Алив үсэрцгээе ээ, алтан тахиа жил ивээх болтугай
Монголын цагаан сар урьд урдынх шигээ амар амгалан, элбэг дэлбэг болоод өнгөрлөө. Хямрал,самуурал, өр зээл, үгүйрэл хоосрол энэ тэр гэсэн элдэв дарамт дор улс орноороо нэг ихээр нугарч,хотойж нурмайсангүй ээ!
Монголын цагаан сар урьд урдынх шигээ амар амгалан, элбэг дэлбэг болоод өнгөрлөө. Хямрал,самуурал, өр зээл, үгүйрэл хоосрол энэ тэр гэсэн элдэв дарамт дор улс орноороо нэг ихээр нугарч,хотойж нурмайсангүй ээ! Тэгээд ч амны билгээр ашдыг шинждэг ард түмэн болохоор ирж буй он жилийг “Алтан унжлагат” байх болно оо хэмээн итгэл, ерөөлөөр дүүрэн золгоцгоолоо. Ерөөл бат бэх оршиг оо!
Харин “Монголын дампуурал дөрөвдүгээр сараас эхлэнэ” хэмээн бичиж, мэдээлж буй гадна, дотнын хар, муу хэл ам цаашаа байг. Түй түй!
************************
Өнгөрсөн жил их онцгүй байлаа. Үнэхээр л “Муу нүүрт” байсан байж шүү дээ. Улсын сан хөмрөг хувхайрсныг энэ онд л дуулгаж муухай нүүрлүүллээ биднийг. Өр зээлийн зах хязгаар харагдах бараагүйгээр тэлэн талийж дотор муухайруулж одлоо. Одоо тэгээд том, багагүй, дээр дооргүй бүсээ чангалахаас аргагүй болж байгаагаа ойлгож эхэлж байх шиг байна. Яая гэхэв. Саяхан л Азийн “алтан улс”-аараа дуудуулж асан Монгол Улс дампуурчээ хэмээн дэлхийд шившиглэгдэхгүйн тулд хичээх л хэрэгтэй болж дээ. Он дамнаад сайд дарга нар шил шилээ даран бадар барьж, мөнгө гуйлгачлан баахан тэнүүчлэв. Амар байв л гэж. Гуйлга гуйхын, ядуурч хоосрохын, сэхүүн загнахын гашууныг яс махаараа мэдэрч, ширэн нүүрлэх тусам ядаж тэдэнд ухаан суух байлгүй дээ хэмээн горьдох.
Олон Улсын Валютын сангийн хамгийн хүнд хөтөлбөрийг монголчууд хүлээж авах, эс бөгөөс дампуурах гэсэн ердөө хоёрхон хувилбарт тулгуулж эхний хувилбарыг сонгохоос өөр нөхцөл бидэнд байсангүй шүү гэдгээ тайлбарлаж буй Засгийн газраа хялайн харж байгаад ч болсон дэмжээд явахаас өөр гарц бидэнд бас алга байх шиг байна. С.Эрдэнэбатын Засгийн газар их ч үйлээ үзэж,зовох байхаа. Энэ бүхний эцэст даваад гарч чадна хэмээн нотлон амлаж буйдаа хүрэхэд нь боломж хийгээд тус дэм, хамжааг бултаараа өгөх нь монгол хүн бүрийн за бараг ариун үүрэг байх болов уу.Одоо хэн нэгнийг харааж тавлан хажуугаас нь хараад суудаг цаг биш. Харин ОУВС-ийн хатуу буулган дор сахилгажин хүмүүжиж, өр зээлээсээ хурдан ангижирч, эдийн засаг, банк санхүүгийн орчноо эрүүлжүүлж, жаахан зах замбараатай болоод авбал үр хойч, дараа дараагийнхандаа үйлдсэн энэ цагийнхны нүгэл хилэнц нимгэрэх юм даа.
С.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар ОУВС-тай хагас жил хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон гэж байгаа. Хэрвээ бид сортоотой байгаад самбаатай загнавал 5.5 тэрбум ам. доллар гэдэг Монгол Улсыг сэв хийтэл босгоод ирэхэд хангалттай хөрөнгө. “Чингис”, “Самуурай” бондын мөнгийг яасан нь мэдэгдэхгүй алга болгосон шиг нөхцлийг манай хүнд гаруудад олгохгүйгээрээ, бас идэж ууж, хулгайлж, хумслан луйвардах боломжийг Монголын улс төр, бизнесийн мафижсан сүлжээнийхэнд найр тавихгүйгээрээ ОУВС-ийн хөтөлбөр давуу талтай гэж ойлгож байгаа. Гэхдээ манайхан муу юмандаа мөн ч эвгүй дээ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэзээ ч агшиж үзээгүй төсвийн зарлага, үрэлгэн бодлогыг хумих, мөнгөний бодлого болон ,банк, санхүүгийн салбарын эрүүл бус тогтолцоог нэн даруй өөрчлөх болно хэмээн өнөөгийн Засгийн газар амласан. Тэгэхээр С.Эрдэнэбат Ерөнхий сайд нэн зоригтой байгаа юм байна.
