Хэлэлцэх нь хэлэлцэхгүй байснаас хавьгүй дээр хувилбар
Засгийн газар дахиад л танил дүр зурагтайгаа учирлаа.
С.Баярын Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан гурилын үнийг тогтвортой барихаар УИХ-д санал оруулав. Уг саналаар бол 40 мянган тонн гурилыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр хилээр оруулах, 13 тэрбум төгрөгийг үнэ нэмэхгүй гэсэн хатуу нөхцөлтэйгөөр гурил үйлдвэрлэгчдэд татаас болгож өгөх байв. Татваргүй гурилыг томоохон аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж оруулах байлаа. Гэвч парламентаас “Засгийн газар лоббид автах сэжигтэй учраас татваргүй гурилыг хэн ч оруулж ирж болно хэмээн эзэнгүйдүүлж, ирээдүйд нэмэгдэж болох үнийн зөрүүг нөхөх татаасыг олгохгүй” гэсэн шийдвэр гаргасан юм. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг ард түмнээс нь харамласнаар УИХ-аас гурилын үнийн өсөлтийн зөрүүд нэг ч төгрөг олгосонгүй. Үр дүнд нь нэг кг гурилын үнэ огцом өсч, 600 төгрөгийн талх 850 төгрөг болж нэмэгдлээ. Гурилын үнийг өсгөхгүй байх талаар зөв менежмент хийж чадсангүй хэмээн сайд Ц.Ганхуягийг огцруулах саналыг АН-ын хоёр гишүүн УИХ-д оруулан хэлэлцүүлж байна. Хэрэв гурилын үнийн өсөлтөд зах зээлээс илүү аль нэгэн байгууллага, хэн нэгний менежмент нөлөөлсөн гэвэл тэр нь салбарын сайд биш, харин ч УИХ өөрөө юм. Менежмент хийх зөвшөөрлийг нь олгоогүй байж , менежмент хийсэнгүй гэж огцруулах гэж байгааг ойлгоход төвөгтэй. Шалтгаан нь өнөө л улстөр рүү хальтирчих гээд байх юм.
Гурилтай ижил зураглал бензин дээр давтагдлаа. Засгийн газраас нэг литр бензинийн үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлэхгүйн тулд хийж болох менежментийн төслөө УИХ-д оруулжээ. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулж, “Роснефть” компанийн санал болгосон 100 ширхэг шатахуун түгээх станцыг Монголд байгуулахыг зөвшөөрөхийг УИХ-аас хүслээ. Энд хамгийн муу мэдээ нь мэдээж, гадаадын ганцхан компанийн мэдлийн 100 ширхэг шатахуун түгээх станц. Манай улс 1200 орчим шатахуун түгээх станцтай. Тэдгээр нь ерөнхийдөө ашигтай байрлалаа олсон. Хэдий тийм ч үнийг өсгөхгүйн тулд бензинээр зуун хувь хараат гадаадын компанийн 100 ширхэг шатахуун түгээх станцыг Монголд байгуулъя гэж хялбарчилах нь яавч сайн менежмент биш нь тодорхой.
Ардчилал бол тийм ч сайхан тогтолцоо биш, гэхдээ л хүн төрөлхтөн одоогоор түүнээс сайныг нь олоогүй байна гэсэн үг л С.Баярын Засгийн газарт ирээд байна. Зуун шатахуун түгээх станц сайн хувилбар биш ч, Засгийн газарт үүнээс өөр гарц алга. Бензинийн үнэ өслөө гэхэд Засгийн газар буруудаж, сөрөг хүчин шүүмжлэгч хэвээр үлдэнэ. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэгтэй адилаар өрөөлийн бойкотонд орж буруудаж байснаас, өөрийн санаснаа хэрэгжүүлээд буруутан болж байвал өөр хэрэг. Хүлээх хариуцлага нь ч шударга. Гаднахь зах зээлнь гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж байхад С.Баярын Засгийн газар дотооддоо хөлдөө тушаатай сажилж явна. Гурилын үнийг өсгөхгүйн тулд менежмент хийх гэж зөвшөөрөл хүсээд авч чадаагүй сайд нь огцрохдоо хүрч байхад, менежментийг нь “устгасан” УИХ-ын гишүүн ардын баатар болох жишээтэй. Аягүй бол бензиний үнийн өсөлтийн дараа Үйлдвэр худалдааны сайдыг мөн л менежмент хийж чадаагүйнх нь төлөө огцруулах ажил ундарна.
