ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОГЛООМЧИН
(1936 он; 42-43 настайдаа)



Намын төв байрнаас Чан Кайшийг хулгайлсан тухай чимээ гармагц баярласан толгойлогчид Маогийн хоргодож буй газарт цуглажээ. “Мао тачигнатал хөхрөөд байсан” гэж нэг нөхөр нь дурссан байдаг. Чан нэгэнт баригдсан болохоор түүний хүүрийг үзэхсэн гэсэн ганц хүсэл л Маод үлдэв. Чаныг алчихвал улсын тэргүүний албан тушаал суларч, Орос хөндлөнгөөс хуруу дүрж байгаад ХКН, бүр тодруулбал Маог өөрийг нь засгийн эрхэнд оруулах аятайхан боломж үүснэ.

Москвад явуулсан эхний хэдэн захидалдаа Мао нухацтай арга хэмжээ авахыг оросуудаас гуйхаараа нэг болжээ. ХКН “Чан Кайшийг зайлуулж, ардын шүүхэд шилжүүлэхийг шаардаж байгаа” мэтээр Москвад итгүүлж, Чан Кайшийг алах зөвшөөрөл авах гэж үгээ их л нягталсан захидал нисгэнэ. Энэ нь алах ял төлөвлөнө гэсэн үг шүү дээ. Мао түүний зорилго Москвагийнхтай нийлэхгүй байгааг мэдээд, Чан Кайшийг хулгайлсан тухай огт сонсоогүй дүр үзүүлж, “ХКН хэдэн өдөрт албан ёсны ямар ч мэдэгдэл хийхгүй” гэж амлажээ.

Тэр зуур Мао Москвагийн ар хударгаар Чан Кайшийг алах төлөвлөгөө зохиолоо. Хулгайлсны дараа маршалд явуулсан анхны захидалдаа: “Чан Кайшийг алах нь хамгийн сайн арга” хэмээжээ. Мао Сианьд өөрийн урдаа барьдаг дипломатч Жоу Эньлайг явуулах санаатай суулаа. Жоу урьд нь энэ жил маршалтай хэлэлцээр хийж, бүхнийг зохицуулжээ. Тэр маршалыг ятгаж байгаад түүгээр “эрс арга хэмжээ авахуулах”-ыг (өөрөөр хэлбэл, Чаныг алуулахыг) Мао түүнээс хүсэв.

Мао Жоугийн гүйцэтгэх жинхэнэ үүргийн тухай ганц үг дурсалгүйгээр өөрийнхөө дипломатчийг өргөөнд нь уриулахыг Залуу маршалаас хүслээ. Тэр үед улаантны төв байр Сианиас мориор хэдхэн өдөр явах газарт, хойшоо 300 км-ын зайд байх Баоанд байрлаж байв. Иймд Мао маршалын хараанл байсан ойрын Яньань хотод онгоц ирүүлж Жоуг авахыг түүнээс гуйлаа. Энэ районд хайгуул хийсэн “Стандарт ойл” компанийн барьсан нисэх буудал тэнд байх аж. Залуу маршалыг хурдан хөдөлгөх гэсэндээ Мао “Бид Коминтернтэй тохиролцоонд хүрсэн бөгөөд нарийн ширийнийг танд хожим мэдэгдье” гэж арванхоёрдугаар сарын 13-нд түүнд мэдээлэв. Энэ нь Жоу Москвагийн сайшаасан төлөвлөгөөний тухай мэдээг авч очно гэсэн үг болой.

Гэвч Залуу маршалд ХКН-ын далд амлалт хэрэггүй, Москвагаас илэрхий сайшаасан зүйл л хэрэгтэй байжээ. Гэвч 1936 оны арванхоёрдугаар сарын 14-нд “Правда”, “Известия” гэсэн Зөвлөлтийн хоёр гол сонины тэргүүн нүүрэнд маршалыг япончуудад тусалж байна гэж буруутгасан, Чаныг илт өмөөрсөн өгүүлэл гарснаар Чаныг хулгайлсныхаа дараа хоёр хоноод Залуу маршал энэ тоглоомд хожигдсноо ойлгох нь тэр дээ.