Зөв! Эхлээд өөрсдөөсөө үлгэрлэн ямар ч хэрэггүй энэ олон дэд сайд нарынхаа орон тоог оргүй болгох гэж байгааг нь монголчууд нэгэн дуугаар дэмжих нь гарцаагүй ээ. Тэгээд үргэлжлүүлэн яам, агентлагынхаа занхар бүтэц, хэт тансаглалыг хязгаарлан диграммд оруулахыг тань бүр ч таашаана. Та бүхнийг ингээд дээрээсээ эрүүлжээд эхлэхэд “100 ямаанд 60 ухна” болдог нөхдүүдээс өөр дэмжихгүй, дагахгүй монгол хүн гарна гэж гонжийн жо буй за. Зарим нэг нөхөд дэд сайд нарын орон тоог нүгэлтэйеэ хамгаалан “Эндээс ямар юмных нь хэмнэлт гардаг юм.Шалихгүй зүйл ” гэх мэтээр шаль шаль гэж байгааг маш сайн ойлгож байна. Тэд бол мэдээжийн ямар нэгэн байдлаар тодорхой албан тушаалд хүрэхийн тулд бусдаас ил далд “юм,хум” авч бас амлалт өгөөд түүндээ барьцаалагдсан нөхдүүд. Хэмнэлт харин ч багаас эхэлдэг бус уу? Үгүй дээ гэхэд л Засгийн газар өөрөөсөө эхлэн үлгэрлэвээс илүү ёс зүйтэй харагдана. Тэгээд нийтийн хөрөнгөнөөс хулгайлдаг явдлыг дахиад гаргуулахгүйн тулд тэрбум, тэрбумаар нь төрийн хөрөнгийг хулгайлсан, луйвардсан, зувчуулсан новшийн гаруудад хариуцлага тооцож эхэлвэл энэ УИХ, Засгийн газар,МАН-ын гавьяа мөнхөд дуурсагдах биз ээ.
****************************************************************
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сантай хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд 0.2 хувь, 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүргэх, хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6.1 хувь, 2018 онд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувьтай байхаар, гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1,267 сая ам.доллар, 2018 онд 968 сая ам.доллар, 2019 онд 709 сая ам.долларын ашигтай байхаар тооцсон гэдгийг сонсоход сайхан л байна. Экспорт 2017 онд 4,898 сая ам.доллар, 2018 онд 4,943 сая ам.доллар, 2019 онд 5,440 сая ам.доллар, 2,020 онд 5,827 сая ам.доллар, 2,021 онд 6.3 тэрбум орчим ам.долларт хүрч,импорт 2017 онд 3,632.0 сая ам.доллар, 2018 онд 3,975 сая ам.доллар, 2019 онд 4,731 сая ам.доллар, 2020 онд 4,825 сая ам.доллар, 2021 онд 5 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо хийлээ гэдгээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн цээжээрээ дуржигнуулж байна билээ. Биелэх болтугай!
Өнөөдрийн зарлаж буй тохиролцоо бол ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо юм. Энэхүү тохиролцоог цаашид нэмж баталгаажуулахын тулд юуны түрүүнд Монгол Улсад мөнгө санхүүгийн дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас санхүүжилтийн албан ёсны баталгааг гаргуулж авах хэрэгтэй болно.Ингэж байж ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулна. Монголын зүгээс 2017 оны улсын төсвөө дахин тодотгосон байх шаардлагатай.
***************************************************
Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан саяхны өгүүлэлдээ Монгол Улс хямралт байдлаасаа гарах гарц нь ОУВС-ийн “EFF” хөтөлбөр болж байна гээд энэхүү хөтөлбөрийг сонгох болсон зайлшгүй нөхцөл, шалтгааныг нь шатаж буй онгоцноос шүхэртэй үсрэх үү, шүхэргүй үсрэх үү гэдгээр зүйрлэн бичсэн байсан. Үнэхээр С.Эрдэнэбатын Засгийн газрын учирлаж тайлбарлаад байгаа шиг Монголын эдийн засаг сүйрэн, дампуурал зарлахдаа тулсан бол “EFF” хэмээх энэ шүхрээ үүрээд бүгдээрээ үсрэхээс яах билээ. Хамгийн гол нь шүхэр маань дэлгэгдээд басхүү бид хүссэн цэгтээ оновчтой агаад зөөлхөн эсэн мэнд газардаасай билээ. Үсрэх үү, үгүй юү гэсэн эргэлзэл хийгээд энэнээс өөр арга зам бий гэх цэцэрхэл одоо хэрэггүй ээ! М.Энхболд дарга ихэд “шээрэгнэж” байна гэсэн. Засгийнхаа газарт замыг нь чөлөөлөөд салхийг нь тавиад өгсөн нь дээр байх аа! Алтан тахиа жил ивээх болтугай маниусийгаа.