтгэврээрээ амиа борлуулдаг өвгөнийг аль нэг намын бөгс долоогч гэж интернетэд жиргэх, зөнөг өвгөний тавьсан тэнэмэл суманд хөндүүрхэн шархаа шүргүүлсэн өчүүхэн амьтны ёо-ёо байж магадгүй.
Зөнөг залгахад яадгийг эдлэж буйн хувьд хойч үедээ дамжууллаа. Ер нь зөнөхөд, цаашлаад үхэхэд эртнээс бэлтгэхэд гэмгүй. Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс ичгүүр арай багатай ч юм шиг. Учир нь зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх. Аман дахь бүх шүдээ унаж гүйцэхээр хэлээ бүрэн чөлөөтэй боллоо гээд дураараа хуцаж гарвал зөнөж буй нь тэр шүү. Гэмээ олж хардаг билгийн нүд сохорвол, зөнөх бус, амьдаараа үхэж буй нь тэр.
2017