Оростой хийсэн наймаа
Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирлыг томилно гэсэн шум тараад байсан ч тэгсэнгүй. Үүнээс болоод тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпарацийнхан хүртэл түргэн авч, түр зогсолт хийгээд байсан нь талаар болов.
Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирлыг томилно гэсэн шум тараад байсан ч тэгсэнгүй. Үүнээс болоод тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпарацийнхан хүртэл түргэн авч, түр зогсолт хийгээд байсан нь талаар болов. Хамтарсан үйлдвэрийн 49 хувь хувийн компанид шилжсэний дараа “Монголын зэс”-ийг төлөөлөх ТУЗ-ийн гурван нишүүнийг сонгож, ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүн Да.Ганболдыг даргаар томилсон байдаг. Үүний дараа буюу өнгөрөгч 10-р сарын 18-нд Засгийн газар хуралдаж, төрийн өмчийг төлөөлөх ТУЗ-ийн дөрвөн гишүүнийг томилсон. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмжид нар. Түүнээс болоод УИХ дээр “Төрийн өмчийн төлөөлөл олонхи байж яахаараа ТУЗ-ын даргаа авдаггүй юм. ТУЗ нь чаддаггүй юм бол төр мэдээд томилно” гэсэн яриа гарсан билээ.
Уг нь ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгож, тэндээс байгуулагдсан ТУЗ нь ТУЗ-ын дарга болон Гүйцэтгэх захирлаа томилдог. Ингэхдээ том хувьцаа эзэмшигч буюу өмчийн эзэн нь Гүйцэтгэх захирлаа, бага хувьцаатай тал нь ТУЗ-ийн даргаа санал болгож томилуулдаг. Компанийн тухай хуулийн 74.1-д “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна” гэжээ. Одоо байгаа ТУЗ-ийн долоон гишүүн дээр хараат бус гишүүдийг нэмбэл ТУЗ-ийн гишүүдийн тоонд дахиад өөрчлөлт орно гэсэн үг. Үүний дараа Гүйцэтгэх захирлын томилгоо яригдах учиртай.
Тиймээс өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар хэнийг томилуулах вэ гэдэг саналаа ирүүлэхийг нь хүлээж байв. Тэгж гэмээн хувьцаа эзэмшигчдийн хурлаа ч зарлаад, хараат бус гишүүдээ ч сонгоод, компанийн захирлыг ч томилчих гээд байдаг. Гэвч харамсалтай нь компанийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газар энүүхэндээ гэхэд өмчөө хэрхэн зохион байгуулах, уг үйлдвэрийг цаашид яаж авч явах тал дээр тодорхой бодлого төлөвлөлт байхгүй, нэгдмэл шийдвэрт хүрч чадаагүй байгаа бололтой. Харин Засгийн газрыг давж ярьж байгаа улстөрчдийн дуу хоолой л нийгэмд илүү тодоор сонсогдож байна.
Өмнөх долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн шаардлагаар УИХ-ын чуулган, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр тухайн үед Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авах үйл ажиллагааг зөвшөөрч шийдвэр гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, худалдан авагч талыг төлөөлж ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг дуудаж асуусан. Тэр үед ч бас гишүүдийн зүгээс “Худалдан авалтыг хуйвалдааны замаар явуулсан, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчид авах ёстой байсан” гэх буруутгалууд явсан билээ. Ялангуяа УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зүгээс “Эрдэнэтийн хуйвалдааны ард Ц.Элбэгдорж өөрөө бий” гэх бүтэн гурван сар үргэлжилсэн сөрөг сурталчилгааны дороос Засгийн газар нь өөрөө өндийж чадахаа байсан бололтой. Гурван сар, хоёр сонгууль дамжиж “Эрдэнэтийг хятадуудад өгчихлөө” гэж шоудсан нам нэг өдөр нүүрээ угаагаад “манайхан авсан юм байна аа” гэх нь халуухан байгаа биз. Бантсан дээрээ бантаад л яваад байх уу?
НУУЦ БИШ БОЛСОН НУУЦ
Олзуурхууштай нь, уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын нууц хуралдааны протокол ил болсноор улстөрчдийн бидэнд тааруулдаг нөлөөтэй шилнээс ангижирч, асуудлыг хөндлөнгөөс харах боломж олгов. Хувьчлал ч бай, худалдан авалт ч бай тэр нь хуудуутай болсон, хуйвалдаан байсан эсэх талаар...
