Сонгууль уу, сайхан бүсгүйн тэмцээн үү?
Numberone.mn гэдэг сайт нээгджээ. Ноомбэр ваан гэж дуудагдах ёстой уг сайт Намбарын Энхбаяр гэдэг шиг сонсогдох ёстой. Түүнийг тал бүрээс магтах ёстой.
Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржтой харьцуулахыг хичээжээ, уг сайтад. Гэхдээ бүх зүйлээр Н.Энхбаяр өрсөлдөгчөөсөө давуу гэж харуулахыг хүссэн байна. Яг л “миний нүдээр хардаг ч болоосой” гэдэг шиг. Түүний өндөр 180 см бол өрсөлдөгчийнх 162 см гэнэ. Уг нь өөрөөсөө намхан хүнд атаархдаг тэнэг байдаггүй юм гэсэн. Манайд бол өндөр нь намхандаа атаархаад, янз бүрийн арга хэрэглэж өөрийгөө өндөр гэж сануулахыг хүсээд ядаад байх шиг.
Бас “спорт” гэсэн хүснэгтэд Н.Энхбаярын нэрийн дор ууланд авирах, дугуй унах, ширээний теннис, сагс тоглох дуртай гээд бараг бүх л байдаг спортын төрлийг дурдаад Ц.Элбэгдоржийн нэр дор “ан хийх” гэчихжээ. Хамгийн инээдтэй нь дуртай хоол гэдэг хүснэгт дотор Энхбаяр плоовонд дуртай, Элбэгдорж толгой мөлжих дуртай гэсэн байх аж. Энэ одоо ямар санаа агууулж бичсэнийг чөтгөр л мэдэх байх даа. Ийм эрүүл бус зүйл сэтгэж сэдэж хийж суудаг хүмүүсийг Энхбаяр нэр дэвшигч хаанаас олдог юм бол.
Бас өнөөгийн Ерөнхийлөгч спортоор хичээллэх, ном унших хоббитой гэсэн бол өрсөлдөгчийг нь хөзөр тоглох хоббитой ч гэх шиг. Ялгарал гаргах гэж хэтэрхий хичээчихжээ. Дөч хэвийсэн эр, дөрвөн хүүхдийн эцэг хүн “би хооббийтой” гээд хөзөр тоглоод байдаг гэхэд хэн итгэх юм бэ.
Ер нь улсын Ерөнхийлөгч байхын тулд өндөр байх нь юунд хэрэгтэй юм бэ. Ууланд авирдаг, дугуй унадаг байхаар юу нь давуу гэж? Би ч дугуй унадаг, ууланд авирдаг...
Хэн нэгнийг магтаж болно. Гэхдээ түүнийгээ магтахын тулд нөгөөг нь муу, муухай болгох нь өөрөө муухай зүйл. Дээрх жишээгээр бол Ц.Элбэгдорж хөзөр тоглодог, толгой мөлждөг, хөгийн намхан гээд хэлчихээр Н.Энхбаяр сайхан болж харагдах ёстой юм байлгүй дээ. Сайн хүнийг бусдын сайнтай харьцуулж байж л хэр сайныг нь мэдэх боломжтой. Хэрэв бусдын муутай харьцуулж үзэх юм бол тухайн сайн, сайхан чанарын үнэ цэнэ тодордоггүй.
