“Толин хул” сунгаанаас зугтсан нь юуны дохио вэ
Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Сунгаанд 250 сая төгрөг тушаасан нь тунаж үлдэхээр болдог юм байна. Намын удирдлагаа сонгох гэж байж гуравхан тэрбум төгрөг харамлаж байхыг бодоход их ядарч. Нэр дэвшигчдийг нь харахад их сохорч. Үүрүүдийн үгийг, тэдний хүслийг сэтгэлийг чагнасангүй, мэдэрсэнгүй, мэдрэхийг ч хүссэнгүй нь харагдлаа.
Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ. Сунгаанд 250 сая төгрөг тушаасан нь тунаж үлдэхээр болдог юм байна. Намын удирдлагаа сонгох гэж байж гуравхан тэрбум төгрөг харамлаж байхыг бодоход их ядарч. Нэр дэвшигчдийг нь харахад их сохорч. Үүрүүдийн үгийг, тэдний хүслийг сэтгэлийг чагнасангүй, мэдэрсэнгүй, мэдрэхийг ч хүссэнгүй нь харагдлаа.
Хамгийн “том” бизнесмэн гэдгээр нь Г.Батхүү дээр овоо хараагаа тусгаад байтал “Шударга нэгэн нэр дэвшигчийг дэмжинэ” гээд бултчихав. Уг нь түүнд Л.Болд амжилт хүсээд зураг хөргөө авахуулаад “сойж” байсан юм. Морь уяж байгаагүй Л.Болдын хувьд Г.Батхүүг сойхоор болсон нь сонирхолтой, бас ойлгомжтой байв. Учир нь тэд УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс хамтдаа баг болж билээ. Ялагдсан, гэхдээ намын даргатайгаа, хоёр Ерөнхий сайдтайгаа хамт унасан болохоор гэмшээд сүйд болоогүй л дээ. Гэхдээ “Ялагдлын шалтгааныг мэдэж байгаа, буруутанг хамтдаа олж хариуцлага тооцно оо” гэх зэргийн яриа хөөрөө бол өрнөсөн юм билээ.
Уг нь Г.Батхүүг АН-ын даргын сунгаанд ороод ирлээ гэхэд хэн ч гайхахгүй. Тэгвэл Дэд бүтцийн сайд “хошой” асан, УИХ-ын Дэд дарга, УИХ-ын гишүүний албан тушаалыг тус тус хашиж байсан, хурдан морины уяач, хувийн бизнес эрхлэгч, шилдэг татвар төлөгч, ТББ байгуулах хоббитон гэхчлэн олон хаяг шошгоор түмэнд танигдсан Г.Батхүү чухам Ардчилсан намынхны хувьд хэн бэ?
Өнөөдөр намын даргаа сонгох гэж буй Ардчилсан намын дотоод шалгуур юу байж таарах вэ. Намын нийт гишүүд дэмжигчид буюу өнөөх яриад байдгаар “хайрцаглагдаагүй” гишүүн нь одоо сонгогдох даргаас юу хүсч байгаа нь үүнд маш чухал. Намын даргын сунгаанд нэр нь хааяа тод, хааяа бүдэг дуулдаж байсан нь Г.Батхүү Ардчилсан намын даргаар сонгогдох хүсэлтэй байна уу, үгүй юу гэдгийг мэдэх аргагүй болгож байв. Гэтэл тэрбээр Намын дарга болохын тулд фракциудтай хэлэлцэх биш, хэнд ч үл анзаарагдахаар орхигдсон дугаар үүрийн гишүүний дуу хоолойг хэрхэн Их хуралд хүргэх вэ, яаж хуралд нь оролцуулах вэ гэдэгт анхаарч нэрээ мартах шахан гүйж явав. Эцэст нь намын даргад өрсөлдсөнгүй. Тэгэхээр Намын Их хуралд намын үүрүүдийн төлөөллийг ахиухан оролцуулах нь л түүний зорилго байсан хэрэг үү. Тийм бол энэ чинь харин АН-ыг аврах, өнөөх яриад байдаг “цэвэрших”, “дотоод ардчилалттай болгох” гэдэг ажлынх нь эхлэл биш үү.
Намынхаа Их хурлыг зурагтаар л харж байснаас биш, “Би дуугарах ёстой, оролцох эрхтэй” гэж дуугарч зүрхэлдэггүй ч 20 гаруй жил сэтгэл зүрхээрээ ардчилалд дурлаж, гүн гүнзгий шумбаад орчихсон дугаар үүрийн гишүүнийг Намын дарга нь хайрлаж байсангүй. Хуралдаа ч урьж байсангүй. Зөвхөн сонгуульд ашигласаар ирсэн юм. Энэ л Ардчилсан намын алдаа байв.