Иймээс маршал Жоуг түүн рүү явуулах Маогийн гуйлтыг дүлий дүмбэ өнгөрүүлжээ. Гэвч Мао ямар ч байсан дипломатчаа явуулаад, энэ тухай арванхоёрдугаар сарын 15-нд мэдээлж, Яньаньд онгоц явуулахыг гуйсан байна. Жоуг Яньаньд ирэхэд онгоц ч байхгүй, хотын хаалга тас хаалттай байсан тул тэгээс доош хэмд хотын хэрмийн гадаа шөнөжин хүлээх хэрэг гарлаа. Мао Залуу маршалд явуулсан цахилгаан утасдаа “Харуул нь хаалгаа онгойлгохгүй, түүний үгийг сонсохгүй байна” гэж мэдээлээд, ямар нэгэн арга хэмжээ аваач гэж гуйжээ. Залуу маршал Жоуг жинхэнэ ёсоор хөлдөөх гэж оролдсон нь, Москватай наймаалцахад түүнийг хуурсан улаантанд жигтэй их гомдсоныг илтгэнэ.

Гэлээ ч арванхоёрдугаар сарын 17-нд Залуу маршал өрөвч сэтгэл гаргаж, тоглоомноос нэр төртэй гарах талаар бодолхийлснээр Жоуг авахуулахаар “Боинг” явуулжээ. Түүний америк нисгэгч Роял Леонард өөрийг нь буудаж асан улаантнууд онгоцонд нь сууж байсанд хирдхийсэн гэдэг. Тэрбээр буцах замдаа цастай үдээр зорчигчдоороо аймшигтай даажигнан, агаарын хуй руу нисч ороод эргэж харвал коммунистууд хар сахлаа нэг гараараа халхлаад... нөгөөгөөрөө бөөлжих уут барьчихсан байсанд бөөн баяр болж билээ” гэж дурсамждаа бичиглэн үлдээжээ.

Залуу маршал Жоуг маш дургүй хүлээж авсан ч өнгөн дээрээ нөхөрсөг зан гаргав. Жоу генералиссимусыг ал гэж ятгахад тэрбээр гагцхүү “иргэний дайн гарцаагүй нүүрлэж, Сиань засгийн газрын цэргүүдэд бүслэгдэх” нөхцөлд л түүнийг цааш харуулна гэж амалжээ.

Мао Нанжин, Сиань хоёрын дунд дайн дэгдээх гэж оролдохдоо Улаан армийг Нанжин руу хөдөлгөж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэж найдаж байлаа. Иймээс ч 1936 оны арванхоёрдугаар сарын 15-нд “дайсны зүрхэнд буюу Нанжины засгийн газарт цохилт өгөх” тушаалыг дарга нартаа сэм өгөв. Гэвч энэ нь Улаан армийн хувьд амиа хорлосон хэрэг болох тул уг төлөвлөгөөнөөс татгалзахаас аргагүйд хүрэв. Үүнээс гадна Нанжин, Сиань хоёрын хооронд дайн үүсэхийн баталгаа огтхон ч үгүй. Маогийн аз таарахад, аравдугаар сарын 16-нд Нанжин маршалд дайн зарлаж, армиа Сиань руу хөдөлгөөд, хотын гадна байгаа маршалын цэргүүдийг бөмбөгдөж эхэлсэнд Мао хариу цохилт өгөөд зогсохгүй, нэлэнхүй дайн үүсгэж, Нанжин руу довтло хэмээн маршалыг шавдууллаа. Маргааш нь Мао доорх агуулгатай цахилгаан утас цохисондоо: “Дайсны эмзэг газар гэвэл Нанжин, хоёр төмөр зам юм. Тийш 20-30 мянган цэрэг хаяж чадвал байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Энэ талаар бодолцохыг хүсье” гэжээ. Маршал ийм алхам хийгээд Нанжинтай холбогддог гүүрийг шатааж, Чан Кайшийг алахыг зөвшөөрнө гэдэгт л Мао найдсан аж.

