Тэр угаасаа их жижигхэн. Муурнаас жижиг, хулганаас арай том. Олонхи хүн түүний байгааг ч анзаардаггүй. Гудамжаар явахаар хүмүүс гишгичих гээд байдаг юм. Иймээс тэрээр аль болох хүний хөлөөс холхон явахыг хичээдэг.
           
Түүнийг таньдаг мэддэг хүмүүс цөөнгүй ч үргэлж басамжлана. Дээрэлхэдэггүй хүн гэж үгүй. Мэдээж мэддэгүүд нь. Ихэнх нь огт танихгүй дээ. Тэрээр маш их сониуч хүн болохоор олон газар очиж үзжээ. Бусдын гар тээшинд нуугдаж орчихоод л алс хол газар руу онгоцоор нисээд явчихна. Очоогүй газар гэж бараг үгүй. Антрактид хүртэл очиж үзсэн. Судалгааны бааз дээр хэд хонохдоо хэн нэгний буланд орхисон дах дэгдийд нуугдан дулаан хонож байжээ. Гэтэл эзэн нь дээлээ авахдаа мань эрийг бариад авах нь тэр. Дээлэн дотор нь бааж шээсэн, муухай үнэр шингээсэн гэж гүтгэн зодож гадаа гарган холоо шидэж байсан. Хөлдөж үхэх шахаж билээ. Хөлөг онгоцоор Номхон далайг гаталж явахад нь нэг жаал өшиглөөд хэтэгний гадна гаргачиж байсан. Дэлхийн хамгийн өндөр цамхагаас шидүүлж байв. Гудамжны танхайчууд мань эрийг бөмбөг болгон хоорондоо дамжуулан өшиглөж зугаацаж байлаа. Сул дорой нэгнийгээ ингэж дээрэлхэн, хүмүүн бусаар харилцдаг хүний нийгмийг тэрээр ойлгодоггүй юм. Хэдийгээр их гомддог, өширхдөг боловч нэгэнт ийм болоод төрчихсөн болохоор яах ч юм билээ дээ. Гэлээ гээд тэрээр хүн төрлөхтнөөс нуугдчихмаар, тайван амьдарч болохуйц нэг ч газар олсонгүй. Хүн үгүй газар энэ гариг дээр нэгээхэн ч үгүй бололтой. Хүн байгаа газар түүнийг таних танихгүй хэн ч байсан наад зах нь л доромжлоно, хөөж тууна, хүнээс гадуур үзнэ.
   
Нэг удаа тэрээр төрсөн эх орныхоо нийслэл дахь Төрийн ордны гадаа хүйтэн бороонд чичрэн зогсож байлаа. Тэнд нэгэн траншейний нүх байдаг, дотор нь ус дамжуулах дулаан паар налан тайван унтдаг газар нь бий. Гэтэл энэ удаа траншейний нүхний тагийг сайтар таглаад гагначихсан аж. Бороо тасралтгүй шаагих гудамж эл хулийг далимдуулан тагийг онгойлгох гэж янз бүрээр оролдов. Нэгд гагнаастай, нөгөөтэйгүүр битүүлээгүй байсан ч хүнд ширмэн тагийг ийм бяцхан эр яаж ч даах юм билээ. Гэнэт хэн нэг нь түүнийг өргөн “тэнгэрт” гаргалаа. Энэ бол Төрийн ордны харуул. Мань эрийн дээрээс малгайгаа тавихад тэрээр бүрэн далд орон харагдахгүй болов. Харуул түүнийг манааны шовгортоо авч орон ширээн дээр тавиад, малгайгаа авав.
   
Ингэж тэр хоёр анх танилцсан юм. Бүр сайн найзууд боллоо. Харуул түүнд тохирсон жижиг булан гаргаж өгчээ. Түүнтэй хүн ёсоор ханилцсан энэ дэлхийн хамгийн анхны хүн. Харуул түүнийг тоглоом гэж үздэггүй, басамжилдаггүй, дооглодоггүй. Найз нөхөр шиг хандан шөнийн цагаар түүнтэй удтал хөөрөлдөнө.


   
Нэг удаа мань хүн өөрийгөө бусадтай адил ажил алба хашиж үзэх хүсэлтэйгээ ярьжээ. Маргааш нь найз харуул түүнд ажлын үнэмлэх авчирч өгөв. Цээж зурагтай, “Төрийн ордны харуул мөн” гэсэн бичигтэй, огноотой. Харуулын өөрийнх нь үнэмлэхтэй яг адилхан. Харамсалтай нь үнэмлэх нь ширээн дээр босгоод тавьхад мань хүний мөрөөр татаж байв. Үсэг болгон нь өөрийнх нь алганы хэртэй том эл үнэмлэхийг уншиж дуусаад:
    -Хуурамч байна.
    -Яагаад? Яаж байна?
    -Тамга алга. Бас даргын гарын үсэг алга.