Энэ алдаагаа засч дүрмээ өөрчлөх болмогц нэр дэвшигчийн өнгө өөрчлөгдөж байна. Зохион байгуулалттай, хавчлага барьцаатай болоод явчихав. Үүнээс нь болж нам дотор нь “Онцгой байдал” үүсч мэдэхийг эрхбиш мэдэрч “Эвтэйхэн өрсөлдөөрэй” гэж Намын дарга нь хагаралаа зарлаж тэнэгтлээ.
Намынхаа “эсийн түвшинд” хүрч ажиллаж чаддаг, 1989 оноос өмнө хэн байснаа мэддэг, хүнийг хүн гэж хардаг, харьцдаг тийм л даргыг АН хүсэн хүлээж ирсэн. Гэтэл Намын даргын шалгуур, намын дотоод ардчилал, дүрэм сэлт гээд Ардчилсан намын амин чухал шийдвэрийг гаргахад л оролцдог “том хүмүүс” үеийн үед намын дарга болсоор, түүнийгээ хувийн эрх ашигтаа, цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ашигласаар ирсэн. Үүнтэй хамт дугаар хорооны, дугаар үүрийн АН-ын гишүүн “ашиглагддаг”. Энэ л Ардчилсан намд байх ёсгүй бичигдээгүй хууль, биелэгдсэн түүх байсаар ирэв.
Ер нь өнгөрсөн 20 гаруй жилд АН-ын лидерүүдийн ноён нуруу эрх мэдлийн өмнө очоод хугардагийг олонтаа нотоллоо. Харин одоо энэ “хугараагүй ноён нуруу”-нд эрх мэдэл өгөөд харвал ямар бол гэж хүлээж байтал 250 сая төгрөгийн “босго”-нд бүдрээд өнөөх ноён нуруу нь хугарчихав.
Г.Батхүүд 250 сая төгрөг олдоогүй гэвэл хүн итгэхгүй. Харин нэг тийм тавилттай жүжигт зарцуулахад бол бас ч гэж зовж олсон мөнгө байж таарна.
Ардчилсан намын саяхан болж өнгөрсөн VI Их хурлын индрээс “хариуцлага тооцох” гэдэг үг хамгийн хүчтэйгээр, хамгийн олон удаа цуурайтсан. Намын жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирсэн УИХ-ын гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрыг түлхэн унагаахад оролцсон уу, үгүй юу гэдгээр 2012-2016 оны УИХ-ын гишүүдийг толгой дараалан шүүх нь холгүй байлаа. Хариуцлагын тухай бүлэг заалтыг дүрмээс хасахаар дээрээс оруулж ирснийг заалаараа шуугилдаж байгаад буцаан нэмүүлж байсныг нь харахад Ардчилсан намынхны хурал үнэхээр ардчилалтай болсон. Ийм ч учраас АН-ынхны лидерээ сонгох эхний даваа нь “Засаг огцроход аль талд байсан бэ” гэдгээр шүүх даваа байх бололтой.
Тэрбээр Засгаа огцруулах гэж гарын үсэг зурж байгаагүй, огцруулна гэсэн кноп дарж үзээгүй, бас хурал тасалж ирцээр боож Засгаа хүчгүйдүүлээгүй. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр кноп андуурч дардаг асуудалтай ч холбогдоогүй. Яг л олонхийнхоо багийн шийдвэрт үнэнч байж засгаа авч үлдэх гэж тэмцэж суусан хариуцлагатай гишүүдийн нэг.
Ардчилсан лидерээ сонгох хоёр дахь даваа нь 2016 оны сонгуулийн ялагдалд буруутай юу гэсэн асуудал байх буй заа. АН-ын одоогийн дарга З.Энхболд “Шонхор” фракцийнх бөгөөд чухамхүү энэ фракцийн болон З.Энхболдын ойр хүрээллийнхний хаалганы ард тооцоолсон тооцоо, бодсон бодлогоор 2016 оны нэр дэвшилт, тойрог хуваарилалт, хуулийн өөрчлөлтүүд явагдсан гэдгийг АН-ын гишүүд сайн мэднэ.
Одоо түүний тархи гайхалтай ажиллаж буй. Дээр нь хар, цагаан ямар ч хүчийг ашиглаж мэдэхээр хүнд байдалд оржээ. Энэ нь түүний эсрэг олон “дайсан”, тэр ч байтугай “зүй бус нэгдэлүүд”-ийг бий болгож эвлэрэхээргүй хүмүүс эвлэлдэн тэмцэж байна. З.Энхболдын өгсөн таван суманд нум хэрэгтэй байх аа. Эсвэл нум хэрэглэхгүйгээр жад шиг шидээд байх уу. Энэ талаасаа бол нум нь Ц.Элбэгдорж. Тэрбээр Х.Баттулгатай, Н.Алтанхуягтай ч нэгдэж, хэл амаа ололцож намын даргын сонгуулиас өмнө нэрийг нь татуулахыг нь татуулж, тус болоход нь тус болоод, тохиролцохтой нь тохиролцоод явчих бололтой. Ингээд өнөөх тав хоёр, эсвэл гурав болж хувирч мэднэ. Гурав болбол азтай нэг нь өрсөлдөгч хоёрынхоо дундуур шунгиначихдаг ч тал бий.
