Гэрээнээс хамаарах гэрээний эрх ашиг
Оюутолгойн ордын ашиглалтын лицензийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компани болон түүний 10 хувийг худалдаж авсан
Автомашины шатахуун дуусахад дохио өгдөг гэрэл шиг анивчиж байгаа дээрх гэрээний хугацаа дууслаа гэхэд яах вэ? Гэрээг хоёр тал цааш сунгах эсэх нь Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах үгүйгээс хамаарахаар болоод байгаа ажээ. “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанитай Монголын Засгийн газрын байгуулах Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталвал “Рио Тинто” гэрээгээ сунгах, ингэхдээ тус компанийн 46 хүртэл хувийг эзэмшиж, 1.6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх тохиролцоотой юм байна. Харин гэрээ батлагдахгүй бол “Рио Тинто” Айвенхоутой байгуулсан, есдүгээр сар хүртэл хүчинтэй байгаа гэрээгээ цааш нь сунгах уу, үгүй юү гэсэн асуудал үүсээд байгаа аж.
Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахгүй бол гэрээгээ дуусгавар болгож, батлагдвал сунгана гэсэн яв цав гаргалгаатай зүйл биш юм. Гэрээ батлагдахгүй байлаа ч “Рио Тинто” гэрээгээ сунгаж болох ч гол хүлээлт нь Оюутолгойн ордыг ашиглаж эхлэх явдал гэдэг нь харин үнэн.
Одоогоор тогтоогдоод байгаа нөөцөөр 35 сая тонн зэс агуулж буй Оюутолгойн ордын ирээдүйг тооцоолсны үндсэн дээр “Рио Тинто” Айвенхоутой хамтарсан нь гарцаагүй. Аливаа бизнесийн ашиг цаг хугацаагаар хэмжигдэж байдаг тул Монголын Засгийн газар гэрээ байгуулахыг гурван жил хүлээсэн тэд одоо яах бол.
Өнөөдөр Засгийн газартай гэрээ байгуулахаар ярилцаж байгаа хөрөнгө оруулагчдыг Монголыг хаяад гараасай гэж хүсч буй хүчин улс төрд ч, түүний гадна ч бий гэсэн хардлага байдаг нь нууц биш. Гэхдээ ийм сонирхол бүхий тал баярлахад эрт байгаа нь ч үнэн.
Учир нь саяхан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж буй явц, саад бэрхшээлээс халгахгүй, эрх ашгаа эцсээ хүртэл хамгаалахаа “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто”-гийн зүгээс УИХ-д албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. “Рио Тинто” Монголоос гарахдаа тулбал уул уурхайн ертөнцөд байр суурь дутуугүй “Би Эйч Биллитон” компанийг татан оролцуулж магадгүй гэсэн таамаглал ч тодорхой хүрээнд байгаа юм.
Ер нь яагаад “Рио Тинто” биш бол “Би Эйч Биллитон”, “Би Эйч Биллитон” биш бол өөр хэн байх вэ гэсэн яриа үүсээд байгаа нь бас л учиртай. Ашиглахад маш төвөгтэй тогтоцтойд тооцогддог Оюутолгойн ордыг уул уурхайн туршлагаар дээрх акулуудыг бараадахгүй, шинэ тутам “Айвенхоу Майнз” ганцаараа хүчрэхгүй гэдэгт л өөр хэн нэг хамтрагчийг хайх шалтгаан оршиж буй аж. Уурхай, үйлдвэр байгуулах, улмаар ашиглах, баяжуулах техник, технологийн хувьд ч, хөрөнгө санхүүгийн чадавхи, туршлагын хувьд ч Оюутолгойн ордод “Айвенхоу”-д хамтрагч хэрэгтэй бололтой.
Чухам энэ учраас “Рио Тинто”-гийн Айвенхоутай байгуулсан гэрээний хугацаа дуусах дөхөж байгааг нь айдас, асуултыг дагуулж буй.
“Рио Тинто” гэрээгээ цааш сунгахгүй байлаа гэхэд “Айвенхоу”-д түүнээс өөр хамтрагч олдох нь тодорхой. Гэхдээ тэр нь Хятадын “Чайналъо” компани ч байж болох хувилбар хамгийн магадлалтайд тооцогдож байна.
Оюутолгойн ордыг ашиглахад хөрөнгө оруулах боломжтой гэж Хятадын албаны хүмүүс Монголын парламент, Засгийн газрын гишүүдэд ам гарч байсан нь бий. Энэ үг санамсаргүй ч гарсан хий биш нь ойлгомжтой.
Уул уурхайд олборлолт хийх технологи, туршлага гээд байхааргүй “Чайналко” дэлхийд томоохон компаниудын хувийг эзэмших замаар бэхжин тодорч буй бөгөөд өнөөг хүртэл энэ салбарт эхний байруудад яваа “Би Эйч Биллитон”-ыг ч, “Рио Тинто”-г ч сонирхож амжсан.
Хоолны цэсэн дээрх сайхан нэр шиг, халбагадъя гэхнээ оргүй хоосон зүйл болчихоод байгаа Оюутолгойг ашиглалтад оруулах шийдвэрийг төр, засаг маань гаргах гэсээр байтал гадаад хүчин зүйлүүд өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсч байна. Арай гэж нэг хувилбар дээр хөрөнгө оруулагчидтай тохиролцоод байж байтал биднээс үл хамаарах хөндлөнгийн хүчин зүйлс нөхцөл байдлыг өөрчилж орхино.
УИХ энэ хаврын чуулганаараа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж, бас ч гэж байр сууриа тодорхойлж чадсан нь асуудал ахиж л байгаагийн илрэл. Гэхдээ тэр байр суурийг нь хөрөнгө оруулагч тал хүлээж авах боломжгүй гэчихлээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Засгийн газар, хөрөнгө оруулагч гээд гэрээг байгуулах ёстой хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлж буй аж. Тэд УИХ-ын шаардлагыг тусгасан, хөрөнгө оруулагчдын байр суурийг ч бодолцсон альтернатив хувилбарын эрэлд гарсан гэдэг мэдээлэл байх аж.