АН хүнээ тордож, МАХН хүүхэлдэйгээ хувцаслаж байна уу?
УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт ойртох тусам МАХН болон АН-аас нэр дэвшигчид сонгогчдын дуран хараанд тунаж үлдэх нь тодорхой болов.
Бусад анхаарал татаж байсан нэр дэвшигчдийн хувьд нэрээ татах нь татаж, нэрийн жагсаалтаас хасагдах нь хасагдаж, энэ хэрээр өрсөлдөөн хоёр том намын хооронд өрнөх “жамтай” боллоо.
Энэ удаагийн нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаа богино зэрэг нөхцөл байдал нь намуудыг шинэ бус хуучин, тухайн тойргийнхонд танигдсан улстөрчийг нэр дэвшүүлэхэд хүргэсэн юм.
Чин үнэндээ дээрх хоёр намын нэр дэвшигчид шинэ хүмүүс биш ч хуучин гэхээргүй, олны танил гэхээс илүү хоёрдугаар эгнээний эрхмүүд. Гэхдээ мэдээж тэд олон талаар ялгаатай юм.
АН-ын нэр дэвшигч Р.Бурмаагийн хувьд улс төрд орохоос өмнө олон нийтэд өнөөгийн имижээ тогтоож төлөвшүүлж чадсанаараа хуучин. Монголын нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг олон түмний санаа бодолд хөрсжүүлэх, шинэ дэвшилт үзэл санааг монголчуудын оюун санаанд тарималжуулахад сүүлийн хорин жилийг зарцуулсан тэрбээр улс төрд шинэ үр суулгахаар ирж буй шинэ үеийн төлөөлөл.
Сонгогчдыг боловсруулах, төр барих эрхээ мэдэрч, мэдэхэд нь хөтлөх, ардчилсан төрт ёсны амин сүнсийг ойлгуулахад сүүлийн хорин жил тууштай ажилласан тэрбээр уг нь нийгэмд үүргээ гүйцэтгэсэн хүн юм. Гэхдээ Монголын улс төр нийгмийнхээ сэтгэлгээнээс хоцорч, хөгжлийн алхааг нь гүйцэхээ байсан, басхүү хууль ёсыг ч улстөрийн захиалгаар хувиргаж болно гэж ойлгосон энэ цаг үед Р.Бурмаа шиг иргэний нийгмийн талаарх эрүүл төсөөлөлтэй хүмүүс Их хуралд хэрэгтэй гэж үзэх хүмүүс олон байна.
Улс төрийг шинэчлэх гэсэн олон нийтийн энэхүү захиалга дээр МАХН ч бас “шинэ дүр” бүтээгээд буй. Засгийн газарт сүүлийн хоёр жил ажиллаж буй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын хувийн шинж чанаруудыг түшиглэн хиймэл суртлаар гоёсон дүр төрхийг хувьсгалт намынхан сонгогчдод илгээж байна. Үнэндээ бол түүнийг одоо л нийгэмд таниулж, тохирсон имиж бүрдүүлж өгөхөөр сонгуулийн энэ цөөхөн өдрүүдэд нам нь хичээнгүйлэн ажиллаж байна. Нэг үгээр бол түүнийг одоо л “хувцаслаж” байгаа нь энэ.
Д.Зоригт насны хувь залуу, өндөр боловсролтой, Засгийн газрын гишүүн гээд нэмэх талуудтай ч үүнийг нь хэтэрхий дөвийлгөж буй нь олон нийтэд төдий л хүрэхгүй байх шиг. Тэрбээр төрийн албаны туршлагатай ч нийгмийн оюун санааг шинэчлэх үйлсэд Р.Бурмаа шиг шинэ үр суулгаж байсангүй. Энэ хэрээр нийгэмд манлайлалгүй явж ирсэн тэрбээр “Эрдэнэс MGL” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байгаад Засгийн газарт эрдэс баялгийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон юм. Түүнийг өнөөдөр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан” гавьяагаар нь чимэж, зорилготой, зоригтой хэмээн сурталчилж байна. Уг нь түүний оронд тус салбарын сайд хэн байлаа ч энэ шийдвэр нийгмийн захиалга, улс төрийн нөхцөл байдлын зохирол дунд гарах л ёстой байсан биз ээ. Нийгэмд ч, улс төрд ч өөрийн гэх үзэл санааны оройлолгүй явж ирсэн түүний олонд таалагдах төлөв байдал, залуу нас, боловсролоор нь дулдуйдан улстөрд оруулж, утсан хүүхэлдэй болгохоор МАХН-ын тодорхой бүлэглэл эрчимтэй ажиллаж байна гэсэн дүгнэлт ч өнөөдөр сонсогдож буй юм. Улс төрийн өрөг дээр “нүүдэл хийж” буй МАХН болоод АН-ын нэр дэвшигчдийн ар талд хэний ямар эрх ашиг үйлчилж, хэн нь хаана ямар үр суулгаж, ямархан ургац хураах вэ гэдгийг сонгогчид яг одоо шүүн тунгааж байна.