Нобелийн энх тайвны шагнал хүртсэн, нийгмийн сүлжээ бизнесийг үндэслэгч Мухаммад Юнус
Мөнгө бол аз жаргал биш, гэхдээ мөнгө хийх явц нь өөрөө жаргал юм. Мөнгө хийнгээ бусдад тусалж байвал түүнээс илүү жаргал гэж үгүй.
Анх багахан тосгоны тариачдад 27 доллар зээлүүлж байсан Бангладешийн эдийн засагч Мухаммад Юнус өдгөө сая сая долларын зээл олгодог болжээ. Гэхдээ Юнусын банк нэг хүнд ихээхэн хэмжээний зээл олгодоггүй. Банкны үйлчилгээг хүртэх боломжгүй, амьжиргааны доод түвшний ядууст өөрийн гэсэн бичил бизнесийг эхлүүлэхэд тусалж бичил зээл олгодог. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурийг бүтээхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж 2006 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэн, ядууралтай тууштай тэмцэж буй Юнусыг бичил зээлийн эцэг гэж нэрлэдэг. Тэрээр үндэсний баатар болоод зогсохгүй өөрийн үйл ажиллагааг дэлхийд хүлээн зөвшөөрүүлжээ.
Ядууст зээл олгож бизнесээ хөл дээр нь босгосон энэ хүн банкны үйл ажиллагааны ариун зарчмуудыг няцаасан гэгддэг билээ.
Банк зээл олгохдоо баталгаа шаарддаг бол Юнус тэгдэггүй. Үүнийгээ сайн үйлсийн аян гэж нэрлэдэггүй, харин сайн бизнес гэж үздэг.
“Ядуус зээл авахдаа хариуцлагатай ханддаг. Амьжиргаа муутай хүний хувьд зээл авах нь амьдралд хөлөө олох цор ганц боломж шүү дээ” гэж ярьдаг Юнус өдгөө Бангладешт өөрийн Грамин сүлжээ банкийг байгуулж, нийт 4,3 тэрбум долларын зээл олгожээ. Банкныхны баталж байгаагаар зээлдэгчдийн 99% нь зээлээ буцааж төлдөг байна. 2 400 салбартай, 24 000 ажилтантай энэ банк өдгөө 7 сая хүнд бичил зээл олгожээ.
Зээлдэгчид нь амьжиргаагаа залгуулах мал хуй, оёдлын машин, тэрэг зэргийг худалдан авдаг.
Далаад онд Америкт эдийн засгийн докторын зэрэг хамгаалаад эх нутагтаа эргэж ирсэн Юнус, Читтагонгийн их сургуульд багшилж эхэлсэн байна. Багаасаа сурлага сайтай тэрээр Дакигийн их сургуулийг дүүргэж, 1964 онд Фүлбрайтын тэтгэмжээр Америкийн Вандэрбильтийн их сургуульд элсэн ороод, эдийн засгийн докторын зэрэг хамгаалав. Улмаар Бангладешт иргэний дайн дэгдсэн 1971 онд чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэн зөвлөл байгуулж, дайн дуусмагц нутгаа зорин Читтагонгийн их сургуулийн эдийн засгийн тэнхмийн эрхлэгчээр томилогджээ.
