Ер нь би бол нас харгалзахгүйгээр мэдлэг мэргэжил, сонирхлоороо ахмад хүмүүстэй нөхөрлөхийн үлгэрийг насан туршдаа  үзүүлж өгч байгаа хүн гэж өөрийгөө боддог.

Намайг гадаад харилцааны салбарт зүтгэж, хэтдээ дипломат алба руу мөрөө гаргахад зам заасан, нөлөөлсөн, үлгэр дууриал болсон олон ахмад эрхэм байдгийн нэг нь дор толилуулах энэ хүн болно. Тэрээр Москвагийн ОУХДС-д Монголоос очиж суралцсан анхдагчдын нэг, Увс аймгийн уугуул, тулхтай, хүнлэг, шийдмэг, гэгээлэг эрхэм байлаа. Тухайд үеийн Москвагийн ОУХДС-д суралцагсдын зураг дээр Сосорын Ишдорж хэмээх гялалзсан цагаан залуу нүднээ яах аргагүй тусна. Тэр хүний дипломат албаны ховор сонин зургуудаас дор хуваалцая. Зурагнуудыг ач охин З.Цэлмэг нь манай уншигчдад сэтгэл харамгүй толилуулсныг тэмдэглэе.



Дипломат албанаас нам-төрийн ажил руу дэвшиж шилжсэн, бүр Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын туслах, референт явсан, хожим ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч болсон Сосорын Ишдорж хэмээх доктор, түүхийн шинжлэх ухааны доктор бөгөөд тус хүрээлэнгийн захирал алдарт түүхч Н.Ишжамц гээд буянтнууд тэр үед надад мөн ч их өмөг түшиг болж байсныг энд дурдах гэсэн хэрэг. Бид гурав тэдний хүрээлэнгийхний хов живээс авахуулаад даян дэлхийн бүхий л асуудлаар ярихгүй сэдэв гэж үгүй байж дээ.  



Би ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнтэй нэн ойрхон ажиллаж “Дорно дахины судлалын асуудал” сэтгүүлд нь судалгааны өгүүллүүдээ цувуулан  хэвлүүлж байв. Ингээд ид ажиллах ааг амтанд орж байтал миний амьдралыг эргүүлсэн нэгэн шинэ томилгоог санал болгодог юм байна. ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Н.Ишжамц, секторын эрхлэгч С.Ишдорж нар намайг Бээжинд Элчин сайдын яаманд дадлагажигчаар яваач гэж гэнэт ятгалаа.



 Би толгой мэдэж шийдэхгүй, цэргээс өчнөөн ажил удаж халуулж МОНЦАМЭ-д авчруулчихаад өөр тийшээ шилжие гэх эрх надад байхгүй гэсээр байтал тэр хоёр маань ятгасаар зөвшөөрүүллээ. Тэгэхдээ өөрсдөө манай удирдлага дээр орж ярихаар боллоо.  ШУА-ийн нэр дээр Бээжин дэх ЭСЯ-нд манай Бэгзжав, мөн Лхамсүрэн гэдэг хоёр хүн өмнө нь дадлага хийж байсан ба Лхамсүрэн гуайн оронд явах орны хүн байхгүй байсаар мань хүн хоёр жил гаран болчихсон, бас дээр нь хагалгаанд орох гэж байгаа тул орны хүн нэн хэрэгтэй болоод, намайг яваач гэж л дээ.



Залуу цагтаа хойно МГИМО-д хамт суралцаж байсан, залуугийн найз гээд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны МОНЦАМЭ эрхэлсэн орлогч дарга Д.Чимэддорж гуай дээр С.Ишдорж гуай орж ятгав. Радиогийн Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцийн хариуцлагатай редактор Ч.Төмөр багш маань намайг Бээжин явуулахын түүс, тэгээд даргыг мөн лоббидов. Ингээд Д.Чимэддорж гуай Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дарга Л.Зантав гуай дээр маргааш нь орж ярив.



Тэр хоёр хоёул Москвагийн ОУХДС-ийн боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй тул намайг ч үг дуугүй дэмжив. С.Ишдорж гуай Л.Зантав дарга дээр хоёр ч удаа орж намайг шургуу дэмжихийг ятгасан чинь даргад хачин сэжиг төрсөн гэж хожим надад ярьсан юм.

 -          Энэ Баярхүү, Иншдорж гуай хоёр чинь ер нь ямар холбоотой улс вэ? Улятайхүү гуай залуудаа энэ Ишдорж гуайтай сууж байсан юм болов уу, Баярхүүгийн жинхэнэ эцэг нь юм болов уу,  үгүй нь энэ Дашдорж гуай тэгээд хэн болж таарав аа гэж эргэлзэж байсан ухааны юм надад ярьсан юм.



Хаа холын Увсын иргэнтэй би аав хүү хоёр болж харагдах шахаж л дээ. Төрсөн биш гэхэд хуурай эцэг хүү гэж хэлэгдэхээр найзалж явснаа би нуухгүй ээ. Тэр маань 1928 оных, аавтай минь чацуу, гэвч ертөнцийг үзэх үзэл, мэдлэг мэргэжил, оюун ухаанаараа нөхөрлөж болдогийн жишээ л дээ. Тэгээд ч Ю.Цэдэнбалын туслах явсан том хүн шүү дээ. Нам, төрийн амьд архив л гэсэн үг ээ...  
 
Үргэлжлэлийг “Төрийн захиргаа” сэтгүүлийн
“Намтар судлал” булангаас сонирхоорой