Мао Чаныг алах төлөвлөгөө боловсруулж байхад Сталин генералиссимусыг ямар ч байсан аврахаар шийдэв. Арванхоёрдугаар сарын 13-нд, түүнийг хулгайлсны маргааш ерөнхий сайд Кун Сянси бээр Нанжин дахь Зөвлөлтийн хэргийг түр хамаарагчийг (Чан Кайшигийн хүр дүү) дуудаж уулзаад, ХКН эргэлт гаргах оролдлогод холбоотой гэсэн “мэдээ” байна, “хэрэв ноён Чан Кайшигийн амь нас аюулд учрах болбол ард түмний уур хилэн ХКН-аас Зөвлөлт Холбоот Улс руу шилжиж, Хятадын засгийн газар шахалтан дор Японы талд ЗСБНХУ-ын эсрэг дайнд оролцоход хүрнэ” гэж мэдэгджээ. Чан Кайшийг хулгайлсан нь түүний стратегийн эрх ашигт аюул учруулна гэдгийг Сталин ойлгож байлаа.

Улмаар арванхоёрдугаар сарын 14-ний шөнө Коминтерны тэргүүн Димитровын албан тасалгааны утас дуугарсанд харилцуурын цаана Сталины дуу хадав. “Таны соёрхсоноор Хятадад тэр явдал болжээ дээ?” гэхэд нь Димитров яаран: “Үгүй ээ! Тэр бол япончуудад л туйлын их тус хүргэж байгаа хэрэг. Бидний байр суурь энэ хэрэг явдалтай нийлэхгүй байна” гэж хариулжээ. Сталин Чан Кайшийг алахыг сайшааж, Хятадад явуулахаар бэлтгэсэн цахилгаан утасны нооргийг өөрт нь үзүүлээд ХКН-ын төлөөлөгчийн Коминтернд гүйцэтгэж байгаа үүргийн тухай их л заналтайгаар: “Танай Ван Мин гэгч хэн бэ? Өдөөн хатгагч уу? Чан Кайшийг алах тушаал бүхий цахилгаан утас явуулах гэж байсныг би мэдэх юм” гэж тулгав. Тэгэхэд Коминтерны төв байранд “Энэ заналт дайсантай тооцоо бодохыг эсэргүүцэх хэн ч байгаагүй”, цөм л “Чан Кайшийг дуусгавар болгох хэрэгтэй” гэлцэж байсан”. Тэр ч байтугай Сталины томилсон, угийн дөлгөөн байдаг дээд түшмэл Минуильский гараа үрчин намайг тэвэрч: “Манай сайн нөхөр баригджээ, аа!” гэж дуу алдаж байсан” хэмээн Димитровын хятад туслах дурссан нь бий.

Ван Мин уг цахилгаан утасны эх нооргийг Улсын аюулаас хамгаалах хорооны гадаад хэлтсийн дарга Артур Артузов гаргасан гэж ам шүд алджээ. Тиймээс ч Артузов төд удалгүй баригдаж, тагнуул хийсэн хэрэгт уналаа. Тэрбээр буудуулахынхаа өмнө харгалзагчийнх нь тэмдэглэснээр, “хамраасаа гожигдож байсан цус”-аар захиа бичиж, буруугүйгээ өгүүлжээ. Сталин Ван Минийг өршөөв. Димитров өөрийгөө цагаатгаж, хамаг хариуцлагыг Маод тохжээ. Тэрбээр “Бид сэрэмжлүүлсээр байтал Хятадын коммунист намын төв хороо хэрэг дээрээ Жан Сюэлянтай маш ойрхон, нөхөрсөг харилцаатай байсан” гэжээ. Тэр ч байтугай Димитров: “Жан Сюэлян адал балмад ажиллагаагаа тэдэнтэй (Мао болон тэдний нөхөдтэй) зохицуулалгүй, тэр ч байтугай тэдний оролцоогүйгээр хийсэн гэж төсөөлөхөд бэрх” гэж шүүмжлээд үзэв. Мао Чанг хулгайлсан тухай сүүлчийн мөч хүртэл мэдээгүй гэж худал хэлсэн нь Москвагийн тушаалыг дагаагүйг нь гэрчилнэ.

