ДЕМОН ИНЖЕНЕРИНГ ХХК-ИЙН ЗАХИРАЛ, МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР ГЕОЛОГИЧ Г.ДАМДИН: ГХШЭ-ИЙН ОРДЫГ БАГА ГЭЛТГҮЙ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

-La, Се нь жигд өссөн буюу 0.02 хувиас дээш үзүүлэлттэй байвал уг газарт ГХШЭ-ийн судалгааг цаашид нарийвчилж үзэх хэрэгтэй-

Энэ удаагийн дугаарын зочноор ГХЭ-ийн судалгааг олон жил явуулж, мэргэшсэн  инженер зэрэг хүртсэн “Демон Инженеринг” ХХК-ийн захирал Г.Дамдинг урилаа. Тэрээр геологийн зураглал, холимог металл, ГХЭ, алтны үндсэн ба шороон орд, төмөр, нүүрсний ордуудын эрэл-хайгуулын чиглэлээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан билээ. Тиймээс энэ удаа ГХЭ-ийн судалгаа, ашиглалт, олборлолтын талаар асууж тодрууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчидад товч танилцуулна уу?

-Юуны өмнө “Хайгуулын мэдээ” сэтгүүлийн хамт олонд болон Монголынхоо бүх мэргэжил нэгт нөхөддөө ирж буй шинэ оны мэнд дэвшүүлэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсье. Намайг Г.Дамдин гэдэг. Би 1984 онд хуучнаар ЗХУ-ын Азербайджаны нийслэл Баку хотын Улсын Их Сургуулийг эрэл хайгуулын инженер-геологич мэргэжлээр төгссөн. Миний хувьд ажлынхаа гарааг Дорнодын Геологийн Экспедицээс эхэлсэн бөгөөд тэнд эхний хоёр жилийн хугацаанд ажиллахдаа 1:50 000-ны масштабтай зураглал болон эрлийн ажилд оролцож явлаа. Улмаар мөнгө, холимог металлын Цавын ордын урьдчилсан хайгуулын ажилд хээрийн геологичоор томилогдож очоод уг ордын хайгуулын ажил дуусаж нөөцийн тайланг нь хүлээлгэж өгөх хүртэл хээрийн үйлдвэрлэлийг нь хариуцаж 10 гаруй геологичтой хамтран ажиллаж байлаа. Цавын ордын хайгуулын ажилд залуу халуун насаа зориулж, гэр бүл зохион, хоёр сайхан хүүтэй болсон учраас тэр үе миний амьдралын дурсамж дүүрэн сайхан өдрүүдийн минь нэг байсан. Түүнээс хойш олон газар ажиллаж байсны дээр байгалийн чулуу олборлож боловсруулдаг Орхон цоолбор үйлдвэрт хүртэл геологичоор ажиллаж байлаа. Улмаар 2002 онд Майн-Инфо компанийг байгуулагдахад анхны геологичдийнх нь нэг болж, Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан байгаль, геологийн тогтоцтой танилцах урт удаан аяллын маань эх тавигдсан юм. Миний хувьд Баруун, Төв, Өмнөд, Дорнод, Хойд Монголын нутгаар явж хөрөнгө оруулагчдад танилцуулж буй талбайг нь үзэж, үнэлгээ өгч, судалгаа хийх зорилгоор 10 орчим залуу геологичдийн хамт ажиллаж байлаа. Тэр үед надтай хамт ажиллаж байсан залуу геологичид маань өдгөө бүгд мундаг геологчид болоод үр бүтээлтэй ажиллацгааж байна.

Түүний дараа буюу 2005 оны аравдугаар сараас эхлэн А-Жет Лимитэд ХХК болон түүний охин компаниуд болох Мандговь ХХК, РЕО ХХК зэрэг компаниудад ерөнхий геологичоор ажилласан. Миний хувьд Майн-Инфо компанид ажиллаж байхдаа Монгол орныхоо уудам тал нутгаар аялж ажиллаж байсан бол А-Жет Лимитэд компанид ороод тодорхой талбайд, санхүүгийн хүндрэлгүйгээр бие дааж ажиллах, хүмүүсийг удирдаж сурах өргөн боломж нээгдсэн юм. Тиймээс Майн-Инфо, А-Жет Лимитэд компаниудад ажилласан он жилүүд амьдралын минь бас нэгэн сайхан үеийг эхлүүлсэн гэж миний хувьд боддог. Тус компанийн захирал, чадварлаг бизнесмен С.Эрхэмбаярын надад үзүүлсэн итгэл, дэмжлэгээр хайгуулын ажлыг хэрхэн зохион байгуулвал илүү үр бүтээлтэй байдаг болон геологич хүн уурхайчин, эдийн засагч, санхүүч байх ёстой юм байна гэдгийг хүртэл ойлгосон. Мөн газрын ховор шороон элемент /ГХШЭ/-ийн баяжуулалт, технологийн талаар их зүйл сурсандаа олзуурхаж явдаг. Түүнчлэн томоохонд тооцогдох 4 орд дээр ажиллах боломж олдсоныг миний хувьд азтай тохиолдол гэж үздэг.