Хэн нэгнийг магтахын тулд бусдыг муухай болгож харагдуулах, муугаар ярих нь угаасаа муухай зүйл. Бизнесийн шударга өрсөлдөөний зарчим ч тэр. Ямарваа нэг бараа, бүтээгдэхүүнийг магтахын тулд өөр үйлдвэрлэгчийн ижил төстэй бүтээгдэхүүнийг муу гэж сурталчлах ёсгүйг бүр хуульчилсан байдаг санагдах юм. Н.Энхбаярыг дэмжиж байгаа “Намбер ван” хөдөлгөөний залуус ч гэсэн “нэр дэвшигч” гэдэг бүтээгдэхүүнийг сонгогч гэдэг зах зээл дээр борлуулах гэж байгаа хүмүүс шүү дээ. Жишээлбэл, жинхэнэ моодонд буй залуу дуучин Жавхлан “би үндэсний хэл соёлоо хайрладгийн адил үндэсний үйлдвэрлэгчээ дэмждэг” гэж хэлүүлж, өөрийн шинэ үйлчилгээгээ түүгээр сурталчлуулж буй Жи Мобайл компани үүнийх нь төлөө хөлс төлж байгаа. Бүх л сурталчилгааны гэрээ ийм байдаг. Н.Энхбаярыг дэмжигч залуусын “Намбер ван” хөдөлгөөн ч гэсэн үүнтэй яг адил зүйл гэдэгт гэхэд буруудахгүй болов уу.
Тэдгээр залуус аймаг, дүүрэгт өөрсдөө ажиллана, өөрсдөө хөдөлгөөнийхөө салбарыг байгуулна. Дараа нь бидний дэмжигч нэмэгдлээ, салбарууд байгуулагдсаар байна гэж сүржин мэдээлнэ. Сонгуулийн үеэр иймэрхүү хөдөлгөөнүүд нэг биш байгуулагдаад санал хураалтын маргаашаас мартагддаг. Гэхдээ улс төрд ч, бусад бизнест ч өмнөө зорилготой ажиллаж байгаа аливаа маркетингийн баг зорилтот зах зээлээ судалж, тэдний хэрэгцээ, итгэл үнэмшил, мэргэжил, боловсрол... өөр юу байдаг юм бэ, тэр бүхэнд нь тохируулан үндэслэлтэй довтолгоо хийж байж талдаа татдаг. Түүнээс биш сонгуулийн насны, миний үеийн залуусыг л лав Энхбаяр өндөр, Элбэгдорж намхан, нэг нь лаг бол нөгөө нь толгой мөлждөг, хөзөр тоглодог гэж хэлээд хөх инээд л хүргэж, өөрсдөө элэг доог болохоос хэтрэхгүй болов уу.
“Намбер ван” хөдөлгөөнийнхөн “Яагаад заавал Н.Энхбаяр гэж?” гэдэг асуулт тавиад түүндээ тал бүрээс, янз бүрийн хэлбэрээр хариулжээ. Тэр хариултад нь, өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг дэмжих ёстой үндэслэлд нь гойд “ухаантай” юм юу ч алга. Ерөнхийлөгч хүн юу хийх ёстой, ямар үүрэгтэй билээ. Тэр дагуугаа хийсэн ажлуудыг нь гавьяа болгоод жагсаачихаж. Тэр хүн ажлаа хийсэн бол сайн л биз. Та ч гэсэн үүрэгт ажлаа сайн хийдэг бол үр шимийг нь та өөрөө л хүртэнэ.Энэ бол бусдын өмнөх гавьяа, тэр тусмаа ард нийтээр хөдөлгөөн бий болгож дэмжээд байхаар гавьяа гэж би л лав бодохгүй байна, уучлаарай.
1.Улс төрийн намуудыг ойлголцол, төлөвшилд чиглүүлж байна л гэнэ, 2.Орчуулагч редактороос эхлээд төрийн албанд шат дараатай бэлтгэгдсэн л гэнэ. 3. Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэйгээр төлөөлж яриа хэлцэл хийх, гэрээ байгуулах ажилд мэргэшсэн л гэнэ, 4. Олон мянган залуучуудад ажлын байр нэмэгдүүлсэн л гэнэ, 5.Монголын үндэсний атлас хэвлүүлсэн л гэнэ... Ийм, ийм учраас түүнийг дэмжих ёстой гэнэ. Дээр дурдсан бүхэн түүний хийх ёстой ажил нь байсан юм биш үү. Үндэсний хэмжээний хөдөлгөөн байгуулж дэмжээд байхаар зүйл мөн үү.