-ОРОН НУТАГТ ИЙМ ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙГААГ Н.НОМТОЙБАЯР САЙД МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ-

Манай улс хүүхэд, залуучуудын орон гэж ирээд онцлох дуртай, бид. Гэхдээ хүүхдүүдийн төлөө хийж байгаа ажил нь бодлогын түвшинд алдаатай, болж л өгвөл хүүхдүүдээсээ нүүр буруулсан, тэднийг адалсан бодлого шийдвэр гаргачих гээд байдаг. Сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлууд ч тийм хандлагатай байгаа нь эрхгүй үзгээ авч үүнийг бичихэд хүрлээ. Уг нь одоогоос яг жилийн өмнө Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаж, өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Нэг талаараа урагшлаад байгаа мэт боловч өөр ажил хийх гэхээрээ арайхийн босгосноо нураагаад ухраад байдаг нь харамсалтай. Төсөв мөнгө хэцүү байгаа учраас хаа хаанаа хэмнэнэ, танана гэх болсон. Орон нутгаас хэмнэлтээ хийж эхлэхдээ сумын нийгмийн ажилтан гэсэн албан тушаалыг үгүй болгож, хэн нэгэнд хариуцаж байсан ажлыг нь хамруулж өгөх том хөдөлгөөн өрнөөд байна.

Хэмнэнэ гэхээрээ хүүхдэд хамааралтай бүхнээс эхэлдэг энэ хаанахын ёс вэ. Газар олж барилга барина гэхээрээ хүүхдийн тоглоомын талбайг түрүүлж авдаг, эмнэлэг татан буулгана гэхээрээ хүүхдийн эмнэлгийг эхэлж онилдог, хэн нэгний “ухаантай” шийдвэрийг хэрэгжүүлэх болохоороо хүүхдийн гэсэн бүхнийг түрүүлж үгүй хийдэг энэ бүхэн хэрээс хэтэрсэн. Нэлээд олон жилийн өмнө гаргасан бас нэгэн “ухаантан”-ы шийдвэрээр АУШУИС-т хүүхдийн эмч бэлдэхээ больсны горыг бид хангалттай амссан. Одоо ч амссаар байна. Хүүхэдтэй холбоотой гэхээр хүн болгон хийчихэж чаддаг юм шиг бодох нь том эндүүрэл. МАН-ынхан Засгийн эрхэнд гараад хийсэн нэг ажил бол Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгож томруулсан. Нэг талаасаа орхигдоод байдаг гэр бүл,  залуучуудын асуудлыг хариуцахаар болсон мэт харагдаж байгаа ч нөгөө талдаа ганц ч орон тоо нэмэхгүйгээр нийгмийн томоохон хэсгийн асуудлыг хамрахаар өмнө нь байсан бүтцийг өөрчилж, хүүхдийн асуудлыг 4-5 хүнтэй хэлтэс хариуцах болсон нь өмнө нь ч олигтойхон шийдвэрлэж чадахгүй байсан асуудал  бүр хаягдах нь гэж болгоомжлох хүмүүс олон байгаа. Тэр дундаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллаар хорь гаруй жил ажилласан мэргэжилтнүүд энэ шийдвэрт харамсч халаглаж байна. Хүүхдийн асуудлыг хавчуурганд шийдэх гэдэг хуучны арга барил анзаарагдаж эхэлж байна. Хүүхдийн мөнгө, цэцэрлэгийн асуудал, хүүхэд харах үйлчилгээ гээд хүүхэдтэй холбоотой бүхэн төрийн  бодлогоос сугарч үлдээд эхэллээ.