-Тэр үед ажиллаж байсан дөрвөн ордоо танилцуулж болох уу?

-А-Жет лимитэд компанид ажиллаж байхдаа дөрвөн орд дээр ажилласан бөгөөд эхнийх нь Замын-Үүдээс хойш 60км-т орших Улаанчулуут гэж алттай кварц-сульфидын судлын бүстэй, 1.5тн алтны нөөцтэй орд байсан. Харин хоёр дахь нь Лугийн голын ГХШЭ-ийн орд юм. Тус орд дээр 2006-2010 оныг хүртэл ажилласан. Уг орд дээр Монгол-Польшийн экспедицийн багт ажиллаж байсан Д.Батболд маань нэлээд судалгаа хийсэн байдаг. Манай хуучин геологичид “шар сахал” хочоор нь андахгүй, оюутан ахуй цагаасаа нөхөрлөсөн найз Д.Батболдоосоо би их зүйл сурсан даа. Тэрээр надад ГХШЭ, тэр дундаа карбонатиттай холбоотой ГХШЭ-ийн талаар их зүйл хэлж өгч, бид хамтдаа уг ажлын ард гарч байлаа. Лугийн голын орд дээр ажиллах явцдаа Төв аймгийн Баян сумын нутаг дахь Баян-Өндөр хэмээх талбайд хайгуулын ажлыг 2007 онд эхлүүлсэн юм. Анх уг Өндөрийн илрэлийг метасоматиттай холбоотой цирконы илрэл гэж үзэж ГХШЭ, тэр дундаа хүнд бүлгийн ховор элементтэй байж болох юм хэмээн сонирхож авсан байдаг юм. Тэр үед геологич хүний аз таарсан уу, тарваганы дошин дээрээс дээжилсэн дээжнээс алтны өндөр агуулга гарсан юм. Улмаар уг илрэлээ хөөж дөрвөн жилийн хугацаанд хайгуулын ажил хийхдээ 16 мянган тууш метр өрөмдөж, гадаргуу дээрээс нь хоорондоо 40м-ийн зайтай суваг малтаж, 40х40м-ийн зайтайгаар торлон өрөмдөж 1гр/тн-оос дээш захын агуулгатай 20тн алтны нөөцтэй орд болгосон. Уг алтны орд нь метасоматит хувиралд орсон шүлтлэгдүү боржинлогтой холбоотой юм. Тус ордын хайгуулын ажлыг бүтэн хийгээд нөөцийн тайлангийн 80 орчим хувийг нь нугалаад 2011 онтой золгосон ч уг тайлан миний нэрээр нэрлэгддэггүй. Учир нь миний хувьд хувиараа ажиллах үүднээс ажлаасаа гарч таарсан болохоор тэр байх. Хэдийгээр уг ордын тайлан миний нэрээр нэрлэгддэггүй ч намайг уг орд дээр ажилласныг геологичид мэднэ. Тиймээс ч одоо хэр нь тус ордын талаар надаас асууж сурагладаг. Харин дөрөв дахь орд нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших 45м-ийн гүнд байдаг, дээрээ цэвдэг хучаастай алтны шороон орд юм. Уг орд нь нэлээд баян бөгөөд 1тн гаруй алтны нөөцтэй. Ашиглалтынхаа явцад нөөц нь бараг 2тн хүрэх байх. Өдгөө уг ордыг А-Жет Лимитэд компани ашиглаж байгаа.

-Танай Демон Инженеринг компани байгуулагдсанаасаа хойш ямар орд, төслүүд дээр ажилласан бэ?

-Би 2011 оноос Демон Инженеринг компанийг байгуулж геологи хайгуулын ажил гүйцэтгэж байгаа. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван ордын хайгуулын ажлыг шинээр хийж улсын нөөцийн санд бүртгүүлээд, Цавын ордын ашиглалтын хайгуулын шинэчилсэн тайланг боловсруулж ЭБМЗ-д хэлэлцүүлж батлуулсан. Шинээр хайгуулын ажил хийсэн гурван ордын маань эхнийх нь Лугийн голын ордын залгаа баруун талын лицензит талбайд орших Баруун Лугийн ордод карбонатитад агуулагдсан ГХШЭ-ийн судлууд дээр ажилласан. Бид уг ордыг захиалагч талд ашиглахад бэлэн болгон хүлээлгэж өгсөн. Харин хоёр дахь орд нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрладаг Аман голын хүрэн нүүрсний орд юм. Уг орд дээр 2013 онд ажиллаад улсын нөөцийн санд бүртгүүлсэн. Өдгөө Аман голын хүрэн нүүрсний ордын хөрөнгө оруулагчид бага оврын цахилгаан станц барьж ашиглах гэж байгаа. Харин бидний ашиглалтын хайгуулын ажлын нөөцийн тайлан боловсруулсан Цавын ордын тухайд 1983 оноос хойш хайгуул хийсэн байдаг. Тус мөнгө-холимог металлын ордыг 2005 оноос 2013 оныг хүртэл Шан-Лун компани ашигласан. Бид уг ордтой холбоотой өнгөрсөн 30 жилийн материалыг нэг жилийн хугацаанд орос хэлнээс монгол хэлнээ орчуулж, одоо мөрдөгдөж буй нөөцийн жишигт тааруулж, нөөцийн шаардлагад нийцүүлж боловсруулсан. Өнөөдрийн байдлаар Цавын мөнгө-холимог металлын ордын нөөц нэмэгдэж шинээр үнэлэгдээд байна. Мөн өчигдөрхөн /арванхоёрдугаар сарын 9-ний өдөр/ Дарханы хажууханд байрладаг жижиг хэмжээтэй төмрийн ордын хоёр биет дээр хийсэн хайгуулын ажлын тайлангаа ЭБМЗ-д амжилттай хамгааллаа. Одоогоор манай хамт олон ийм л амжилттай ажиллаж байна даа.

