Оюутолгойг ороохоор шийдэв үү?
Эхлээд “Их өр”-ийн асуудалтай холбогдож, “Ингээд байвал өрийн асуудлаар чинь Парисын клубт өглөө” гэсэн сүрдүүлэгтэй байв.
ОХУ-ын Төмөр зам нийгэмлэгийн дарга В.Якунин Улаанбаатарт айлчилж, Монголд хэрэгжүүлэх уул уурхайн шинэ төслүүдийн төмөр зам, дэд бүтцийн байгууламж дээр хамтран ажиллах гэрээг хоёр тал үзэглэсний дараахан ОХУ-ын хэвлэлүүдэд нэгэн “оргүй” зүйл бичигдсэн юм.
Монгол, ОХУ-ын хувь нийлүүлсэн төмөр замын шинэ компани байгуулах асуудал дээрх айлчлалын үеэр эрх зүйн талаас баталгаажсан бөгөөд тэрхүү компанийн Монголын талын хувийг “Эрдэнэс MGL” төрийн өмчит компани эзэмшихээр болоод буй. Харин “Эрдэнэс MGL” компани нь Монголын төрийн мэдэл дэх Тавантолгой, Оюутолгой болон бусад ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшигч юм.
Хэдийгээр Монгол дахь уул уурхайн төслүүдийн дэд бүтэц, төмөр замыг байгуулахад ОХУ тийнхүү “Эрдэнэс MGL” –тэй хамтран ажиллах боловч энэ нь тус компани эзэмшиж буй ордуудын тусгай зөвшөөрлөө Оросуудтай хуваах тухай ойлголт биш. Гэвч ноён Якунины айлчлалын дараа Оросын нэр бүхий хэвлэлүүд ОХУ Оюутолгойн ордыг хамтран эзэмшихээр боллоо гэсэн мэдээллүүд нэг бус нийтлэгдсэн юм. Айлчлалын үеэрх үйл ажиллагаа, үр дүнгүүд хэвлэл, мэдээллийнхэнд нээлттэй байсан төдийгүй ийм зүйл яригдаагүй учраас гайхах хүн олон гарсан.
Үнэндээ дээрх мэдээлэлд Оюутолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн удирдлагууд битүүхэн түгшиж, Монголын талын эрх ашгийг төлөөлөн хойд хөрштэй яриа хэлэлцээрт орсон эрх мэдэлтнүүдийг хардаад амжсан юм. Оюутолгойг оросуудтай хамтран ашиглах талаар айлчлалын үеэр үнэхээр ярилцсан эсэхийг тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Эрдэнэс MGL” компанийн захирал Л.Энэбиш нараас тодруулан лавлахад “Үгүй” гэсэн хариулт дээр зангидагдсан. Гэтэл дахиад л хойд хөршийн хэвлэлүүд энэ сэдвийг сөхөж, Монголын төр Оюутолгойг хамтран ашиглах яриа хэлэлцээнээсээ буцлаа хэмээн мэдэгдэж байна.
Энэхүү мэдээлэл нь эхлээд “Их өр”-ийн асуудалтай холбогдож, “Ингээд байвал өрийн асуудлаар чинь Парисын клубт өглөө” гэсэн сүрдүүлэгтэй байв. Хэд хоногийн дараа өнгө нь хувирч, “Уул уурхайн ордуудад тавих төмөр замын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нь зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдлийг дагууллаа. Юутай ч дээрх мэдээлэл санамсаргүй, тохиолдлын эндүүрэл биш “сүрдүүлэг” болж таарах гээд байна.
