АН-ын залуучуудын орон зайг ах дүүсээрээ дүүргэх үү?!
Ардчилсан намыг шинэчлэхийн төлөөх шахалт, шаардлага юутай ч арваад жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадлаа. Харин одоо өрнөж байгаа үйл явц, тодруулбал намын даргын сонгууль нь бодит үр дүн, өнөөх зорьж хүссэн шинэчлэлийнх нь эхлэл болж чадах уу?
- Үнэндээ тэд эргэж ирэхдээ төгс гэгээрчихээд төрөл арилжсан мэт шинэ хүн болчихдоггүй л юм бол эрх мэдлийн тойрогтоо шинэ залуусыг оруулна гэдэг юу л бол. Ардчилсан намын залууст зам ч гаргахгүй, зай ч өгөхгүй гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу-
Ардчилсан намыг шинэчлэхийн төлөөх шахалт, шаардлага юутай ч арваад жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадлаа. Харин одоо өрнөж байгаа үйл явц, тодруулбал намын даргын сонгууль нь бодит үр дүн, өнөөх зорьж хүссэн шинэчлэлийнх нь эхлэл болж чадах уу?
Тэгвэл юуны өмнө тус намын даргаар өрсөлдөгчгүйгээр хамгийн олон жил ажилласан Н.Алтанхуяг өнөөдөр өрсөлдөн байж намын дарга болох гээд байгааг мэдээж хэн ч шинэчлэл гэж хэлэхгүй байх. Тэрбээр 2008 онд намын дарга болсноосоо хойш энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, ҮЗХ, ГЗ-д аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцийн хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн хүн юм. Эцэст нь түүний фракцтай хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн “Шонхор” /үүний цаана МоАХ/-ын хүчийг намын шат шатны шийдвэр гаргах түвшинд өөрийн “Алтангадас”-ынхтай эн тэнцүүлэх замаар “эвийг хангаж”, үүнийхээ дараа Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны үйл явцуудыг хааж дөнгөсөн. Нэг үгээр бол шууд хаалгыг хаасан гэж хэлэхэд болох байх. Ардчилсан намын эрх мэдэл энэ хоёр фракцийн хооронд буюу “алтангадас” болсон Н.Алтанхуягаас “шонхор” болсон З.Энхболд нарт шилжсэн сүүлийн хэдэн жил энэ намд дотоод ардчилал үгүй болж, дарангуйлал тогтсон. Үр дагаварт нь Ардчилсан нам сонгуульд ялагдаж, үүнийг ухамсарласан жирийн гишүүд нь одоо л намаа шинэчлэхгүй бол болохоо байлаа гэдгийг ил хэлж эхэлсэн юм. Үндсэндээ “тэднээс намаа салгаж авья” гэсэнтэй утга нэг уриан дор шинэчлэлийг эхлүүлсэн гэж ойлгогдож байтал өдгөө өнөөдүүл нь дүрээ хувилгачихаад сунгаанд давхиж явна. Ардчилсан намыг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсний хариуцлагыг хүлээгээд “үүдээр” хөөгдөхдөө тулж байсан хүмүүс өдгөө сунгаа нэрийн дор “тооноор” орж ирэх гээд давшилж байгааг үнэндээ олон нийт гайхсаар.
Шинэчлэлийн төлөө уриатай нэг бус нэжгээд хөдөлгөөн байгуулаад “Залуустаа нээлттэй нам болъё” гэж шахаж шаардаад байсан залуус нь өнөөдөр хаачив. Намаа өөрсдийн эрх мэдлийн морь болгочихоод ээлж дараагүй зайдалж явсан дарга нар нь эргэж ирээд залуустаа зай гаргаж өгнө гэдэгт итгэсээр яваа юм болов уу даа?