Миний хувьд энгийн нэг хайгуулчин шүү дээ. Эрэл хайгуулчныг оросоор поисковик- разведчик гэж нэрлэдэг бөгөөд үүнийг нэг талаараа тагнуулч гэж орчуулж болно. Тиймээс юмаа гээсэн хүн шиг чулуугаа “тагнаад” л явж байна даа.


-Тэгэхээр таны хувьд ГХШЭ болон алтны эрэл хайгуулаар дагнан ажилласан юм байна.

-Би өөрийгөө холимог металл, ГХШЭ, алтны эрэл-хайгуулын чиглэлээр ажилласан болохоор бага зэрэг туршлага байгаа гэж үздэг. Сүүлийн үед геологийн ажил хумигдаад ирэхээр нүүрс, төмөр гээд янз бүрийн эрдсийн хайгуулын ажил хийж байна. Харин ГХШЭ-тэй холбогдсон нь А-Жет лимитэд компанийн эзэмшлийн Лугийн голтой шууд холбоотой. Уг ордын хайгуулын ажил дууссаны дараа буюу 2011 онд би МУИС-ийн дэргэдэх мэргэшсэн зэрэг олгох курсэд сурч, найз нөхөд, их сургуулийн багш нарын зөвлөснөөр ГХШЭ-ээр мэргэшсэн инженер зэрэгтэй болсон. Ер нь миний гаргасан аливаа шийдвэрт найз нөхөд, хамтран ажиллагсад маань үргэлж эерэг дэмжлэг үзүүлж байдагт талархаж явдаг даа. 

-Би танаас ГХЭ-ийн судалгаа, ашиглалт, олборлолтын талаар асууж тодруулах гэсэн юм. Ер нь ГХЭ, газрын ховор шороо хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?

-Газрын ховор шороо гэдэг нэршлийг анх Д.Гарамжав гуай орос хэлнээс орчуулсан юм. Ингэж нэрлэх нь хамгийн оновчтой гэж миний хувьд боддог. Харин англи хэлнээс ГХЭ гэж орчуулагддаг. Өөрөөр нэрлэж байгаа ч нэг л зүйл.

-ГХШЭ-ийг дотор нь хэрхэн ангилдаг юм бэ?

-Үелэх системийн лантаноидын бүлгийн 15 элемент дээр иттрий, скандий хоёрыг оруулаад нийт 17 элементийг ГХШЭ гэж нэрлэдэг. Уг ГХШЭ-ийг ерөнхийд нь хоёр ангилдагч зарим тохиолдолд гурав ангилж үздэг. Үүнд лантаны бүлгийн эхний долоо элементийг церийн бүлэг хэмээн нэрлээд үлдсэнийг нь иттрийн бүлгийнх гэж хоёр хуваадаг. Церийн бүлэгт хамаарч байгаа долоон элементийг хөнгөн газрын ховор шороо гэдэг бол иттрийн бүлгийнхийг хүнд газрын ховор шороо хэмээн нэрлэдэг юм. Зарим тохиолдолд дээрх хоёр бүлгийн дунд завсрын бүлэг үүсгэх нь бий. Гэхдээ энэ нь төдийлөн ач холбогдолгүй. Хөнгөн ГХШЭ нь хүндийгээ бодвол чулуулагт харьцангуй элбэг таардаг. Ховор юм үнэтэй байдгийн адилаар хүнд нь дэлхийн зах зээл дээр илүү үнэтэй байдаг. Ховор гэж нэрлэдгийн учир нь маш бага агуулгаар оршдогтой холбоотой юм. Нэг ёсондоо үйлдвэрийн хэмжээнд ашиглах нөхцөл багатай гэж ойлгож болно.

-Манай оронд ГХШЭ-ийн ордууд хичнээн төрөл байдаг вэ?

-ГХШЭ-ийн орд нь шүлтлэг магматай, карбонатиттай, нефелинит сиениттэй, шүүгдлийн гаралтай болон шижирмэгийн гэсэн төрлүүдтэй байдаг.