Үнэндээ хүүхдүүдтэй хамгийн ойр, тэдний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хороод, сумдад хамгийн ойроос харж, үйлчилгээ үзүүлж байдаг төрийн төлөөлөл бол нийгмийн ажилтан. Нийгмийн ажилтан нь хүмүүсийн хоорондын харилцаа, тэдний орчин, үүний холбоо хамааралд анхаарлаа хандуулан, хүмүүст хөгжих, сайн сайхан амьдрах, асуудал бэрхшээлээ даван туулах, урьдчилан сэргийлэхэд нь туслан чадваржуулдаг мэргэжлийн үйлчилгээ, үйл ажиллагаа үзүүлдэг мэргэжилтэн юм. Нийгмийн ажлын үйлчилгээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй онол, арга зүйд тулгуурлан мэргэжилтний мэдрэмж, ур чадвар, туршлагаар дамжин хэрэгждэг. Гэхдээ хүүхэдтэй хамааралтай бүхэн хамгийн түрүүнд хэлмэгдэж байдаг жишгээр энэ албан тушаал дандаа асуудалтай явж ирсэн. Нам солигдож, улс төрийн эрх мэдэл шилжихэд сонгууль дээр нь ажилласан, тусалсан гэсэн хүмүүс хамгийн түрүүнд төрийн албанд орохдоо энэ албанаас л шургалж эхэлнэ. Эмч, хуульч шиг нарийн мэргэжил шаардахгүй, хүүхдийн асуудлыг хэн ч мэднэ гэж боддог өчүүхэн ойлголт бидэнд бий. Нийгмийн ажилтнуудын ердөө 40 хувь нь мэргэжлийн хүмүүс байдаг гэж 2015 онд хийгдсэн судалгааны дүн үүнийг батална. Арван хүний 4 нь л нийгмийн ажилтнаар мэргэшиж төгссөн гэсэн үг шүү дээ. Дэлхий нийтийн хандлагаар хамгийн чухал мэргэжлийн нэг нийгмийн ажилтан болсоор удаж байна. Иргэнээ дээдэлдэг, хүнээ хамгаалж хайрладаг улс орон бүр нийгмийн ажилтны ур чадвар, боловсрол, цалин хангамжид анхаарч байна. Төрийн өмнөөс хамгийн түрүүнд иргэнтэйгээ нүүр тулж уулздаг хүн болохоор тэр. Энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг болж, social worker буюу нийгмийн ажилтан гэсэн мэргэжлийн үнэ цэнийг тодорхой болгох ажил 1997 оноос хойш урагшилж ирснийг санаж байна. 20 жил болж. Ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгмийг бий болгоход хамгийн чухал хүмүүс бол тэд. Одоогийн байдлаар 16 их, дээд сургуулиуд  ийм мэргэжлийн ангиудыг нээж, зах зээлд хангалттай боловсон хүчинг бэлтгэсэн. Тиймээс арван хүний дөрөв нь л мэргэжлийн хүмүүс байдгийн шалтгаан нөгөө дээр дурдсан л улстөржилт, танил талын зуд. Хүүхдийн гэсэн бүхнийг үнэгүйдүүлж, хүүхэдтэй холбоотой асуудлыг хэн ч шийдэж чадна гэдгээр хандаж ирсэнтэй холбоотой. Нийслэлийн нэгэн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинэхэн дарга өмнө нь ажиллаж байсан ихэнх хүмүүсээ халаад дахиад багаа бүрдүүлэхдээ тэр даргын, энэ даргын хүн гэсэн тодотголтой жагсаалтаас харж байгаад нэрсээ бичиж суусан талаар сонсоод хэлэх ч үггүй болж байлаа. Хүүхэдтэй ажилладаг хүн нам солигдох тоолонд өөрчлөгдөж байх ёсгүй. Харин илүү мэргэшин, туршлагажсан нэгэн байх хэрэгтэй. Нийгмийн ажилтны тулж ажилладаг хүүхдүүд сэтгэл зүйн хувьд эмзэг, гэр бүл, ураг төрлийнхний хүчирхийлэлд өртсөн байх нь элбэг учраас мэргэжлийн хүн байх нь тун чухал. Нэгэн нийгмийн ажилтан хорооныхоо сургуулиудаар явж байхдаа нүд, ам нь хөхөрсөн хүүхдийг ажиглаж, хүнтэй харьцаж сураагүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй түүнтэй хэрхэн ажилласан жишээ анхаарал татаж байлаа. Өөрийгөө илэрхийлж ярьдаггүй байсан тэр хүүхдийг зураг зуруулж, зурсан зургаас нь амьдралын асуудлыг нь мэдэж авсан байдаг. Байнга зодож сургах гэж оролддог нагац эгчид нь арга барил нь буруу байгааг ойлгуулж, асуудал үүсэнгүүт хувцсаа аваад дайжаад явчихдаг байсан тэр хүүхдийг ч өөрчилсөн. Дотуур байранд суух болж, зураг зурдаг авьяасыг нь хөгжүүлж улмаар үзэсгэлэнгээ гаргасан гэдэг. Энэ хүүхдийн асуудал шийдэгдэж, кэйс хаагдсан гэж тэмдэглэгдсэн байсан. Уг нь нийгмийн ажилтан ингэж л ажиллах ёстой юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүл, иргэн гээд өргөн хүрээнд ажилладаг. Гадны нийгмийн ажилтнуудын хувьд эрх мэдэл ч өндөр. Гэр бүлүүдээр явж, хүүхдийг эцэг, эхтэй нь байлгах эсэхийг шийдэхээс эхлээд шийдвэр гаргахад асар их нөлөөтэй. Харин манайд юун эрх мэдэл. Хамгийн түрүүнд алга болгоход бэлэн албан тушаал. Иргэнээ дээдэлсэн сайн засаглалтай орон бүхэн нийгмийн ажилтны боловсрол ур чадвар дээр анхаардаг. Нийгмийн ажилтнаар төгссөн, магистраа энэ чиглэлээр хийсэн гээд жигтэйхэн бахархалтай ярьцгаадаг. Харин манайд мэргэжлийн нийгмийн ажилтан нь сайн ажиллаад ирэхээрээ хорооны зохион байгуулагч болоод дэвшээд явчих нь бий. Нийгмийн ажилтнууд орон нутгаа дөнгөж мэдээд, иргэнээ таниад ирэнгүүт нь хооронд нь холино, солино. Энэ нь нийгмийн ажилтнуудын ажил үүргийг ойлгодоггүй удирдлагуудтай шууд холбоотой.