Мао япончуудтай хуйвалдаж магадгүй гэж Сталин сэжиглэж байлаа. Тэрээр “Олон жилээр Хятадад сууж ажилласан” хүмүүсийг баривчилж, эрүүдэн байцаахыг тушаав. Чан Кайшийг хулгайлснаас хойш дөрөв хоногийн дараа гол сэжигтэн хэргээ “улайж”, ЗСБНХУ руу Японы (Германы ч) довтлох ажиллагааг өдөөх зорилготой троцкист хуйвалдаанд оролцсон гэв. Мэдүүлэгт Маогийн нэр ч дурдагдаж, түүнийг Японы болон троцкист тагнуул гэсэн зузаан хавтаст хэрэг үүсгэлээ.

1936 оны арванхоёрдугаар сарын 16-нд Маод хатуу үгтэй цахилгаан утас явуулсанд Чан Кайшийг хулгайлсныг нь буруутгаж, ингэснээр “Хятадын ард түмнийг Японы эсрэг нэгдмэл фронтод нягтруулахад хор хүргэж, Хятадад хийх Японы түрэмгийллийг өөгшүүлэхээс цаашгүй” хэмээжээ. Цахилгаанд ХКН “зөрчилт байдлыг найрамдлаар шийдвэрлэхийн төлөө эрс шийдвэртэй тэмцэх ёстой” гэдгийг цохон тэмдэглэв. Энэ нь генералиссимусыг суллаж, албан тушаалд нь эргүүлж оруулах тушаал байлаа.

Мао цахилгаан утсыг аваад, “ихэд цухалдаж… хараал урсгаад, шал дэвсэлж байсан” гэсэн баримт буй. Дараа нь тэр энэ цахилгааныг аваагүй дүр эсгэв. Энэ цахилгаан утсыг тэрбээр Улс төрийн товчооноос, маршалаас бас Чан Кайшийг ал гэж маршалыг ятгахаар Сиань орсон Жоу Эньлайгаас ч хүртэл нуужээ. Мао төлөвлөгөөгөө орхисонгүй.

Энэ нь үндсэндээ Москватай хийх осолтой тоглоом болж хувирчээ. Мао Чанг хулгайлахад оролцсоноо Кремлиэс нуусан төдийгүй Сталины шууд тушаалыг биелүүлсэнгүй. Чан Кайшийг цааш харуулснаар түүний хувьд цааш нээгдэх хэтийн төлөв ийн осолтой хийхэд хүргэв.

Үүний зэрэгцээ генералиссимус улс төрийн тавцангаас буух төлөвгүй байжээ. Москва өөрийг нь дэмжихгүй байгаа хийгээд Чанг хулгайлсны дараа юу болсныг Залуу маршал мэдмэгцээ Чан Кайшигийн амь насыг хамгаалахаар шийдлээ. Энэ нь Маод ямар ч ашиггүй юм. Чаныг хулгайлсны дараа чилийсэн гурав хоногийн турш мөнөөхөн ам өгөөд байсан ХКН чимээгүй болж, Залуу маршалыг дэмжих гэж оролдсонгүй. Анхны албан ёсны мэдэгдэл арванхоёрдугаар сарын 15-нд л гарав. Улсын тэргүүний албан тушаалыг амласан зүйл түүнд огт байсангүй. Үүний оронд Нанжины засгийг хүлээн зөвшөөрсөн байвай.
 
НЭПКО хэвлэлийн газар


-