-Манай оронд  ГХШЭ-ийн ямар ямар ордууд байдаг вэ?

-Манай Монголд ГХШЭ-ийн маш олон орд илрэлүүд бий. Ханбогд, Халзан Бүргэтэйд натрийн метасоматиттай холбоотой орд, илрэлүүд байхад Өмнөговьд Мушгиа худаг, Хотгор гээд карбонотит, апатиттай холбоотой ордууд байна.

Харин Дорноговьд нефелинит сиениттэй холбоотой Лугийн голын карбонатитын орд байдаг. Мөн Шартолгой, Дөрвөн дэрт Баянхошууны стронци, Өлгийн шүлтлэг массивын биетүүдтэй илрэлүүд байна. Эдгээрээс хамгийн гайгүй том нь Халзан Бүргэтэй, Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол гэсэн дөрвөн орд юм. Хэрэв Баянхошууны стронцийн илрэлийг сайтар судалвал орд болох боломжтой гэж би үздэг.

-Монгол орны ГХШЭ-ийн ордод таны нэрлэсэн дээрх элементүүд бөөнөөрөө байдаг уу эсвэл ганц нэгээрээ тархсан байдаг юм болов уу?

-ГХШЭ нь байгаль дээр ихэвчлэн ямар нэгэн хэмжээгээр бөөндөө байдаг ч аль нэг нь илүү давамгайлсан агуулгатайгаар илэрч байдаг юм шиг байгаа юм. Гол нь ямар эрдэс хэлбэрээр байгаа нь чухал. Гэхдээ хүнд элемент нь нэг хэсэг, хөнгөн нь бас нэг хэсэг байдаг онцлогтой. Эдгээр ордууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Лугийн голын карбонатитын орд нь хөнгөн лантаны бүлгийн элементүүдээс голлон бүрддэг. Гэхдээ ордын онцлог нь La, Се агуулгаас гадна Nd, Sm, Eu гэсэн гурван элементийн агуулга өндөр байдаг. Мушгиа худаг болон Хотгорын орд нь шүлтлэг боржинлог чулуун дотор үүссэн апатитын орд юм. Харин Мушгиа худагийн ордод карбонатит бага зэрэг агуулагддаг. Ханбогд, Халзан Бүргэтэй нь Zr, Hf, Ta, Nb-той холбоотой орд. Халзан Бүргэтэй гэхэд л диспрозий өндөрссөн агуулгатай байх жишээтэй.

-Тэгвэл Монгол улс маань ГХШЭ-ээр баян юм биш үү?

-Зарим хүмүүс Монгол орон ГХШЭ-ийн арвин баялагтай бөгөөд дэлхийн зах зээл дээр гол тоглогч болох боломжтой гэж ярьдаг нь үнэндээ өрөөсгөл ойлголт. Бид хэдийгээр манай Лугийн гол, Халзан Бүргэтэй, Мушгиа худаг шиг ГХШЭ-ийн ордгүй улс орнуудын дэргэд бол ГХШЭ-ийн ордтой. Гэхдээ уг орд ямар тохиолдолд эдийн засгийн хувьд үр ашигтай болдог вэ гэдэг чинь маш чухал бөгөөд тусдаа асуудал юм.

Орчин үеийн техник технологид ГХШЭ-ийг өргөн ашиглаж байгаа учраас хэрэглээнээсээ хамаарч дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байдаг. Ер нь аливаа ашигт малтмалыг орд болгох болон түүнийг уурхайлан авч баяжуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг нь тусдаа асуудал болдог.

-ГХШЭ-ийг хэрхэн баяжуулдаг вэ?

-ГХШЭ нь янз бүрийн эрдэст их бага хэмжээгээр агуулагдаж байгальд ихэвчлэн гуравч исэл хэлбэрээр оршдог бөгөөд эдгээр ислүүдийг TR2O3 буюу нийлмэл исэл гэж нэрлэдэг. Эхний ээлжинд эрдсийг нь ялгаж аваад тэдгээрээс ислүүдийг нь ялгаж дахин баяжуулаад дан ислүүдийг гаргаж авдаг. ГХШЭ-ийг ислийнх нь хэмжээнд гаргаж авсан тохиолдолд бараа бүтээгдэхүүн болдог. Бараа гэдэг нь миний чамд үзүүлж байгаа хуруун шилэн дэх нунтаг буюу эдийн засгийн ач холбогдолтой болж байгааг нь хэлж байгаа юм. Энэ бол исэл. Нэгэнт ислээ гаргаж авсан байхад түүнээс элементээ салгаж авах л үлдэнэ шүү дээ.

-Дэлхйн зах зээл дээр ГХШЭ-ийн үнэ ямар байдаг вэ?

