Гол нь цүүндээ биш шүү, манайхаан.
Арваад жилийн өмнө нэг хошин жүжиг үзэж байсан юм. Залуус цэрэгт явах гээд, нутгийнхаа охидтой сүүлчийн удаа цүү хаяж тоглоно. Цүү шидэгч этгээд ганц л юмыг байнга сануулна: “Гол нь цүүндээ биш шүү манайхаан”. Нэг цайлган нөхөр цүү хаяж тоглож байгаа мөртлөө гол нь цүүндээ биш гээд байгааг ер ойлгохгүй: Тэгээд юундаа юм бэ, манайхаан? гээд л асуугаад байх.
Арваад жилийн өмнө нэг хошин жүжиг үзэж байсан юм. Залуус цэрэгт явах гээд, нутгийнхаа охидтой сүүлчийн удаа цүү хаяж тоглоно. Цүү шидэгч этгээд ганц л юмыг байнга сануулна: “Гол нь цүүндээ биш шүү манайхаан”. Нэг цайлган нөхөр цүү хаяж тоглож байгаа мөртлөө гол нь цүүндээ биш гээд байгааг ер ойлгохгүй: Тэгээд юундаа юм бэ, манайхаан? гээд л асуугаад байх.
Гол нь цүүндээ биш гэдгийг хэлэх хэрэг бас өдий төдий гарах л юм. Ухаан нь сая зун цагийн тоололд шилжихгүй гэсэн шийд гаргалаа. Тэгээд маргаан өрнөж байна аа. Шилжвэл ийм сайхан ашигтай, шилжихгүй бол ийм ч мундаг тустай гээд л. Аль аль нь зөв юм хэлээд байна. Ер нь тэгээд шилждэг ч улс байна, шилждэггүй ч улс байна. Харин нэг жил шилжээд дараа нь шилждэггүй улс л гэж манайхаас өөр алга. Гол нь тэгэхээр шилжих шилжихгүйн аль нь сайн юм бэ гэдэг тухай огт биш, шилждэг бол шилждэг, үгүй бол үгүй л байх ёстой юм. Онгоц, галт тэрэгний цагийн хуваарь энэ тэр гээд хэдэн жилийн өмнөөс төлөвлөдөг ажил олон байна. Манайхаас бусад улс шилждэг эсэх нь тодорхой, хоёр жилийн дараах 5 сарын 21-ний 10 цаг гээчийг нь яв цав бодчихно. Орост 2018 онд болох Хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээний хуваарийг Барууны ТВ компаниуд одооноос тооцоолж, цаг минутаар нь хуваарилж байна шүү дээ. Учир нь баг нь биш ч, цаг нь тодорхой. Зар сурталчилгаа энэ тэр гээд хэдэн сая долларын асуудал. Манайх шиг харин шилжих эсэхээ жил бүр, ядаж байхад яг цагийг нь тулгаж байж шийдээд байвал толгой нь эргэж гүйцнэ шүү дээ. Тиймээс шилжих шилжихгүйн аль нь илүү сайн бэ гэдэг чухал биш, нэг шилжээд нэг шилжихгүй байгаа чинь л алаад байх юм даа. Гол нь цүүндээ биш шүү, манайхаан.
Зөв бичих дүрмийн хувьд манайхан бас гол нь цүүндээ биш гэдгийг ойлгохгүй л яваад байх шиг. Хүмүүсийн маргааны гол сэдэв, хамаг эрчим хүч аливаа эргэлзээтэй бичигддэг үгсийн аль нь зөв бэ гэдэгт л зарцуулагдаад байх юм. Яг үнэнийг хэлэхэд “бүгчим” гэхгүй “бөгчим” гэчихвэл монгол хэл мөхөх гээд байна уу гэвэл үгүй. Эсрэгээр нь”бөгчим” гэлгүй, “бүгчим” гэчихвэл ёс заншил, өв уламжлал маань сүйрчих гээд байна уу гэвэл бас үгүй. Гол нь зарим нь “бөгчим”, зарим нь “бүгчим” гээд байгаа нь л ялангуяа ийм олон жилийн бичгийн соёлтой Монгол шиг улсад таатай бус хэрэг юм. Гол цүүндээ биш шүү, манайхаан. Аль нэг үг нь онцгой сайхан, угаас зөв, ид шидтэй үг ч биш, нөгөөх нь бузартсан муухай юм ч биш, зүгээр толь бичгээр аль нэгийг нь стандарт гэж журамлаад, тэр толио хардаг, дагадаг болох л асуудал юм.
Гэхдээ бүгдээрээ ч бас тэр цайлган нөхөр шиг будилаад яваа биш, ялангуяа улс төрийн тэмцлийн тухайд бол зохион байгуулагчид нь цүү шидэгч этгээд шиг гол нь юундаа байгааг айхтахр мэддэг бололтой. Хэдэн жилийн өмнө “давхар дээл” гээчийн эсрэг ямар хүчтэй тэмцэл боллоо, дараа нь “хар машин” гээчийг шатаагаад яалаа даа. Одоо харин тэд маань өөрсдөө давхар ч дээлтэй, хар ч машинтай болчихсон сууж байна. Гол нь цүүндээ ч биш байж ээ дээ.
За тэгээд л машины татвар нэмэх эсэх, хүүхдийн мөнгө тараах тараахгүй, өргөн нарийн царигийн аль нь аюултай, офшор, утаа гээд л цүү ч олон бололтой, гол нь цүүндээ байна уу гэдгийг л бодох хэрэгтэй юм даг уу даа.