Сүүлийн хоёр өдөр бензин тойруулж Ерөнхий сайд учирлаж, тайлбарлаж, АН-ынхан эсэргүүцэж эгдүүцэв. Ажил хариуцаж байгаа Засгийн газрын зовлон, муу менежмент дээр нь хийж байгаа сөрөг хүчний тоглолт хоёр өдөр үргэлжлэв. Эцэстээ ОХУ-ын эрх ашгийг улаан хамгаалагч нэг нөхрийн нөгөө талд цогтой эх оронч хэсэг нөхдийг тодруулах улстөрийн акц болж хувирлаа. Гэтэл бодит байдал дээр бензин бол гурилтай адилгүй. Гурилын үнийн өсөлтийг дагаж бензинийн үнэ өсөхгүй, талхны хомсдлоос болж бензин тасрахгүй. Гэтэл бензинийн үнийг дагаж гурил мах гээд хүнсний өргөн хэрэглээний бүх бараа, нийтийн тээврийн үйлчилгээний үнэ нэмэгдэнэ. Хэрэв бензиний нөөц дуусвал өргөн хэрэглээний барааны хомсдол үүснэ. Тэднийг үйлдвэрлэдэг түүхий эд тасалдана. Сүүлийн жилүүдэд л дэлхийн зах зээлээ дагаж хүнсний барааны үнэ өсч байгаа болохоос биш, өмнө нь Монголд дандаа л бензинээс болж бараа материалын үнэ өсч байлаа. Үүгээрээ Монголын хувьд зах зээлийн эрэлтийг ч, нийлүүлэлтийг ч, хэрэглээг ч тодорхойлох суурь нь бензинийн үнэ юм.
Хэрэв УИХ энэ удаа сонголтгүй ганц гарцан дээр нь Засгийн газраа баалаад өнгөрвөл тун удахгүй бензинийн үнэ яг гурилтай адилаар, литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэнэ. Тэр цагт бүх бараа үйлчилгээний үнэ өсч, ингэснээр нийгмийн бухимдал Засгийн газарт чиглэж, дараагийн удаа АН-д итгэл хүлээлгэх улстөрийн ач холбогдолтой ч энэ нь олон түмний хүсэл, эрх ашиг биш юм. Бензин тойрсон асуудлаар Засгийн газар, сөрөг хүчний аль нь ч биш, эцсийн дүндээ Монголын ард түмэн хожих нь чухал. Иймд УИХ хуралдаж Засгийн газрын саналыг хэлэлцэх нь зөв гарцыг олох хамгийн сайн хувилбар юм. Уг асуудлыг хэлэлцэх нь хэлэлцэхгүй байснаас хавьгүй дээр. Хэлэлцэнэ гэдэг нь заавал Засгийн газрын саналыг зүтгүүлж зуун ширхэг шатахуун түгээх станцын тухай ярина гэсэн үг биш шүү дээ. Засгийн газрын саналыг буцаагаад шинэ гарц үүрэгд л дээ. Эс бөгөөс зөв гарцаа сонгох хүртлээ одоо литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдэх гээд байгаа үнийн зөрүүг татвар хураамжаар чөлөөлөх маягаар нөхөж, үнийн өсөлтийг хэрэглэчдийн нуруунд үүрүүлэхгүй байх түр зуурын ч болов арга олох хэрэгтэй. Энэ нь цоо шинэ, өмнө нь хэрэгжүүлж үзээгүй арга биш шүү дээ. Одоогоор бензинийн үнийн өсөлтийн зөрүүнд улсаас 12 тэрбум төгрөг зарлагдаад байгаа. Магадгүй хэлэлцсэнээр гадаадын 100 шатахуун түгээх станцаас ч илүү сайн гарц, менежмент олох ч юм бил үү.