-Дэлхийн зах зээл дээр газрын ховрын исэл маш үнэтэй байдаг бөгөөд La-ны 1тн исэл гэхэд жилийн өмнө 20-30 мянган ам.долларын ханштай байсан. Хөнгөн лантаниодоос европийн 1кг исэл нь л гэхэд 750 ам.доллар буюу 1тн нь 750 мянган ам.доллар байгаа. Харин хүнд ГХШЭ-үүд, ялангуяа Dy бол кг-аар хэмжигдэж борлуулагддаг асар үнэтэй бараа. Нэг кг нь 300 ам.доллар гэж үзэхээр 1тн нь 300 мянган ам.доллар болно. 1тн зэсийн баяжмалын үнэ 6-8 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж байхад 1тн церийн исэл 20 мянган ам.долларын үнэтэй байдаг гэхлээр хялбар ойлгогдох байх.

-Манай оронд ГХШЭ-ийн ордуудаа ашиглах боломж бий юу?

-Миний мэдэж байгаагаар баяжуулах технологи нь тодорхой болчихсон ашиглаж болох ганц орд бол Лугийн гол. Бусад нь технологийн хувьд ч, судалгааныхаа хувьд ч асуудалтай байгаа гэж миний хувьд боддог. Ашиглах технологи нь тодорхой биш нөхцөлд ордын нөөц нь ердөө л геологийн нөөц байдаг. Тиймээс бид ГХШЭ-ээ эдийн засгийн эргэлтэнд оруулсан цагтаа л баян гэж ярьж болно. Хятад улс ГХШЭ-ийн дэлхийн зах зээлийн 96%-ийг дангаараа хангадаг. Энэ монопол байдлыг эвдэхийн тулд гадны хөрөнгө оруулагчид манайд ирж Мушгиа худаг, Хотгор, Халзан Бүргэтэй зэрэг ордуудыг ашиглахгүй байгаагийн шалтгаан нь өнөөх технологийн асуудалтай холбоотой байх гэж бодогддог. Харин монацитын шижирмэг орд олдвол ашиглах боломж их бий.

-Тэгвэл хоёулаа Лугийн голын ордын талаар ярилцъя?

-Уг ордын нөөц бага, Лугийн голын болоод Баруун Лугийн ордын нөөц нь нийлээд 20 мянган тонн орчим нийлмэл исэл болно.

Лугийн гол нь Америкийн Mountаin pass гэдэг ордтой төстэй. Америкчууд анх тэнд карбонатитын судлууд олоод ГХШЭ-ийн орд нээлээ хэмээн үзэж байтал судлын захаас нь том цул биет олдсон байдаг. Тиймээс Америкчууд дэлхийн зах зээл дээр ГХШЭ-ийн үнэ өсөхөөр өөрийнхөө ордыг ашиглаад үнэ нь унахаар гаднаас импортлох зарчмаар ажилладаг гэсэн.

Бусад ордууд дээр фосфатаас ГХШЭ-ээ ялгаж авахад асуудалтай байдаг юмуу даа гэж би боддог. Харин Лугийн голын хувьд карбонат буюу зөөлөн, шохойлог чулуу шүү дээ. Тиймээс буталгааны коэффицент нь маш бага байдаг. Кальцит, доломит зэрэг карбонат чулуулгийн дотроос ГХШЭ-ийг агуулсан синхизит, паразит зэрэг эрдсүүд нь хувийн жингээрээ арай хүнд байдаг. Тиймээс анхан шатанд нь алттай шороог угаадаг шиг гравитациар хүнд фракцыг нь ялгах маягтай эрдсээ ялгаад түүний дараа флотац, гидрометаллургийн баяжуулалтаар ислүүдээ ялгадаг технологитой.

Баруун Лугийн голын ордоос Польшид явуулсан дээжинд туршилт хийж гаргаж авсан La, Се-ийн ислүүд нь надад байдаг. Энэ нь анхан шатны болон гидрометаллургийн баяжмалаас гаргаж авсан бүтээгдэхүүнүүд юм л даа. Би Баруун Лугийн голын ордын нөөцийн тайланг хамгаалахдаа Геологийн фондонд уг ислийн нэг хувийг өгсөн.

-Та Лугийн голын ордын технологийн асуудлын талаар сайн мэдддэг юм байна.

-Лугийн голын ордын ГХШЭ-ийг ялгах технологийг гэнэтхэн өнөөдөр би шийдчихсэн асуудал биш. Манай улс ардчилсан нийгэмд шилжиж хөл толгойгоо олохгүй хүнд байх үе буюу 1992 онд манай Д.Батболд Польшуудтай хамтарч ажиллаж байхдаа Лугийн голын ордын ГХШЭ-ийн технологийн судалгааг Польшийн Варцлав хотод хийлгээд, өөрөө араас нь очиж бүх процессыг нь  нүдээрээ харсан байгаа юм. Польшуудаас технологийн тайланг нь нэхэж байж аваад түүнийг нь польш хэлнээс орос хэлнээ хөрвүүлээд тайландаа оруулсан байдаг. Үүгээр зогсохгүй Польш улс руу технологийн хагас үйлдвэрийн судалгаанд явуулсан 28тн хүдрээс гаргаж авсан баяжмалыг борлуулсан орлого болох 6300 орчим ам.долларыг улсад авч ирж тушаасан байдаг. Манай Д.Батболд ийм л эх оронч үзэлтэй, хийсэн зүйлийнхээ хойноос үнэнчээр явж үр дүнг нь үздэг хүн. Монголын ГХШЭ-ийн судалгааг өдий зэрэгт хүрэхэд Д.Батболд найзын минь гавьяа зүтгэл их байсныг мэдэх хүмүүс нь мэднэ ээ. Ялангуяа карбонатитын төрлийн ордын судалгаанд маш их зүйл хийсэн хүн.

Харин Мушгиа худаг, Халзан Бүргэтэй, Хотгор зэрэг ордуудын судалгаанд Д.Гарамжав гуай болон С.Жаргалан багш нар маш их зүйл хийсэн. Тэд одоо ч Монгол орны ГХШЭ-ийн металогений зургийг зохиож, төрөл, тархалтын зүй тогтол болон эдийн засгийн үр ашигтай талыг нь судалж байгаа. Харин миний хувьд шинжлэх ухааны хүн биш, зүгээр л нэг алх, лүфтэй хайгуулчин. Тиймээс сүүлийн үед залуу халаагаа бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодож ажиллаж байна даа. 

-ГХШЭ-ийн судалгааны ажил болон олборлолтын технологи асар их өртөгтэй байдаг ч гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байдаг вэ?

-ГХШЭ нь дэлхийн зах зээл дээр үнэтэй байдаг. Түүний дээр овор хэмжээ багатай тул төмөр замаар түжигнүүлэлгүй хайрцганд хийгээд онгоцоор тээвэрлэдэг бараа учир гадныхан их сонирхдог. Вольфрамын хүдрийг Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл онгоцоор зөөж борлуулалт хийсэн байдаг. Вольфрамыг Ховдод олборлоод онгоцоор зөөхөд тээвэрлэлтийнхээ зардлыг дааж чадаж байгаа юм чинь түүнээс хэд дахин үнэтэй ГХШЭ ямар ч асуудалгүй шүү дээ. Ер нь ГХШЭ нь олборлолтын зардлаа маш сайн даана гэж бодогддог.

-Лугийн голын ордыг ашиглахад ямар хүндрэл учраад байгаа юм бэ. Ер нь уг ордыг ашиглах боломж бидэнд бий юу?

-Лугийн голын ордыг ашиглаж болно. Манайхан уурхайлахыг бол чадна. Харин гол асуудлын нэг нь Оюутолгой, Цагаан суварга, Олон овоотын орд шиг уурхайдаа лабораторитой байх шаардлагатай болдог. Тэд 2-4м-ийн нэвтрэлт хийж авсан хүдрийнхээ хэмжээг баяжуулах руу явуулахаасаа өмнө дор нь хэмжиж хянах хэрэгтэй биз дээ. Тиймээс хамгийн гол нь үйлдвэр барихын тулд лаборатори байгуулах шаардлагатай байна.

Миний хувьд Баруун Лугийн голыг ашиглах талаар Польшуудтай ярилцаж үзсэн. Польшийн Варцлав хотод Гидромет нэртэй үйлдвэр байдаг. Уг үйлдвэрийг социализмын үед эдийн засгаар харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд ГХШЭ-ийг ашигладаг байж. Тухайн үед Польш, Герман хоёр социалист орнуудаа ГХШЭ-ээр хангадаг байсан аж. Тиймээс бид уг үйлдвэрээс хүдэр баяжуулах технологи болон лабораторийг нь 100 хувь авч болох юм байна лээ. Харин хөрөнгө оруулалтын асуудал болоод манай хууль эрхзүйн орчин Лугийн голын ордыг ашиглахад гол хүндрэл болсоор байна. Мөн ГХШЭ-ийн асуудлыг Цөмийн энергийн газарт хамааруулсан нь учир дутагдалтай санагддаг.

-Гэхдээ одоо байдал дээрдэх байлгүй дээ?

-Нэг үеэ бодвол ГХШЭ-ийг бараг хүн бүр мэддэг, ойлгодог болж. Тиймээс өдгөө арай өөр талаас нь харах байх гэж найдаж, хүлээж байгаа.

-ГХШЭ-ийн эрэл хайгуулын ажлыг ямар аргачлалаар хэрхэн хийвэл илүү үр дүнтэй болох вэ. ГХЭ тэр болгон нүдэнд харагдаад байдаггүй. Тиймээс хээрийн нөхцөлд ажиллаж байгаа геологичид ямар зүйлийг анхаарч ажиллах ёстой гэж та боддог вэ?

-ГХШЭ-ийн хайгуулын ажил гэж тусгайлсан ялгаатай зүйл байхгүй ч зарим онцлогууд байдаг. Үүнд нэгдүгээрт, шүлтлэг магма тархсан газар ажиллаж байгаа бол ГХШЭ-ийн судалгааг заавал хийж явах хэрэгтэй байдаг. Эрдсийн судалгаа, ялангуяа шлихийн болон геохимийн дээжийг маш сайн авах хэрэгтэй. Хоёрдугаарт, спектрометр, радиометрийн зураглалыг маш нарийн тороор хийж үзэх хэрэгтэй. Нарийн тор гэдэг нь хоорондын зай нь ойрхон буюу 25-50м-ийн зайтай шугамаар 5-10 алхмын хэмжилттэй хийж үзэх хэрэгтэй гэсэн үг. Зарим хүмүүс “Бид шүлтлэг боржин дээр ажиллаж байгаа болохоор ГХШЭ байж болох уу” гэж надаас их асуудаг. Би тэднээс та нар ямар ажил хийсэн бэ гэж асуухаар хөрсний геохимийн дээжлэлт хийсэн гэдэг. Ганц хөрсний геохимийн судалгаа нь баттай болохгүй. Миний хувьд Лугийн голын орд дээр ажилласан туршлагадаа үндэслэн спектрометр, радиометрийн зураглалыг маш сайн хийх хэрэгтэй юмуу гэж хардаг.  Харин хөрсний геохимийн судалгаагаар хөнгөн La 0.05-0.02 хувь орчим байвал цаашид дэлгэрүүлж үзэх магадлалтай гэж үздэг. Гэтэл зарим хүмүүс 0.002 хувь болон түүнээс бага үзүүлэлттэй байхад ГХШЭ байх боломжтой гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Ер нь шүлтлэг боржинд La кларкаас илүү өндөрссөн агуулгатай байдаг гэдгийг бодож байх хэрэгтэй юм. Шүлтлэг чулуулагт ямар ч тохиолдолд La, Се гардаг. Харин La, Се нь жигд өссөн буюу 0.02 хувиас дээш үзүүлэлттэй байвал уг газарт ГХШЭ-ийн судалгааг цаашид нарийвчилж үзэх хэрэгтэй байх. Карбонатитын хувьд захын агуулга нь 0.5 хувиас дээш байвал ашиглаж болно гэж үздэг байсан жишиг нь 1986 оных. Харин өнөө үед арай өөр болсон бөгөөд 0.1-0.2 хувь байхад үйлдвэрлэлийн агуулга болж чадна.

-ГХШЭ-ийг спектрометр, радиометрээс гадна хээрийн нөхцөлд ямар багажаар тодорхойлж болдог вэ?

-ГХШЭ-ийг XRF-ийн шинжилгээ хийдэг Niton гэдэг багажаар хэмжиж болдог. Гэхдээ энэ багаж нь хоёр янз байдаг бөгөөд нэгд нь газрын ховор хэмжих суваг суулгаагүй байдаг. Тиймээс хэрэв танд Niton байдаг бол ГХЭ-ийг хэмжих сувгийг нь захиалгаар суулгах нь ашигтай гэж зөвлөмөөр байна. Уг багаж нь La, Се хоёроос гадна неодиум, празедиум хоёрыг хэмждэг. Ингэж хэмжиж буй тохиолдолд Zr, Hf, Ta, Nb, Sc-ийг ч хэмжиж болдог учраас тухайн газарт байгаа газрын ховорыг хүнд, хөнгөнөөр нь ялгах боломжтой болдог юм. Гэхдээ Niton нь агуулгыг бага зэрэг өндөр заадаг, цэгэн хэмжилт учраас зааж буй хэмжээнээс бууруулж бодоод тэр нь 0.02 хувиас дээш зааж байвал уг газарт ГХЭ-ийг нарийвчилж судалж болох юм. Ер нь бол дээж шинжилгээг маш хариуцлагатай хийж, лабораторид илүү нарийвчлалтай шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Одоо Геологийн Төв Лабораторид Францын төслөөр ГХШЭ-ийн лабораторитой болсон учраас тэнд шинжилгээгээ хийлгэж байх бололцоотой болсон.

-Манай улс газрын тосоо дотооддоо боловсрууллаа гэхэд технологид зайлшгүй шаардагдах цери, лантан зэрэг элементийн судалгаа хэр хийгдсэн байдаг юм бол. Энэ хоёр элемент манайд хэр олдоцтой байдаг вэ?

-La, Се-ийн нөөц Лугийн голын ордод байна. Бид нефтийг дотооддоо боловсруулах гэж байгаа бол Лугийн голын ордоо ашиглах хэрэгтэй шүү дээ. Лугийн голыг ашиглаж чадахгүй байгаа юм чинь La, Ce-ийг бодвол гаднаас л импортлох биз.