Мухаммад Юнус Ядууралгүй дэлхийг бүтээхүй номдоо “Намайг 1972 онд эргэж ирэхэд Бангладеш Пакистанаас тусгаарлаад удаагүй байлаа. 1974 онд их өлсгөлөн нүүрлэхэд би залуухан багш явлаа. Сургуульд үзсэн онолын мэдлэг бодит байдалтай нийцэхгүй, статистик тоо баримт үндэслэлгүйн дээр Бангладешийн олон сая хүн өлөн зэлмэн, орох оронгүй, ажил төрөлгүй байсансан. Яс арьс болсон хүмүүсийг харахаас нүд хальтрам. Ядуус мөнгө хүүлэгчдээс хүнд хэлэхээс ч ичмээр бага мөнгө зээлж, сагс энэ тэрхэн хийж зараад зээлээ төлөхийг хүсэвч мөнгө хүүлэгчид зээлийн хоног хугацаа хэтэрлээ гээд сүлжсэн сагсыг нь авч өөрөө хэд дахин нугалаад зарчихна. Энэ мэтчилэн ядуу хүн бусдын боол болсноос өөрцгүй нөхцөлд орно. Би энэ хүмүүсийн төлөө ямар нэгэн юм хийж чадах ч юм билүү гэж бодсон юм. Үүний тулд хүмүүстэй ярилцаж судлах хэрэгтэй байлаа. Тэгээд хичээлээ тараад би өдөр бүр Жобрагаар явж мөнгө хүүлэгчдийн гарт орсон тэдгээр хүмүүстэй ярилцдаг болов. Нэг оюутнаараа зээл авсан тосгоны иргэдийг бүртгүүлбэл 42 хүн байна. 42 хүн нийтдээ 27-хон доллар зээлсэн гэвэл хүн итгэхгүй дээ. Би ч алмайрсан юмдаг. Иймхэн мөнгөний төлөө энэлэн шаналж байна гэж үү хэмээн санахад энэ асуудал хэдий ноцтой ч гарах гарц нь тодорхой хэмээн сэтгэж билээ. Ерөөсөө энэ 42 хүнд зээлээ төл гээд тэр 27 долларыг нь өгөх хэрэгтэй юм гэж бодлоо. Хүмүүсийн сэтгэл хөнгөрч надад талархаж байлаа. Би ч үүнээс илүү юм хийвэл дээр дээ гэж бодоод их сургуулийн хотхонд байдаг банкныхантай уулзаж, энэ хүмүүст багахан зээл олгооч гэсэн санал тавив. Багахан хэмжээний мөнгө болохоор банк татгалзахгүй гэж бодож байтал санаснаар болсонгүй. Бид хэдэн сарын турш маргалдав. Сүүлд нь өөрийгөө барьцаа болгож, бүх бичиг баримт дээр гарын үсгээ зуръя гэвэл зөвшөөрч байна. Миний ажил ингэж л эхэлсэн. Тухайн үед зөв, буруугаа ялгахгүй, хүмүүст тус болж байгаа эсэхдээ эргэлзэж явлаа” хэмээн дурсжээ.
Грамин буюу бенгал хэлээр Тосгоны банк ингэж л бий болсон түүхтэй. Грамин банк амьдралын боломж муутай хүмүүсийг мөнгө хүүлэгчдийн гарт оруулахгүйн тулд зээл олгодог цор ганц зорилготой. Мухаммад Юнус “Хүмүүс зээлсэн мөнгөө надад эргүүлж өгөхөд би ийм ажил хийвэл сонирхолтой юм гэж бодсон. Тэгээд тэр хүмүүст ахиад мөнгө зээлүүлсэн. Тэд зээлээ мөн төлсөн. Энэчлэн гурав дөрөв дэх удаа зээл өгөхөд хүмүүс намайг мөнгөө эргүүлээд авчихдаг азтай л юм гэж байлаа. Гэхдээ энэ бол аз биш, ийм систем байж болохыг баталсан хэрэг. Би ч итгэлтэй болж, ажлаа өргөжүүлэн, арав, хорь, гучин тосгоны хүмүүст зээл олгож эхэлсэн. Эхэндээ банк түшиглэн ажилладаг байсан бол аажмаар бие даасан банк байгуулах санаа төрж 1983 онд Грамин банкаа байгуулсан” гэж ярьжээ.
Тэрээр өөрийн эрхэлж буй ажлыг нийгмийн сүлжээ бизнес гэж нэрлэдэг. Нийгмийн сүлжээ бизнес:
- Ядуурал, боловсрол, эрүүл мэнд, технологи хангамж, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдэх зорилготой байх учиртай.
- Тогтсон санхүүжилттэй, эдийн засгийн хувьд тогтвортой байх ёстой.
- Хөрөнгө оруулагчид ашиг харалгүй оруулсан хөрөнгөө л эргүүлж авдаг зарчимтай.
- Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа олсон ашгаа нийгмийн сүлжээ бизнес эрхэлж буй компанидаа үлдээж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд зориулна.