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгчид бүгд л хэн нь хэн бэ гэдгээ таниулчихсан, үг хэл, үйл хэрэг нь ил болсон хүмүүс. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар эрх мэдэлд хүрэхээрээ намынхаа залуусыг биш өөрийнхөө ах дүүс, тойрон хүрээлэгчдээ татаж явдаг нь бүхэнд ил болсон санагдана. Сонгуульд ялсан намд эрх мэдлийг дагаж ирдэг ажил, албан тушаалаас эхлээд ихээхэн хэмжээний үнийн дүнтэй тендер, төслийг ураг төрлийнхөндөө хуваарилж, эгч, дүү, хүргэн хөвгүүдээ “хоолонд” нь хүргэсэн биш хорлочихоод яваа хамгийн ойрын бөгөөд том жишээ нь АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. С.Эрдэнийн хар бор, хамаг муу ажлыг хийж явсан Ц.Үүрийнтуяа гэдэг эмэгтэй одоо сунгааны дуулианд хэвлэлийнхний овоо хараа, байнд орчихоод явж байна. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход тэдний ах, дүүсийг хууль бус зүйл хийсэн, хөрөнгө мөнгө завшсан гэж хэлэх гээгүй. Тэр бол хуулийн байгууллагуудаар шалгагдаж, нотлогдох зүйл. Харин яагаад заавал ах дүү, төрөл садны хүмүүсээ ажил албан тушаалд томилдог, АН-ын жирийн гишүүдэд энэ хаалга хаалттай байдаг юм бэ гэдэгт л гайхаж буй хэрэг.
С.Эрдэнээс “Та яагаад ах дүү, төрөл саднаа албан тушаалд тавиад байна вэ?” гэж асуухад “Чингис хаан хамгийн ойрын итгэлт хүнээ төрийн өндөр албанд тавьдаг шүү дээ” гэж хэнэг ч үгүй хариулсан байна лээ. Нэг үгээр энэ хоёр хүн “хааны” ширээнд хавьгүй удаан заларлаа. Үр дүн нь АН-ын өнөөдрийн доройтол. Төрийн албан тушаалыг ямар ч шалгуургүй, цензургүй болгосны гай. АН-ын ялалт, амжилтаас хамгийн их хожсон, хувь хүртсэн хүмүүс гэвэл энэ “Алтангадас” болоод “Шонхор”-ууд гэдэгтэй хэн ч маргахгүй.
Одоо ч гэсэн энэ хоёр хүн л АН-ын гишүүдийг багцалж хуваагаад өөрсдийнхөө тэмцэлд үрж, үрэгдүүлж байна л даа. “Өөрийн хүнээ хаядаггүй” гэх энэ чанар нь улстөрч хүнд байх ёстой жудаг гэхээсээ илүү улс төрийн намд байх ёстой соёл, төлөвшлийг үгүй хийж байна. Өнгөрсөн арваад жилийн турш АН-ын залуус хэн нь илүү боловсролтой, чадвартай, хаана ямар хариуцлага үүрч ажиллаж чадах вэ гэдгээрээ биш хэнийг түшиж, хэнийг зуух вэ гэдэг өрсөлдөөнд орсон нь энэ хоёр хүний гай.
Улс төрийн нам гэдэг бол төрийн бодлогын үндэс, боловсон хүчний уг сурвалж. Тэнд үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг дагасан нэгдэл бий болж, судалгаанд суурилсан бодлого ярьдаг байх ёстой. Түүгээр нь дамжиж төрийн бодлого гардаг, бодлогоо хэрэгжүүлэх түвшний боловсон хүчнээ нам өөрөө бэлтгэдэг. Үүн дээр уламжлал, шинэчлэл, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн хэлхээ холбоо тогтдог. Тийм учраас улс төрийн нам бол эрх мэдлийн төлөөх нэгдэл биш, бодлогын институц юм аа гэж яриад байгаа хэрэг.
Гэтэл өнөөдөр АН өнгөтэй, мөнгөтэй нөхдийн л ажил албан тушаалд очдог, түүгээрээ дамжуулж илүү их хөрөнгөжихөд нь тусалдаг гишгүүр, шат дамжлага төдий болчихоод байна. Ардчилсан намын хаалгыг хааж аваад хамаатан саднаараа эрх мэдэл дээр сандайлж суусан нөхдөөс салъя гэхнээ “Үүдээр гаргахаар тооноор орж ирэх”-ийн үлгэрийг үзүүлж явна л даа. Энэ хүмүүс эргэж ирээд эрх мэдлийн тойрогтоо өөр хэн нэгнийг багтаана, шинэ залуу үеэ дэмжинэ, шинэчлэлийн салхи оруулна гэдэг юу л бол. Зам ч гаргахгүй, зай ч тавихгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу.