Банкны зээлийг авсан этгээд нь биш гуравдагч тал төлдөг явдал зөвхөн Монголд л байна. Зээлийг захиран зарцуулсан этгээд биш, харин ажлаа хийлгэсэн “эзэн” нь төлж буй бол үүнийг олгосон газрыг банк биш, бэлэн мөнгөний касс гэдэг. Кассаа банк гэж томоор нэрлэснээр нэг талаас гадаадаас хөрөнгө босгоход, нөгөө талаас төсвөөс гадуур санхүүжилт хийх сайхан боломж гэдгийг 2011 онд төр засгийн эрхийг эвсэн барьж ирсэн хүмүүс-МАНАН, тэдний цаад эзэд нь нарийн тооцоолжээ.

Хөгжлийн банк байгуулагдлаа. Энэ нь шинэ зуун гарснаас хойш Монголд улс төрийн намууд нь удирдлагадаа болон тэдэнтэй холбоотой бизнесийн бүлэглэлүүддээ үйлчилдэг байгуулал болж хувирчээ.

Хөгжлийн банкаар гадаадаас бага хүүтэй зээл авахуулж, тэр хөрөнгийг нь дефакто захиран зарцуулж буй тодорхой бүлэглэл нь өөрсдөө хямдхан хөрөнгөтэй болсноос гадна нөлөө бүхий улстөрчдийг болон намуудыг нь санхүүжүүлэгчид, хандивлагч компаниудыг бүгдийг нь энэ кассаар дамжуулан үүгээр урхиндаа оруулж авсан бололтой.

Харин Хөгжлийн банкны хууль ёсны, де-юре эзэн нь Монголын Засгийн газар учраас эргэн төлөлт нь долоохон хувьтай, 70 хувь нь чанаргүй болсон зээлийг улсын төсвөөс буюу иргэд бидний татвараар төлөх гэж байна.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ


Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө нь өнөөдөр 250 тэрбум төгрөг, зээлийн багц нь 5.9 их наяд төгрөг. Нийт зээлээ гурав ангилдаг. Эхнийх нь төслийн орлогоос нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудтай зээл, барьцааны гэрээ байгуулан, төслийн ба байгууллагын санхүүжилт гэсэн хэлбэрээр шууд олгосон зээл. Энэ зээлийг 16 том төсөлд олгосноос төмөр замд 14, цахилгаан, эрчим хүчинд 22, боловсруулах үйлдвэрийнхэд 446 (цементийн гурав, барилгын арматур үйлдвэрлэх нэг, байшин үйлдвэрлэх комбинат барих нэг төсөл), уул уурхайд 530 (үүний 370 тэрбум нь “Эрдэнэс Тавантолгой”), барилгад 316, тээврийн нэг төсөлд 152 тэрбумыг (МИАТ шинэ онгоц авахад өгсөн энэ зээл хугацаандаа төлөгдөж буй ганц зээл, үлдэгдэл нь 34 тэрбум) тус тус олгожээ. Эдгээр зээлийн нийт үлдэгдэл 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 1.7 их наяд төгрөг, анх олгосон нь 1.5 их наяд төгрөг аж. Дийлэнх нь төрийн өмч бүхий эдгээр компанид Засгийн газрын баталгаагаар зээл олгожээ.

Дараачийн хэсэг бол төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл. Арилжааны 11 банк 1619 төсөлд 1.15 их наяд төгрөгийн зээл өгсөн. Нийт зээлийн дүнгийн 30 хувь нь “Голомт”, 28 хувь нь Худалдаа хөгжлийн банк, найман хувийг нь Улаанбаатар хотын банкаар дамжуулжээ. Банкууд өөрсдөө хариуцах учир эдгээр зээлийн эрсдэл нь харьцангуй бага гэж тооцогдож байгаа.

Гурав дахь нь УИХ, Засгийн газрын тогтоолоор нийгмийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн зээл. Үүнээс авто зам тавихад 1.2 их наяд төгрөг (хөдөөд гуравны хоёр нь), инженерийн дэд бүтэц барихад 491, “Гудамж” төсөлд 126, төмөр замд 347, цахилгаан дулааны дэд бүтцэд 341 тэрбум гэх мэтээр 2.7 их наяд төгрөгийн зээл олгосноос ганцыг нь ч эргэн төлөөгүй бөгөөд үлдэгдэл нь 3.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь хамгийн муу, чанаргүй зээлүүд юм. Нэгэнт л улсын төсвөөс хариуцаж төлөх нөхцөлтэй учраас Засгийн газар үүнийг яаралтай хийх ёстой.