-ГХШЭ-ийг олборлоход байгаль орчинд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-ГХШЭ нь уран, торийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Миний өмнө нь ярьсан спектрометр нь ГХШЭ-ийг уран, торигийнх нь хэмжээгээр барьж авдаг. Тиймээс хүмүүс ГХШЭ-ийг олборлоход уран, тори цацарна, хортой гэж боддог. Үнэндээ энэ нь буруу ойлголт. Харин далд уурхайд битүү нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд радиаци гардаг тул тэнд ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй нөхцлийг хангах ёстой байдаг. 2012 онд Баруун Лугийн орд дээр хийсэн Польшуудын технологийн туршилтаар баяжмалаас торийн агуулга нь чөлөөтэй салж байна гэдгийг баталсан. Мэдээж баяжуулахад тори бас баяжих ч түүнийг салгах арга байна. Тухайн баяжмалд торийн агуулга бага зэрэг байхад л хил нэвтрүүлдэггүй. Харин салгаж болж байгаа юм чинь тухайн баяжмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нээгдэнэ. Уг баяжмал нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хар тугалга, цайр олборлохтой л адил зүйл.

-Бид цаашид ГХШЭ-ийн судалгаа, ашиглалтад ямар бодлого барьж ажиллах ёстой гэж таны хувьд боддог вэ?

-Монголд ГХШЭ-ийн орд, илрэлүүд бий. Манайд монацитын шороон орд байдаг ч тун ховор. Гэхдээ уг ордыг ашиглаж бол болно. Ер нь ГХШЭ-ийн ордыг бага гэлтгүй ашиглах хэрэгтэй. Ер нь ГХШЭ-ийн технологийг нутагшуулах, экспортын шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болгох тухай яригдах болсон нь манай орны хувьд цоо шинэ зүйл юм. Үүнийг би их дэмжиж байгаа. Тиймээс бид ГХШЭ-ийн судалгаанд ихээхэн анхаарч бага гэлтгүй ашиглах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Гэтэл Баруун Лугийн голын ордын ашиглалтын лицензийг авах нөхцөл нь бүрдсэнээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч одоо хэр нь авч чадаагүй л байна.

Манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхдээ ГХШЭ ашиглах тал дээр хамтарч ажиллах талаар их ярьсан байдаг. Гэтэл эргээд өнөөх хөрөнгө оруулагчид нь Монголд ирээд бидэнтэй уулзалт хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ГХЭ хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авахын тулд Үндэсний аюулгүй байдлаас зөвшөөрөл авсан байх ёстой талаар тэдэнд мэдэгдэх хэрэгтэй болдог юм. Ингээд нэг компанийн тусгай зөвшөөрөл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар танилцаж зөвшөөрч байж олгох хэмжээний хүнд суртал туулна гэдгийг сонссон ямар ч хөрөнгө оруулагч бидэнтэй хамтарч ажиллахад үнэхээр хүнд шүү дээ.  

Улстөрчид, төрийн албаныхан хариуцлагаас эмээж бие биен рүүгээ асуудлыг түлхэж байгаагаас болж бид хөрөнгө оруулагчдаа алдаж байна. Хөрөнгө оруулагч олоод гэрээ хийх гэхээр ашиглалтын лиценз нь гараагүй учир ажиллаж болдоггүй. Өмнөх Засгийн газарт алт, нүүрс, ГХШЭ зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болж уулзалт зохион байгуулахад нь би оролцож байсан. Тэнд нэг их сайхан зүйл ярьдаг ч үнэндээ ажил хэрэг болгож чаддаггүй. Хүмүүс хувь хувьдаа ажилтай болоод ч тэр үү хаалганы цаана гараад өнөөх ярьсан асуудлаа бүгд мартдаг. Тиймээс ГХШЭ-ийн ордтой, газрын ховор байж болох хүдэржилттэй талбай эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид хамтарч клуб байгуулаад facebook-ээр мэдээллээ солилцож, хамтарч ажиллах хэрэгтэй гэж миний хувьд боддог. Мэргэшсэн зэрэгтэй инженерүүд ашигт малмалын ордуудын талаар мэдээлэл өгөх зорилгоор facebook групп үүсгэсэн. Миний хувьд завтай болж байгаад ГХЭ-ийн чиглэлээр мэдээлэл оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Та ГХШЭ-ээр судалгаа хийсэн арвин туршлагатай хүн. Тиймээс ирээдүйд энэ чиглэлээр ямар зүйл хийж бүтээхийг хүсдэг вэ?

-Арвин их нь ч юу байхав. Миний хувьд Лугийн голын ордын талаарх мэдээллийг “Хайгуулчин” сэтгүүлд хэвлүүлдэг. Лугийн голын ордыг монголчууд бид ашиглаж чадах учраас уурхай болгох юмсан гэж би хүсэж явдаг. Миний аав Налайхын уурхайд 1947-1967 оныг хүртэл ажилласан уурхайчин хүн байсан. Би уурхайчны хүүхэд, түүний дээр мэргэжил, мэргэшил байна, залуусаа сургамаар байна. Тиймээс Баруун Лугийн голын уурхайг босгох хувь тохиол байгаа болов уу хэмээн найдаж явдаг.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж Баруун Лугийн ГХЭ-ийн орд дээр уурхай босгохыг хүсэн ерөөе.

Д.ОЮУНЖАРГАЛ