- Экологид ээлтэй байх шаардлагатай.
- Ажиллах хүч нь зах зээлийн үнэлгээгээр цалинжиж, хөдөлмөрийн аятай орчноор хангагдах ёстой.
- Энэ бизнесийг итгэл үнэмшилтэйгээр баяр хөөртэй хийх учиртай аж.
Эх орондоо тэргүүлдэг олон компани түүнээс зөвлөгөө авч, эх орондоо нийгмийн сүлжээ бизнесийг хөгжүүлэн хүмүүст тус болдог байна. Ингээд М.Юнустай хийсэн ярилцлагыг орчуулан хүргэе.
- Танай Грамин банктай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг банкууд байдаг уу?
- Байлгүй яах вэ. Манайхаас гадна Симэнс банк, Раффштэйн банк бичил зээл олгодог. Бидний хувьд хүмүүст дунджаар 1000 долларын зээл олгодог. Бид банкнаас гадна эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байна.
- Та ядууст чиглэсэн олон төслийг удирдаж байна. Ямар ямар салбарт төсөл хэрэгжүүлж байна вэ? Хэр үр дүнтэй байна?
- Би нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн жар гаруй бизнестэй. Эдгээрийн аль нь ч ашгийн төлөө ажилладаггүй. Энэ төслүүдээ би нийгмийн сүлжээ бизнес гэж нэрлэдэг. Энэ компаниудын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид ямар нэгэн ашиг хүртэхгүй, хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажилладаг. Зарим нь Грамин банк, олон улсын корпорациудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон төслүүд байна. Бид энэ маягаар Данон, Интэл, Веолия, Юникло, БАСФ-тай хамтран ажилладаг. Бидний байгуулсан Грамин Шакти энержи, Грамин нүдний эмнэлэг нийгэмд маш хүчтэй нөлөөлсөн. Грамин нүдний эмнэлэг гэхэд хагас сая гаруй хүнд маш хямд үнээр үзлэг хийж нүдний өвчнийг нь эмчлэн, өөхийг нь арилгасан. БАСФ-тай хэрэгжүүлж буй хамтарсан төслийн хүрээнд халдваргүйжүүлэх бодистой ялаа шумуулны тор үйлдвэрлэж байгаа нь халдварт өвчнийг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулж байна. Грамин Шакти төслөөр 1,6 сая гаруй айл өрхийг нарны эрчим хүчээр хангаж, 31,5 мянган биогазын плитка, 936 мянган сайжруулсан хавтанг айл өрхүүдэд нийлүүлж, ахуйн орчныг тэр хэрээр сайжрууллаа. Грамин Эүглена төслийн хүрээнд мунгийн төрлийн шош тариалж Японд экспортолж байна. Мөн хэдэн жилийн өмнө Америкийн талаас бидэнтэй хамтран ажиллах санал тавьж, бид Грамин Америка хэмээх төсөл хэрэгжүүлж байна. Одоогоор манай банкны 25 салбар Америкт үйл ажиллагаа явуулж, нийтдээ 120 000 хүнд зээл олгосон. Саяхан намайг Францад болох 2024 оны Олимпийн тоглолтын талаар зөвлөлдөхөөр урьсан юм. Тэгэхэд би спорт хүртэл нийгмийн сүлжээ бизнес болох боломжтой. Учир нь спорт маш хүчтэй, олны анхаарлыг татдаг. Үүнийг олон зууны турш дан ганц ашгийн төлөө ашигласаар ирсэн. Гэтэл спортыг ашгаас өргөн хүрээнд харах боломжтой. Спортын салбарынхан нийгмийг тодорхой хэмжээнд өөрчлөх чадалтай шүү дээ гэж хэлсэн. 2024 оны Олимпийн тоглолт энэ тал дээр цаашдаа үлгэр болох биз. Бид Олимпийн тосгоныг дараа нь орон гэргүй хүмүүст олгож болохоор, сургууль цэцэрлэгтэй орон сууцны хороолол маягаар барьж байгуулах бизнес төлөвлөгөө боловсруулж байна. Үүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Путин нийгмийн сүлжээ бизнесийг дэмжих хууль баталснаар хамтран ажиллах гэрээ хэлэлцээ хийж байна.