Харин намын даргаас сум аваагүй, сунгаанд оролцоогүй Г.Батхүүгийн хувьд АН-ын удирдлагад ажиллаж байсангүй. Үүгээрээ бүр Л.Гантөмөрөөс ч дор эрх мэдэлтэй, нам түүнийг зүгээр л АТМ мэтээр ашиглаж байсан дүр зураг харагддаг. Цаад “маанаг” нь үүнийгээ ёс мэт үзэж намдаа элссэнээс хойш Намын дарга, Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн АН-ын даргын албыг огт хашиж байгаагүй юм. Нэг ёсондоо АН-ын удирдлагын арын фронтод явж ирсэн, одоо “галын фронт”-д цоо шинэ хүн болж орж ирэхээр нэр дэвших нь үү гэтэл ухарлаа. Энэ ухралтыг “Нэг алхам ухарч хоёр алхам урагшлах” тактик гэж харж болох юм уу гэтэл тийм биш ч байж мэдэх нь. Бизнесмэн хүн бол өгөөш болгоныг үмхээд байдаггүй арай өөрөөр хардаг бололтой. Үүнийгээ ч улс төрд ашиглаж ямар гээчийн хор гүйгээд байгааг хараад АН-ын даргын сунгаа гэгч “тендерт” оролцоогүй нь болж.
Анзаарсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сэтгүүлчид уулзалт хийхдээ “Хэнд илүү талтай” байгааг нь тандах гэж оролдоход “Бүгдийг дэмжинэ” гэхийнхээ өмнө хамгийн түрүүнд Г.Батхүүгийн нэрийг хэлж билээ. Ноён нурууг нь бодсон уу гэхээс фракц, халаас бодсон гэх сэжим арай л алсуур аж. Ямартай ч тэр ахмадууд, эмэгтэйчүүд, залуусаа дэмжсээр Намын даргын сунгаанаас одлоо. Энэ нь өнөөх 250 саяаа тушаасан өрсөлдөгчдийнх нь хувьд харин ч аз биш эз байж мэдэхээр байгааг гадарлаад явчих шиг болж өнөөдрөөс эхлээд нэг л түгшээд явчих шиг. Учир нь өмнөх Засгийн газрын гишүүд, намын удирдлагад ажилласан хүмүүс, товчхондоо “Бонд тоншигчид” үлдчихэж байгаа дүр зургийг тэр харуулчихав уу даа.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор УИХ-ын зарим гишүүд “МоАН” санаачилга ТББ-ыг байгуулсны нэг нь Г.Батхүү. Монголынхоо ардчиллаар гоёх гэж үүнийг байгуулсан гэдэг. Дэлхийн бусад олон орны ардчилалаас Монголын өөрийн нутаг дээрээ, өөрсдийн хүчээр босгосон ардчилалын 10 үнэт зүйлийг тэд томьёолж гаргаад дотоод, гадаадад сурталчилж, АН-ын гишүүддээ үнэт зүйлийг нь сануулж, төлөвшүүлэх ажил хийдэг. Гуравхан сая хүн амтай, эрх барьдаг хоёр том намтай, үүний нэг нь болох өөрийнх нь харьяалагддаг намын фракци дэндүү “олдож” хагаралд хүрч эвлэрэл хүссэн, олоон жилийн дараа арайхийн засгийн эрх барихдаа сөрөг хүчний оролцоогүйгээр Засгийн газраа татан унагасан энэ байдлаас тэрбээр ичсэндээ эвдрэлцүүлэх биш эвлэлдүүлэх санаачилгын байгууллагыг үүсгэжээ. Энэ бол Г.Батхүүгийн үнэт зүйлийн тусгал болох ажлын эхлэл юм. Түүний бас нэг үнэт зүйл нь улсынхаа хамгийн анхан шатны нэгжийг хөгжүүлэх мөрөөдөл бодлогууд. Баг сумдын холбоо, АН-ын үүрийн дарга нарын холбоо гэх мэт анхан шатны нэгжтэй холбоотой байгууллага түүний нэртэй байнга холбоотой. Анхан шатны амьдралыг мэддэг хүний хувьд АН-ын даргын сунгаанд яг л тэднийг хүчирхэгжүүлэхийн төлөө оролцож байгаа нэр дэвшигч. Анхан шатны нэгжүүдээ бүтнээр нь бүрнээр нь байлгах уу, эсхүл сум аймгийг цөөлөх үү гэдэг маргаан бараг л Үндсэн хуулийн маргаан юм. Энэ маргаанд Г.Батхүүгийн баримталдаг байр суурь үргэлж анхан шатны нэгжүүдээс “аргамжаатай” үлдэнэ гэсэн үг. Тэднийгээ сонсохгүйгээр, тэдний байр суурийг төлөөлөхгүйгээр шийдвэр гаргах удирдагч бол улсаа “эмтлэх” аюултай гэж Г.Батхүү үздэг нь түүний тэргүүлдэг ТББ-уудын үйл ажиллагаанаас байнга харагддаг.