Харуул найз нь хэдэн хоног хөөцөлдөж байж юутай ч гэсэн үнэмлэх дээр тамга даруулж чаджээ. Жинхэнэ тамганы дардас. Харин даргын гарын үсгийг дуурайлгаад зуръя гэсэн саналыг нь мань хүн яагаад ч зөвшөөрсөнгүй:
-Би жинхэнээсээ ажилтан болж албатай болох гэсэн болохоос тоглох гээгүй.
Хэд хоногийн дараа хамаг хэрэг бүтлээ. Харуулын ярианд үнэмших юм бол тав дамжуулсан авилга хахуулиар энэ нь бүтсэн гэнэ. Ер нь төрийн ордон дотрох ямар ч хэрэг авилгагүйгээр бүтдэггүй юм байна. Ийнхүү мань хүн Төрийн ордны ажилтан жинхэнээсээ боллоо. Үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Хуурамч юм энд алга. Жинхэнэ тамга, жинхэнэ гарын үсэг бүхий нотолгоот үнэмлэх.

Түүний үүрэг бол уртаашаа найман метр том хаалганы дотор зогсоод түүгээр нэвтрэх гэсэн хүн болон тээврийн хэрэгслэлийн дотогш нэвтрэх эрхийг шалгах юм. Хэрэв ийм зөвшөөрөлгүй хэн нэгэн нэвтрэхийг завдвал оруулахгүй хориглох ёстой. Үүргээ гүйцэтгэх цэг нь хаалганаас дотогшоо найм үржих нь таван метр талбай. Ажлын багаж гэвэл бороохой, гарбуу. Мөн дүрэмт хувцастай байх ёстой. Мэдээж гар буу өөртэй нь чацуу, бороохой өөрөөс нь гурав дахин урт, тэгээд ч дүрэмт хувцасны талаар ярилтгүй учир харуулд гарах бололцоогүй байлаа.

Мань эр ёсыг бодож зүгээр л цэвэр бэлэгдлийн үүднээс өөрийн хариуцсан талбай руугаа алхлаа. Манааны шовгороос талбай хүртэл бүхэл бүтэн таван минут алхжээ. Дөнгөж талбай дээрээ ирэнгүүт тэр өсч эхэллээ. Хэдхэн хормын дотор бараг таван метр өндөр хүн болох нь тэр. Шовгорт суугаа найз харуулыгаа хашгиран дуудтал дуу хоолой нь бүтэн хот даяар сонсогдон доргиов. Шөнө дөл болж ихэнх айл унтсан байсан ч мань эрийн атомын бөмбөг дэлбэрч байгаа юм шиг аймшигт чанга дуугаар бүгд цочин сэрж, хотын бүх цонх гэрэлтэв. Мань эр тэгэхээр нь эргээд хариуцсан талбайгаасаа гартал тэр дороо жижигрэн хуучин хэвэндээ орох нь тэр. Тэрээр хариуцсан цэг дээрээ үлэмж биетэн, тэндээсээ гарангуут л муурнаас жижиг, хулганаас арай том өчүүхэн нэгэн гэдгээ ойлголоо.

Үүнээс хойш тэрээр найм үржих нь таван метр талбайгаасаа холдохоо болилоо. Энэ аймшигт үлэмж биетнээс бүгд айх учир Төрийн ордон руу зүглэх хүн эрс хорогдов. Нэг удаа том цүнх барьсан нэгэн эр нэвтрэх үнэмлэхээ мартсан ч өөрийгөө орох эрхтэй хэмээн хүчлэн зүтгэсэн юм. Тэгэхээр нь үлэмж биетэн түүнийг аварга гараараа шүүрэн авч өргөж ирээд толгойг нь шүдээрээ тас татаад залгиж орхив.

-Наад цүнхийг нь залгиж болохгүй шүү. Дотор нь төрийн тамга байгаа – хэмээн найз харуул нь тээр дороос хашгирсан боловч мань эр тийм өчүүхэн чимээг сонссонгүй учир мөнөөх эрийн толгойгүй биеийг барьсан цүнхтэй нь хамт амруугаа хийгээд хэд жажилснаа залгиж орхих нь тэр. Урьд нь өөрөө хүмүүсийн нүдэнд хэрхэн өчүүхэн харагдаж байсны нэгэн адил одоо түүний нүдэнд бүх хүмүүс хумхийн тоос шиг өчүүхэн үзэгдэнэ.

Төр хэдийгээр тамгагүй болсон ч гэсэн Төрийн ордонд суух эрх баригчид үүнээс хойш үлэмж биет харуулынхаа хүчээр тайван амгалан амьдрах болжээ. Төр төвшин амгалан болохоор ард олон үймээн бужигнаангүй сайхан жаргасан ажгуу.