- Нийгмийн сүлжээ бизнес эрхэлдэг үндэстэн дамнасан корпорациуд бий юу? Тэд энэ бизнесээ өөрсдийн бизнестэй хоршуулан эрхэлдэг үү?
- Хэд хэдэн компани бий. Жишээ нь, Данон бидэнтэй хамтарч Бангладешт компани байгуулсан. Грамин Данон Фүүдсээр дамжуулан хүнс тэжээлийн дутагдалтай 300 мянган хүүхдийг баяжуулсан таргаар хангадаг. Мөн нийгмийн сүлжээ бизнесийг тэтгэх үйл ажиллагаа явуулж байна.
- Нийгмийн сүлжээ бизнес эрхэлж байгаа хүн эцсийн дүндээ юу хүртэх вэ?
- Ерөөсөө сэтгэл хангалуун болж, жинхэнэ баяр жаргалыг мэдэрнэ. Хөрөнгө оруулагчид маань багахан ашиг олдог ч хүмүүсийн асуудлыг шийдэж өгснөөр маш их сэтгэлийн таашаалыг мэдэрдэг.
- Нийгмийн сүлжээ бизнес, компанийн нийгмийн хариуцлага хоёр ямар ялгаатай вэ?
- Компанийн нийгмийн хариуцлага бол хүмүүнлэгийн үйл ажиллагаа юм. Компаниас гаргасан тодорхой хэмжээний хөрөнгийг ашгийн бус байгууллагаар дамжуулан нийгэмд хэрэгцээтэй зүйлст зарцуулдаг үйл ажиллагаа. Энэ мөнгө эргэж компанид ирэхгүй, нэг л удаа ашиглагдана. Харин нийгмийн сүлжээ бизнес зорилгодоо хүрэхийн тулд тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг үүсгэдэг. Хөрөнгө оруулагчийн хөрөнгө мөнгийг ашиглан тавьсан зорилгодоо хүрсний дараа оруулсан хөрөнгийг нь эргүүлж өгөхөд тухайн хөрөнгө оруулагч энэ мөнгөө нийгмийн өөр бизнест оруулж болох учраас тасралтгүй ашиглах боломжтой. Тэр хэрээр нийгмийн асуудлууд шийдэгдэж байдаг болохоор нийгмийн сүлжээ бизнес амь бөхтэй, ур өгөөжтэй, орчин нөхцөлд зохицон хөгжиж өргөждөг давуу талтай.
- Тэгвэл санаа байгаа ч санхүүгийн эх үүсвэргүй хүн, эсвэл байгууллага нийгмийн сүлжээ бизнес эрхлэх боломжтой юу?
- Санхүүгийн эх үүсвэр олох аргаа шийдсэн бол бололгүй яах вэ. Хөрөнгө мөнгө бол нийгмийн сүлжээ бизнес эрхлэх суурь юм. Хөрөнгөтэй хүнд санаа оноо төрдөг. Улмаар санаа оноогоо бусадтай уралдуулна. Сайн санаа байвал түүнийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг олох хүн байх шаардлагатай. Уламжлалт бизнес ашиг олох зорилготой бол нийгмийн сүлжээ бизнес нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэнэ. Бизнесийн жинхэнэ амжилт гэвэл энэ. Бангладешийн 30 сая хүн хүнцэлд хордсон ус уудаг байсныг бид Грамин Веолиа Вотэр компанийг байгуулснаар тэдгээр хүмүүсийг усаар хангах боломжтой боллоо. Энэ бол зөвхөн нэг жишээ. Үүнээс гадна Японтой хамтарсан Грамин Эүглена компани маань Бангладеш болон Японд экспортлох зориулалттай нэг төрлийн шош тариалж байна. Үүний үрээр олон хүн ажилтай боллоо.
- Нийгмийн сүлжээ бизнес системийн чанартай томоохон асуудлыг шийдэхээр төлөвлөдөг ч төр засагтай хамтрахгүй бол эдгээр асуудлыг шийдэж болно гэж үү?