Тэр Эрдэнэтийн асуудалд ч, бондын асуудалд ч тэр холбогдож байгаагүй, оффшор дансгүй, уул уурхайгүй. Хэдэн залуустай нийлээд уул уурхай руу яг орж байхад нь монгол хүн юм бол хувьцаагаа улсдаа өг гэсэн популист уриалга газар авч Г.Батхүү өөрийн эзэмшлийн хувьцаануудаасаа салж Тавантолгойгоос холдсон нь бараг арван жилийн өмнөх явдал аж. “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” гэгддэг “Энержи ресурс”-ээс эзэмшдэг хувиа хүртэл УИХ-д өрсөлдөх эрхээ авахын тулд намдаа дэнчин тавьчихсан байвал яах вэ. Үүнийг ардчилал гэдэг юм уу. УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг нь олгохын тулд эзэмшдэг хувьцааг нь хураадаг Намын даргатай нам яаж элэг нь бүтэн, зүрх нь үнэнч байна гэж бодоо вэ.
Түүнтэй хамгийн их нэр холбогддог зүйл бол АПУ. Тэртээ зуун жилийн өмнө Монгол улс Манжаас салж эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн амилуулах үед улсаа тэжээх гэж Богд Хааны засгийн газраас байгуулж өгсөн энэ үйлдвэр зуун жилийн турш “крантаа” хаалгүйгээр төр, улсын маань төсвийг тэжээх үүрэгтэйгээр ажилладаг нь нууц биш. М.Энхсайханы засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэр нэг хэсэг “крантаа” хааж, цалин тэтгэвэр тавих мөнгөгүй бүтэн жил болох шахаж байхад төрд ажилладаг байсан хэн бүхэн АПУ-гийн хувь нэмрийг анх удаа анзаарсан. Одоо энэ түүх нэгэнт мартагдсан ч тус үйлдвэр манай хамгийн сайн татвар төлөгчдийн нэг хэвээр. Хамгийн үнэнчээр төрд мөнгө өгдөг, тасралтгүй ажиллагаатай “крант” хэвээр. Өдгөө сүү, ундаа, жүүс нь АПУ-г алдаршуулсан анхны нэр төрлөөсөө ч илүү зах зээлд түгж, айл бүхэнд хүрсэн орчин үеийн үйлдвэр болжээ. Харин энэ сунгаанд “Эрдэнэтэд хамааралтай”, эсвэл “Эрдэнэтэд харшилтай” хоёр хэсэг талцаж байна. Үүнд хамааруулаад 1999 оны нэгэн өдрийн чуулганы хуралдааны баримтаас эш татах хэл загтнав ч түр хойшлуулъя.
Сүүлийн үед намын албан тушаалд хэн нэгнийг томилох болохоор “тэр хэний хүн бэ” гэдэг асуулт гардаг. Хэний бодлогыг залгамжлах вэ гэсэн үг л дээ. Анхан шатныхны бодлогыг залгамжлая гэж Г.Батхүү олон жил зүтгэж. Ардчиллын үнэт зүйлээ залгамжилъя гэж тэр одоо хичээж явна. Хэн нэгэн ганц агуу удирдагчийн үгээр тэр явдаггүй. Өөрийгөө өөрөө бүтээсэн, үндэсний баялагийг бүтээлцсэн хүний нэг давуу тал энэ юм. Тэр хүн хэн нэгний аманд багтаж, хурууны үзүүрээр хөдлөхгүй болтлоо сууриа олжээ. Тиймээс ч толгой даан “Дэвшинэ”, “Дэвшихгүй” гэж хэлж чадаж байна. Харин толгойгоо даахгүй ацан шалаанд ороод байгаа “рахиттай лидерүүд”-ээс хэн нь Ардчилсан намын даргаар сонгогдохыг харж байя. Эрэмгий ирсэн Г.Батхүү юуны учир “Толин хул”-аа аялаад сунгаанаас буцав. Үүнд л учир бий.