Өнгөрөгч зургадугаар сарын 13-нд Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай асуудлаар хуралджээ. Оросын талын эзэмшилд байсан 49 хувийг худалдах асуудлаар ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гарч, худалдан авах ажиллагаа хийгдэх хүртэл хуралдааны протокол болон холбогдох мэдээллийг нууцлах, худалдан авах ажиллагаа дууссаны дараа хоёр тал нэгэн зэрэг мэдээлэх, эцэст нь хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2003, 2007 оны хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д оруулахаар болжээ. Ингэж байж “Эрдэнэт” үйлдвэр сая 100 хувь Монголын компани болж, Монгол Улсын хуулийн хүрээнд орж ирэх юм. Гэтэл сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар нь энэ мэт ажлаа хийхийн оронд өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг баллуурдах замаар оноо авахыг чармайж байна.
ХҮНИЙХ БАЙСАН 49 ХУВЬ
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 1978 онд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан. Монголын тал 51 хувь, Оросын тал 49 хувийг эзэмшиж байв. ОХУ-ын Засгийн газар өөрийн эзэмшиж байсан 49 хувийг өнгөрөгч 2015 онд “Ростех” компанид шилжүүлсэн. “Ростехнологи” буюу “Ростех” нь маш олон төрлийн үйлдвэрлэл эрхэлж, судалгаа шилжилгээ хийдэг 400 гаруй охин компани, сая гаруй ажилтантай, өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг дэмжих зорилготой төрийн өмчит корпораци. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрээс гадна “Монголросцветмет"-ийн Оросын талын 49 хувийг, Монголоос гадна хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад олон тооны орд болон уурхай эзэмшдэг. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын өөрийн үйлдвэрлэн гаргадаг экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ унасантай холбоотойгоор хямралыг давахын тулд гадаад дахь орд, уурхайнуудаа тухайн улсад нь болон гуравдагч зах зээл дээр худалдан борлуулж эхэлсэн. Эндээс олсон орлогоороо дотоодын уул уурхай, ордуудаа дэмжиж, хөрөнгө оруулах бодлого барьж байгаа тухай Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
“Ростех” компани өөрийн эзэмшиж байсан “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн 49 хувийг Монгол Улсад бүртгэлтэй “Монголын зэс” корпарацид худалдах гэрээнд 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурж, хоёр өдрийн дотор төлбөрөө хүлээн авсан байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрийн 17-р зүйл /”Эрдэнэт” үйлдвэрийн тухай/, 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн хэлэлцээрийн 18-р зүйлд /”Монголросцветмет”-ийн тухай/ “Гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал өөрийн талын хувьцааг гуравдагч этгээдэд бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах тохиолдолд нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, энэ тохиолдолд худалдан авах давуу эрх нөгөө талд хадгалагдана. Аль нэг тал өөрийн хувийг хэсэгчлэн буюу бүхлээр нь худалдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэсэн байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын Засгийн газар худалдаж авахаас татгалзсан. Авч чадаагүй, чадах ч үгүй байсан. 400 сая ам.доллар, нэг их наяд шахуу төгрөг, Монгол Улсын жилийн нийт хэрэглээний зургааны нэг шүү дээ. Дээр нь “Эрдэнэт” дангаараа 200 сая ам.долларын төлөгдөөгүй өр, төлбөртэй.
2016 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс хойш хоёр улсын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монросцветмет” ХХК гэж байхгүй. Өнөөдөр зөвхөн Монголын төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХК, “Монросцветмет” ХК л гэж байна. Тэднийгээ хэрхэн яаж удирдаж авч явахаа Засгийн газар өөрөө мэдэх хэрэг. Ядахдаа л маргаан дагуулахгүйн тулд өмнөх хэлэлцээрүүдийг хүчингүй болгосон хуулийн төслөө УИХ-д оруулаад улстөржөөд байгаа нөхдөөр өөрсдөөр нь эцэслүүлчих хэрэгтэй шүү дээ. АН-ын Лу.Гантөмөр ингэж хэлсэн байна лээ. “Эрдэнэт” үнэхээр Монголын чухал асуудал юм бол МАН-ынхан Япон руу айлчилж, Хятад руу гүйхийн оронд Орос руугаа яв. Саалийн үнээ юм бол саадаг байсан хүмүүс нь яваад шийд. Чадахгүй бол худлаа улс төржүүлэх хэрэггүй...