Маргааш Улаанбаатарт нэгэн олон улсын бага хурал эхэлнэ. Энэ нь Засгийн газраас боловсруулж байгаа төмөр замын салбарт баримтлах бодлогыг бүс нутгийн хэмжээнд танилцуулах зорилготой уулзалт байх юм. Энэ үеэр шинэ ордуудад тавих болон дотоодын төмөр замын сүлжээг хөрш орнуудынтөмөр замын сүлжээтэй холбох, түүгээр дамжуулан ашигт малтмалын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх зарчмын саналуудаа Засгийн газар бүс нутгийн хэмжээнд тавихаар зэхэж буй юм. Хамгийн гол нь бүс нутгийн орнуудын Засгийн газрын болон томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллага, тэдгээрийн төлөөлөгчдийг урьсан нь санамсаргүй зүйл биш. Учир нь төмөр замын дэд бүтцийг барьж байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах нь ойлгомжтой. Засгийн газар ч дээрх хурлын урилга дээрээ “Засгийн газраас хөрөнгө оруулалтын ямар ч хувилбарыг сонгон сонирхож буй хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллахад бэлэн” гэдгээ бичих шахсан юм. Яг ийм үед РИА Новости агентлаг Оюутолгойн ордод хамтрах амнаасаа буцсан асуудлыг нь төмөр замын хөрөнгө оруулалтаар барьцаалж байгаад дахин эрх баригчидтай нүүр тулна гэжээ. Бүр үгчилбэл “Монголын Тавантолгойн нүүрсний орд руу төмөр замын салаа барихаар Оросын төмөр замаас 1,5 тэрбум ам.долларыг зарцуулах хүсэлтийг зөвхөн нүүрсний ордын ойролцоох зэс, алтны Оюутолгойн талаар Монголтой зөвлөлдсөний дараа шийднэ гэснийг яамны өндөр тушаалын эх сурвалж РИА Новости агентлагад мэдээллээ” гэжээ. Энд иш татагдсан эх өндөр албаны эх сурвалж 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хүссэн Оросын төмөр замын (РЖД) саналыг дэмжиж буй ч РЖД-д тийм мөнгө байхгүй, гэхдээ орд газрын талаар нэг мөр шийдэх хэрэгтэй байна хэмээж.
Уг нь Оюутолгойн ордыг Оросуудтай хамтран ашиглах талаар “албан ёсны яриа” лавтайая сүүлийн зургаан жилд өрнөж байгаагүй санагдана. Учир нь Оюутолгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг “Айвенхоу Майнз” компани эзэмшиж байгаад нөөцийг илрүүлснийхээ хувьд ашиглалтын лицензийг нь эзэмших болсон юм. Энэ дагуу ашиглалт эхлэх асуудлыг Монголын төртэй сүүлийн зургаан жил хэлэлцсэн. Өдгөө хэлэлцээ үр дүнд хүрч хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажаад байгаа нь энэ.
Хэрэв гэрээ байгуулагдаагүй тохиолдолд “Айвенхоу Майнз” компани ашиглалтын тусгай зөвшөөрлөө хэнд ч зарж мэдэхээр хяналтгүй нөхцөл байдалд байсныг үгүйсгэхгүй. Мөн нөгөө талд ОХУ-ын Засгийн газар өөрийн төрийн мэдлийн компаниудад дотоодын болон гадаадын зэсийн нөөцийн хяналтыг төвлөрүүлж байгаа үйл явц давхацсан.
Монголын Оюутолгойн ордтой өрсөлдөгч болох Удоканы ордоо ашиглах тухай Оросууд төлөвлөж буй ч түүнийг эзэмшигч Металлинвест групп (мөн төрийн өмчийн Ростехнологи корпораци хамтран эзэмшдэг. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын хувийг мөн эзэмшдэг) энэ оны долдугаар сарын байдлаар 5.9 тэрбум ам.долларын өртэй, саяхан Засгийн газраасаа таван тэрбум рублийн баталгаа гаргахыг хүсчээ. Нэг үгээр бол санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол ОХУ өнөөдрийн нөөцөөрөө дотоодын үйлдвэрүүдийг ойрын зургаан жил л хангана. Төлөвлөж буй Удоканы ордоо ашиглах чадамжтай болтлоо дор хаяж 10 жил. Гэсэн хэрнээ Монголын Оюутолгойн ордыг авах талаар Монголын талтай, Н.Энхбаяртай ярилцсан гэж мэдээлж байна. Ярилцаад авахаар болоод байтал монголчууд амнаасаа буцлаа гэх. Бас болоогүй бусад хамтын ажиллагааны асуудлаараа шантаажлах маягтай хэл үг дагуулж байна. Ямар учиртай юм бол?