-Улс төрийн намтар нь намтайгаа нас чацуу ахмадууд нь намаа шинэчилнэ хэмээн намирч явахад дэлхий улс орнууд  “ардчиллыг залуужуулах” ажилд амбицлаад эхэлсэн байна-



Өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр манайхан УИХ-ын ээлжит сонгуулиа явуулахаар ид идэвх орж байх үеэр Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулган хуралдсан юм. Уг чуулганаас “ардчиллыг залуужуулах” гэж утгачилж болох нэгэн тогтоолыг баталсан нь угтаа залуучуудыг улс төрийн тавцанд гаргах, дэмжих үйл явцгүйгээр улс орнууд хөгжих боломжгүй болж байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Монголд төдийгүй дэлхийн олон ардчилсан улс орнуудад аливаа шатны улс төрийн сонгуулийн санал хураалтад залуучуудын оролцоо багассан нь санаа зовоох асуудал болсон бөгөөд энэ нь улс төрд тэдний төлөөлөл байхгүй болсноос үүдэлтэй гэх дүгнэлтэд хүргэсэн аж. Эцэст нь тэдний энэ асуудлыг шийдэхгүйгээр хөгжих боломжгүйг хүлээн зөвшөөрч, “ардчиллыг залуужуулах” тогтоолыг баталсан хэрэг. Энэ нь улс төрийг залуужуулах, цэвэрлэх, шинэчлэх үйл явцгүйгээр хөгжил мухардаж, үүнтэй хамт ардчилал хөгшрөх болно гэсэн дүгнэлт бөгөөд ирээдүйг угтуулж харсан бодлого хэмээн Олон улсын парламентын холбоо тунхагласан байдаг.

Ардчилсан намын даргын сунгаа нэр өөр боловч нидэр дээр сонгууль юм хойно  аливаа шатны сонгуулийн онцлогийг өөртөө агуулж таарна. Ахмад гишүүд нь гучаад жил хамт шогшихдоо гутлын халцархайг хүртэл андахаа байсан хуучин хэдээ голохдоо “сонголт алга” хэмээн хойш сууж байгаа бол залуу гишүүд нь “бидэнгүйгээр шийдэгддэг хойно” гэсэн маягтай гэдэлзэж байгаа дүр зураг Ардчилсан намын даргын сунгаа тойрч харагдана. Энэ нам дотоод ардчилал, шинэчлэл, сэлгээ гээчийг хаагаад 10-аад жил болсны гор өдгөө гарч, залуус нь нүүр буруулж, нүүж одохдоо тулсны илрэл. Улс төрийн намтар нь намтайгаа нас чацуу ахмадууд намаа шинэчилнэ хэмээн намирч явахад дэлхий улс орнууд  “ардчиллыг залуужуулах” ажилд амбицлаад эхэлсэн байна. Ахиад тэд намын удирдлагад гараад ирвэл залуустаа зай тавьж өгөөгүй өнгөрсөн 10 жилийн түүх дахин давтагдах нь тодорхой.

Арваад жил ротацийн сонгуулиа явуулаагүй учраас дүрмийн дагуу намын дотоод руу орох бололцоо залуучуудын өмнө хаагдсанаас хойш анх удаа Ардчилсан нам дотооддоо томоохон сонгууль явуулж буй нь өнөөдрийн сунгаа. Сунгаанд давхигсдаас толгойн гурав дотор яваа нэр дэвшигчдээс харин хамгийн залуу нь Л.Гантөмөр. Намдаа залуучуудын төлөөлөл ч насны хувьд намба тогтож, уламжлалыг шинэчлэлтэй залгуулан зам заах тэнхээ суусан улстөрч. Ардчилсан намын даргын сунгааны бариа зурхай энүүхэнд харагдаж байгаа ч холын зургаараа бол энэ сунгаа ээлжээ ирэхээр эрх барих намын дарга, ирээдүйн Ерөнхий сайдын суудал хүртэл зурайж буй. Тийм учраас дэлхий ертөнцтэй, цаг үетэйгээ хөл хийгээд санал нийлэх залуусыг, сэтгэгчдийг бид Ардчилсан намын гишүүдэд захиалах эрхтэй. Ардчилсан намын залууст “ардчиллыг залуужуулах” амбиц байгаа бол одоо л сонголтоо хийх цаг нь биз. Энэ удаагийн боломжийг алдвал дахиад 10 жил та бүхэн цүнх барьсаар, цай зөөсөөр зориг, хүслээ мохоож ч мэднэ. Улс төрд “домог” шахуу С.Баяртай үзэлцэж унагаад УИХ-д орж ирж байсан Л.Гантөмөрийг, ах нарын урдуур орж, Ардчилсан намын дарга болно гэж амбицилсан Л.Гантөмөрийг “яасан их зоригтой байгаа вэ” гэж хожим харамсахгүйн тулд одоо л өөрсдөдөө зам гарга.

“Албан тушаалын төлөө зодолддог биш ажлын төлөө нэгддэг нам болох”, “сандал ширээ тойглох бус салбар, мэргэжилдээ эзэн болсон залуусаа дэмждэг нам болох” сонголт Ардчилсан намын гишүүдийн өмнө байна.