Монгол газар зүйн хувьд хэр ашигтай байрлалтай орон бэ?
Монгол Улс далайд гарцгүй, зөвхөн хоёрхон оронтой хиллэдэг, үржил шим муутай нутаг ихтэй учраас хөгждөггүй, монголчууд ер нь азгүй гэх яриаг олонтаа сонсч байлаа.
Монгол Улс далайд гарцгүй, зөвхөн хоёрхон оронтой хиллэдэг, үржил шим муутай нутаг ихтэй учраас хөгждөггүй, монголчууд ер нь азгүй гэх яриаг олонтаа сонсч байлаа. Саяхан ч гэсэн хэсэг хүмүүс иймэрхүү зүйл ярьж байхыг сонссон учраас өөрийн бодлоо бичмээр санагдав. Яахав, санал нийлэхгүй байж болно л доо.
Байгаль, цаг уурын хувьд. Манай орон өндөр уул, ой мод, өргөн тал хээр, шаргал говь хослосон уудам нутагтай. Энэ уудам нутагтаа олон сая мал бэлчээх боломжтой учраас бид экологийн цэвэр мах, сүү хэрэглэж байна. Газар тариаландаа ч гэсэн химийн бордоо бараг хэрэглэдэггүй.
Монгол нь Төв Азийн өндөрлөг дээр байдаг учраас гол мөрнүүд эндээс эх авч гадагшаа урсдаг тул бид байгалийн цэвэр цэнгэг ус (нийслэлийнхний бохирдуулдаг Туул гол, алтныхны бохирдуулдаг зарим голын дагуух айлууд, мал амьтныг эс тооцвол) хэрэглэдэг. Өнөөдөр усны, ялангуяа ундны усны асуудал хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгааг энд бас дурьдах нь зүйтэй байх.
Гадаад далайгаас алслагдсан учир далайн хүчтэй хар салхи, шуурга гэдгийг монголчууд мэдэхгүй. Сүүлийн үед дэлхийн дулаарал болоод далайн эргийн хот, суурингууд усанд автах аюул нүүрлэх боллоо гэж бичиж байна. Бид ийм аюулд хэзээ ч өртөхгүй. Сонирхуулахад 1970-аад онд ихээхэн шуугиан тарьсан “Луугийн мөхөл” гэдэг роман (“Японы сүйрэл” гэсэн нэртэй кино ч бий)-д газар хөдлөлтийн улмаас Японы арлууд далайд живж хүн амыг нь НҮБ-ын шийдвэрээр газар нутаг ихтэй улсуудад нүүлгэн шилжүүлэхээр болоход Монгол Улс ч бас япончуудыг хүлээн авч байгаа тухай бичсэн байдаг.
Дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас монголчууд өлчир, эрүүл чийрэг талдаа хүмүүс гэж болно. Хүн амд оногдох олимпийн медалийн тогоороо бид дээгүүр ордог нь үүний нэг нотолгоо болов уу.
Гадаад аюулгүй байдлын хувьд. Манайх улс төрийн хувьд болоод хилийн ямар ч маргаангүй, найрсаг харилцаатай, цэрэг - батлан хамгаалахын салбарт дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдох хоёр их гүрэнтэй хиллэж байна. Ийм хоёр хөрштэй байхад бусад ямар ч орны аюул заналхийлэл, түрэмгийллээс айх хэрэггүй юм. Жишээлэхэд хоёр хөршийг даваад манайд гадны ямар ч пуужин, онгоц нисэж ирнэ гэж байхгүй. Нөгөө талаар, жишээ нь, майнхаас онгоц хулгайлан барьцаалаад энэ хоёр орны дээгүүр нисээд өнгөрч чадахгүй гэдэг нь хэнбугайд ч ойлгомжтой.
Эдийн засгийн хувьд. Далайд гарцгүй учраас хөгжихгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй. Өнөөдөр дэлхийн бүх орон Хятадтай худалдаа хийхийг хүсдэг. Гэтэл бид дэргэд нь байна. Үржил шим муутай, бараг эзэнгүй гээд байдаг говь нутаг маань хэвлийдээ асар их баялагтай учир өнөөдөр тэнд уул уурхай хөгжиж эхэллээ. Монголын уул уурхайн бүтээгдэхүүний (жишээ нь нүүрс, зэс, төмрийн хүдрийн) гол хэрэглэгч нь яах аргагүй Хятад улс. Гуравдагч орны хөрөнгө оруулагчид, тухайлбал “Рио Тинто”, манайхаас олборлосон байгалийн баялгийг Хятадад гаргах гэж л Монголд хөрөнгө оруулдаг.
Манайх нүүрсээ уурхайгаасаа Хятадын нутагт байдаг үйлдвэрийн хашаанд шууд буулгах бололцоотой. Харамсалтай нь өнөөхөндөө тээвэрлэлтээ зөв зохион байгуулж чадахгүй байна.
Гэтэл Австралиас Хятадын гангийн үйлдвэрт нүүрс нийлүүлэхэд эхлээд уурхайгаас далайн эргийн боомт хүртэл тээвэрлэнэ, дараа нь далайн боомтоос усан онгоцонд ачаад Хятадын эрэгт хүргээд буулгана, тэндээсээ галт тэргэнд ачаад сая л нэг үйлдвэрийн хашаанд буулгах жишээтэй. Иймээс тэдний нүүрсний үнэ манайхаас өндөр байхаас өөр аргагүй.
Нөгөө талаар өөрийн нутаг дээгүүр Орос - Хятадыг холбосон дэд бүтцийг (авто болон төмөр зам, хоолойн тээвэр, холбооны болон цахилгаан дамжуулах шугам г.м.) хөгжүүлж ихээхэн ашиг тогтмол олох боломж бий. 2016 онд Монгол - Орос - Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр батлагдсан тул үүнийг үтэр түргэн ажил болгож эхлэх хэрэгтэй байгаа юм.
Энэ бүхнээс үүдээд манай өвөг дээдсүүд хамгийн ашигтай байрлалтай газар нутгаа авч үлдэж дээ гэж хэлэх байна. Ер нь бидний амьдардаг Төв Азийн өндөрлөгийг энерги хуримтлагдсан нутаг гэж хэлж болох. Оросын их эрдэмтэн Лев Гумилев гуай пассионария, пассионарность гэдэг ойлголтыг энэ нутагтай л холбогдуулж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байдаг. Хүн төрөлхтний түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн их нүүдэл, их аян дайнууд чухамхүү эндээс л эхэлж байсныг санах хэрэгтэй.
baldan
Зочин
бат
Зочин
Зочин
Гана
Зочин
Амгаа
Малчин
Зочин
ард
zochin
Зочин