100 ТЭРБУМЫН "ШАХАА"
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сүүлд хийсэн мэдэгдэлдээ “Эрдэнэтийг Эрдэнэтийн мөнгөөр хувьчилж авлаа” гэсэн байна лээ. Энэ хүний ярих хэлэх нь өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа. 49 хувь хувьчлагдсаны дараа буюу өнгөрсөн наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” компанитай худалдан авах гэрээг таван жилээр байгуулж урьдчилгаа 40 хувийг /100 тэрбум төгрөг/ шилжүүлэхээр болсон юм байна. Нийт дүнгээрээ 240 орчим тэрбум төгрөг буюу 100 сая ам.долларын худалдан авалтыг дээрх хоёр компанитай хийхээр болж.
Өмнө нь ч бас “Эрдэнэт” үйлдвэр Хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” компаниас ган бөмбөлөг, цементээ авдаг л байсан юм байна. Гэхдээ үйлдвэрийн хүчин чадал нь “Эрдэнэт”-ийн нийт хэрэгцээний 40 хувийг л хангах чадалтай. Үлдсэнийг нь арав гаруй хувь хүн, компани Хятадаас оруулж ирээд “Эрдэнэт”-эд шахдаг байв. Тэдний дотор эрхэм гишүүний өөрийнх нь нэр ч явдаг. Нэг нь нэг удаа нийлүүлээд, дараачийн удаа нөгөө нь нийлүүлээд дундаас ашгаа гаргаж аваад ээлжлээд явдаг. Жинхэнэ “шахаа” бол энэ л дээ. Магадгүй Ц.Нямдорж гишүүн 49 хувийн хувьчлалыг тэгтлээ эсэргүүцээд, үзэн ядаад байгаа шалтгаан ч бас энэ байж болох талтай.
Ирэх таван жилд ч гэсэн Хар төмөрлөгийн үйлдвэр дангаараа “Эрдэнэт”-ийг хангаж чадахгүй. Дахиад Хятадаас ган бөмбөлөг авах л байх. Гэхдээ тэрийг нь ядаж нэг компани оруулж ирнэ. Муугаар бодоход 10 биш, таван хүн ашиг унагана. Гэхдээ 10 хүн 10 тусдаа ашиг хийснээс арай хямд тусч таарна. Хар төмөрлөгийн үйлдвэр Т.Эрдэнэбилэгийнх юм гэнэ лээ. “Эрдэнэт”, Хар төмөрлөгийн үйлдвэр хоёр хоёулаа нэг хүний гарт орчихсон нь Ц.Нямдорж гэдэг хүнийг бухимдуулж байж болно. Гэхдээ хүн өөрөө өөрөөсөө хулгай хийнэ гэж байхгүй биз дээ. Таван сая ширхэг бэлгэвч, тэрбум төгрөгөөр сувинер шахах хүн л лав гарахгүй.
“Ростех” 49 хувиа зарах болсон шалтгаан ч бас энэ шүү дээ. Өмнө нь хоёр улсын Засгийн газар хувь эзэмшиж байхад орос нь ч шахдаг, монгол нь ч шахдаг, хоёр давхар “иддэг” гэж ярьдаг байсан. Оросын талын хувь “Ростех”-эд очсоны дараа арай нэг үр ашигтай ажиллуулчих гээд, шахаанаас нь салгачих гэж нэг хэсэг үзсэн байх. Дээшээ Путинд ч хүрсэн, доошоо “совет”-ийг нь ч шахсан. Тэгээд 51 хувь нь дангаараа шийдвэр гаргаад яваад байхаар, яваандаа тэр нь хоёр улсын харилцаанд сэв суулгах хэмжээний асуудал болоод ирэхээр нь залхаад салахын түүс болсон. Тэгж л харагддаг. Одоо ч гэсэн төр 51 хувьтай гээд дангаараа шийдвэр гаргаад явбал 49 хувь нь “Май” гээд хараад суухгүй л байх. Дахиад гуравдагч талд зарчихаад, 100 сая ам.доллар гэрээний торгуульд шидчихээд гараад явчихад үгүй гэх газаргүй. Тэрийг ч бас Орост төлнө шүү дээ. Хэн ч хүний өмнөөс алдагдал хүлээхийг хүсэхгүй. Хувийн өмч, төрийн өмч хоёрын гол ялгаа энэ.
Dr urologist
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Baatar
энгиин хүн
Самуун
Зочин
202.179.24.249-тэй санал нэг байна.
Зочин
Зочин
зочин
Сэмүүнд
Зочин
Зочин
Дарь
Зочин
Зочин
Ц.Нямдоржид
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Би монгол
Иргэн
Иргэн
zochin
Зочин
Зочин
ZAHIALGAT BICHVER BAINA
Zochin
БАТ
Зочин