Хөгжлийн банкны нийт зээлийн эргэн төлөлт дөнгөж долоон хувьтай, зээл нь хүүтэйгээ хуримтлагдан, бас доллароор өгсөн зээл нь төгрөгийн ханшийн уналтаас болж өсөж, банкны авлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

КАССЫГ ЯАЖ БАНК БОЛГОХ ВЭ

Хөгжлийн банкийг улстөрчдийн касс биш, жинхэнэ банк болгомоор байна. Юуны өмнө Засгийн газар авсан үүргээ биелүүлж, 3.2 их наяд төгрөгийн зээлээ хаахаас өөр сонголт үлдсэнгүй. Үгүй бол оны эцэст чанаргүй зээлийн хэмжээгээр, зээлийн дүнгийн 25-100 хүртэлх хувиар эрсдэлийн сан байгуулж, бүр найдваргүй хэсгийг нь өөрийн хөрөнгөөс татаж хаах ёстой. Тэгэхгүй бол энэ касс цаашдаа ажиллаж чадахгүй юм. Тийм ч учраас гадаадын зарим зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөхийг шаардаж байгаа аж.

Төсвөөс төлөх төслүүдийн үнэлгээг хэт өсгөж томруулсан, Н.Алтанхуягийн Засгийн газар, олон улстөрч холбогдон оролцсон, цаашдаа авлигын томоохон хэргүүд болох ёстой зээлүүд гэж учир мэдэх эх сурвалж хэлж байлаа. Мөн төсвийн хөрөнгөөр төлсний дараа эдгээр зээлийг эргэн төлүүлэх, ажил гүйцэтгэсэн бол үр дүнг нь шалгах, дүгнэх институц хаана буй нь тодорхойгүй нь ноцтой явдал. Энэ тухай УИХ-ын зарим гишүүн зээл төлүүлэх алба байгуулахыг ч санал болгожээ. Ямар ч гэсэн эдгээр төсөл яг хэрэгжсэн эсэх, цаад эзэд нь хэн болох, үнэлгээ, чанарт нь хөндлөнгийн хяналт хийлгэн тайлан авах ёстой аж. Говь-Алтай аймагт 31 тэрбум төгрөгөөр тавьсан гээд буй 100 км замыг нь аймгаараа хайгаад олоогүй гэж гишүүн Ш.Раднаасэд хэлэв.

Дараагийн алхам бол энэ банкны дүрмийн санг нэмэгдүүлэх явдал. Оны өмнө дүрмийн санг нэг их наяд төгрөгт хүргэж нэмэх саналыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-д тавиад байна. Сангийн сайд хаанаас 3.2 их наяд төгрөг олж, төсвийн өрийг төлөөд, 750 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа нэмэх нь харин тодорхойгүй юм. Тэгтэл бас энэ банкны 580 сая долларын зээлийн өрийг нь баталгаа гаргасан учир 90 хоногийн дараа Засгийн газар барагдуулах ёстой.

Ямар ч гэсэн Хөгжлийн банкны гадаад өр, дотоодын зээлийг нь барагдуулж, санхүүгийн тэнцлийг хэвийн болгочихвол олон улсын зах зээлд дахин бонд босгох бас нэг суваг гэж төр засгийнхан үзэж байна.

Хөгжлийн банкинд санхүүгийн асуудлаас гадна менежментийн гажуудал бий. Гүйцэтгэх удирдлагыг бэхжүүлэх, эрх мэдлийг нь өгөх, Төлөөлөн удирдах зөвлөлд нь сонирхлын зөрчилгүй, мэргэжлийн хүмүүсийг томилуулах, Засгийн газар дахин зээл авахгүй байх (Эзэн нь зээл авах хязгаар гэж байдаг), банкийг арилжааны биш хөрөнгө оруулалтын чиглэл рүү залах олон ажил хүлээгдэж байна. Тэгж чадвал Хөгжлийн банк гэдэг улстөрчдийн касс чинь жинхэнэ банк болох замдаа орно. Ер нь бол энэ банкийг яваандаа хувьцаат компани болгон төрийн оролцоог багасгаж, гадаадын хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийг татах учиртай. Гэхдээ тэр хүртэл зай ч байна, лай ч байна.