Нийгмийн ажилтны ур чадварыг дээшлүүлэх ажил муу, хороон дээр ирдэг үй түмэн судалгааг хийх гээд үндсэн ажлаа хийж чаддаггүй, тусгайлсан өрөө байхгүйгээс иргэдийн сэтгэл санааг уудалж уулзаж чаддаггүй гээд ярьвал асуудлууд бий. Гэхдээ одоо ийм асуудлуудыг ярьж сайжруулах байтугай, тэр алба байхгүй болох дээрээ тулж дээ, хөөрхий.

Бүх зүйл эсрэгээрээ байдаг манайд хамгийн түрүүнд сольж болдог, шахааны хүнээ шургуулж болдог албан тушаал байсан бол одоо эхний хэмнэлтээр алга болгож болдог алба болжээ. Үнэхээр харамсалтай байна. Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайд Н.Номтойбаяр таныг онцгойлон анхаараасай гэж хүсч байна. Мэдээж салбарын сайдад ажил их, хамрах хүрээ нь өргөн л байдаг байх. Гэхдээ Монголын төрд хүүхдээс илүү эрхэм, илүү чухал ажил байхгүй билээ. Завханд гэхэд нэгдүгээр сарын 10 гэхэд ажлын байраа суллаж өгөхийг нийгмийн ажилтнуудад үүрэгдсэн байна гэж байсан, Ховдод түүнээс эрт чиглэл нь ирээд ажилгүй болох нь гэсэн нийгмийн ажилтнууд бүгд багийн засаг дарга болох сонгуульд өрсөлдөж байгаа дуулдаж байсан. Архангайд ч бас адил асуудал өрнөж байна. Аймаг, сумдадаа уг албыг байхгүй болгоод эхэлж. Дараа нь хот руугаа орох уу? Нөгөө талаас нь харахад орон нутагт амьдарч байгаа хүмүүс нийгмийн ажлын үйлчилгээг авах хувьгүй хүмүүс гэж ойлгогдохоор байна.

Одоо нийгмийн ажилтны хариуцах ажлыг нь өөр хэн нэгэнд хариуцуулж өгөх их ажил цаана чинь өрнөжээ. Голдуу халамжийн ажилтнууд цаашлаад хууль эрх зүй хариуцсан хүмүүст гээд хэр хэрээрээ ажлыг нь хувааж өгч байгаа юм байна. Хавсран хийх юм байх. Хэмнэлт хийлээ, хийлээ гэхэд хүүхэд дээр л хэмнэлт байхгүй шүү, уучлаарай манайхаан. Хүүхдийн асуудал хамгийн амархан гэж бодсоор хориод жил алдаж явснаа бид дөнгөж ойлгоод байна. Зөвхөн сургуулийн юм уу, ээж, аавын ч асуудал биш бүх нийтийн асуудал гэдгийг бид сая л ухаарч байна. Ирээдүйгээ сайн сайхан болгож, сайн иргэдтэй нийгэм цогцлоохын тулд хандлагаа өөрчлөх ёстой байснаа мэдэж ядаж байгаа энэ үед ийм шийдвэр гаргах дэндүү тэнэг хэрэг. Хүүхэд хамгааллын хууль маань тунхаглалын чанартай бус илүү хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн үед яахыг тодорхойлсон процессын хууль болж чадсан. Улам сайжруулаад батжуулаад явахын оронд эдийн засгийн хүндхэн зурвас үе гараад ирэхээр нөгөөх л гомдол гаргадаггүй, үгүйлэл тавьж, хүсэлт гаргадаггүй хүүхдүүдээсээ хэмнээд ирж байна. Энэ шийдвэрээр хэрэгжээд хагас жил ч болоогүй байгаа Хүүхэд хамгааллын хуулинд заасан байгаа хамтарсан багийн гишүүнээ алга болгочихож байна.

Өнөөдрийн хэрчим талхаа харамлаад байгаа энэ хүүхдүүд чинь 2030 он цаашлаад ирээдүйн Монголыг авч явах хүмүүс шүү дээ. Хэмнэмээр байвал дарга, даамлынхаа албан тушаалаас хэмнэ. Хүүхдүүдээс лав биш шүү.