- Тийм ээ, тэр үнэн. Гэхдээ энэ төрлийн бизнес томоохон асуудлын нэг хэсгийг барьж аваад шийдэх боломжтой. Нэг хоёр хүнийг ч болтугай зовлон зүдгүүргүй болгож байвал, тэр хүн эргээд бусдад яаж туслах ёстойгоо мэдэж авч байвал үр дүнд хүрэх нь лавтай. Хамгийн гол нь бүтээлч санаа чухал. Бид бусдын тэргүүний туршлагыг шингээж авахад уриалдаг. Нэг газар оронд үрсэлсэн тэргүүний туршлага нөгөө газарт үрслэх бүрэн боломжтой. Бид Грамин Данон компаниар дамжуулан Бангладешийн шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг баяжуулсан таргаар хангаж чадсан хойно өөр улс оронд ч энэ үйл ажиллагаагаа тэлэх боломжтой шүү дээ. Ажил хайж буй залууст өөрсдийгөө ол, өөрийн гэсэн юмаа хий, бизнес санаагаа бидэнтэй хуваалц гэж зөвлөдөг. Бид нийгмийн сүлжээ бизнесийн сан байгуулж, эдгээр төслийг хамтран санхүүжүүлдэг. Ингээд бизнесийн ашиг олж эхэлмэгц төсөл санаачлагчид бидний оруулсан хөрөнгийг эргүүлж өгөөд, бизнесээ бүрэн эзэмшдэг. Энэ маягаар ажилгүй хүмүүсийг ажил орлоготой болгож байна. Энэ туршлагыг чинээлэг буурай аль ч улс орон, том жижиг хот сууринд ялгаагүй хэрэгжүүлэх боломжтой.
- Тэгэхээр нийгмийн сүлжээ бизнес дан ганц хөгжиж байгаа улс орноор хязгаарлагдахгүй нь ээ?
- Тэгэлгүй яах вэ. Энэ бизнес ерөөсөө хүмүүсийн асуудлыг шийдэх үндсэн зорилготой. Одоогийн эдийн засгийн тогтолцоо хаа саагүй хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Ядуурал, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй байх, ажилгүйдэл газар авах, цаг уур өөрчлөгдөх, төрөөс татаас харсан байдал дэлгэрч байна. Ер нь аливаа улс юун түрүүнд ядуурал, дараа нь ажилгүйдэл, гуравт нүүрсхүчлийн хийн бохирдлын асуудлуудыг шийдэх учиртай. Дараа нь хүний эрх, эрүүл мэнд, боловсролын асуудал хөндөгдөнө.
- Нийгмийн сүлжээ бизнесийг хөгжүүлдэг хүмүүс сайн үйлсийн аяныханд таагүй ханддаг шиг санагддаг...
- Сайн дурын аян нийгмийн сүлжээ бизнесээс юугаараа ялгаатай вэ гэвэл хүн болгон хийж болдгоороо ялгаатай. Хүн бүр ямар нэгэн сайн үйлд хандив өргөж, сайн дураараа ажиллаж болно, гэтэл нарийн яривал сайн үйлийн аян эрхэлж байгаа зуу зуун хүнээс илүү нийгмийн сүлжээ бизнесийг хөгжүүлж байгаа нэг хүн нийгэмд илүү өгөөжтэй шүү дээ. Сайн үйлс олон зууны турш хүн төрөлхтнийг тэтгэж байгаа ч энэ үйл хэмжээ хязгаартай. Харин нийгмийн сүлжээ бизнес эрхэлбэл эргэлтэнд оруулсан мөнгөө эргүүлж аваад энэ төрлийн өөр бизнест оруулах маягаар тасралтгүй үргэлжлэх боломжтой. Гэхдээ сайн үйлийн аян, нийгмийн сүлжээ бизнес хоёр бол хамтрагч болохоос биш сөргөлдөгч талууд биш.
- Таны хувьд мөнгө аз жаргал мөн үү?
- Мөнгө бол аз жаргал биш, гэхдээ мөнгө хийх явц нь өөрөө жаргал юм. Мөнгө хийнгээ бусдад тусалж байвал түүнээс илүү жаргал гэж үгүй.
- Ярилцсанд баярлалаа.